Wednesday, April 10, 2013

Мангас Жуковын зүүдэнд ором аймшгуудаас...

Халхын голд дайчдаа айлгах гэж 1000 гэмгүй цэргийг буудан хороожээ

Бат-Үүл баатар маань маршал Жуковын хөшөөг хасч хусч хаяна хэмээн ширүүлж байгаа билээ. Гэтэл зарим хүн “Энэ нөхөр Элбэгээтэй иймээ тиймээ юм болж баатар болсныгоо, эх орны аугаа дайнд ялсан жанжнаас илүү баатар болов хэмээн эндүүрч, өөр гүрний ивгээлд орсондоо эрдэж бардаж, өнөөх хөөрхий Зөвлөлт ах нарын үеийн хөшөө дурсгалд нь эр бяраа гарган дүвчигнэж байна” гэхчилэн эсэргүүцэж байсан.
ЗХУ гэдэг бол өнөөгийн колоничлогчдоос зарим талаар дээрээ ч гэлээ, зарим талаар дор байсан юм даг уу. Хорь гучаад онд гурав дөрвөн их хэлмэгдэлтийг өрнүүлж 50-80 мянган хамаг ухаантай чадалтай хүмүүсийг алж хороон, толгойгүй үндэстэн болгосон. Одоо ч толгой ургаж амжаагүй л байх шиг. Тийм ч болоод колоничилж байсан орныхоо гэм нүглийг нэгээхэн ч болтугайг нь мэдэхгүй, шүтэн биширч байдаг буй заа.
Тэгвэл ОХУ-д ч ЗХУ-ын үеийн харгис хэрцгий бодлого, эрүүл бус удирдагчдыг яллан буруутгаж, хараан зүхэж байдаг. Жишээ нь Г.Жуковыг дэлхийн 2-р дайны нэгэн гол цэргийн гэмт хэрэгтэн, Пол Пот шиг ард иргэдээ сая саяар нь устгаж байсан улайрсан алуурчин, солиотой этгээд гэдэг боллоо шүү дээ. Харин Монголд бол энэ талын мэдээлэл хориотой. Зөвлөлтийн ноёрхлыг өөр харийн ноёрхлоор сольсон болохоос биш, манайд ер нь юу өөрчлөгдөв өө? Уруудан доройтсон л байх.

Зөвлөлтийн улаан арми сайндаа ялаагүй, Герман муудаа ялагдсан юм байна шүү дээ. Чанар муутай хүрэн нүүрснээс өөр баялаггүй /германчууддаа л баялаг юм/, олон улсын тавцанд ганцаардсан, холбоотнууд нь урвасан /Япон, Турк Зөвлөлт рүү зэрэг довтолсон бол Москва яавч тэсэхгүй байлаа/ Рейх дэлхийн дайнд ялах ямар ч шаансгүй байжээ. Гол туслагч нь ЗХУ л байлаа. ЗХУ Германыг Өрнөдтэй байлдуулж, аль алийг нь доройтуулаад, дараа нь бүгдийг нь түрэмгийлэн боолчлоно гэсэн төлөвлөгөөтэй байсан. ЗХУ дэлхийн 2-р дайныг төлөвлөж, зохион байгуулсан улс билээ. Гитлер ЗХУ-ын тэр төлөвлөгөөг дагахгүй байлаа гэхэд тэртээ тэргүй ЗХУ Герман руу довтлох л байв. 1920 онд Герман руу довтлох, Европыг эзлэх гэж яваад Польшийн армид бүслүүлэн бут цохигдож, ухарч Украин, Белорусаа Пилсудский маршалын цэрэгт эзлүүлж хөгөө чирж, Польшийг устгана гэж андгайлж байсан шүү дээ, ЗХУ.
Тэгэхлээр Герман эхлээд ЗХУ-аар туслуулж төлжин, Өрнөдийг эзэлж хүчийг олоод ЗХУ руу довтлохоос өөр арга алга гэж шийдсэн юм. ЗХУ-ын төлөвлөгөөг дагахгүй гэвэл 1-р дайнд сүйрсэн Герман руу Улаан арми уулгалан орж ирж, хялбар ялж, устган сөнөөх байв л. Тэгэхлээр, эхлээд Зөвлөлтийн төлөвлөгөөг дагаж байгаад, дараа нь, ар нуруу руу нь хутга шаахаар далайж буй Зөвлөлт рүү гэнэт довтлоод үзье, ямар ч гэсэн гар хумхин сууж байгаад хоолойгоо хэрчүүлж байснаас, тулалдаж яваад үхэх сэхэхээ үзье л гэж Герман шийдсэн юм шүү дээ.
Герман хичнээн сул байсныг Англи руу довтлоод ялагдсан нь нотолно. Вермахтад анх цохилт өгч няцаасан нь Улаан арми биш, Британий хааны арми шүү дээ. Зөвлөлт рүү довтлохын тулд Герман Дорнод Европыг хувааж эзлэх саналыг Сталинд тавьсан. Үүнд Кремль хууртаж, Халх голын тулалдаанаа яаран сандран орхиж, Японд найрамдах санал тавьж, Монголоос эзэлж авсан нутгийг нь найр тавин өгсөн нь үнэндээ ялагдсан хэрэг билээ.
Халх голын тулалдаанд ЗХУ ялагдлын гашууныг амсаж, сүйрч байлаа. Хамаг чадалтай жанжид офицерүүдээ устгаж, хорьж, цэргүүд нь дайны эрдэм сураагүй болохоор аргагүй. Сталин аймшгийн мангас Жуковыг илгээгээд үзье гэж боджээ.
Халхын голд ЗХУ Японыг барж үл дийлэн 5-р сараас 9-р сар гартал зууралдан байлдсан. Харийн нутаг, хүн ард хайран биш болохоор, Монголын талыг там болтол байлдаадхая гэсэн энэ хоёр улс хүч тэнцүүвтэр, гэхдээ Япон нь илүү болохыг мэдэлцэж авлаа. Харин Жуков ирээд нэг ангид хамаг дарга офицерийг нь, нөгөө ангид бүх алдаа дутагдалтай цэргүүдийг гэхчилэн хүйс тэмтрэн устгаж, 600 гаруй хүнийг цаазалсан аж. Үүнээс их ч гэдэг. Зөвлөлт-Монголын армийн 9000 гаруй хүн амь насаа алдсан, үүн дотор сураггүй алга болсон нь их байдаг юм билээ. Түүнийг бас Жуковын хядлагын тоонд оруулж болно гэж үздэг. Тэгэхлээр энэ нөхөр 1000 гаруй хүн хороосон байж туйлын магадгүй аж. 9 хүнийхээ 1-ийг нь Жуков өөрөө алчихсан байна шүү дээ. Зарим ангид децимаци хэрэглэсэн гэдэг. Децимаци гэдэг бол Улаан армид үе үе хэрэглэгддэг асан туйлын харгис бүдүүлэг арга хэмжээ бөгөөд, цэргийг жагсаагаад арван хүн тутмын нэгийг хороохыг хэлнэ.
Зөвхөн алж хороосон ч биш, өөр олон төрлийн харгис хэрцгий шийтгэлийг ч хэрэглэж байв. Үүний дараа арми гээч нь хүн, цэрэг биш, айдас хүйдэст автсан галзуу солиотнууд болж хувирдаг байлаа. Сэтгэц мэдрэл нь гажна. Дээрээс нь спиртыг зуу зуун граммаар нь ам руу нь шахна. 200 граммаар нь ч өгөх тохиолдол байна. Ингэсний дараа цэргүүд мийний талбайгаар орилоод л дайрдаг юмсанж.
Японы арми ингээд армитай биш, байгалийн гамшигтай үзэлцэх болжээ. Энэ бол тун амаргүй юм. Цэргийн ухаан хэрэглэхийн завдалгүй гамшиг гүйгээд ороод ирнэ. Гэвч япончууд энэ мөргөлдөөнд ялсан нь харин үнэн болой. Жуков маягийн галзуучуудаас жийрхдэг л болчихсон болохоос.
Ташрамд, Халхын голын тулалдаанд Жуков биш, жанжин штабын дарга Богданов нь хамаг төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд, Жуков зөвхөн харгислалыг зохион байгуулж байсан болно. Энэ утгаараа тэр Хрущёвтой дүйцэх "жанжин" бөгөөд, Хрушёвыг хэн ч, Хрушёв өөрөө ч жанжин гэдэггүй байсан.
1941 онд германчууд 166 дивиз, 4171 танк /хүнд танк байгаагүй/, 4846 онгоцны хүчээр ЗХУ-ын баруун хил дээрх давуу хүч буюу, 190 дивиз, 15687 танк /1475 хүнд танк/, 10743 онгоц руу довтолсон юм. Улаан армийн хэвийн бусчууд аймшигтай ч эрүүл ухаанд бас хүч буй. Зэр зэвсэг хангамж муутай герман цэргүүд зөвлөлтийн давуу хүчийг хиар цохиж, “цахилгаан дайн”-аа хийж байлаа. Сталин ялалтыг хийрхэн шаардсаар. Түүний жинхэнэ үнэнч боол болох Жуков харин тун “гоё” зүйл бодож олжээ. Германчууд Киевийг эзлэхэд гол анхаарлаа хандуулж, хүчээ бөөгнүүлж, зарим түлхэц газраа орхиж байлаа. Тийм орхиж явсан түлхэц газар луу уулгалан дайрч, “ялалт” байгуулахаар шийджээ. Германы генерал Гальдерын, Ельны хотыг орхиж, Киев рүү хөдөлсүгэй гэх тушаал баримт болон үлджээ. Энэ нь тодорхой болмогц л, Жуков дайсан байхгүй Ельны-гийн хоосон окопууд руу сум бөмбөгөөр үер буулгаж, дараа нь цэргүүдээ ура хашгируулан “давшуулжээ”. Энэ давшилтад нэг ч герман цэргийн хамраас цус гараагүй шахам бол, зөвлөлтийн энгийн хүн ард ихээхэн хохирсон байна.
Ялагдашгүй Германы армид цохилт өглөө гэж улс даяар баярлан хөөрч байхад угтаа бол сүйрэл болж байлаа. Киев хотыг хамгаалж байсан сая гаруй цэрэгтэй бүлэглэл гаргуундаа хаягдсан бөгөөд алхам ухарвал ална гэсэн заналхийллээс болж үхэлдэн тулалдсан зөвлөлтийн дайчид бүслэгдэн хиар цохиулжээ. 600 мянган улаан армийн цэргүүд олзлогдож, бусад нь амь үрэгдсэн аж.
“Ялан дийлэх ухаан гээд байх юм юу байсан юм бэ? Гурав дахин их хүчтэй байхад л болоо шүү дээ”гэсэн утгатай онигоо армийхны дунд түгсэн байдаг аж. Тэгвэл Жуковын хувьд энэ нь алтан дүрэм байсан бөгөөд, гурав дахин, түүнээс ч олон дахин хүчгүй бол тэр хэзээ ч ялдаггүй, өөрөөр хэлбэл онигооны жанжин байжээ. Тийм давуу хүчтэй байгаад ч ялагддаг онигооноос илүү онигооны жанжин байж. Гол нь тэр жанжин гэхээсээ илүү, харгислалыг зохион байгуулдаг улс төрийн мангас л байж.
ЗХУ бол ард түмнээ өлбөртөл нь дээрэмдэж, боолчлон дарлаж мөлжиж, цаазын сүхийн дор юу руу ч илгээдэг байсан тул арми нь хүн хүч, зэвсэглэл сайтай байлаа. Аливаа харгис дэглэм тийм л байдаг. Ямар ч офицер цэргүүдээ хайрлаж хамгаалдаг бол Жуков: “Солдат не жалеть! Бабы ещё нарожают!” гэдэг байжээ /Цэргүүдийг хайрлах хэрэггүй! Эмс ахиад төрүүлчихнэ!/.
50 гаруй онгоц устгасан зөвлөлтийн гарамгай нисэгчид байдаг. Германы сайн нисэгчид бол 350 гаруйг устгаж байсан. Тэр зөвлөлтийн нисэгчид нь яаж Германы онгоцыг устгаж байсан гээч. Германы онгоцыг устгахгүй бол, шатахуун дуусч бууж ирэхэд нь өөрийг нь устгана гэсэн заналхийллийн дор. Талалихин зэрэг онгоц мөргөн устгаж, өөрөө ч онгоцтойгоо устаж байсан баатар нисэгчдийн учир энэ. Жирийн нисэгч бол дахин тулалдахыг бодож, онгоцоо гамнан бууж ирдэг юм. Тааруу гэгдсэн үр дүнтэй нисэгчид дээр Жуковын харгисууд ирж, хэдэн арваар нь буудаж алдаг байв. Шатахуун дүүргээд л ахин агаарт хөөргөдөг асан бөгөөд, нойр хоолгүй хэдэн өдөр тулалдсан нисэгчид ухаан алдан сүйрдэг байлаа...
Ленинградыг германууд эзлэн авах нь тодорхой болоод байв. Гэтэл Сталин хэрцгий Жуковыг илгээв. Тэр энгийн хүн ардыг хотоос гарахыг цаазлан хориглож, армид туслах, бүр хоолоо ч өгч өөрсдийгөө золиослохыг зарлигдав. Хотод хүн идэгчидтэй тэмцэх тусгай бүтэц буй болоход хүрлээ. Ленинградыг хамгаалан тулалдаж байгаа дайчин олзлогдох, ухрах тохиолдолд аав ээж, авгай хүүхдийг нь Зөвлөлтийн хаана нь ч байсан олж даруй буудан алах тушаал гаргажээ. Сталин ч энэ харгис тушаалыг гайхсан байна.
Нэгэнтээ Жуков цэргийн ухааны талаар ярьж байгаад энэ талаар маш муу ойлголттойн тул Штерн, Кузнецов гэх офицерүүдэд шүүмжлүүлж байжээ. Тэр шашны сургуульд л сурч байсан, тариачин гаралтай, оёдолчин нэгэн агаад өөр сурч боловсорсон зүйлгүй. Шадар хүн Богдановоор л байлдааны ажиллагаа төлөвлөдөг, түүнээс бас хуулбарладаг байжээ. Энэ мундаг жанжин маань ой сайтай, хэдэн үг сольсон цэргийн ч нэрийг санадаг атлаа, 2 боть дурсамждаа Богдановын нэрийг дурсаагүй болой. Харин Штерн, Кузнецов хоёрыг цаазлуулсан байна.
Герман улсад Жуков өөдөөс нь угтсан Германы эсэргүүцэгчдээс 17 дахин их хүчтэй байлаа. Гэвч ойролцоо хүчтэй юм шиг л тулалдаж гарав.
Энэ хүн Берлин рүү 2 сая 500 мянган хүнтэй хөдлөхөд өөдөөс нь Германы 766 мянган хамгаалагч сөрөн зогсчээ. Нэг сая зөвлөлтийн цэргийн амь насыг золиослож байж, 1,5 сая цэрэгтэйгээр Берлинд орж ирэхэд нийслэлийг хамгаалагч 85 мянган хүн л угтлаа. Эдний дунд цэрэг төдийгүй цагдаа, хүүхэд, хөгшид байв. Гэвч Жуков эдэнтэй удтал улайран тулалдсаар 500 мянган хүнээ алдсан нь юутай ичгэвтэр вэ? Берлиний гудамжууд үнэнхээр зөвлөлтийн цэргүүдийн хүүрээр бүрэн хучигдаж байжээ. Хүүр сэгийн хүчтэй үнэрт хүмүүсийн бие муудаж, ухаан алдах ч явдал болов. Үүнээс болж, Улаан арми хүүрийнхээ үнэрээр Берлиний хамгаалагчдыг дарсан гэх шог үг гарч байжээ.
Тун гайхалтай нь АНУ, Англи, Франц, Канадын армиуд Берлинийг хамгаалагчдын улайрсан эсэргүүцэлтэй тулгаран, харийн нутагт цэрэг эрсийнхээ амь насыг хөнөөхийг эс хүсэн, Улаан армитай огт өрсөлдөх сонирхолгүй байв. Дуртайгаараа Улаан арми л хийг гэж бодож байлаа. Жуков Берлинийг тайвнаар, хохирол багатайгаар дайрч юм уу, бүсэлж эзлэх боломжтой байсан. Даанч Жуковт тийм цэргийн эрдэм ухаан байгаагүй юм. Хүний олноор, галзуугийн хүчээр ааглаж дарах л гол арга түүнд байв, Богдановыг жаахан нэмнэ. Хятадуудын хэрэглэдэг хүн-давалгаан гэдэг арга түүний гол арга барил байлаа даа.
Георгий Константинович хязгааргүй их шуналтай хүн байв. Алс хөдөө нутгийн нэгэн гаалиар Жуковын Германд дээрэмдсэн 7 вагон эд агуурс орж ирэхэд, гаальчин Жуковын юм гэж үнэмшилгүй, амрыг хамгаалахынханд хэлж орхижээ. Ингээд мародёрство гэх цаазын ялтай, шившигтэй гэмт хэрэгт тэр холбогдсон. Дайн, байгалийн гамшиг, түймэр зэрэг онц нөхцөл байдлуудын үеэр хулгай, тонуул хийхийг мародёрство гэдэг шүү дээ. Сталин түүнийг хэлмэгдүүлээгүй, харин ч өршөөлтэй хандаж байсан. Жуков үнэхээр дээрэм тонуул, төрийн эргэлтийн оролдлого, хүчин хийж байсан юм. Ялалт авчирсан жанжин гэж л Сталин түүнийг өршөөж байсан. Жуков юуны өмнө Сталиныг аварсан ачтан. Сталин Гитлер хоёр хоёулаа бие биеэ олзолж, зоопаркад хорино гэж харилцан заналхийлдэг байсан.
Тийм ээ, хүчингийн хэрэг ч Жуков үйлдсэн. Германы аль сайхан хүүхнүүдийг авчруулж тэр зэрлэгээр хүчиндэн цэнгэдэг байв. Армидаа бол Германы эм хүйстэн бүрийг хүчиндэхийг зарлигдаж, Германы газарт орос төмс, хүүхнүүдэд орос төмсөг суулгаж, Герман гэдгийг үгүй болгоно гэж байсан. Нөгөө, өөрийнхнийхөө пулемётын овоо хараан дор, фронтын 100 грамм спиртэн дунд явдаг, цагаан солиорох дөхсөн цэргүүд нь герман эмэгтэйчүүдийг толгой дараалан, гэрт нь дайрч ороод л хэдэн үеэр нь зэрэгцүүлж бүлэглэн хүчиндэж, доромжилж гутааж, зодож тамлаж, алж хядаж, хамаг эд хөрөнгө, идэш уушийг нь дээрэмдээд, байшинг нь шатааж, дэлбэлээд явдаг байсан юм билээ. Дэлхийн хамгийн өргөн хэмжээний, өөр бусад жишээ бол дэргэд нь юу ч биш болох, тийм аймшигтай өргөн хүчиндэлтийн хэргийг Жуков үйлдүүлсэн юм.
