Тэр гэрээ бол хулгай гэдгийг ойлгохгүй хүн шорон,
Шархад гэсэн хоёр Ш-ийн нэгийг сонгоно
Шархад гэсэн хоёр Ш-ийн нэгийг сонгоно
Саяхан супер мундаг мэтгэлцээн болсон билээ. Нэг нь эстрадын жүжигчин хошин шог ярьж байгаа янзтай, халаасандаа гараа хийж донжигоноод л, тогоруу дэглий гүрвүүл мэлхий тоншиж байгаа адил гэдэлзэж годолзоод л, бүжиглэх нь холгүй сээхэлзэж алхаад л, нүд амаа хачин хачин болгоод л бүр бөөн маяг аа, бөөн маяг. Төрийн хар хүн үү, хөвгүүдийн поп хамтлагийн гишүүн үү. Нөгөө хамаргүй нь дээр мээр гэмээр л юм болсон.
Гурван жил тайлбарлалаа, одоо хүртэл ойлгоогүй гээд л ард түмнээ доромжлоод авав. Тайлбарлаа ч үгүй, ойлгуулаа ч үгүй байж. Харин ч бүр улсын нууцын зэрэглэлтэй Хувь нийлүүлэх гэрээ гэдгээр Монгол улсынхаа хувийг зургаа болгох болчихсон, тэр гэрээг нь УИХ-ын гишүүд ч үзэж танилцаж чадахгүй байсан. Эрсдэлгүй гэж энэ үү?
Хамгийн эрсдэлтэй гэрээ чинь Оюутолгойн л гэрээ юм билээ. Монголын хувийг бүр нойл болгочих гээд байдаг. Тийм байхад нийт орлогын 53 буюу өнөөгийн үнэ цэнээр бол 59 хувийг, компаний 34 хувийг, байгалийн баялгийн 100 хувийг Монгол улс эзэмшиж байна гэж юу солиорно вэ? Үндэсний ТВ гэдэг 6-р тасаг биш байлтай. Монголчуудад хэдхэн халтар төгрөг өгөөд л бүх юм гүйцсэн шүү дээ. Тэр мөнгийг улс эргүүлээд өндөр хүүтэй төлнө, өөрийнхөө баялгаар байгуулсан компанийхаа 34 хувь буюу 9 тэрбум төгрөгийг мөн өндөр хүүтэй төлнө, их өрөнд орчихсон. Ашиг авах тодорхойгүй, төдөн жилийн дараа ашиг өгч эхэлнэ гэдэг, гэтэл тэрнээс нь өмнө цөлмөөд арилна гэж байгаа, Бороо Гоулд шиг. Энийг алуулах гэж байгаа гахай шиг хүлээгээд л сууж байгаа болохоос.
Санхүүжилт 100 хувь гаднаас л гэнэ. Тэр харийнхан чинь нэг ч доллар санхүүжүүлье гэж бариад ирээгүй юм. Манай ухаад л авчих бэлэн баялгийг барьцаалж, мөнгө босгосон буюу үнэндээ зээлдчихээд л толгой дээр гарч галзуурсан. Санхүүжилт 100 хувь дотроос буюу, манай баялгаар хийгдсэн. За, нэг нөхөр утсаа ломбарданд тавиулаад архи авахуулсан байна, ломбарданд тавьж, архинд гүйсэн нөхөр болохоор хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч үү? Санхүүжилтэд Монголоос нэг ч төгрөг авахгүй гэнэ. Нөгөө жишээ рүүгээ ороход: ломбарданд утсаа тавьсан нөхрөөс архичин мөнгө аваагүй, гэхдээ архийг нь аваад бултчихсан байна, за энэ ариун явдал болж уу?
Үүнийг Баяршогт (хүмүүс ингэж нэрлэж байсан) шогтон “Энэ чинь 347SIU SWADY 75-ын коэффициентийн аргументийн пропорциональ 918 JX-индекс кодекс байхгүй юу даа” гэж хэт ойлгомжгүй үгсээр булж, олныг мунхруулсаан. Мунхарсан хүн ч байгаа юм уу даа. Ард олон Оюутолгойг жаахан ойлгодог болсон шиг. Нөгөөтэйгүүр оюуны хоосролд орсон нэлээн олон хүн Баяржоготыг “эрдэмтэй” юм ярилаа гэж дургүйцсэн шиг байгаа. Ард түмнийг оюуны хоосролд 22 жил оруулсан, гэтэл оюуны хоосрол өөрсдийнх нь эсрэг чиглэх нь тэр. Сүүлийн үед хий хоосон цэцэрхэж, мэргэжлийн хүн, эрдэмтэн хүнтэй энэ асуудлыг ярина гэж тэмцэгчдийг их мохоох болсон, нөгөөдүүл нь ч мохох гэж жигтэйхэн. Хоосон толгой юм байж, тэгж худлаа эрдэмлиг царайлж ярваганадаг нь үнэхээр инээдтэй л дээ. Эрх нь байдагсан бол амыг нь ард нь гартал алгадаад авмаар дарвалздаг байхгүй юу, элдэв шатны дарга доргонцрууд. Тэр аргыг Баярцогт хэрэглээдэхсэн чинь Ганбаатар яахав мохож байна, оюуны хоосролтой нэлээд сайхан гарууд бол мохох биш, улам ирлэгдэн мань хүнийг эсэргүүцээд босоод ирж байгаа юм.
Фэншү хиншүү бол популизмдаа л сайн болохоос, Оюутолгойн талаар мэтгэлцэнэ гэдэг бол дэндүү амбици хөөсөн хэрэг болсон юм байна л даа. Оюутолгойг Баярцогттонгууд биш, өөрөө өгчихсөн юм шиг л гүлдэгэнээд л, гэмгүй царайлах гэж ядаад л, дуугарч цөхөөд л, дуу нь ч олигтой гарахгүй яагаад байгаа юм. Цагаа ч дүүргээд ярьчихгүй.
Нэгэн их мэдэгч сонин мэдээ дуулгасан билээ: Хэлэлцүүлэгт оролцогч нэг хүнийг Х гэе. Х болбоос эрт дивангалбаас Оюутолгойн эсрэг тэмцэгчдийн эгнээнд идэвхтэй явсан гэнэ. Гэтэл төр түүнд албан тушаал, Оюутолгойн харь эзэд нэг дүүг нь ажилд авч, дүүгээр нь дамжуулж бялууны зүсэм илгээдэг болсон гэх. Ийм хоёр сувгаар хүчжээд сонгуулиар өлхөн гарч ирсэн. Сая бол Оюутолгойн талаар өчнөөн сайн ярьж мэтгэлцчих хүмүүс байсаар байтал өмнүүр нь орж шавар хаасан гэнэ. Энэ нь Оюутолгойн асуудлаар олонд харагдаад байгаа чиглэлээрээ бол тууштай байр суурьгүй, ашиг сонирхлын зөрчилтэйгээс л үүдсэн хэрэг гэнэм. Муу, сул мэтгэлцэх ашиг сонирхол байсан, хуйвалдсан гэж олон хүн үзэж байгаа аж. Бэлдээ ч үгүй, тэгсэн хэрнээ мэтгэлцэе мэтгэлцэе гээд байх. Муу мэтгэлцэх даалгавартай, зорилготой хүн чинь юунд санаа зовох билээ дээ. Одоо мэтгэлцэе гэсэн ч, босоод л мэтгэлцчихнэ шүү дээ. Оюутолгойгоор мэргэшсэн хүмүүс уулзаж дасгалжуулъя гэхэд уулздаггүй байсан л гэнэ. Хэлж ярихад ойшоодоггүй, ойлгодоггүй байсан л гэнэ. Өгсөн материал презентейшнүүдийг нь сөхөж хардаггүй, харин мэтгэлцээн дээр аль таарсан хуудас, таарсан мөрнөөс нь уншаад, харж яриад жонгиноод байсан л гэнэ. Ингээд, Оюутолгойн асуудлаар мэтгэлцэх асуудлыг хаалгачихсан гэнэ. Оюутолгойн төлөө тэмцэгчдийн нэр сүрийг гутаалаа л гэнэ.
Ийм юм бас яригдаж байна шүү та минь ээ! Хэрэв үнэн бол хэцүү л байна. Хоёр тал маргалдаж байна гэж ойлгоод байсан чинь нэг тал байсан бол юутай гачлантай. Тийм зүйл бүү болсон байгаасай л гэж Х-мэтгэлцэгчдээ ерөөе дөө.
Харийн хөрөнгө оруулагчдыг дэмжиж үг дуугарах хүмүүс ч байх юм. Тэд бол олигарх давхаргынхан, зөрүүд мугуйд авиртнууд, ухаан доройчууд, харь цустнууд зэргээс бүрдэж байна. Бас ирээдүйн эрүүгийнхэн. Тэдэн дунд жирийн монгол хүн нэг ч байхгүй.
Гэрээг дэмжигчид юуг голчлон хэлдэг вэ гэхээр: Тийм тийм хүмүүс гэрээгээ сайн мэдэж байна, тэр хүмүүс л зөв байж таараа, гэрээг сайн мэдэхгүй байгаа хүмүүс бол буруу байж таараа гэж. Хулгайч хүн хулгай хийх арга мэх, эрүүгийн орчинг сайн мэддэг байлаа гэж зөвддөг үү? Хулгайчийг барьсан хүн тэрийг нь мэддэггүй байлаа гээд бурууддаг уу? Хулгай хийж болохгүй гэдэг ойлголт, өөрөөр хэлбэл хүний юмыг зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэх ойлголт нялх хүүхдэд ч байдаг. Хулгайг амьтан ч мэддэг, тиймээс гэтэж, мөлхөж авдаг. Гэтэл яагаад хүн мэдэхгүй байна вэ? Хулгай гэдгийг мэдэх нь чухал болохоос, хулгайн аргачлалыг нэгд нэггүй мэдэх нь илүү чухал, зөвтгөх асуудал биш юм. Хулгай хийсэн нь л буруутай, хулгайн ертөнцийг мэддэггүй нь буруутай биш- ийм хууль эрхзүйн орчин Монголд, дэлхийд үйлчилж байгаа.
Тэр гэрээ бол бидний юмыг зөвшөөрөлтэйгээр авсан гэрээ биш гэдгийг Баярцогт гишүүн хэлж байна. Тэр бол харилцан ашигтай гэрээ, монголчуудад хамаг ашиг авчрах учиртай гэрээ гэж. Түүнээс биш, хулгай хийх эрхийг олгож байгаа гэрээ биш гэдгийг хэлж байна. Гэтэл бодот байдал дээр хулгай хийх эрхийг олгож байна. Монголчууд юу ч хийхгүй байсан ч 216 жил тэжээх баялгийг үгүй хийчихлээ.
Бид юу ч хийхгүй Оюутолгойгоор тэжээлгээд суугаад байна уу? Үгүй. Хэн Оюутолгойгоор тэжээлгэж байна? Харийнхан, тэдний боол манай цөөн хэдэн дарга нар. Баялаг хаачив? Хулгайлагдсан. Бидэнд юу байна, Оюутолгойгоос. Зөвхөн их өр. Компани Бороо Гоулдын хувилбараар ажиллаж ирсэн.
Нөгөө жишээндээ оръё. Утсаа барьцаанд тавиулсан хэнэггүй эр архичдын ертөнцийг сайн мэддэггүй учир буруутай, архийг нь аваад бултсан архичин сайн мэддэг гээд зөвдөх үү? Ийм л энгийн асуудал байгаа.
Энэ мэт энгийн зүйлийг тайлбарлаж ойлгуулж чадахгүй байгаа хүн бол эсвэл хулгайч, эсвэл тэнэг. Тийм хүн төрийн өндөр дээд шатанд байтугай, төрийн албанд байж таарахгүй. Шорон, Шар хад гэсэн хоёр Ш-ийн нэгийг сонгох ёстой.
Тийм биз дээ? Аль эсвэл үгүй юм уу? Эрхэм мэргэн уншигч нэгийг тунгааж, андуу эндүү байсан аваас залруулан явах буй заа.
Ч.Мөнхбаяр
2012
No comments:
Post a Comment