наргиа
Ардын журамт цэрэг Нийслэл Хүрээнд сүр жавхлантай орж ирэхэд яг улаан зам дээр нь бөө бөөлж байв.
-Дүрр-дүрр, бүрр-бүрр, чи муу бэлэн гоймон гэж зайрантан хараалаа. Сэлмэн Тогмид:
-Жанжаан, энэ муу хэрээг буудчих уу? гэхэд Сүх:
-Болохгүй ээ, цаана чинь ТВ9 байна. Би тэртээ тэргүй бөө нарыг цэгцлэнэ гэв. Удалгүй нөгөө зайрантан бөө биш болчихсон, ваар сав хэсээд явж байдаг болжээ.
Жанжин Янжмаагийнхаа хамт захаар хэсч, популизм хийж явтал, сөрөг хүчний нэг нөхөр:
-Мөнгөтэй бөгөөд авгайдаа хайртай хүн авдаг л эд дээ гэж хор шарыг нь маажив. Янжмаа:
-Дамын наймаа хийх чинь хориотой биш үү. Буудчихъя гэхэд жанжин:
-Цаана чинь ТВ9! Дараа чимээгүй буудаарай…
Журамт цэргүүд мөнгөн зоос овоолоод орос рулет тоглож суужээ. Луузан хэмээх чинээлэг эр орж ирээд:
-Та нар надаас агт морь 10, амбан шар 10-ыг худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй. Одоо өгнө биз дээ гэхэд:
-Зайл аа гэцгээжээ. Нөгөө эр ч, буу зэвсэг агссан байхыг үзээд арилан одов. Нэг нь:
-Дарга аа, бид энэ хүнийг дээрэмдчихэж байгаа юм биш үү гэхэд нөгөө нь:
-Бүхэл бүтэн банк дээрэмдчихээд байхад тэр зэрэг ч яамай байнаа ха ха ха гээд өөрийгөө буудаж, үхэдхийн унав. Үлдсэн нь зоосыг нь хувааж авлаа.
Сэлмэн Тогмидыг сахилгад хийх болжээ. Тогмидын ээж:
-Муу Тогмидыгоо өршөөгөөч дээ гэхэд Сүх жанжин:
-Ингэх хэрэгтэй байнаа гээд хөмсөг зангидан бодлогошров. Бодоо:
-Энэ Сүх дандаа л Тогмидыг өөгшүүлж, байх юм. Олон нийтийн газар хүн алахыг завдсан бол 10 жил банздах ёстой биз дээ гэхэд Данзан:
-Цаадах чинь Сүхбаатарын фракци юм чинь аргагүй ш дээ гэв.
Сүх жанжин нэгэн эрийг:
-Чи сангийн хөрөнгөөр ингэж тоглох уу? Барагтайхан байгаарай! гээд гаргав. Марзан Шарав тэр эрээс:
-Та яачихсан хүн бэ? гэхэд
-Идэж уучихсан юм аа гэв.
-Тэгээд таныг яаж шийтгэх болов?
-Яагаа ч үгүй, би Сүхбаатарын фракци юм чинь. Харин та яачихсан хүн бэ?
-Жа би хорвоо ертөнцөд байхгүй садар самуун зургууд зурсан хүн дээ.
-Тэгвэл та ч өнгөрчээ. Ардын засгийн үед идэж ууж болно, секс бол болохгүй гэжээ. Тиймээс Шарав гуай жанжны өрөөнд оруут сөхрөн унаж өршөөл эрэв.
-Би чинь садар самуун зураг зураад зогсохгүй, Сохор Богдыг хуураад ордонд нь өлгүүлж, Монгол төрийг доромжилсон хүн шүү дээ. Балин Цэрэндорж л тийм зураг зур гээд байсан. Утсан чинээ улаан амийг минь өршөө!
-Зүгээр ээ Шарав гуай. Та Ленин багшийг зурсан хүн юм чинь ямар ч садар самууны зураг зурж болно. Танд Ленин багшийг зурсны мөнгийг өгнө, садар самууны зураг зурсны мөнгийг ч өгнө. Та Ленин багшийг энэ открыткноос хуулбарлан зурсан гавъяатай хүн тул таны садар самууны зургуудыг ардын засаг, ардын нам үүрд мөнх ард түмний өмнө залах болно оо.
-Гялайлаа! Жанжаан, энэ Ленин багш юу зааж сургадаг юм бэ?
-Мэдэхгүй.
Бодоо:
-Таминь ээ, эрчүүд дээлийн нудрага, эмэгтэйчүүд гэзгээрээ гар буу сольж авагтун! гэж зарлав.
-Ёстой ашигтай наймаа байна гээд бүгд хошуурав. Нэг эр Бодоогийн дээлийг аваад гал руу шидчихэв.
-Та улаан хувьсгалч хүн байж буугүй байж болохгүй ш дээ гээд овоолсон буунаас нэгийг авч өгчээ. Хожим нь Сүх жанжин:
-За чи тэр Оросын Олон улсын Улаан Загалмай нийгэмлэгийн тусламжаар ирсэн гар буунуудыг зарав уу хө гэхэд Бодоо:
-Авах хүн олдохгүй болохоор нь нударга, гэзгээр сольсон гэв.
-Ишш, Бодоо минь чи арай намайг нударга, гэзэг ид гээгүй биз дээ. За яахав, өргөн хэрэглээний бараа болохоор борлуулж болох биз.
-Өө тэрийг чинь нээрээ яриандаа халаад гал руу чулуудчихсын юм байна шүү дээ.
-Чи сангийн хөрөнгөөр ингэж тоглох уу? Сэлмэн Тогмид оо, энийг буудчих. Өө чи чинь бас гэзгээр сольчихсон уу. Тэгвэл гэзгээр шавхуурд!
Дэлгүүрт олон хүн хуржээ. Нэг банди:
-Наад чихрээ битгий ид. Шүдгүй чавганц болно шүү гэхэд Янжмаа хаанаас ч юм гараад ирэв.
-Алив надад аль! Ингэж иддэг юм гээд идчихээд яваад өгөхөд худалдагч:
-Хүүе та мөнгөө! Өө дандаа л ингэх юм гэсээр хоцров.
Хорвоо ертөнцийн өнгө хослох гайхамшиг
Хотлыг баясгах Ленин багш аа хө…
Буу тасхийв.
-Жанжаан, Сэлмэн Тогмидыг алсан хүмүүсийг барьсан шүү дээ.
-Биш ээ, цаад эздийг нь ол! Хэний фракцийнхан алсан бэ? гэжээ.
Нөхөд Богд гэгээнээс асууж тодруулахаар болжээ. Гэтэл Богд урьд шөнө юу ч болоогүй юм шиг сууж байжээ.
-Та урьд шөнө юу ч болоогүй юм шиг сууж байх шив дээ гэхэд Богд:
-Урьд шөнө юу ч болоогүй юм чинь дээ гэв.
Ингээд Сэлмэн Тогмидын аллага илрээгүй боловч, тэр аллагыг илрүүлнэ гэж МАН амлан сонгогдсоор өдий хүрчээ.
Ч.Мөнхбаяр
ММХII.VIII.ХV
FB page: facebook.com/moenhbayar
No comments:
Post a Comment