Tuesday, April 9, 2013

Цөмийн гурван аюулыг цөмөөрөө хамтран зайлуулъя!

Монгол орныг "Цөмийн хөнөөлгүй бүс" болгоё!

1990-ээд оноос Монгол улс үндэстнийг мөхөлд хүргэх олон хорт бодлогууд хэрэгжиж ирсний нэг нь цөмийн хуйвалдаан билээ. Аюул хөнөөлөөрөө атомын бөмбөгийн л дараа орох
-харийн цацраг идэвхит хаягдал булшлах,
-АЦС барьж ашиглах,
-уран олборлох, боловсруулах гээд бүх төрлийн цөмийн хөнөөлийг Монголд төвлөрүүлэх олон улсын хуйвалдааныг олигархиуд маань санаачилж хэрэгжүүлж байна.
Дээрх цөмийн төлөвлөгөөнүүд Монголын ард түмэнд ямар ч ач тусгүй, зөвхөн хор хөнөөлтэй юм. АЦС-ийг л гэхэд гадаадын уул урухайн неоколоничлогч компаниудыг цахилгаанаар хангах, харь улсуудын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор л барих гэж байгаа.
Энэ төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр Монгол улс атомын зэвсэгтэй болно, аюул осолтой объектуудтай болно, үүгээрээ зарим том улсуудыг айлгаж шантаажлана гэж хуйвалдаанчид хуурч төөрөгдүүлж байна. Гэтэл чухам эдгээр улсын компаниуд цөмийн хуйвалдаанд идэвхтэй оролцож, Монгол дахь цөмийн төслүүдийн гүйцэтгэлийг гардан хэрэгжүүлж, ашиг хонжоог нь хүртэж, их хэмжээний хүчээр хамгаалан ажиллах үйл ажиллагаагаа явуулах юм билээ. Юун тэднийг айлгаж дайжуулах вэ, харин ч эсрэгээр. Дарга нар маань улс түмэндээ хүн наймаалагч, хүүхэн худалдагчийн л сэтгэлгээгээр ханддаг билээ. Харийн түншүүд нь ч энэ бол хамгийн муу улс түмэн юм байна, өөрсдийнх нь хүсэлтээр устгачихъя л гэж ханддаг болсон.

