Wednesday, April 10, 2013

Компенсаци

Монголын харъяат бүр хүйтөрөлгүйтгэлийн нөхөн олговор гэж 
түм буман доллар авах боломжтой

Саяхан Армений авиакомпанийн онгоц сүйрэхэд амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрт оросын засгийн газар 100 мянган рублийн компенсаци олгох олжээ. Бэртэж гэмтсэн иргэддээ ч бас өгнө. Дээрээс нь Армений засгийн газар бас нөхөн төлбөр олгох юм гэнэ билээ.
Боден нуурын орчимд онгоц сүйрсний хариуцлагыг хүлээх ёстой гэж өөрсдийгөө үзсэн Герман, Швейцарийн засгийн газрууд 20 сая долларыг компенсаци болгон олгоод байна.
Миграцийн олон улсын байгууллага Холокостын хэлмэгдэгч 25 мянган хүнд 25 сая долларыг хувааж олгох хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Талидомид эмийн золиос болсон хүн бүрт үйлдвэрлэгч компани нь саяхан 17 мянган доллар өглөө. Жил бүр энэ компенсаци нь улам л өсөн нэмэгдсээр байгаа.
Москвагийн “Трансвааль” усан сан нурахад сэтгэлзүйн хохирол амссан гэж шүүхдээд нэг эмэгтэй 500 мянган рублийн компенсаци авав.
2000 оноос хойш Герман улс украинчуудад фашизмын золиос болсон гээд нийтдээ 80 сая евро тарааж өгчээ. Бусад улсуудад ч ингэж хандаж буй нь мэдээж.
Ливийн харгис дарангуйлагч 1988 онд Шотландад иргэний тээврийн онгоц унасан явдалд буруутайгаа хүлээн зөвшөөрөөд эрсдэгчдийн ар гэрт 2,7 тэрбум доллар илгээсэн.
1997 оны террорист халдлагын үеэр шархадсан найман иргэнд нь Иран улс 400 сая доллар төлөх ёстой гэж тогтоосон америкийн шүүх хөлдөөсөн данснуудаас нь зохих мөнгийг гаргаж аваад хохирлыг барагдуулгажээ.

9-р сарын 11-ний халдлагад өртөн амь үрэгдсэн 3000 гаруй хүний ар гэрт тус тус нэг сая доллар олгоно хэмээгээд, АНУ-ын засгийн газар 500 гаруйд нь хүртээгээд байна.
Харийн зандалчид уг жигшүүрт хэргийг үйлдсэн байхад яагаад Америкийн төр мөнгө төлөх учиртай юм бэ? Яагаад гэвэл, иргэдээ хамгаалж чадаагүйн хариуцлагыг төр нь үүрэх хуультай юмсанжээ.
Хамгаалах бололцоогүй асан тохиолдолд ч төр төлөх ёстой. Учир нь төр бол ард түмний байгууллага, ард түмэнд үйлчилдэг байгууллага. Төрийн бүх юм ард түмнийх. Тиймээс харамлах зүйл, минийх чинийх гэх зүйл байх ёсон үгүй. Хэн зовж, зүдэрсэнд нь өгөөд л байх хэрэгтэй гэсэн нийтлэг зарчим бүр даяаршиж дууслаа.
Компенсаци гэдэг нь манайхаар бол нөхөн олговор. Уг нь барагдуулалт ч юмуу, нөхөгдүүлэлт ч гэдэг юмуу, ганц үгээр нэр томьёо үүсгэх хэрэгтэй байх л даа. Юуг барагдуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна ч гэдэг юмуу, дургүйцэх хүн гарна. Тэр нь гол биш юм. Нийгэм нэг зүйл дээр санал нийлж, тогтож, тогтоох нь чухал. Компенсатио гэдэг латин үг нь махчилбал тэнцүүлэх гэсэн утгатай, возмещение гэдэг орос үг болбоос махчилбал дөхүүлэх (возле+место) гэсэн утгатай байх жишээтэй. Нөхөн олговрын үнэр ч үгүй л утгууд. Гадаадын үгс их ухаантайдаа нэр томьёог илэрхийлээд байдаг, монгол үг тэгж чадахгүй мэт төсөөлөх нь төөрөгдөл юм. Хамгийн гол нь нийгэм ойлгох л хэрэгтэй.
Жишээ нь, зовсон зүдэрсний нөхөн төлбөр гэж зайлшгүй байх шаардлагатай, тийм хуультай гэдгийг ойлгох нь шударга ёсыг тогтооход, нийгэм эрүүлжихэд багагүй ач холбогдолтой.
Хохироовол төлдөг гэсэн зарчим хэвшвэл төрд олноор шургалан орж, ноёлох болсон хулгайч, дээрэмчдийн хулхи бууж, хуруу хумс нь арай л танагтай байхсан.
Өнөөдөр худал хуурамч амлалтын хур байгалийн гамшигт үзэгдлүүдтэй зэрэгцэн бууж, гай зовлонг дуудаж, ёрлож байна. Яагаад худал хуурамч гээд байна вэ гэхлээр нэр дэвшигчид буруугаа хүлээгээгүй байж, хэрхэн амлалтаа биелүүлэх талаар ямар ч ойлголтгүй байгаа байж, үл гүйцэлдэх үлгэр ярьж буйгаараа үнэн мөн чанараа илчилж байгаа юм. Буруугаа хүлээгээгүй гэмтэнд итгэж болохгүй нь мэдээжийн хэрэг.
Мөн тэд ярих ёстой олон зүйлийг огт цухуйлгахгүй байна. Одоо чадан ядан аргацааж байгаа, сонгуулийн дараа л гарцаагүй тохиох Их нуралтаас хэрхэн сэргийлэх вэ? Ашигт малтмалын хишиг хувь хүртээнэ л гэх юм, яаж баялгаа харийнхнаас чөлөөлж авах юм бэ? 1990 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж ирсэн, орчин үеийн Монголын төрийн уламжлалт бодлого болчихсон, ард түмний эсрэг геноцид үйл ажиллагааны золиос бологчдын хохирлыг хэрхэн барагдуулах вэ! Үүнийг тэд ярихгүй байна. Зайлшгүй ярих ёстой олон олон асуудлаас тэд бултаж буй нь сонгуулийн залилан нь бүтсэний дараа мөнөөх геноцид бодлогыг гардан үргэлжлүүлэх болоод л тэр.
Юун геноцид вэ, таминь ээ? Хэн ч геноцидлүүлээгүй шүү дээ гээд л бие биеийн нүүр рүү гайхан харагсад бишгүй л гарах биз. Мэдэхгүй байлаа гээд, уг зүйл нь байхгүй болчихдоггүй.
Манай төр гэгдсэн этгээдүүд юу л хийнэ, тэр нь ард түмний эсрэг байсаан гээд хэлчихэд хилсдэхгүй шахуу тийм л 18 жил өнгөрлөө шүү дээ. Тэдний геноцид буюу хүйтөрөлгүйтгэлийн гэмт хэргийг тоочно гэвэл Гаанжуур Даанжуураас даваад гарчих нь тодорхой. Хүйтөрөлгүйтгэл гэж юу юм бэ гэдгийг олон улсын нийтлэг эрхзүйн баримт бичгүүдээс л олоод харчих. 1990 оноос хойших Монголын төрийн бодлогыг хэлдэг юм байна гэдэг нь л зурайгаад ирнэ.
Миний бие Хүйтөрөлгүйтгэлийн тухай хуулийн төслийг ноднин 10-р сард төрдөө өргөн барьсаан. Дэмжих нь байтугай, одоо хүртэл ямар ч хариу өгөөгүй л байна. Аваагүй гэж мэлзэхлээр нь ахиад гардуулсан. Таг чиг.
