1.1-д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэсэн байна. "Энхийн зорилгоор, хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүйгээр ашиглах" гэж тодотгохгүй бол, аюултай үйл ажиллагаа явагдаж болно, гол нь аюулын үр дагаврыг арилгахад анхаарах хэрэгтэй гэж энэ хууль ойлгогдож байна. Хойно тэгж ойлгогдох заалтууд байгаа.
Урьдчилан сэргийлэх, цөмийн хор хөнөөлийг ард иргэдэд таниулах талаар энэ хуулинд бараг тусгаагүй байна. Тусгах шаардлагатай юм.
2.2-т буй "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэснийг хасах хэрэгтэй. Монгол Улсын хуулинд харшлах ямар ч гэрээг, хуулиа зөрчөөд дагадаг байж таарахгүй юм.
3.1.6-д “цөмийн төхөөрөмж” гэж цөмийн түлш бэлтгэх үйлдвэр, цөмийн болон судалгааны реактор, цөмийн эрчим хүчний эх үүсвэр, цөмийн түлш болон ашигласан түлш хадгалах байгууламж, баяжуулах үйлдвэр, ашигласан түлшийг дахин боловсруулах үйлдвэрийг" гэсэн байна. Цөмийн хөнөөлийг учруулж болох, эрсдэл ихтэй бүх байгууламжийг тоочин "цөмийн төхөөрөмж" гэсэн ойлголт дор хамруулж хуулинд тусгах нь сөрөг үр дагавартай. Тэдгээр объектуудыг Монголд барих эсэх нь нийгэмд хурц, ширүүн маргааныг өрнүүлж байхад, хуулинд тоочиж оруулах нь учир дутагдалтай. Өөрөөр, объектуудын тоочилтгүйгээр, ерөнхийгөөр томъёолох ёстой. Төхөөрөмж гэдэг нь ч оночтой бус хэрэглэгдсэн байна. Байгууламжууд энэ заалтад тоочигдсон байгаа тул байгууламж гэх юм уу, өөр үг хэрэглэх ёстой.
3.1.8-3.1.10-т "Эрчим хүчний хуулийн ...-д заасныг" гэлгүйгээр, хэлэх санаагаа шууд оруулах нь зүйтэй.
3.1.16-ийн "цацраг идэвхт хаягдал” гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг" гэсний "цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг" гэснийг хасах хэрэгтэй. Дахин хэрэглэгдэж болно гэж тайлбарлан, цацраг идэвхит хаягдал булшлахад дээрх үгсийг ашиглаж болохоор болжээ.
3.1.17-гийн "шар нунтаг” гэж ураны хүдрийг боловсруулах үйл ажиллагааны явцад завсрын шатанд үүсэх ураны ислийг" гэснийг хасч болно. Энэ нэр томъёо хуульд ахин тохиолдохгүй байна. Мөн, ураны исэл олон хувилбар нэгдэлтэй, янз бүрийн өнгөтэй бөгөөд U3O8-ийг л yellow cake гэх нь бий. Шар нунтаг гэх ойлголт цөмийн энергид байхгүй. Мөн ураны ислийг энэ хуулийн "цөмийн эх үүсвэр материал" гэх өөр нэр томъёонд хамруулж ойлгож болох байна.
3.1.22-т "цацраг идэвхт хаягдал булшлах” гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг" гэжээ. Хуулинд, гадаадын хаягдал булшлахгүй гэж, мөн гадаад дотоодын хаягдал гэж юуг ойлгохыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Монгол улсад цөмийн үйл ажиллагаа явагдсаны дүнд, Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүрэлдэж буй болсон хаягдлыг дотоодын, тийм бус бол гадаадын гэж үзнэ гэх талаас нь. Түүнээс бус, өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг л цацраг идэвхт хаягдал булшлана гэж ойлгоно, гадаадын тийм хаягдал булшлахыг тэгж ойлгохгүй мэт заалт байж болохгүй.
9.1.3-т "цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэжээ. Олон улсын тус агентлагийн шийдвэрийг Монголын засгийн газар хэрэгжүүлнэ гэх заалтыг хуульд оруулах шаардлагагүй юм.
9.1.7-д "цөмийн төхөөрөмж барих газрын байршлыг сонгох" гэжээ. Төхөөрөмж гэх үг оночгүй.
9.1.8-д "цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүй хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх" гэжээ. Хэрэгжүүлэх нь шийдэгдэх эсэх нь тодорхойгүй, нийгэмд ихээхэн эсэргүүцэлтэй учруулах асуудлуудыг "хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ" гэж тулгах нь буруу юм.
11.3-т "Төрийн захиргааны байгууллага нь цөмийн материал, цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах тусгай байгууламжтай байх бөгөөд уг байгууламж нь улсын онц чухал объект байна" гэжээ. Тухайн хаягдлыг хадгалах, тээвэрлэх, булшлах тусгай байгууламжтай байна гэж хуулинд оруулах нь зохисгүй бөгөөд, хууль бол эрхзүйн зохицуулалт болохоос, цөмийн энергийн салбарын ажлын төлөвлөгөө биш юм. Цөмийн энергийн байгууламжуудыг байгуулах талаар төлөвлөлтийн чанартай оруулсан бүх санааг хуулиас хасах ёстой.
Мөн 11.3-т "цөмийн хаягдал" гэж, энэ хуулинд тодорхойлогдоогүй нэр томъёо байна. Ингэхлээр энэ хууль цөмийн хаягдлын асуудлыг зохицуулж чадаагүй, будлиантуулсан байна.
3.1.13-д "цацрагийн үүсгүүр” гэж цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж хэрэгслийг" гэж заагдсан багаж хэрэгслийн холбогдолтой хаягдлын (3.1.16-д "цацраг идэвхт хаягдал" гэжээ) асуудлыг зохицуулах гэсэн, харин цөмийн хаягдлын асуудлыг зохицуулаагүй, зохицуулах гээгүй гэж ойлгогдож байна.
11.6.2-т "цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах", 11.6.6-д "цөмийн болон цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх" гэжээ. Эдгээр үйл ажиллагааг тийм нөхцөлд тэгэх эрхтэй гэж болзмол байдлаар зааж өгөх, ерөнхий томъёолох ёстой болохоос, Цөмийн энергийн газар цацраг идэвхт ашигт малтмал боловсруулах, цөмийн хаягдал булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй гэж тулгалт хийх маягтайгаар, тодорхой тоочин оруулж өгөх ёсгүй юм.
11.6.19-д "ураны баяжмал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн онцлогийг харгалзан түүний хүчин чадал, тоо хэмжээ, шилжилт хөдөлгөөн, тээвэрлэлтийн холбогдолтой нууцлах мэдээллийн жагсаалтыг баталж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах", 11.7-д "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, техник, эдийн засгийн үндэслэл, мөн хуулийн 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулна" гэжээ. Харин юуг нууцлах, нууцлахгүй талаар тодорхой заасангүй. Төрийн, ялангуяа төрийн бус хяналтыг хавчигдуулахгүйгээр нууцлалыг хийнэ гэх талаас нь зааж өгөх хэрэгтэй юм.
15.1.1-д "цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах", 15.1.2-д "цөмийн төхөөрөмж ашиглах" гэжээ. Цөмийн төхөөрөмж гэх үг оночгүй хэрэглэгдсэн байна. Мөн 3.1.6-д "цөмийн төхөөрөмж" гэдэгт цөмийн эрсдэл, хор хөнөөл ихтэй байгууламж бүрийг (түлшний үйлдвэр, реактор, ашигласан түлш хадгалах (хаягдал булшлах) байгууламж, ашигласан түлшийг дахин боловсруулах үйлдвэр, баяжуулах үйлдвэр г.м.) тоочин хамруулсан байгаа нөхцөлд, тэдгээрийг байгуулна гэж хуульчилсан мэт болж байна. Маргаан зөрчил үүсгэж байгаа, шийдэгдэл нь нэн бүрхэг байгаа нөхцөлд, тэдгээрийг байгуулах үүд хаалгыг ийнхүү хуулийн хэрэгслээр, хууль зөрчин төлөвлөж нээж өгөөд байж болохгүй юм. Ерөнхий томъёолбор, болзмол хандлага хэрэгтэй. 15.1.4 (цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах), 15.1.7 (цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх)-гийн тухайд ч мөн адил юм.
16.3.4-т, тусгай зөвшөөрөл эзэмшигч "болзошгүй ослын хохирлыг арилгах санхүү, эдийн засгийн чадавхитай байх" гэжээ. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. 45.3-т ослын хохирлыг Монголын төр арилгана, зардлыг нь хариуцна гэж заалт бий. Эдгээр заалтуудыг илүү тодорхой болгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон, төрийн үүргийн заагийг гаргаж өгөх хэрэгтэй.
21.2-т "Энэ хуулийн 15.1.2, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг техник, эдийн засгийн үндэслэл, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 20 жил хүртэл хугацаагаар олгоно" гэжээ. Эрсдэл ихтэй үйл ажиллагааны зөвшөөрлийг ийм олон жилээр олгох нь сөрөг үр дагавартай. 22.4-т "тусгай зөвшөөрөл 20 жилээр сунгаж" гэснийг мөн анхаарч, хугацааг нь богиносгох хэрэгтэй.
45.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөртэй байх бөгөөд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна", 45.3-т "Нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн ослын хор уршгийг арилгах ажлын зардлыг Засгийн газар хариуцна" гэсэн байгаа нь тодорхойгүй, зөрчилтэй байна. Цөмийн болон цацрагийн осол их болбол тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцахгүй, зардал гаргахгүй болох мэт ойлгогдож байна.
50.1.1-д "энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь 3 хүртэл сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх" гэжээ. Цөмийн салбарын хор хөнөөл нь олон мянган жил ч гай балгаа тарих, асар их сөрөг үр дагавартай байдаг. Иймд, оногдуулах торгууль шийтгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. 50.1.2, 50.1.3-ын тухайд ч мөн адил. 50.1.2-т "шаардлагатай мэдээ, тайланг гаргаж өгөөгүй буюу цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй иргэнийгхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох", 50.1.3-т "тусгай зөвшөөрөлгүйгээр буюу тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаанаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээ аваагүй, цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагад зохих журмын дагуу мэдэгдээгүй бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэсэн байна.
Хуулийн эдгээр зүйлүүдийг өөрчлөх, хасах зэргээр сайжруулбал цөмийн болзошгүй хор хөнөөл, хариуцлагагүй байдал багасна гэж итгэж байна.
Цөмийн энергийн хуулиас гадна, бусад холбогдох хууль-эрхзүйн ач холбогдолтой баримт бичгүүд олон байгаа билээ. Тэдгээрт авах гээхийн ухаанаар хандаж, цөмийн хөнөөлийг бууруулах, таслан зогсоох үр нөлөөтэйг нь даган баримталж; ихэсгэх, шинээр буй болгох үр нөлөөтэйг нь засч хасч сайжруулан найруулах, заримыг нь бүхлээр нь цуцлах хэрэгтэй байгаа юм.
Цөмийн хууль-эрхзүйн орчинг цаг алдалгүй, цогц багцаар нь өөрчлөн шинэчлэх шаардлага нэгэнт иржээ.
Ч.Мөнхбаяр
2013. 1. 10
No comments:
Post a Comment