Tuesday, April 9, 2013

Н.Энхбаярыг гэрийн хорионд оруулж магадгүй болов

Албан тушаалтан яллагдвал гэрээр хорих, өндөр тушаалын ажил хийлгэж 
хохирлыг барагдуулгах хууль санаачилж байна

Эба дарга нь нарсанд, Эбэ дарга нь наранд ухаан алдаж унаад Монгол орон маань хоёр Э-гээсээ, ижий ааваасаа салж өнчирч балрах гээд байгаа билээ.
Дур нь хүрвэл, дургүй хүрсэн хүнээ ямар ч нотолгоогүйгээр яаж ч болдог дэглэм тогтжээ гэдгийг харлаа, цадлаа. Н.Энхбаярын цус хүссэн маньяк түмэн ханалаа, галзуу нь түр дарагдаж тавирлаа, соёо нь жижгэрлээ, сайхан вампирдлаа.
Чингээд нэг харсан чинь бүгдээрээ зүтгэж байж ямар ад тамын эрэмдэг нийгэм, буг чөтгөрийн орон бүтээснээ ойлголоо. Хэнийг ч маргааш яаж ч тамлаж болно. Халдашгүй эрхт гишүүдийг хэвт, гараа шилэндээ ав гээд байхаар нь Шинээ гишүүн салаавч гаргачихсан. Гэтэл үүнийг, “нийгмийн хэв журам сахиулагчдын өмнөөс хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхийг завдсан” гээд, зэвсэгт дээрэмчин өөдөөс буудалцсантай адилаар томъёолж, шалгаж байна. Г.Бадамрагчаа найруулагч Галдан бошготын тухай кино хийх гэсэн, Н.Энхбаяраас санхүүжилт хүссэн, эх оронч залуусын ТББ байгуулах гэж хэлэлцэн санаа оноогоо гурван хуудсанд буулгаж бичсэн гээд “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх маш хүнд хэрэгт унасан, иргэний дайн өдөөсөнтэй дүйцэгдсэн. Г.Бадамрагчаа Цэнгэл гэх өвөр монгол хүн хүнээс мөн тусламж, хамтын ажиллагаа хүсэж. Тэгвэл Г.Бадамрагчааг нь суллачихаад, Цэнгэлийг “Г.Бадамрагчаагийн хэрэг”-ийг гол үйлдсэн хүн хэмээн 4-5 сар үргэлжлүүлэн хорьсоор байна.

Та бүхэн харж байгаа биз? Салаавч - Хууль сахиулагчдыг хүч хэрэглэн эсэргүүцсэн. Кино, тусламж хүссэн, эх оронч залуустай хөөрөлдсөн - Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн. Өвөр монгол хүн болж төрсөн - Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн. Ийм дэг тогтчихоод байгаад ангайгаад алмайраад яваад байж болох уу даа. Хүний эрх, ардчиллыг шаардсан том хөдөлгөөн өрнөмөөр юм. Гэтэл үгүй шүү. Гириний монголчууд Чингис хааны хөшөө барьчихлаа гээд л эсэргүүцээд явж байна. Дэлхийн суутан Чингис хааныг очиж очиж эх орноо харьд бэлэглэчихээд үсрэнгүй хөгжчихлөө гээд маанагтаад явж байдаг улс өмчлөх хувьчлах юм гэж үү. Огтхон ч үгүй ээ. Англи нь Хайд-паркдаа хөшөөг нь босгож дээдлээд, Америк нь Мянганы хүн гэж тунхаглан хүндэтгээд явж л байг.
Юуг анхаарах ёстой вэ гэвэл, Хойд Солонгос, Иранд ч байхгүй гаж буруу, галзуу солиотой дэглэм төлөвшиж тогтнож байна. Ямар ч аймшиг, алмас шулмас Монголд биелж болохоор болоод байна. Ад чөтгөр шүглээд байна.
Үүнийг мэдэрсэн дарга нар (арай ухаантай нь тэд л юм даг, ухаанаа Монголыг сөнөөхөд л зараад байдаг болохоос) аргаа барсан арга сүвэгчилж эхэлжээ. Тэр нь, албан тушаалтнууд яллагдвал шоронд биш, гэрийн хорионд оруулж байх. Төрийн нууцыг задруулж болохгүй, зиндаа таарахгүй зэргээр тайлбарлаж байна. Монголын ард түмэнд зориулж өөрсдөө бэлтгэсэн тамаасаа өөрсдөө үхтэл айж байна. Дарга нар бие биедээ хичнээн хайр найргүй хандах болсон, эрх баригч нам хичнээн хуншгүй жудаггүйгээр нөгөө намын хамтрагчид руугаа өсөрхөн дайрч, даран сөнөөх гэж байгаа ч, шорон оронд хийхдээ хууль бусаар хөөрхөн бөөцийлчихдөг юм билээ.
Н.Энхбаярын камер гэж ганцаараа суудаг, цэлийсэн сайхан өрөө байдаг. Танхим ч гэмээр. Шоронгийн эмнэлэгт орохгүй, клиникийн таван өрөөнд ч хэвтэж байх шиг, нэг хүн яаж таван өрөөнд хэвтдэг юм. Бусад эмнэлэгт нэг өрөөнд арав гаруй хүн хэвтэж, зарим нь коридорт хэвтдэг.
Үүнээс сэдэв аван амташсан дарга нар гэрийн хорио гээч гоё юм бодож олсон байна. Удалгүй “үхэх гэж байгаа тул” гээд Н.Энхбаярыг гэрийн хорионд гаргах арга сүвэгчилж байна. Сонин хэвлэлээр тэгэх хэрэгтэй гэж сурталчлуулж байна. Энэ нь бүрэн чөлөөлнө гэсэн үг болохыг уншигч авхай юун эс андах аж. Шоронд хийхээр гэртээ сууж байдаг тэд, гэрийн хорионд оруулахаар Хайнаньд амарч, төрийн ордонд залрах биз.
Хуулийн заалт ч сэтгэж буй гэнэ шүү.
Ч.Мөнхбаяр
2012.8.22

No comments: