Thursday, April 11, 2013

Ч.Мөнхбаяр: “Энтри гоулд” бол “Айвенхоу”-гийн халхавч

Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн зохицуулагч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

-“Энтри гоулд”-ийн гэрээний талаар ярилцлагаа эхэлмээр байна. Оюутолгойтой холбогдож буй энэ компанийн цаана чухам хэн байна вэ. Монголчуудын ярьдгаар бол хаанахын угшилтай компани юм бол?
-Би уул уурхайн асуудлыг сонирхон ажиглаж, зөв, эрүүл уул уурхайн төлөө тэмцлийн идэвхтэн байж ирлээ. Оюутолгойд 7-5 мянган жилийн өмнө өвөг монголчууд хүдэр олборлож, үйлдвэрлэл явуулж байсан гэж төслийн дэд ерөнхийлөгч Санждорж хэлсэн. Гадны тал биш, манай тал нээсэн ч гэж яригдаад байдаг л даа.


“Энтри гоулд”-ын гэрээ бол ер нь бүрэн нууцлагдмал гэж хэлж болохоор юм билээ. Энэ компанийг “Айвенхоу Майнз”-ийн охин компани юм байна гэж яригдаж байтал биш юм байна. Харин Канадын олборлогч компани юм байна. Гэхдээ "Айвенхоу"-гийн халхавч маягаар Оюутолгойд ажиллаад байх юм. Наанаа "Энтри", цаанаа "Айвенхоу". Тэгэхлээр "Айвеноу"-гийн охин компани гэж яриа гарсан шиг байна. Сүүлийн үеийн том компаниуд тийм улсын гэхээсээ илүү улс дамнадаг болчихож. “Энтри гоулд”-ийн Монголд явуулж байгаа үйл ажиллагааны хамгийн нэг ноцтой зүйл нь Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас 21 хоногийн дараа сэм гэрээ байгуулсан явдал. Ингэхдээ Оюутолгой ордыг хуваах ёсгүй байхад хуваагаад, 20-30 хувийг нь "Энтри"-д эзэмшүүлчихсэн байгаа юм. Ер нь энэ ордыг хуваах ёсгүй. Гэрээнд бүлэг ордоо талбайгаар нь тодорхой заагаад өгчихдөг. Гэтэл манайд сүүлийн үед ордыг сэм хуваадаг завшдаг муухай зүйл гараад байна. Тавантолгой ордыг хуваагаад, 10 хувийг нь л Монголын төр эзэмших боллоо. Уг нь энэ ордыг 100 хувь ард түмэн эзэмшинэ гэж байтал бараг 10 хувийнх нь 10 хувь болж таараад байгаа. Оюутолгой дээр ч ийм асуудал гарчээ. Ингэхдээ хуулийн цоорхойг ашиглахыг оролдсон.

-Яг ямар цоорхойг ашиглахыг оролдсон юм бол оо?
-Үнэндээ оролдсоноос хэтрээгүй юм. “Энтри гоулд” бол Оюутолгойн хэсэг талбай болон талбайд байгаа нөөцийг эзэмшиж байгаа гэсэн томъёолол гаргаж ирсэн. Монголын төр Оюутолгойг 100 хувь өмчилдөг гэж томъёолсон байна. Монгол Улсын Үндсэн хуульд ашигт малтмал ард түмний мэдэлд байна, төр хамгаална гэж, Ашигт малтмалын хуульд төрийн өмч байна гээд заачихсан. Эндээс их сонин юм харагдаад байгаа юм. Төрийн өмч байна гэж заачихсан хэрнээ төр тийнхүү өмчилж байгаа байдал ашигт малтмалын салбарт ер байдаггүй. Гэтэл гэрээний томъёоллоор бол, “Оюутолгойн баялгийг төр 100 хувь өмчилж байна. “Рио тинто” болон “Айвенхоу Майнз”, энэ хоёр компани Оюутолгойг ашиглаж байна” гэж яриад байна. Далдуур бас “Рио тинто”-гийн хувьцааг эзэмшдэг Хятадын “Чалко” ашиглаж байна гэсэн үг шүү дээ. Харин “Энтри гоулд” хэсэг талбай болон талбайд байгаа нөөцийг эзэмшиж байна гэж байгаа юм.
-Тэгэхээр тэр талбайн хувьд нэг нь ашигладаг, нөгөө нь эзэмшдэг гэж томъёолсон юм байна. Энэ нь ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм биш үү?
-Ингэж толгой эргүүлээд “Энтри гоулд”-ийг Оюутолгойгоос 20-30 хувийн ашгийг нь авч байх нөхцлийг бүрдүүлсэн. Үнэндээ бол, "Айвенхоу" "Оюутолгойн" төслөөс гадуур Оюутолгойн баялгийг авах арга болсон байна. Гэрээнд нь, Оюутолгой Монголын төрийн өмч мөн, “Рио тинто”, “Айвенхоу Майнз” хоёр бол ашиглаж байгаа гэсэн хүрээнд л хийгдсэн байгаа юм. Гэтэл цаана нь, Оюутолгойн хэсэг талбай болон талбайд байгаа нөөцийг эзэмшиж байгаа “Энтри гоулд” гэгч хуулийн этгээд Оюутолгойн гэрээний гадуур гараад ирсэн. Ингэснээрээ “Энтри гоулд” нь: “Айвенхоу Майнз”-д талбайн нөөцөө ашиглуулж байгаа гэсэн гэрээнээс гадуур тохиролцоо гаргаж ирэх боломжгүй болсон. Энэ асуудлыг манай Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч мэддэггүй. "Айвенхоу", "Энтри"-гийн талбайн нөөцөөс олборлосны ашгийн бараг бүгдийг нь авах юм шиг байгаа юм. Ингэхлээр, "Айвенхоу" Оюутолгойгоос олох ашгийн хувиа гэрээнд зааснаас илүү болгож нэмэгдүүлэхийн тулд, ордыг хувааж, 20-30 хувь болох талбайг "Энтри"-гийн мэдэлд нууцаар шилжүүлгэсэн гэх ойлголт төрж байна. Ерөнхий сайд “Манай Монгол Улс чинь Оюутолгойнхоо 100 хувийнх нь 34 хувийг эзэмшдэггүй юм байна шүү дээ. Харин 70-80 хувийнх нь 34 хувийг эзэмшдэг юм байна. “Энтри гоулд” бас 20-30 хувийг нь эзэмшдэг юм байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, бид Оюутолгойн ордынхоо 24-27 хувийг нь л эзэмшиж байгаа болж таарч байна. 34 биш, 24 хувийг. Оюутолгойн ордын яг хэдэн хувийг “Энтри гоулд” эзэмшиж байгаа юм бэ гэдгийг шинэчлэлийн Засгийн газар мэддэггүй.
-Яагаад? Энэ чинь уг нь Засгийн газарт хамгийн ил тод байх ёстой зүйл биз дээ?
-Өөрсдөө мэдэхгүй гээд байгаа юм. Ер нь манай төрийн байгууллагууд хэцүү байдалтай байдаг л даа. Улаанбадрахын малын үхлийн асуудал гарахад түүн дээр Мал эмнэлгийн лаборатори, Мал үржлийн газар дөрвөн өөр хариу гаргасан. Нэг нь цацрагийн хордлоготой байна, нөгөө нь хүнд металлын хордлоготой байна, бас нэг нь нь бодисын солилцооны гажуудалтай байна гэж байгаа юм. Аль нь үнэн юм мэдэхгүй, хэн нь аль хариуг нь хариуцах юм бэ гэдэг нь ч тодорхойгүй. Гэтэл тэнд төр цацрагийн онц байдал гарлаа гэж үзлэг шалгалт хийж 90 сая төгрөг гарзадсан байна. Ашигт малтмалын салбарт ч үүн шиг л байна. “Энтри гоулд”-ийн талаар хариу авах гээд Ерөнхий сайд шаардахад хариу өгөх хүн байдаггүй. Мэдэх хүн байхгүй. Салбар хариуцсан сайд Д.Ганхуяг “Энтри гоулд”-ийн асуудлыг өмнөх Засгийн газар хариуцаж ийм зүйл хийсэн. Ер нь Оюутолгойн гэрээ хийгдсэнээс хойш 21 хоногийн дараа, “Энтри гоулд” Оюутолгойн хэсэг талбай болон талбайд байгаа нөөцийг эзэмшинэ” гэдэг гэрээг нь өмнөх Засгийн газар шийдсэн юм билээ” гэж хэлж байгаа. Тэгээд үүнийг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэж сайд хэлж байна. Хуульдаа энэ ордын хамрах хүрээг тогтоочихоод байхад тэр хүрээнд нь л төсөлдөө хамруулах ёстой. Нэгэнт ингээд тогтоочихоод байхад хуулиа зөрчөөд байж болохгүй.
-Ер нь хуулийн хүрээнд шийднэ гэдгийг юу гэж ойлгох вэ. Та тайлбарлаж өгөөч?
-Хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэвэл, Оюутолгойг хуваахгүй болгох байх. Тэгэхээр “Энтри гоулд”-ын Оюутолгой дахь үйл ажиллагааг хууль бус гэж үзээд, эзэмшиж байгаа талбайг нь болиулж цуцална гэж ойлгож байна. Энэ компани эзэмших эрхээ хулгайлаагүй, харин манай Засгийн газраас албан ёсоор эрхээ авсан шүү дээ. Тэгэхээр энэ нь асуудал үүсгэх нь дамжиггүй. Гадаадын компаниуд манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн жишээнүүд олон байна шүү дээ. Гэтэл манайхан чадваргүй байдаг юм уу, эсвэл үнэхээр шийдвэрлүүлэхийг хүсдэггүй юм уу, өнөөх шүүх дээрээ очихоороо тал бүрээр гологдоод бараг л хөөгдөөд гараад ирдэг.
-Уг нь “Энтри гоулд”-ийг “Айвенхоу”-гийн охин компани гэж тэд өөрсдөө мэдэгдсэн шүү дээ. Танд охин компани нь биш гэдгийг батлах юм байна?
-Би энэ талаар тодруулъя гэж мэдээлэл хайсан ч ямар нэг компанийн охин компани гэсэн мэдээлэл олдсонгүй. Үнэхээр “Айвенхоу”-гийн охин компани байсан бол шууд л мэдээлэл нь гараад ирнэ. Харин бизнесийн түншүүд “Энтри гоулд” “Айвеноу”-гийн залгаа талбайд үйл ажиллагаа явуулдаг, “Энтри”-гийн талбайн ордын ашгаас “Айвенхоу” 80 гаруй хувийг нь авна гэх сонин зүйлүүд бий. Энд “Энтри” бол “Айвеноу”-гийн Оюутолгойг хуваан завших ажиллагааны халхавч маягтай байгаа гэж дээр хэлсэн.
-Үнэхээр хуулиар ингэж зохицуулалт хийх боломжтой юм уу?
-Ингэж “Энтри гоулд” орж ирэх боломж уг нь байхгүй. Гэрээ хийхдээ Оюутолгойн бүлэг орд гэж юуг үзэж байна, төсөлд оролцогч талууд гэж хэнийг хэлж байна, эдгээрийг л хамруулна. Өөрөөр хэлбэл, “Рио тинто”, “Айвенхоу Майнз” л энэ асуудалд оролцохоос биш, “Энтри гоулд” орж ирэх ёсгүй. Ийм байтал өөр талаас мушгаад ороод ирчихсэн л байна л даа.
-Ер нь Оюутолгойн гэрээний түүх их сонин юм билээ. Анх “Би эйч пи биллитон” энэ ордыг олсон гэдэг биз дээ?
-Анх манай Засгийн газраас тэдэнд Оюутолгойг санал болгосон ч ашиггүй гээд гараад явчихсан гэдэг яриа бий. Гэтэл тэгээгүй юм билээ. “Би эйч пи биллитон” тухайн үед санхүүгийн хямралтай тулгарсан юм байна. Бусад улсууд гадаадын уул уурхайн компаниудад маш өндөр шаардлага тавьдаг учраас тэр компаниуд нь санхүүгийн алдагдалд орох нь тохиолдоно. Харин манай дарга нар авлигаар уул уурхайгаа гадаадынханд үнэн хэрэгтээ 100 хувь бэлэглэчихдэг. Ашгийнхаа хоёр хувийг манайд өгөөрэй гэдэг болзолтойгоор “Би эйч пи биллитон” Оюутолгойг авах боломжийг нь “Айвенхоу Майнз”-д өгсөн байгаа юм. Гэхдээ энэ хоёр хувиа бас л төсөлдөө тусгаагүй.
-Тэгэхээр Оюутолгой дахь хоёр дахь хөндөгдөх асуудал нь энэ байх нь уу?
-Үнэхээр “Би эйч пи биллитон” Оюутолгойн хоёр хувийг авдаг юм бол төсөлд тусгагдах ёстой. Тэд хоёр хувиа Монголын талаас авах юм уу, эсвэл гадаадын талаас авах уу, аль аль талаас нь авах уу гэдэг дээр Засгийн газар ч ойлголтгүй байна. Ерөнхийлөгч “Би мэдэхгүй байна. Хаана хэдэн хувь байгааг би огт мэдэх гээд чадсангүй” гэсэн шүү дээ. Манай уул уурхай ямар айхтар хариуцлагагүй байна, манай төр хэрхэн юугаа ч өмчилж чадахгүй нь эндээс харагдаж байна.
-“Би эйч пи биллитон”-ийн хоёр хувийн асуудал маш тодорхойгүй байна. Гэтэл тоо гэдэг тэр бүр чанарын хэмжүүр байж чаддаггүй шүү дээ. Ингэхээр хоёр хувийн цаана 20 эсвэл 200 тэрбум ч нуугдаж байж болохоор байна?
-Тэр их аюултай. Үүнээс ч илүү аймшигтай юм Оюутолгойд болоод байгаа. Оюутолгойг анх нэг тэрбум ам.долларт багтах юм байна гэж анх үзэж байсан. Гэтэл тэр нь нэмэгдээд 30 тэрбум болох гээд байна. Анх монголчуудад 170 мянган ажлын байр бий болгоно гэж байсан, тэр нь 56 дахин багасаад 3000 боллоо. 2009 онд Монголын төрийн байгууллага Оюутолгойд 45 сая тонн зэс, 1800 тонн алт байна гэж баталгаажуулсан атал Рио-Тинто тэнд 4 дахин бага зэс, 3 дахин бага алт байна гэж байсан.
2007 оны ТЭЗҮ-ийг тухайн үеийн салбар хариуцсан сайд нь баталж байсан. Түүн дээр Оюутолгойг эзэмшихэд 2,7 тэрбум хангалттай гэж байсан. Дараа нь энэ зардал улам өсөөд ирсэн. Гэрээ байгуулагдах үед анхны хөрөнгө оруулалт нь таван тэрбум, нийт хөрөнгө оруулалт нь 14,6 тэрбум гэж ярьсан нь одоо 9,8 тэрбумаар өсчихлөө. 2,7 тэрбум гэж ярьж байсан зүйл чинь 24,4 тэрбум болоод 10 дахин өсчихлөө. Энэ хөрөнгө оруулалт 2030 онд нөхөгдөнө гэж байгаа. Тэр үед Оюутолгой “Бороо гоулд” шиг цөлмөгдсөн байж болох юм. Би зардлаа нөхчихлөө, ашгаа авъя гэхэд юу ч байхгүй байх нь. Ийм л дээрэм харагдаад байна. Гэтэл одоо хөрөнгө оруулалтаа зургаан тэрбумаар нэмэгдүүлнэ гэж байна. Манай Засгийн газар үүнийг зөвшөөрөөгүй байгаа. Энэ батлагдвал Монгол Улс хэзээ ашиг авах нь бүр тодорхойгүй болчих юм.