2011 онд Монголд харийн цөмийн хаягдал булшлах гэрээ тохиролцоо хийгдсэн гэж олон эх сурвалж, хэд хэдэн улсын өндөр албан тушаалтнууд баталсан. Манай эрх баригчид ичгүүргүйгээр үгүйсгэж ирсэн ч, нотлох баримтууд хөвөрсөөр л байна. Нэг жишээ гэхэд, ЗГ-ын хуралдаанаар батлагдсан “Монгол улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл” гэх төсөл юм. 2009 онд “Цацраг идэвхит ашигт малтмал цөмийн энергийн талаар баримтлах бодлого” гэгч хорт баримт бичгийг УИХ-ын 45-р тогтоолыг гаргуулан батлуулсан шигээ хууль бус арга бач хэрэглэн, парламентаар батлуулж хэрэгжүүлэх гэж байв.
Тэрхүү хөтөлбөрт, Улаанбаатарын Алдартолгой, Дорнодын Мардай, Дорноговийн Даланжаргаланд цөмийн хаягдал булшлах, хадгалах, боловсруулах цөмийн хэмжилтийн байгууламжууд, Улаанбаатарт цөмийн реактор, лаборатори барина, мөн гурван газар уран олборлох уурхайнууд нээнэ гэжээ. Үйлдвэр, аж ахуй, эмнэлгийн цацраг үүсгүүрийн хаягдал булшлах юм гэж худал тайлбар өгсөн ч, БНМАУ-ын үед дээрх хаягдлын асуудал бүрэн шийдэгдсэн байсан, 90-ээд онд олон үйлдвэр, аж ахуйн газар байхгүй болсноос дээрх асуудал үлэмж хумигдан буурсан бөгөөд, шинээр гурван байгууламж барих ямар ч шаардлагагүй гэдэг нь хэнд ч тодорхой.
Гадаадын цөмийн хаягдал булахгүй, АЦС барихгүй гэж парламентын зарим нам мэдэгдэж буй ч, уран олборлох, боловсруулах, хаягдлыг нь булах, экспортод гаргасныхаа хаягдлыг эргүүлэн авч булахыг бүгд үгүйсгээгүй байна. Тэгэхлээр ураны бизнесийг хийх тал дээр санал нэгдмэл байгаа нь харагдаж байна.
Дэлхий даяар цөмийн энергиэс татгалзаж, Монголд харийн уул уурхайн неоколоничлогчид дураар дургиж байхад уран олборлох талаар ярих ч хэрэггүй юм. Тиймээс ураны асуудлыг хангалттай анхаарахгүй бол болохгүй болжээ. Уран олборлох л юм бол харийн цөмийн хаягдал булах, АЦС барих аюул ч ороод л ирнэ. Ер нь, илчлэгдсэн, зарим нам эсэргүүцнэ гэж мэдэгдсэнээр дээрх хоёр аюул огт замхраагүй агаад улс төр-бизнесийн нэг бүлэглэлээс нөгөөд, ЗГ-ын төслөөс хувийн хэвшлийн төсөлд шилжиж, нэр хаягаа л өөрчилж, нууцлагдмал байдалд хэрэгжих бүрэн боломжтой юм.
Дорноговийн Улаанбадрах суманд уран хайж, олборлож буй, дэлхийн хамгийн хөнөөлт компаниар шалгарч байсан Францын “Арева”-гийн охин компани “Кожегоби” ХХК-ийн үйл ажиллагаанд 2011 оны 5-р сард мэргэжлийн хяналтын шалгалт хийхэд:
-төлөвлөгөөгүйгээр өрөмдсөн,
-зөвшөөрөлгүйгээр хусмал зам тавьсан, хаягдал шавар асгах цэг нээсэн, худаг гаргасан, шавар зуурах нүх ухсан,
-олон салаа зам гаргасан,
-заг булгалж сүйтгэсэн, ургамал ургадаггүй халцгай газрууд үүсгэсэн, ногоон байгууламж байгуулдаггүй,
-монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, хөдөлмөр хамгааллын хувцас, цацраг хэмжигч өгдөггүй,
-ойр орчмын өвөлжөө хаваржаануудад төрөл бүрийн согогтой төл олноор төрөх болсон хийгээд ноцтой зөрчил, үр дагаврууд илэрчээ. Сэтгүүлчид, цөмийн эсрэг идэвхитнүүд сурвалжлахад:
-ураны дээжтэй хайрцгийг ил задгай, таглаагүй байлгадаг,
-урантай шавар асгах цэгийн полиэтилен уутан ёроол цоорч гэмтсэн, бетон хашлага бутарч нурсан,
-урантай тоосжилт, ууршилтаас болж, байгаль орчин хордож, 600-700 ямаа үхсэн, нэг хүн нас барсан зэрэг ноцтой зөрчил, үр дагаврууд нэмж илэрсэн байна.
Улаанбадрах сумын Баянбогд, Нүдэн, Аргалант багуудын иргэдийн нийтийн хурлаас “Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох саналыг удаа дараа тавьсан ч үр дүнгүй байна. Нэг л лицензийн тухайд байдал ийм байхад 154 лиценз, Монгол улсын нутаг дэвсгэрийн 12 хувь ураныханд олгогдоод байгаа нөхцөлд юу болох вэ? Ураны сүйрэл, Чернобыль, Хонгор сум нийт монголчуудад хэдийнээ нүүрлэжээ.
Тэгвэл, Дорнодын Дашбалбарын Улааны орд дахь хятадын "Шинь Шинь" компаний үйл ажиллагаа олон түмнийг цочирдууллаа. Бүхэл бүтэн сумын хүн ардын удмын санг сүйрүүлсэн, цацрагийн аюулгүй байх дээд хэмжээнээс 9 дахин давтал нь байгаль орчныг хордуулсан, ашигт малтмал хулгайгаар хил давуулж гаргасан зэргээр асар их хохирол улсад учруулсан, 1000 ажилчныг өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр онц аюултай нөхцөлд хөдөлмөр хамгаалалгүйгээр 3 жилийн турш ажиллуулсан, дөрвөн газрын шалгалтаар гэм буруутай нь тогтоогдож хуулийн байгууллагад шилжсэн ч цөмийн мафи хэргийн бүрдэлгүй гээд хэрэгсэхгүй болгосон гэхчилэн, цөмийн хуйвалдаан Монголд хорт төлөвлөгөө хэрэгжүүлбэл ямар аюул сүйрэл нүүрлэхийг бодтойгоор нотлон харуулсан олон гэмт хэргийг тэд үйлджээ. Бид бүхэн ийм ирээдүйг хүлээж байна гэж үү?
Ард түмээн, хэн амьдралынхаа төлөө тэмцэхгүй байна, тэр сөнөж мөхнө. Хэн аврагдахыг хүсэхгүй байна, түүнийг хэн ч аварч чадахгүй. Тиймээс улс орныг маань цөмийн цаазын тавцан, монголчууд биднийг цаазлагдах ялтан болгож буй цөмийн хуйвалдаанчдыг эсэргүүцэн босч, хувь заяандаа эзэн болцгооё!
1. Улаанбаатар, Дорнод, Дорноговьд цөмийн булшлах байгууламж, Улаанбаатарт цөмийн реактор, лаборатори байгуулж, ураны гурван шинэ уурхай нээх хөнөөлт төлөвлөгөөг цуцлуулъя!
2. Ураны лицензүүдийг хураалгаж, хайгуул, олборлол, үйлдвэрлэлийг нь хаалгаж, хөнөөлт үйл ажиллагаа явуулагсдыг гэсгээн цээрлүүлж, ураны аюулыг таслан зогсооё!
3. Ураны хорт бизнесийг санал нэгтэй зөвшөөрч буй мэт байгаа, эсвэл шийдвэртэй эсэргүүцэхгүй байгаа парламентын намууд, Монголын УИХ, ЗГ, Ерөнхийлөгч нарт шаардлага, санал тавьцгаая!
4. Цөмийн гол гурван аюул болох - хаягдал, АЦС, ураны аюулыг гурвууланг нь нүүрлүүлэх бүх гэрээ, санамж бичиг, бодлого, хөтөлбөр, төсөл зэрэг төрийн болон төрийн бус тохиролцоо, бичиг баримтуудыг хүчингүй болгуулъя, эдгээр нууц, хууль бус зүйлүүдийн гэмт эздийг хууль хяналтуудын байгууллагуудаар шалгуулан, хариуцлага хүлээлгэе!
5. Цөмийн энергийн газар, цөмийн хөнөөлт үйл ажиллагаатай холбоотой байгууллагуудыг татан буулгая!
6. Монгол орныг "Цөмийн хөнөөлгүй бүс" болгон хуульчилж, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлье!
гэж бүхий Монголын ард түмэндээ уриалж байна!
Сэрцгээе, ухаарцгаая, сэхэцгээе! Эрслэе, тэмцье, ялъя! Уухай!
Ч.Мөнхбаяр 
ММХII.VII.XX
http://moenhbayar.blogspot.com

2 comments:

Kh G said...

Sain baina uu. Tsumiin energiin talaarh tanii bichsen zuiliig bi ih anhaaraltai unshdag. Demjdeg.
France)n Sortir du Nuclaire-niigemlegiin gadaad asuudal erhelsen huntei uulzaj zarim neg talaar medeelel avah bolomjtoi bolson buguud husvel tsaashid hamtarch ajillah buren bolomjtoi.
Ene talaar sanal soliltsohod belen baina.

Hundetgesen

Kh G said...

Sain baina uu. Tsumiin energiin talaarh tanii bichsen zuiliig bi ih anhaaraltai unshdag. Demjdeg.
France)n Sortir du Nuclaire-niigemlegiin gadaad asuudal erhelsen huntei uulzaj zarim neg talaar medeelel avah bolomjtoi bolson buguud husvel tsaashid hamtarch ajillah buren bolomjtoi.
Ene talaar sanal soliltsohod belen baina.

Hundetgesen