Хуулийн төсөлдөө XX зуунд монгол туургатны эсрэг харийнхны зүгээс үйлдэгдсэн хүйтөрөлгүйтгэлийн гэмт хэргүүдийг “тийм юм мөн” гэж хүлээн зөвшөөрье өө л гэсэн санааг оруулсан юм. Үүнд Сталин, дөрвөн дээрэмчин буруутай гэснээс бус, хөрш гүрнүүд буруутай ч гээгүй, тэднээс ял асууя ч гээгүй.
Уг нь хүн төрөлхтний ёсоор бол геноцид гэдгийг эхлээд өөрсдөө хүлээн зөвшөөрч, дараа нь дэлхийгээр зөвшөөрүүлээд, сүүлд нь нөхөн төлбөр авдаг л учиртай. Украин голодоморын төлөө Оросоос төлбөр нэхэх маягтай болоод явчихлаа. Хохироосон бол төлдгөөрөө хавтгай дэлхий болчихоод байна. Түүнээс бус дарга нарын маань солиордогчлон харийнханд хамаг байдгаа өгөөд, өөрсдөө гуйлгачлаад бай гэдэг хавтгай дэлхий болчихоогүй.
Зөвлөлт ах нартаа бид аль байдгаа өгч байсан, зориулж байсан. Түүхий эдээ хямд үнээр нийлүүлж, бараа бүтээгдэхүүнийг нь өсгөсөн үнээр импортолж байсан зөрүү ашгаар “ахан дүүгийн тусламжаа” санхүүжүүлж байсаан гээд эдийн засагч, түүхч, судлаачид маанъ дүлий хүн ч сонсохоор л ярьсан.
Гэтэл нөгөө тусламж маань юу байж вэ? Өчнөөн хүү мүүтэй дааж давшгүй л өр байж шүү дээ. “Зөвлөлтийн төр тэр өрөө яаж авна гэж төлөвлөж байсан юм бол?” гэж бүр гайхаад баршгүй. Хайр найргүй дээрэмдэх л байсан байх. Нэгэнт зөвлөлт төр үгүй болсны дараа л бид тэр “тусламжийн” тухай, өрийн тухай үнэнийг мэдсэн нь зүйн хэрэг. Өмнө нь яаж ч мэдэх билээ дээ.
Орос ах нар өрийг хүчингүй болгосон. Ийм атал бид ямар нэг нөхөн төлбөрийг тэднээс шаардах тухай бодох нь ч ичгүүртэй еэ дээ. Тэд өр данс бодож чадсан юм чинь, хүний ёсоор бол бид бас бодох л ёстой. Заавал муудалцах албагүй, нөхөрсгөөр инээж ханиаж байгаад л бодолцож болно оо доо. Муудалц гээгүй, нөхөрлө л гээд байгаа ухаантай. Нөхөрлөхийн тулд бие биедээ шударга хандах жамтайг нурших юун.
Тэгэхлээр, хоорондын худалдаандаа бидэнд шударга бус хандаж байсны, цэргийн ангиудаа манайд байрлуулж байсны, хүйтэн дайны зорилгодоо манийг албадан зүтгүүлж байсны, соёлын өвийг сүйтгэсний... гээд л “наян” нөхөн төлбөр гараад ирэх байхгүй юу. Одоо яая гэхэв, хүний ёс л ийм болчихсоноос хойш, бид тэдний нутаг дээр тэгж байгаагүйгээс хойш.
Дашрамд, дундад зууныг сануулаад хэрэггүй шүү. Өнөөгийн олон улсын хууль-эрхзүй үйлчилдэг орчин гэж байна.
Хойд хөрштэй холбогдох хамгийн гол нөхөн төлбөр бол большевист дэглэм Монголын ард түмний эсрэг хүйтөрөлгүйтгэх гэмт хэргийг үйлдсэнтэй холбогдож гарч ирэх байв л. Тэр бол гэм зэмгүй хороогдсон мянга мянган эх оронч, сэхээтэн, язгууртан, төрийн зүтгэлтэн, санваартан, бараг үгүй болсон үндэсний соёл, эдийн засаг, мянган сүм хийд...