Хэрэв тэр нэг гаальчин дайны үед Жуковын талаар мэдээлэл өгч зүрхэлсэн бол, маршалл гаалийн цэгийг нь, гэр орныг нь их буугаар буудуулж газартай тэгшлэх байсан гэдэг. Харин энхийн цагт тэгж чадсангүй. Жуковт угаасаа төрөөс маш их цалин хангамж өгч байсан агаад, өнөөгийн хэмжүүрээр бол саятан шиг тансаг амьдарч байж. Олгогдсон өвөл зуны байрууд нь л гэхэд хэдэн давхар ордонгууд байсан билээ. Гэтэл мань хүн Берлинийг, Германыг, Европыг бараг ордонгууддаа нүүлгээд ирсэн байгаа юм. Үзлэг хийхэд, нэг ордонд нь орчин үеийн зөвлөлтийн юм гэхэд зөвхөн гутал арчихад зориулсан гоёмсог хивс байжээ. Ордонд битүү дэвссэн хивсүүд дандаа 17-р зуун, бусад хойшхи зуунуудын урлагийн бүтээлүүд байсан агаад цэвэрлэхийн оронд хаячихдаг байсан гэх. Дрездений галерейг зөвлөлтийн цэргүүд аварлаа л гээд байдаг байсан нь, Жуков шууд дээрэмдүүлж байсан хэрэг аж.
Эйзенхауэр Жуковыг мангас, маньяк гэж жигшиж, байж ядаж байсан тохиол буй аж. Учир нь Жуков дарсанд халаад, дайны эрдэм ухаанаа сайрхаж гарчээ. Тэгэхдээ, мийний талбайгаар цэргүүдийг давшуулж, мах цусаараа гаргаж чөлөөлсөн замаар нь техникээ гаргадаг, ингэж техникээ гамнадаг байв гэх зэргээр ярьсан юмсанж. Эрүүл ухаантай хүн бол, мийний талбайг сапёруудаар, сапёрын техникээр цэвэрлэдэг болой. Жуков Сталинаас өөр хэнийг ч хүн гэж үздэггүй тул, цэргүүдийг гүйлгээд л цэвэрлүүлчихийг амар гэж эрхэмлэдэг байжээ. Хамгийн гол нь, тэгэх ямар ч шаардлагагүй байхад үй олон цэргийн амь насыг сүйдэлдэг, Пол Пот адил алж хядах донтой маньяк байжээ. Хэрэв Сталин, Жуков гэсэн хоёр маньяк байгаагүй бол ЗХУ Германы цэргийг хил дээрээ л няцаачих байв. Эрүүл ухаантнууд бол тэгж чадах байсан. Даанч тэд батлан хамгаалахаа сөнөөчихсөн, оронд нь галзуучуудын гвардийг гаргаж ирсэн.
Энхийн цагт Жуков шаазангийн дэлгүүрт орсон заан шиг авирлаж байлаа. Төрийн эргэлт хийх гэсэн тул түүнийг Одесст цөлсөн. Одессын цэргийн тойргийн дарга байхдаа гудамжны гэмт хэрэгтэй тэмцэнэ хэмээн тэнд байлдааны цагийн дэглэм тогтоож, армийн хүчээр муйхарлан хөөлж, алдаа гэм гаргасан, комендантын цаг, дэглэмийг зөрчсөн, хардагдаж сэрдэгдсэн иргэдийг газар дээр нь шууд буудан алж гарав. Одессчууд Жуковыг үзэн ядаж босоход бэлэн болоод байв. Түүнийг яаран татахад дээрэмчдээс дээрэмдсэн асар их алт эрдэнэстэйгээр иржээ. Ахиад л хулгайч тонуулч гэгдэв. Уралд цөлөгдөөд байхдаа Сталин намайг алж устгах гэж байна гэх фоби /айх/ өвчинд автаж, төвийн тушаалыг дагахгүй шивээлээд суучихав. Уралын цэргийн тойргийн дарга тэр хэнд ч дийлдэхгүй байх магадлал өндөр байв. Барууныхантай үгсэн урваж ч болох байлаа. Берлинд тэр барууныханд их автаж, золтой Москва руу давшчихаагүй гэдэг. Яаралтай татагдсан билээ.
