Миний бие ЗХУ-ын Уралын их сургуулиас МУИС-даа шилжин ирэхэд дүү Ш.Одонтөр маань ардчилсан хувьсгалын үйлсэд багагүй үүрэг гүйцэтгэсэн “Бамбар” (МОХ буюу Монголын Оюутны Холбооны) сонинг үндсэндээ ганцаар эрхлэн гаргадаг болсон байв. Дүүгийн хамтаар “Бамбар” сонины хоёр ч дугаар эрхлэн гаргав.
Үүнээс сэдэвлээд Ш.Одонтөр дүү бид хоёр хувийн сонин эрхлэн гаргая гэж ярилцан шийдэцгээв. “Шинэ үе” гэж нэрлэхээр болсон нь 9-р сард сан. Редакцийг би, Ш.Одонтөр, түүний дүү Ш.Ундраабаатар,хожим нэгдсэн Азбаяр (ардчилсан хувьсгалын партизан тэрбээр хэвлэх үйлдвэрт ажиллаж байв, хожим Мансууруулах бодис хэрэглэх явдалтай тэмцэх үндэсний холбоог үүсгэн байгуулж ажиллаж байсан) бид дөрөв бүрдүүлэв.
Тэр үед хувийн хэвлэл гаргах ямар ч хууль-эрхзүйн орчин үгүй тул хаана ч хэвлэхийг зөвшөөрөхгүй байлаа. Ямар нэг байгууллагын хэвлэл гэх нөхцөлд л хэвлэнэ гэж байв. Мөн бид хоёр компани, баячуудад хандаж ивээн тэтгэлт, зээл авахаар төлөвлөсөн байлаа. Ингээд хэвлэх үйлдвэрүүд, байгууллагууд, компаниудаар нэлээд гүйсэн юм даг.
ХААИС-ийн оюутны зөвлөлийн сонин гэсэн тамгатай бичиг олсон чинь хангалтгүйд тооцогдов. С.Зориг, Э.Бат-Үүлийн гарын үсэгтэй бичиг ч олж авсан юм, яг ямар байгууллагын сонин гэж авч байснаа мартжээ. С.Зориг “За та нар намайг хэрэгт хийчихгүй биз дээ” гэж инээвхийлээд гарын үсэг зурж байв. Тэгэхдээ хэвлэх үйлдвэрүүд мөн л “МоАХ олон сонинтой байж болохгүй” ч гэлүү, татгалзсан хариу өгч байсан. Хэрэв хэвлэх үйлдвэр нь зөвшөөрөх аваас, дараа мөнгийг нь өгнө гээд хэвлүүлчихэж бас болдог байв л, ялангуяа хэвлэгч нартай нь ярьж тохиролцоод.
Сонины материал маань хуримтлагдаад хэдэн дугаарын ч бичвэр бүрдчихлээ. Баруун Германы “Бильд” сониныг шүүмжилсэн “Хөрөнгөт ертөнцийн нүүр царай” цувралаар гарсан нэг ном байв. Түүнийг уншиж хэлэлцэж, хэрэглэв. Сонины төлөвлөгөө, бодлогыг боловсруулахад зориулалтаас нь эсрэгээр ашигласан хэрэг л дээ.
Монгол дахь орос хэлний хүрээлэн билүү байгууллагын хэвлэх үйлдвэр ямар нэг бичиг шаардахгүй байсан болохоор нь нэг байгууллагын сонин гээд залж орхив. Дараа мөнгийг нь өгөхөөр ч тохирлоо. Нөгөө үйлдвэр тугалган үсэг, хэвээр нүүрийг нь боочихсон хэрнээ яг хэвлэхийн өмнө гэнэт уг байгууллага руу ярьсан байв. Ингээд бөөн хэрэг мандлаа. Бараг л эрүү үүсгэх дөхөв.