Оросын оронд Герман байсан бол яах байв. Май май гээд л өрх бүр рүүсая сая доллар шидээд, амар заяа үзүүлэхгүй юм биз дээ. Гэхдээ Орос Герман биш юм даа. Орос, Хятад гэдэг хоёр их далайн дундах Монгол гэдэг жижиг арал бид хүний ёсыг гадаад тавцанд тэр бүрий хэрэгжүүлээд байж чадахгүй л юм.
Их гүрнүүд хүйтэн дайны үед хүчээр атгаж байсан улсуудынхаа өрийг хүчингүй болгоцгооё, “тусламж” маань жинхэнэ тусламж гэхэд ер нь хэцүү шүү дээ гэсэн нэг тохиролцоо хийсэн юм билээ. Мөн Зөвлөлтийн үеийн авлагаа хэдийчинээ хүчингүй болгонов, төдийчинээгээр ЗХУ-ын 40 тэрбумын өрөөс хүчингүй болгож байна хэмээсэн Парисын клубийн зарчим гэж буй. Оросууд ч тэр зарчмаас болж Монголын өрийг өршөөлөө гэдгээ ил тод бичсэн, ярьсан, мэдэгдсэн. Гэтэл манайд “Орос шиг бай”, “Их өр төлөгдөөгүй", “Орос манай өрийг маш нууцаар өршөөсөн юм, нууцыг задруулж болохгүй” гэхчлэн нуршсаар л байдаг нь хөмөрсөн тогооны л сэтгэлгээ буюу.
Большевист геноцидийн компенсациийн тухай асуудлыг нухацтай дэвшүүлж тавих тохироо нь бүрдээгүй байж болно. Гэхдээ тэр талаар дуугарч болохгүй гэсэн хууль ч байхгүй, тoxиpoo бүрдэхгүй гэсэн зөн билиг ч байхгүй, ийм юмнаас болоод хоёр улсын харилцаа муудах албатай ч биш юм. Юуг ч ярьж, хэлж, бодож, санаж, хэлэлцэж болно. Харийн төр танай орныг ингэж ч ачилсан, ийм ч тэрбум доллар өг гээд байвал хэлэх үгтэй байж болно. Мэдрэмжээ л алдахгүй байх хэрэгтэй.
Манай төр бол Орос гүрэн биш. Бидний л юм. Тиймээс өөрийнхөө төрөөр бол бид яасан ч болно, чадна. Хууль, эрүүл ухааны хүрээнд шүү дээ. Төр гэдэг чинь бид л байх ёстой байхгүй юу. Биднээс тасарсан тэд залилаад авчихсан болохоос биш.
Гэхдээ тэд муу муухай байлаа ч бидний л хэсэг, хөл шивэртэй гээд тайрч хаядаггүй гэгчээр тийм нэг хэсэг маань юм. Тийм болохоор тэднийг яахыг бид мэдэх учиртай.
Монголын төр гэгдсэн тэд ард түмнийг 18 жил өлсгөж цангааж, өвтгөж зовоож, үхүүлж мөхөөж, талан дээрэмдэж, сорон мөлжиж ирлээ. Энийг хүйтөрөлгүйтгэл гэдэг юм.
Тэд яагаад миний хуулийн төслийг хүлээж авахгүй байнав. Учир нь харийн геноцид хэргийг яривал биднийхийг мөн санах болно, тэгээд төлөх болно, хариуцлага хүлээх болноо гэж үзсэн учир тэгсхийгээд нуун дарагдуулчих санаатай суугаа хэрэг. Уг нь зөв зүйтэй зүйлийг дэмжээд, засраад явбал өршөөл ч гэж байдаг юм шүү дээ. Даанч тэд ойлгохгүй байна. Бүхий хулгайч, дээрэмчдийн адил баригдахгүй, аргалчихна, зугтчихна, өнөөдрийг л давчихвал... гэж өөрсдийгөө хуурсаар л өдөр хоногийг барж байна.