Уралын үймээн самууныг нь цус харвалт л зогсоосон байна. Тэр Хрущевтэй нийлж, Берия нарын эсрэг төрийн эргэлт хийсэн. Хрущевийн эсрэг төрийн эргэлтийг дарсан ч, өөрөө эргэлт хийхийг санаархах болсон. Даанч түүнд ЗХУ-ын лидер болно гэхэд ухаан дутмаг байлаа. Хрущев Жуковыг цагийг нь олж тэтгэвэрт гарган цөлсөн. Брежнев ч үхэн үхтэл нь дарж, цөллөгт байлгасан.
Жуков хэлмэгдээд байсан зүйл үгүй гэнэ. Сталин, Хрущев, Брежнев нар түүнийг цөлөх байтугай, цаазлахад багадах цуст яргачин, алуурчин, донтон, мөн албан тушаал, алт мөнгө, авгай хүүхэнд хязгааргүй шуналтай, яахаас ч буцахгүй, ялт хэрэгтэн гэдгийг нь мэдэж байв.
Гагцхүү худал хуурмаг л Жуковыг аварсан. Сталин харгис хэрцгий явдлуудыг нуун дарахын тулд Жуков бол суут аугаа жанжин гэдэг домог түгээсэн. Яг л Ленин аугаа сод удирдагч гэдэг шиг. Тэгээд домогтоо дийлдсэн. Хожмын зөвлөлтийн удирдагчид ч тэр. Хэрэв Жуков буруутай гэвэл, дайнд ялсан ард түмэн босчих гээд байв. Тэгэж аймшигтайгаар тархи нь угаагдсан байлаа.
Жуковын хөшөөг буулгана гэх Бат-Үүл баатрын түмэн зөв. Түүний оронд Халхын голд “Монголын ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс хамгаалан тулалдаж байна” гэж бат итгэн, амь насаа алдсан эгэл цэргийн хөшөө илүү үнэ цэнэтэй.
Манай зарим хүн тэр сайхан орос ах нарыг элдвээр хэлж, ертөнцийн муу муухай герман, япончуудыг өмгөөлөн хамгааллаа гэж зэмлэх л байх. Илүү муу муухай системд нь бид амьдарч байсан юм шүү. Одоо ч амьдарч байна. Тийм болохоор муу муухай гэж юу болохыг мэдэхгүй байна.
Ч.Мөнхбаяр
2012

1 comment:

Unknown said...

Тэнэг малаа 1920 онд туйлдаж гүйцсэн байсан Оросууд гeрман уруу довтлох уу. Тэгээд оросын арми польшуудад ялагдана гэж байхгүй шүү Ганц хороо гэвэл итгэж болох юм. Мөнхбаяр аа жаахан юм унш ойлго. Цэргүүдараа гэдэг чинь хүмүүс робот биш спирт өгөөд буу тулгахаарл дайраад байдаг юм биш. Хороо салаа болгон ухуулагч комиссаруудтай тэд нар эх орон эцэг эх үр хүүхдийнхээ төлөө бид дайснаа ялах ёстой гэдгийг ойлгуулдаг байсан. Тэр минийн талбайгаар торгуулийн салааныхныг оруулдаг байсан. Оросын эрүүгийн хэн бол хогнууд байдаг. Чи Жуковын хажууд Монголд ямар гавьяа байгуулсан хүн бэ