Гэтэл Азбаяр маань за дүүрсэн хэрэг, би л аргалаад Улсын хэвлэлийн комбинатад хэвлүүлчихье гэв. Ингээд бид комбинатын түрдэг тэрэг аваад нөгөө хүрээлэнд очиж дардсуудыг зөөв. Тэргэн дээрээ тавиад түртэл түр-тар хийж учиргүй доргиж донслоод, нөгөө хэдэн нүүр тарж ойччих гээд. Тэгэхлээр нь “Залуучууд” зочид буудлын хойноос эхэлж, авто замын голоор түрж явцгаалаа. Олон машин үгүй ч, бас ч гэж зовлонтой, хоёр урсгалынхан шүргэчих гээд, хүн амьтан ч гайхаж хараад. Бид харин хошин үг ярьж инээж хөхрөөд.
Ингээд л сонин маань гарлаа даа. 20 мянган хувь хэвлүүлсэн байв.
Бид панмонголист үзэлтэн байсан учир “Монгол… Хуваагдмал Монгол” гэсэн үгүүлэл бичин тэргүүн нүүрт нийтлэв. Дэлхийн монголчуудын тархцыг харуулсан зурагтай. Энэ материалыг Зөвлөлтийн АПН агентлагийнхан маш ноцтойд тооцон яаралтай орчуулж, төв рүүгээ шуурхай илгээж байсныг буриад найз маань гэрчилж билээ. Мөн залуус сонирхох янз бүрийн үгүүлэл, материалыг нийтлэв. “АУИС-ийн дэргэд үзсэн аймшигт зүйлс” гээд патанатомийн музей, задлан, виварийг сурвалжлаад биччихсэн юм. Тус сургуулийнхан эсэргүүцэл илэрхийлэв. Бидэнтэй холбогдож чадалгүй, “Монголын залуучууд” сониныг таамгаар буруутгасан юм билээ. Тус сониныхон харин бидэнд ажилд авах санал тавьж байх жишээний. Чөлөөт бөхийнхөн хариуцлагагүй, тэмцэлгүй барилддаг болж байна гэсэн нийтлэл тавьсан чинь хэсэг бөх “Хойчийг залгамжлагч” сонинд (тэнд сониноо хадгалдаг байв) дайран орж ирж, сониныг маань бидний эзгүйд олзлон авч, Спортын ордонд хорьж үзэв. “Хойчийг залгамжлагч” дээр сониноо тараадаг гэдгийг маань хүүхдүүдээс асууж мэдсэн байв. Тэр үед жаахан хүүхдүүд гудамжаар хашхичин явж, сонин зардаг байсныг уншигчид санах биз.
Харамсалтай нь сонины “алтан үе” өнгөрчихсөн байлаа. Хэрэв 9-р сард гаргачихсан байсан бол өөр хэрэг. 20 мянган хувь дэндүү ихэдсэн байлаа. Өр төлбөр, ял шийтгэл санаа зовооно. Гэхдээ борлуулалтаараа төлсөн л юм даг. Дүү Ш.Одонтөр, Азбаяр хоёр Дарханд хүртэл очиж зарж байсан.
“Монголын залуучууд” сонины Т.Даваадорж, Ц.Батбаяр ах нарын саналыг хүлээн авч, Ш.Одонтөр дүүгийн хамт хагас цалинжин, нэг өрөө эзлэн суух болов. Эхэндээ ч бараг юм хийлгүй “Шинэ үе” сониныхоо материалыг өгчихөөд л хоёулаа өрөөндөө хичээлээ уншаад сууж байдаг байв.
Ардчилсан хувьсгалын талаарх гэрэл зургийн үзэсгэлэн “Выставка”-д гарсан юм. Ангийн нөхөдтэйгөө үзэхэд хамгийн сүүлчийн фото зураг нь Ш.Одонтөр дүү маань сониноо ямар нэг байгууллага дотор зараад зогсож байгаа зураг байв.
“2000” сэтгүүлийг гаргадаг сэтгүүлч, судлаач Д.Цэрэнжав ах янз бүрийн юм бүртгэн цэгцэлж, нийтлэх дуртай сан. 1995 онд нэг дугаартаа 1990-95 онд үүсэн байгуулагдаж гарсан хэвлэлүүдийг жагсаасан байв. Чингэхдээ “Шинэ үе” Монголын анхны хувийн сонин гэсэн байж билээ.
Түүнээс хойш 23 жил өнгөрчээ. Тэгэхэд би 21-тэй, дүү Одонтөр маань 18-тай байсан билээ л.
Ч.Мөнхбаяр
2013. 3.10
No comments:
Post a Comment