18 жил. Хүний амьдралын томхон хэсэг. Өнгөрсөн 18 жилд зарим нь бага насаа, зарим нь залуу насаа, зарим нь ахмад насаа алдаж, зарим нь харгис төрийн хорлолд амь насаа ч алдаж дээ.
Эргээд хэзээ ч олдохгүй 18 жил. 1990 оноос ашигт малтмалаар хөдөлгүүрээ хийсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсэн бол бүх юм эсрэгээр байх байв л. Алдсан 18 жил биш, аз жаргалтай 18 жилийн тухай бид ярих байлаа.
Хайран 18 жил. Шоронд хоригдож байсан шиг л энэ 18 жилийг үр ашиггүй, зовж шаналж өнгөрүүлсэн, эрүүл мэнд, эд материал, сэтгэлзүй, гэр бүлийн талаасаа, бүх талаасаа хохирч хэлмэгдэж ирснээ санах хэрэгтэй.
Эрүүл нийгэмд бол дуртай ажлаа хийх боломжийг олж чадахгүй байгаа хүн хөдөлмөр эрхлээгүй буй бол тэтгэмж аваад л, золгүйгээ гайхаад сууж байдаг юм билээ. Тэндхийн зовлон тийм л байна. Харин хэвийн амьдрал нь дуртай ажлаа сэтгэл хангалуун хийж ирчихээд л, цалингаараа авсан тансаг хогшилтой орон сууцандаа жаргалтай хатан, үр хүүхэдтэйгээ хөгжин цэнгээд л, бүхий насан туршдаа нийгмийн түмэн халамжийн дунд тарвалзах. Ийм юмыг л орчин үеийн амьдрал гэдэг.
Гэтэл бидний мөлхөж буйг тэрхүү хэм хэмжээтэй яаж зүйрлэх вэ. Юун дуртай ажлаа хийх, цалингаараа байр, машин авах, гэрлэх бараалах. Манай өнөөгийн нийгэм орчин үеийн хүний амьдралтай харьцуулахад там шиг л байж ирлээ шүү дээ. Хүй нэгдлийн үеэс бол арай дээр юмуу. Тэр үед манайхан шиг энхийн цагт зовж шаналж, өлсөж цангаж, олноороо үхэж үрэгдэж байсийм.
Манайд тэр гадныхан шиг сайн сайхан амьдрах ямар ч бололцоо нөхцөл байхгүй гэж зарим нь хэлж л байдаг. Тэрэндээ бүр итгэчихсэн ч байдаг юмуу. Бодит нөхцөл бололцоо бол эсрэг зүйлийг өгүүлж байна.
Манай ашигт малтмал монголчуудыг даруй диваажингийн амьдралтай золгуулах төдийгүй, дэлхийг тэжээчих гээд байдаг арвин баялаг юм. Эрх баригчид дэлхийг тэжээгээд эхэлчихсэн байдлаас үүнийг бэлээхэн үзэж болно. Алт мөнгө, зэс, цайр, төмөр, уран, фосфат, нүүрс, нефть гээд л бүх төрлийн баялгийг өвөг дээдэс маань бидэнд “Аз жаргалтай амьдраарай” гээд өвлүүлээд үлдээчихсэн, “Харийнханд бүү завшуулаарай” хэмээн цусаараа захиас бичээд мөнхийн хутгийг олсон аж.
Бидний хувьд 1990 оноос хойш хүний бодлого явуулсан бол, ядаж тэр Араб Марабыг сармагчин шиг дуурайчихсан бол бүх юм боломжтой байх байлаа. Энэ бол даравч дардайж, булавч бултайгаад л байгаа үнэн.
Гэвч боломжийг маань харьд үйлчлээд сурчихсан коммунист дарга нарын залгамж халаа, тавдугаар цуваа баллаад хаячихлаа. Тэд хариуцлага хүлээх ёсгүй юм гэж үү. Тийм хариуцлага гэж байхгүй юм гэж үү. Байхын дээдээр байгаа, хүлээхийн дээдээр ч хүлээнэ. Харин тэдний зовлогыг зовоолоо гээд, бидний зовлон нимгэрэхгүй. Яаж нимгэлэх вэ? Үүний тулд, юуны өмнө хүйтөрөлгүйтгэл явагдсаныг ард түмэн бид хүлээн зөвшөөрч, сонгосон төр засгаараа ч тодорхойлуулж, улмаар зүй ёсны нөхөн олговроо авах ёстой. Тэр нь алдсан амь, амьдралыг буцаан өгч чадахгүй ч, зовлон зүдгүүрийг маань нимгэлэхэд тус болно.
Америк 9-р сарын 11-ний хохирогч бүрийн ар гэрт сая доллар олгосон. Монголчууд бидний амь нас, алдсан 18 жил үүнээс нэг их дутуу байх ёсгүйсэн. Бодоцгооё, тунгаацгаая! Нөхөн олговор маань хэдэн доллар байх ёстой вэ?
Бидэнд өгдөггүй л болохоос Монголын алт баялаг уул овоо шиг, бараг хязгааргүй их бий. 18 жилийн зовлонгийн нөхөн төлбөрийг олгоход хангалттай нөөц бололцоо буй.
Хохирлоо барагдуулахын тулд хэрхэх хэрэгтэй вэ? Ердөө л хүчээ нийлүүлээд “А!” гээд хашхирчихад л бараг болох буюу. Олны хүч гэж тийм л байдаг, оломгүй далай шиг байдаг. 1 -рт, 18 жилийн хүйтөрөлгүйтгэл болсныг хуульчлан зөвшөөрөх; 2-рт, гэм буруутнуудад хариуцлага хүлээлгэх; 3-рт нөхөн олговроо ард нийтээрээ авах - ийм л гурван алхам зайлшгүй болоод явчихлаа.
Хүйтөрөлгүйтгэлийг хүлээн зөвшөөрөх нь нийгмийг эрүүлжүүлнэ. Хариуцлага, шударга ёс, улс үндэстний эрх ашиг зэрэг мартагдсан ойлголтууд амь орно. Нөхөн төлбөрийг олгохын тулд ашигт малтмалаа эзэмшихээс өөр аргагүй болж ирнэ. Ашигт малтмалаа ухаантай зарцуулаад улсаа хөгжүүлчихэж болно. Нийгэм эрүүлжээд ирэхлээр тэгж л таарна шүү дээ.
Битгий та нар эрүүлж, саруулж гэж гадаадын нэг ч улс албан ёсоор мэдэгдсэн юм байхгүй. Далдуур дарга нарыг маань чимхээд, няслаад байдаггүй л байлтай. Тэгдэг бол ард түмэндээ хэлэх, олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй. Харийнхны нүглийг хаацайлаад бай гэж тэднийг бид сонгодоггүй.
Орос биднийг хөгжүүлэхгүй дарамтлаад, дараад байна гэсэн үг өгүүлэл сүүлийн үед бишгүй гарах боллоо. Гадаадын хэвлэлийн толиноос харахад бол, манай дарга нар л хөнгөлөлттэй нийлүүлсэн хүнс шатахууныг нь энд дамлаж үнийн хөөрөгдөл үүсгэчихээд, тэдний хүссэн боломжийн хэдэн зүйлийг нь зөвшөөрсөн хэрнээн, цаг дээрээ болохоороо биелүүлэхгүй, хавчиж шахаад, гүтгээд, яс хаяад, новшроод байдаг юм байлээ ш дээ.
Түүнээс биш, энэ хавтгайгаараа гайхагдаад сүйд болоод байгаа дэлхийн бөмбөрцөгт чинь амьдрах аргагүй, эрүүлжих саруулжих бололцоогүй болчихоод байгаа юм огт байхгүй.
Ард түмэн минь, хүсэхэд л хангалттай. Тэгээд хүйтөрөлгүйтгэлийн нөхөн төлбөр уул овоо шиг их мөнгөө олж ав!
Ч.Мөнхбаяр
2008.6.7
“Болсон явдал” сонин

No comments: