Wednesday, April 10, 2013

Н.Энхбаяр ажилтнууддаа агсам тавьж, шанаа өгсөн захирлаас бага гэмтэн болж хувирав

Н.Энхбаярыг хорьсноор авлигаас аврах биш, авлигад уриалан дуудлаа

Н.Энхбаярыг 2.5 жилийн ял өгч хорьсноор Монгол улсын хамаг асуудал шийдэгдэж, цэнгэлийн манлайд хүрлээ гэж андуурч байсан олон нийт хацар луугаа шамбийтал алгадуулсан мэт байдалд ороод байна. Байдал ердөө ч сайжирсангүй, харин ч бүр дэлхий мөхөх дөхөөд улам доройтсон билээ.
Дэлхий мөхнө гэдэг нь манайхны гэм нүглээс ихээхэн шалтгаалах юм. Большевизмын эхэн үе, улаан террорын үед “ингэж ч коммунизм, интернационализмд үнэнч, тэгж ч Маркс, Ленинийг уншиж судалсан” гэж бурдаг ХУДАЛЧ болсон. Дараа нь аль өнгөтэй өөдтэйгээ Зөвлөлтийн колоничлогчдод өргөн барьж, дэлхийн дайны үед бүр өлбөрч үхэх дөхөөд, амьдрахад бэрх хэцүү болохоор социалист өмчөөс шомбодсоор ХУМСЛАГЧ болсон. Дараа нь ардчилал гэсэн хуурамч хаягтай алуурчин дээрэмчдийн засаг тогтож, Монгол орон ганц орны биш, дэлхийн хэдэн зуун орны, бүр хамгийн жижиг орны колони болж дор нь ороход, эх орноо хамгаалах байтугай хамаг үлдсэнийг нь шалдлан хулгайлж, ХУЛГАЙЧ түмэн болсон. Ингэж ХУВЬСГАЛЧ олон ХУДАЛЧ, ХУМСЛАГЧ, ХУЛГАЙЧ, ХУЛХИДАГЧ, ХУНХУУЗЛАГЧ, ХУУРАГЧ, ХУЛЧИЙГЧ, ХУЖААРАГЧ олон болсон билээ. Хулгайчид яс үндэс, эх орон гэж байдаггүй гэдэг нь юутай үнэн билээ. Улс үндэстнээ хамгийн хайрладаггүй, хамгаалдаггүй, боддоггүй, улс үндэстнээсээ хамгийн урвадаг, улс үндэстнээ хамгийн их сөнөөдөг нь бид л болчихсон бус уу. Энэ их гэм нүглээс болж бид өөрсдөө ч өөдлөхгүй, хорвоо дэлхий ч өөдлөхгүй сөнөх гэж байгаа. Хамаг баялгаа харийнханд авлигаар өгч тэнэгтчихээд, аав ээж хүү гурав 300 төгрөг булаалдаж, хүүгээ дөрвөн цаг поольдож алах дөхөж байдаг манайхан хэдэн мянган ордоо зэрэг зэрэг ухуулснаас дэлхийн газар хөдлөлийн тэнцвэр алдагдаж, дэлхий заадсаараа хагарч бутарч сөнөх гэж байгаа. Цөмийн хамаг хор хөнөөлийг Монголд бөөгнүүлэн шуналдаа идэгдчихээд, харж хандаж чадахгүй өөрсдөө ч хордож үхэж, өрөөл улсуудыг ч хордуулж дэлхийг сөнөөх гэж байгаа.

Н.Энхбаяр чинь авлигын загалмайлсан эцэг, хаан, улс орныг сөнөөгч гэгдээд байсан чинь, урвагч сэтгүүлчдэдээ агсам тавьж хэд шанаадаж амбаардчихсан ТВ-ийн захирлаас бага хэрэг үйлдсэн гэмгүй амьтан болж хувирав. ТВ-ийн захирал 3.5 жил, Н.Энхбаяр 2.5 жил авлаа шүү дээ.
Ингэснээрээ төр харин ч авлигаас ард түмнээ аврах биш, авлигад уриалан дуудах ажил хийлээ. Идэж ууж, хулгай хийж болдог юм шүү, хоёр жил амралт сувилалд явуулдаг, ардын баатар болгодог юм шүү, хоёр жилээс ч наана суллаж Аун Сан Су Чи болгон мандуулдаг юм шүү, хамгийн их авлигачийг ингэж байгаа юм чинь хажууд нь өчүүхэн массыг бол бүр хоромхон зуур амралт сувилалд явуулж, хорхойн чинээ баатар болгож, хосгүй өршөөн суллаж, Аун Сан Су Чи-гийн хөлийн чигчий хурууны хумс болгон мандуулна шүү л гэж харууллаа.
Н.Энхбаяраас илүү, эсвэл эн зэрэгцэх, зарим нь ойролцоо дөхөж очсон түм буман хулгайч манайд бий. Эднийг яах вэ гэдэг асуудал маш хүнд болоод байгаа. Сайн цаг ирээд бүгдийг нь шоронд хийлээ гэхэд Монгол орон мөн л мөхнө. Хамаг толгой гайгүй ажилладаг 100 мянгаад товарищууд нь хулгайч луйварчин болчихсон юм байхчивлээ. Бусад нь янз бүрийн л этгээдүүд байх.
Тэр 100 мянгыг шоронд хийхгүй байя гэхэд контр-революци болж босч ирээд сүйд хийнэ. Алаад хаячихъя гэхээр бас болдоггүй. Хувьсгал гэдэг маш муу муухай нийгмийг халж гарч ирдэг, засч залруулах гэж маш их харгислал, аллага хядлага, хэлмэгдүүлэлт хийх учиртай болдог юм байна шүү дээ. Харин Монголд ер хувьсгал хийж болох нь уу, үгүй юу.
Ч.Мөнхбаяр
2012

No comments: