Г.Уоллес Монголыг тусгаар тогтноход гавъяа байгуулжээ
АНУ-ын дэд ерөнхийлөгч Генри Уоллес 1945 онд Монгол Улсад айлчилсан билээ. Чингэхдээ, БНМАУ нь тусгаар тогтносон улс болоход болохоор байна уу, үгүй юу гэдгийг шинжиж мэдэхээр, гуравдагч (ЗХУ, Хятад биш) орнуудын даалгавраар ирсэн байдаг. Гадаад улсууд Чин (Манж Дайчин), Чина (Чайна буюу Хятад) хоёрын ялгааг төдийлөн ойлгодоггүй, үндсэндээ нэг үгээр ч нэрлэдэг (Чин, Чина), хятадууд ч толгойг нь сайн эргүүлж дөнгөсөн байсан дээр, Орос, ЗХУ нь Хятадад ая тал засан нөлөөгөө тогтоох, болбол хавсарган нэгтгэх зорилгоор ямагт: “Ар Монгол, БНМАУ бол Хятадын нэг хэсэг, гагцхүү өргөн эрхтэй автономи болохоор нь бид тэнд зохих үйл ажиллагааг явуулж, найрамдалт хятад нөхөддөө Монголд засаглалаа тогтооход нь тусалж байгаа юм” гэж мэдэгддэг, хэрвээ Хятадад ийнхүү ая тал засах нь бүтэлгүйтвэл өөртөө Монголыг нэгтгэчих (өмнө нь Туваг Монголоос бүрмөсөн таслан өөртөө нэгтгэсэн байсан, 1944 оны 12-р сард) санаа өвөрлөдөг байв.
Уоллесийн айлчалын үеийн зураг. Уоллесийн айлчлалын үеийн зургуудыг
Оспантай нөхөрлөж явсан үеийн зургуудаас ховор болтол нь
зөвлөлт "нөхөд" маань устгаж өгсөн болой
Оспантай нөхөрлөж явсан үеийн зургуудаас ховор болтол нь
зөвлөлт "нөхөд" маань устгаж өгсөн болой
Саяхан “Монгол бол Хятадын хэсэг” гэдэг байсан ЗХУ Ялтын хэлэлцээрээр “Монгол бол Хятадын хэсэг биш” гэхээр гуравдагч орнууд гайхна биз дээ. ЗХУ яагаад тэгсэн бэ гэвэл, барууны талын Чан Кай Ши Хятадад ноёлох шинжтэй болсон тул, Хятадад ая тал засах нь ашиггүй болов хэмээн Б төлөвлөгөөндөө шилжсэн нь тэр болой. “Хэрэв” гэж хэдэн болзол тавьж, “чингэхгүй бол бид Японтой байлдахгүй, бид Японтой найрамдлын гэрээг Халхын голд байгуулчихсан, Япон гэрээгээ ч сайн дагаж мөрдөж байгаа” гэсний дотор, “БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрөх” гэжээ. Ингээд л гуравдагч орнууд АНУ-ын дэд ерөнхийлөгч Генри Уоллесийг илгээж, газар дээр нь байдалтай танилцуулах гэжээ.
Уоллес Монголд ирэхэд үнэхээр л тусгаар улс гэмээр байсан тул хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм гэж дүгнэжээ. Монголч эрдэмтэн, америк хүн Латтимор ч Монголыг сайн танилцуулж өгсөн байна. Ийм өвөрмөц улс үндэстнийг өөрийн хувьд нээсэндээ тэргүүний сэхээтэн Уоллес тун ч баяртай байжээ. Маршалл Чойбалсангаас өгсүүлээд манайхан ч их хичээж, бэсрэг наадам ч зохиож, өнгөтэй өөдтэй бүхнээ л үзүүлж.
Ринчен гуайг Чойжин ламын музейг танилцуулаад тайлбарлаад өгөөрэй гэсэн юмсанж. Гэтэл мань хүн Уоллес нарыг ирэхэд хог шүүрдээд явж байж. Америкчууд тайлбарлах хүн хаана байна гээд л хүлээгээд байж. Харин Ринчен гуай “Би эндхийн цэвэрлэгч байна. Та нар юун хүмүүс вэ” гэж учрыг мэдэлцээд, “Тайлбарлагчийг иртэл би зарим зүйлийг хэлж танилцуулж байвал ямар вэ” гэхэд зочид ч сониучирхан үгийг нь дагажээ. Тэр үед Ринчен гуай эрдэм номын шаардлагаар олон хэлийг сурч мэдсэн ч байж. Сүүлдээ америкчууд “Энэ орны цэвэрлэгч нь хүртэл ийм их эрдэм боловсролтой ээ мөн бэрх юм. Хоёр том гүрний дунд тусгаар байж чадах нь аргагүй сэнж” хэмээн биширч байжээ.
Мөн малчин айл гээд Ц.Цэгмид, Цогзолмаа нарыг жүжиглүүлэн айлчлуулсан бөгөөд, Уоллес тэдний гэрээс гараад “Үнэхээр сайхан залуус байна. Яг жүжигчид шиг” гэжээ.
Америкчууд нэгэнтээ архи дарс уугаад, буу муу тавиад сүйд болжээ. Учрыг асуувал 7-р сарын 4 манай тусгаар тогтнолын өдөр юм гэж байж. Манайх 7 сарын 11-нд, долоо хоногийн л зайтай юм, манай үндэсний баяр наадамд оролцоод явахгүй юу гэхэд “өө бидний баярууд их ойролцоо тохиожээ, болдогсон бол танай үндэсний баярыг үзэхсэн” гэж байсан байгаа юм.
Дэд ерөнхийлөгч нар Буянт-Ухаагаас нисч одож дээ. Гэтэл Орос дахь онгоцны буудал цаг уурын бэрхшээлээс болж хүлээж авах бололцоогүй болж эргээд иржээ.
Энэ үед, АНУ-ын ерөнхийлөгчийн нэр төртэй хүлээж авсандаа баяссан манайхан наргиж наадаж байж. Ахин ирэв гэсэн сургаар, бүгдийнх нь архи гарч, яаран сандран бужигналджээ. Дэд ерөнхийлөгч “Танай сайхан орноос салж чадахгүй ахин айлчлахаар ирлээ. Наадам үзнээ” гэж хошигножээ. Бас үйлчилж байгаа хүн бүр нь согтуу байхыг үзээд, жуумалзан Америкийн армийн хүчирхэг “Дуглас” онгоцноосоо “Бадвайзер” пиво, “Хар Жек” виски гаргуулан дайлжээ. Чингээд арай ч наадам болголгүй, хоноод явсан аж. Албан ёсоор айлчлал дуусч, үдүүлсний дараа ахин ирсэн тул, хоёр удаа айлчилсан гэх үг таржээ.
Уоллесийн айлчлалын үеэр хаа сайгүй Монгол-Америкийн далбаа мандаж байжээ. БНМАУ-ыг Хятадын хэсэг гээд байдаг хоёр хөршөөс гадна, тусгаар улс гэж үзэх АНУ, гуравдагч орнууд гарч ирэв гэж монголчууд их л баясч байж. Бас харгис хөрөнгөтөн АНУ-тай найрамдахдаа яадаг юм гэж зарим нь гайхаж байвч, Сталин АНУ-тай найрамдалтай, нөхөрсөг бай, манай холбоотон гэсэн тул яах ч аргагүй. Нэгэн хэсэг Сталин Гитлерийн Герман бол манай холбоотон, найрамдалтай нөхөрсөг бай гэж манайханд үүрэгдэж байсан болой.
Уоллес “Хүн төрөлхтний нийтийн дайсан Германы фашизм, Японы милитаризмтай тэмцэх эрх чөлөөний их үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан Монголыг дэлхийн улсууд хүлээн зөвшөөрөх болно. Мөн НҮБ-д элсүүлж авна” гэж хэлж, манайхны магнайг тэнийлгэжээ.
Ингээд Уоллесыг явангуут Кремль хов хутгагч авгайн үүргийг гүйцэтгэж, манайханд болохоор “ЗХУ, социалист орнуудаас бусад нь танайхыг зөвшөөрөхгүй, НҮБ-д элсүүлэхийг хүсэхгүй байна” гэж, гуравдагч орнуудад болохоор “БНМАУ болбаас ЗХУ, социалист орнуудаас бусад капиталист орнуудтай харилцаа тогтоохыг зөвшөөрөхгүй, шударга ёсыг тогтоож чадахгүй байгаа НҮБ-д элсэхийг хүсэхгүй байна” гэж ойлгуулж явдаг байжээ. АНУ-тай дипломат харилцаа тогтоохыг 42 жил буюу 1987 он гартал саатуулсан байдаг. 1946 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчид НҮБ-д элсэх санаатай Нью-Йоркод очсон ч ЗХУ хутган үймүүлээд элсүүлээгүй төдийгүй, КГБ-гийн офицерт даалгавар өгч, манай хүнийг Америкэд архидуулж цэнгүүлсэн байдаг.
Ийнхүү Генри Уоллесийн сайн санааны айлчлалын үр дүнг зөвлөлт нөхөд арилган баллуурдаж байжээ. Гэвч, гуравдагч ертөнцөд “Монгол бол Хятадын хэсэг биш, бие даасан улс үндэстэн юм байна” гэж ойлгуулж чадсан Уоллесын гавъяа баларшгүй.
Сталин Монголыг тусгаар тогтнуулна гэж бурангуутаа л амаа барин харуусч, Мао нарт эсрэг утгатай зүйлсийг ярин тайвшруулж байж. Гуравдагч орнуудын өмнө ам алдаж, үүрэг авчихсан тул бантсандаа Монголд бүх нийтийн санал асуулга зохион байгуулгасан. Чан Кай Ши ч хүлээсэн үүргийнхээ дагуу БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн ч хожим үүнээсээ ухран няцсан. Сталин мөн ухран няцаж, Монголыг хавсарган нэгтгэх санаатай Мао-д ая тал засан аялдаж, Монголын удирдагчдад ч та нар хожим БНХАУ-д нэгдэх нягууртай гэж ойлгуулан Мао-г шүтүүлж, нийслэлийн гудамжны хаягийг хятадаар давхар бичүүлэх, хилийн цэргийг татан буулгах, хятадын ажилчдыг олноор ирүүлэх зэргээр аяглаж байсан билээ.
Америкийн зарим улс төрч Тайваний Чан Кай Ши-д тал засаж, тэрбээр БНМАУ-ыг хүлээн зөвшөөрснөөсөө татгалзсаныг нь дэмжиж байсан явдал бий. БНМАУ Тайваний тэргүүнээс хамаардаг юм ч гэж юу байхав, энэ бол инээдтэй асуудал. Харин АНУ хэзээ ч Монголыг БНХАУ-ын хэсэг гэж байгаагүй нь түүхэн үнэн юм шүү. Тэгвэл Орос, ЗХУ нь Манж Чин улстай анх Монголыг тасчин хуваах гэрээ хийж байснаасаа эхлүүлээд 1963 он гартал үндсэндээ Монголыг БНХАУ-ын хэсэг гэсэн байдалтай явж, ердөө 22-хон жилийн дараа буюу 1985 оноос ахиад л тэр байр суурь руугаа эргэсэн билээ.
Тэгэхлээр, Сталинаасаа илүүтэйгээр Уоллес нь Монголын тусгаар тогтнолд илүү ач гавъяатай юм шүү дээ. Орос, ЗХУ бол манай Буриад, Зүүнгар, Туваг тасчин авч, 1911, 1921 оны эрх чөлөөний хувьсгалын дараа өөрсдийн ивгээл дорх автономи (тэгэхдээ Хятадын) болгох гэж санаархаж, 1920-иод онд эх орончид, хөрөнгөлиг хүмүүс, алтан ургийнхныг хядаж, 1930-аад оны эхээр болон, 1932 оны бослогын дараа лам нарыг, 1937-1938 онуудад хамаг олигтой хүмүүсийг хядан, нийт 50-80 мянган сор болсон хүмүүсийг маань устгаж толгойгүй ард түмэн болгох зэргээр түмэн зүйлээр дарлаж ирсэн болохоос, юун тусгаар тогтнуулсан байх вэ.
Ч.Мөнхбаяр
2012
No comments:
Post a Comment