“Сүүлийн үед миний талаар янз бүрийн сөрөг мэдээлэл тарах болсонтой холбогдуулж, нэр дэвшигч Мө миний бие зарим тайлбарыг өгье гэж бодлоо.
7-р сарын 1-ний асуудалд намайг буруутгадаг, яллагдах ёстой гэдэг. Би Онц байдлын штабын дарга, Дотоод хэргийн сайд л байснаас биш, 7-р сарын 1-ний хэрэг явдлын төлөө ямар ч хариуцлага хүлээх ёсгүй, ямар ч буруугүй. Тэгээд хэн буруутай вэ? Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ерөнхий сайд С.Баяр нарын удирдлагууд буудах тушаал өгөөгүй, буруугүй болохоо баталж хэлж байна, түүнийг нь ч би зөвшөөрч байна. Цагдаагийн албан тушаалтнууд өөрсдийгөө зөвхөн тушаал биелүүлсэн, ямар ч буруугүй гэсээр байгаад яллагдлаа. Би ч цагдаагийнхныг буруутгаж болохгүй гэж мэдэгдэж байна. Тэгэхлээр Онц байдлын штабын дарга, Дотоод хэргийн сайд асан би л буруутай юм шиг харагдаж байна. Гэхдээ би бол ямар ч буруугүй юм. Миний буруутай эсэхийг энэ сонгуулийн дүн л харуулна. Одоо л харъя.
Зарим хүн: “7-р сарын 1-ний хэрэг явдалд хамгийн их буруутгагддаг хоёр хүний нэг болох С.Баяр нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтад байсан хэрнээ, “С.Баяр, Мө хоёрыг нэр дэвшүүлж болохгүй!” гэсэн эсэргүүцэл өрнөсний дараа С.Баяр нэрээ татсан. Мө тийм хэмжээний ёс зүйтэй, ухаалаг байж чадсангүй” гэдэг. Тэр Баяр Маяр надад ямар хамаа байх вэ. Миний баримтлах зарчим бол: “Үймээн дэгдээгчид нэр дэвшиж байхад, надад дэвшихгүй гэх үндэслэл байхгүй!” гэсэн зарчим юм. Магнай, Батзандан, Баярмагнай зэрэг үймээн дэгдээгчид дэвшиж байхад би бас дэвших л ёстой.
Ер нь би сонгогдвол үймээн самууны асуудлыг нэг мөсөн шийдвэрлэж ахин хэзээ ч үймээн самуун гаргахгүй болгоно. 2004 онд радио ТВ рүү дайрснаас өгсүүлээд өдий хүртэл гарч ирсэн үймээн самуунуудыг дор нь шийдэмгий дарж байх хэрэгтэй байсан юм. Тэгээгүйгээс л “7-р сарын 1” болсон. Иймэрхүү байдлыг цаашдаа би таслан зогсооно. Таслан зогсоох ажлуудаа ч эхлүүлчихсэн. “Төрийн эрхийг хууль бусаар авахын эсрэг” хуулийн төслийг санаачлалцсан. Энэ хуулийн дагуу бол төр засгийн үйл ажиллагааны эсрэг чиг хандлагатай аливаа үйлдлийг үймээн самуун буюу төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж үзэж, хатуу шийтгэл онооно. Тийм үйлдлийг дэмжсэн чиг хандлагатай зүйл бичиж нийтлүүлбэл хэвлэл мэдээллийн та бүхэн тус хуулийн дагуу ялын дээд хэмжээ буюу 25 жил авах боломжтой гэдгийг анхаараарай.
2012 оны сонгуулийн өмнө иргэний хөдөлгөөнийхөн нэр дэвшигч Ц.Мөнх-Оргилын ёсзүйгүй үйлдлүүдийн талаар хэвлэлийн хурал хийсэн бөгөөд, дээрх бичвэрийг Ц.Мөнх-Оргилын дүртэй багтай хүн уншсан болно.
Үймээн самуун өдөөх гэсэн зүйлс бичээд байгаа шүү, та нар. Ажилтнуудаа өшигчиж хөөсөн, туслахаа гэмттэл зодсон гээд л намайг бичсэн. Тэдгээр нөхөд миний нэр төр, рейтингийг нэлээд доогуур байгаа мэтээр үндэслэлгүй зүйл ярьж, үймээн самуун өдөөсөн учир л би таслан зогсоох, аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн юм шүү. Нэр дэвшигч Х.Оюунцэцэгийг штабыг нь нэгжүүлсэн, сурталчилгааны материалыг нь хураалгасан, цагдаад өгч чирэгдүүлсэн, өөрийг нь болон дэмжигчдийг нь дарамталж зовоосон гээд бичээд байгаа. Тэд намайг 7-р сарын 1-ний хэрэг явдалд холбоотой мэтээр гүтгэн доромжилж үймээн самууны чанартай үйлдэл гаргасан тул таслан зогсоосон юм шүү. Цаашид аливаа үймээн самууныг энэ мэтчилэн цаг алдалгүйгээр, шийдэмгийгээр таслан зогсоох болно.
Монгол оронд “7-р сарын 1” буюу үймээн самууныг гаргуулахгүйн тулд нэр дэвшигч Мө миний бие Riot Police буюу Үймээний цагдаагийн тусгай газрыг байгуулах болно. Зөвхөн үймээн дарахад мэргэшсэн цагдаагийн тусгай газар байхгүйгээс болж л үймээн гараад байгаа юм шүү дээ. Улс орны хамаг эрдэс баялаг дуусчихаагүй байгаа, төсөв гайгүй байгаа дээр Үймээний цагдаагийн газрыг байгуулж авахгүй бол, хожим төсөв хүчрэхгүй шүү, нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулагдах нь тодорхой шүү гэж би намын нөхөддөө ойлгуулж шавдуулж байгаа.
Үймээн самууны эсрэг хатуу хуультай болж, үймээн самууны чанартай нэг ч үйлдэл гаргуулахгүй байя гэвэл намайг сонгоорой! Үймээний цагдаагийн тусгай газар буюу Riot Police хэмээх хүчирхэг хүчний байгууллагатай болъё, үймээн самууны чанартай үг үйлдэл гаргах ямар ч боломжгүй болцгооё гэвэл намайг сонгоорой! Үймээн самууны чанартай өчүүхэн ч атугай үг үйлдэл бүрийг би нам дарж чадна шүү! Үймээнгүй Монгол орны төлөө! Өөгүй Мө-гийн төлөө! Аминь!”
No comments:
Post a Comment