Африкийн Гвинейн Симандугийн төмрийн хүдрийн ордод Рио-Тинто, Чалко хоёр 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, их бүтээн байгуулалт өрнүүлж байна гэж байна. Монголд уурхай, баяжуулах үйлдвэрээс өөр юм барихгүй байж 30 тэрбум зарцуулна гээд байгаа. Дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардал гаргаж байна гэж ерөнхийлөгч хэлчихсэн.
-Энэ бүхнээс харахад Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудал улам л тодорхойгүй ээдрээтэй болоод байна. “Би эйч пи биллитон” гэж хоёр хувийн тухай яриад, тэгснээ “Энтри гоулд” гээд?
-Гадаадынхны ч тэр, тэднийг дэмжигч манай төрийн албан хаагчдын ч тэр яриа хөөрөө нь Оюутолгойд залилан байнаа л гэх сэтгэгдлийг төрүүлж байдаг л даа. Залилангийн чанартай юм чинь л хүний толгойг эргүүлсээр байгаад нэг юм зөвшөөрүүлэхэд оршдог. Рио-Тинто бол юу ч хийж мэдэх компани. Папуа-Шинэ Гвиней улсын Бугенвиль аралд олборлол хийж байхдаа нутгийн ард иргэдийн дургүйцлийг төрүүлж, тэдний эсэргүүцлийг дарах засгийн газарт нь тусалж, ингээд бүр иргэний дайн гарч, Бугенвиль арлынхан тусгаарлна ч гэж тэмцэж, ингээд 15-20 мянган хүн алагдаж, 40 мянган өрх орон гэргүй болж, Рио-Тинто дайн өдөөсний тул шүүхэд өгөгдсөн байдаг.
-УИХ-ын дэд дарга С.Баярцогт энэ гэрээний талаар нарийн олон зүйл мэднэ гээд байсан биз дээ?
-С.Баярцогт энэ гэрээг Монголд 100 хувь ашигтай, 100 хувь эрсдэлгүй гээд байсан л даа. Тэрээр “Оюутолгойд Монгол Улсаас хөрөнгө оруулалтын ямар ч эрсдэл, ачаалал гараагүй. Санхүүжилт 100 хувь гадаадаас орж ирсэн” гэсэн. Гэтэл тийм биш юм аа. Хөрөнгө оруулагчид ганц ч ам.доллар барьж ирээгүй шахам харагдаад байгаа юм. Монголын уул уурхайн нэрийг барьж мөнгө босгосноос өөр юу ч байхгүй. Тэгэхээр энэ санхүүжилт 100 хувь дотоодоос байсан юм. Харин манайхны зарим нь юу ч хийлгүйгээр хурдан баяжих эрмэлзэлтэй. Гадаадад баялгаа ойлгуулъя, сурталчилъя гэхээр ажил их орно, хэл ус ч мэдэхгүй. Өнөөдөр нэг насныхаа идэх мөнгийг олчихож болох байхад, тэгж ажил хийж тамаа идээд яах вэ гээд бэлэнчлэх сэтгэлгээ, шунал, хөдөлмөрлөх хүсэлгүйгээсээ болоод манай дарга нар ийм худал, хуудуутай гэрээ хэлцлийг хийгээд байна. Чаддаг мэддэг монголчууддаа бол боломжийг нь гаргаж өгөхгүй нь мэдээж.
-Ер нь “Энтри гоулд”-ийн гэрээ хэнээр дамжиж яваад батлагдчихав аа. Танд нэрлэх хүн хэн байна?
-Өмнөх засгийн газрын салбарын сайд байсан Д.Зоригт болов уу. Тэр Канадад улс төрийн орогнол хүсээд, оршин суух эрх авсан гэж яригдаж байгаа. Д.Зоригт оршин суух эрхийг хаанаас ч гэсэн авч чадна шүү дээ. Түүнийг их баян хүн гэдэг. Канад зэрэг улсад бол нэг сая ам.доллартай орж ирсэн хүнд шууд оршин суух эрх өгдөг. Бас С.Баяр байна. Тэр төрийн албан хаагч байсан хэрнээ АНУ-д тансаг сууцуудтай болсон гэж байгаа. Тэр өмчүүдээ мэдэгдэж байсангүй. Ийм тохиолдолд гадаадын улс орнууд хардаж шалгадаг шүү дээ. Тэгэхээр С.Баяр авлига авсан байх магадлалтай л байгаа биз дээ. “Энтри гоулд”-ийн гэрээг хамгийн гол шийдсэн хүн нь Д.Зоригт, С.Баяр болов уу. Оюутолгойд хууль яривал хамгийн түрүүнд Д.Зоригт, С.Баяр нар хариуцлага хүлээх ёстой. Сүүлийн үед С.Баярцогт гол хариуцлагыг хүлээх гээд идэвхийлээд яваад байх шиг байна. Оюутолгойн баатрууд гол хариуцлагыг хүлээнэ. Тухайн үедээ, Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх нар Оюутолгойн гурван баатар гэгдэж байсан.
-С.Баяр сонинд нүүр дүүрэн ярилцлага өгөөд, би Оюутолгойн гэрээг батлуулсан, миний гавьяа ухааны юм яриад яваад байна шүү дээ?
-Үүгээрээ харин ч өөрийнхөө хариуцлага хүлээх ёстой гэдгээ батлаад байгаа юм биш үү. Би Оюутолгойн гэрээг батлуулсан гэдэг чинь л хамгийн гол мэссэж биз дээ. Үүгээрээ хамгийн түрүүнд би хариуцлага хүлээх ёстой гэдгээ хэлээд байна. Оюутолгойн гэрээг батлуулсан энэ баг үүнээс өөр ч муу зүйлс хийж байсан. УИХ-ын гишүүн ч үзэж болдоггүй Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдгийг Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хажуугаар хийчихсэн байсан. Монголын тал эзэмшиж болдоггүй давуу эрхийн хувьцаа гэдгийг гаргаж ирээд, Монголын эзэмших хувийг зургаа хүртэлх хувь болгож бууруулах нөхцлийг бүрдүүлчихээд байсан шүү дээ. Үүнийг УИХ-ын шударга гишүүд, иргэний хөдөлгөөнүүд илчилж байж зогсоосон. Энэ дагуу нь Авлигатай тэмцэх газарт шалгуулж болох юм шүү дээ. Учир нь Ашигт малтмалын тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн, хоёрдугаарт, гадаадын талд ашигтайгаар шийдсэн гэдэг үндэслэл байна. Гэтэл Д.Зоригт Канадад оршин суух эрхийг яаж олж авсан юм бэ гэсэн үүднээс, тэр их хэмжээний мөнгөтэйгээр тус улсад орсон бол бас сэжүүр үүсгэн шалгаж болно.
-“Энтри гоулд”-ийн эргэн тойронд уг нь Авлигатай тэмцэх газрын сэдэв бас байна гэсэн үг болох нь ээ?
-Тийм ээ. Ер нь “Энтри гоулд”-ийн асуудал их сонин. Маш том орд илрүүлчихлээ гэж дэлхий даяар зарласан байдаг.  Энэ нь хэвлэл мэдээлэлд Японы нутгийг хучих, дэлхийн хамгийн өндөр цамхгаас 850 метрээр өндөр алт байна гэж мэдээлэгдэж байсан. Гэтэл манай төр үүнийг үгүйсгэж, “Энтри гоулд” энэ ордыг олсон мэдээллээ манай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өгөөгүй учраас хүчин төгөлдөр мэдээлэл биш гээд байгаа. Тэгэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд мэдээллээ өгөхгүй л бол энэ орд чинь байхгүйтэй адил болж таарч байгаа юм. “Бид энэ ордыг баялаг гэж үзэхгүй. Нөөц нь илэрлээ ч хэмжээг нь бүрэн дүүрэн тогтоогоогүй бол бид орд гэж үзэхгүй” гэсэн шүү дээ. Гадаадынхан ухаад алт ч юм уу, зэс ч юм уу аваад гараад байхад, бид орд гэж үзэхгүй учраас түүн дээр Монголын хууль ярихгүйгээр зөөсөөр байж болох нь байна шүү дээ.
-Уг нь “Энтри гоулд” бас Оюутолгойн хамгийн их баялагтай хэсэгт үйл ажиллагаа явуулаад байдаг юм биш үү?
-Тийм. Өмнө нь, Оюутолгойн илэрсэн нөөцөөс их нөөцтэй Херуга гэдэг орд нээлээ гээд шуугиулж байсан. Хьюго гээд нээсэн. Ахин хоёр том нөөц нээгдэх гэж байна. Энэ бүхэн чинь Оюутолгойдоо багтаад төсөлдөө хамрагдаад явах байсан.
Ер нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл сонин сонин зүйл их хийдгийг хэлэх хэрэгтэй. Хөшөөтийн коксжих, дээд зэрэглэлийн нүүрсний ордын нөөцийг гадаадынхан 2,4 тэрбум тоннын нөөцтэй гээд байхад манай Эрдэс баялгийн зөвлөл дөнгөж 85 сая тонн нүүрс болгочихсон гээд байгаа. Маш их хэмжээний баялгийг шууд үгүй болгочихож байна.
-Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр яригдаж байх зуур гадаадын хөрөнгө оруулалт Монголд буураад байна гэсэн мэдээлэл бас байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Тэд чинь худлаа баашилж байгаа юм. Ашигт малтмалын хууль чинь тэдэнд ашигтай болох гээд байгаа юм. Яагаад гэвэл стратегийн, стратегийн биш гэдэг ялгааг үгүй хийх гээд байгаа учраас тэр шүү дээ. Стратегийн орд гэж байхгүй болчихоор стратегийн гэж тэмдэглэсэн арван хэдэн орд дахь төрийн эрх байхгүй болчих гээд байна. Манай дарга нар Оюутолгойн 34 хувь Монголд хэрэггүй, 34 хувь өр болно, ямар ч ашиггүй, тиймээс 100 хувь гадаадын талд өг, тэгээд ашгийнх нь 70 хувийг авъя гэдэг болсон. Ашиггүй юм бол ашгийн 70 хувь гэж юу ярьж байна? Ийм л 100 хувь харьд өгөх хууль гарах гээд байх шиг.
Гадаадынхан дандаа “Төр нь дарамтлаад байна, иргэний хөдөлгөөн нь ажил хийлгэхгүй байна” гэдэг.
“Рио тинто” орж ирснээр “Айвенхоу Майнз” арын эгнээнд шахагдсан. Одоо бол “Рио тинто” л гэж ярина. “Рио тинто” хилийн чанад дахь үйл ажиллагаандаа алдагдалд орчихоод “Оюутолгой төслийн зардлыг нэмэгдүүлнэ” гэж манайхыг баахан загнасан. Бас урьдчилсан төлбөрөө буцааж авна, 6,6 тэрбумаар зардлыг нэмэгдүүлээд дөрвөн тэрбумыг нь өөрсдөө авна гээд зогсохгүй Монголын олон нийтийн өмнөөс Монголын Засгийн газар уучлал гуй гэсэн. Дураараа, харилцан тохиролцоогүйгээр Оюутолгойд үйл ажиллагаагаа зогсооно гэсэн. Гэтэл манай олон нийт Оюутолгойн талаар идэвхтэй тэмцээд байгаа зүйл төдийлөн байхгүй.
-Тэгээд яагаад уучлал гуйх ёстой гэж?
-“Танай олон нийт биднийг ажил хийлгэхгүй байна” гэсэн. Энэ мэтчилэн олон янзын юм ярьж манай Засгийн газрыг дарамталсан. Ингэхээр манай Засгийн газрынхан их хэцүү байдалд ордог юм билээ. Но-той улс юм болохоор. Нууц хувь эзэмшдэг юм уу, бүү мэд их л хэцүү байдалд ордог юм билээ.
-“Энтри гоулд”-ын алдааг давтахгүйн тулд хуульдаа ямар өөрчлөлт оруулах ёстой юм бэ?
-Улс орныхоо эрх ашгийг дээдэлсэн өөрчлөлтийг хуульдаа оруулах хэрэгтэй байна. Ордыг хуваах, хууль, гэрээг мушгин гуйвуулах боломжийг үгүй хийх шаардлагатай. Ойлгомжгүй зүйлүүдийг нь бүгдийг хасах ёстой. Хууль гэдэг чинь иргэдэд үйлчлэх ёстой. Иргэн хүн л ойлгохгүй бол тэр муу хууль. Дээрээс нь техникийн журмуудыг хасах ёстой. Бараг л экскаватор яаж ашиглах вэ гэдэг тухайг хуульдаа оруулчихдаг. Тэгэхээр өнөөх хууль нь айхтар том болгочихдог, тэр дундаа гол нууц юмаа сэм шургуулчихна. УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүд нь залхаад, сүүлдээ намын томчууд нь ч шахамдуулаад батлуулчихдаг. Тэгээд л сүүлдээ ингэж зөрчил гараад байдаг. Олон нийтийн хяналтыг тусгаж өгөх хэрэгтэй. Иргэдээс баялгаа хэрхэн ашиглахад хэлэлцүүлэг явуулж, иргэдээсээ асууна гэснээ ч хуульдаа тусгах ёстой. Ард түмэн эзэн нь гэдгийг сайн тусгах хэрэгтэй.
-Таны хэлсэнчлэн “Энтри гоулд” дээр л гэхэд ард түмний эрх маш ноцтойгоор зөрчигдчихсөн байна. Тэгэхээр үүнийг нь тэдний өөдөөс тавиад хариуцлага тооцож болдоггүй юм уу?
-Үндсэн хууль зөрчлөө гэж болно шүү дээ. Үндсэн хуульдаа газрын хэвлийн баялгийг ард түмэн мэднэ гээд байгаа ч мэдэж байгаа юм алга. Мэднэ гэдэг чинь “Эрэг нь усаа хашна, эзэн нь юмаа мэднэ” гэдэг л байхгүй юу. Ашигт малтмал төрийн өмч байна гээд бас Үндсэн хуульдаа заачихсан. С.Баярцогт ч “Оюутолгой 100 хувь төрийн өмч” гэж байсан. Ашигт малтмалын хуулиар бол тийм. Ашигт малтмалын хуулийг бас зөрчсөн байна.
-Тэгвэл “Энтри гоулд”-аас Оюутолгойн хэсгийг буцааж авъя гээд Арбитрын шүүхэд хандаж болдоггүй юм уу?
-Болно. Олон улсын маргаантай асуудал юм чинь бид ч олон улсын Арбитрын шүүхэд, мөн Монгол улсын шүүхэд, Үндсэн хуулийн цэцэд, Авлигатай тэмцэх газарт ч хандаж болохоор байна. “Айвенхоу Майнз” ч хэргийн гол эзэн байж болно.
-Арбитрт хандлаа гэхэд бидэнд алдах юм бий юу?
-Цаад тал буруутай нь нотлогдох юм бол бидэнд алдах юм байхгүй, харин хожно. Харин төр дийлэх хүсэлгүй, эсвэл чадваргүй хүн явуулаад ялагдчихвал эрсдэлтэй. Паушокийн асуудал дээр манайхаас ямар ч чадваргүй хүмүүс очсон. Арын хаалгаар ч гэдэг юм уу, зугаалах гэсэн ч юм уу, дээрээс нь хэл мэдэхгүй хүмүүс очсон. Наашаа цаашаа орчуулсаар байтал арбитрийн ажил явцгүйдээд манайх хүнээ татаж байсан шүү дээ.
Ярилцсан Ж.Цогзолмаа
"Зууны мэдээ" сонин, 2013.4.11 №90 (4405) 

No comments: