Wednesday, April 10, 2013

Террористууд 1100 гаруй хазар монголчуудыг алж, 2400 гаруйг эрэмдэг болгожээ

Саяхан Пакистаны Кветта хотын ойролцоо хазар монголчуудын эсрэг цуврал халдлага гарсан нь дэлхий нийтийн цочирдуулав. Үүнтэй холбогдуулан, олон оронд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Нийслэл Улаанбаатар хотноо мөн Монголын ТББ-ууд, хазар оюутнуудын төлөөлөл хамтран эсэргүүцлээ илэрхийлж, хэвлэлийн хурал хийлгэв. Хуралд хэвлэлийнхэн их идэвхтэй оролцсон нь, Монголд хазаруудын зовлон зүдгүүрийг мэдэх, мэдрэх болсны нэг илрэл юм.

Зүүн гар талаас "Дэлхийн монгол айл" төслийн удирдагч М.Буянбадрах, Монгол-Хазарын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ч.Мөнхбаяр нар хазар монгол оюутнуудын хамт

Ч.Мөнхбаяр (Монгол-Хазарын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн): Сүүлийн 15 жилд хазар монголчуудын эсрэг 127 террорист дайралт болж, 900 гаруй хүн алагдаж, 2000 гаруй хүн тахир дутуу болоод байсан. Сая нэмээд, 120 гаруй хүн нас барж, 400 гаруй хүн шархадлаа. Энэ бол дайн дажинтай холбоогүй, зөвхөн терроризмтой холбоотой тоо шүү. Монголчууд бид энэ ахан дүүсийнхээ гашуун зовлонг ойлгож, тусалж дэмжих хэрэгтэй юм. Гэтэл манай зарим ухвар мөчид хүн “халтрууд бичиг үсэггүй, ядуу гуйлгачингууд, террористууд, хар тамхи наймаалагчид” гэж хазар монголчуудын эсрэг дайрч давшилж, улам нэрмээс өгч, алуурчидтай нэг тал болоод зогсож байх юм. Ийм байж таарахгүй ээ.

Хазаруудад туслах нэг гарцыг Олуулаа болох бодлого гаргаж өгч болно. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Монгол дахь хазаруудыг тусгайлан хүлээж авч, уулзаж Олуулаа болох бодлогын талаар зөвлөлдөн ярилцсан байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөх мөн Иргэний танхимд хүлээн авч уулзсан. Төр хазаруудын зовлонг нимгэлэх асуудлыг сонирхож байгаа.
Та нар арав хорин сая хазаруудыг авчирч Монгол орныг сөнөөх гэлээ гээд дайраад байдаг зовлонтой улс байдаг. Тийм үндэслэлгүй, утгагүй зүйл ярьж болохгүй. Олуулаа бодлогынхон улс нийгмийн эрх ашгийг огт хохироохгүй байдалтайгаар хамаг зүйлийг бодож боловсруулж байгаа. Олон тооны хүн ирүүлж суурьшуулах талаар төлөвлөгдсөн зүйл огт байхгүй. Гэхдээ зохих хэмжээгээр бол ирүүлж болно. Мөн ирүүлж суурьшуулахаас гадна, нийгэм, хүн арддаа дарамт учруулахгүйгээр тусалж дэмжих олон арга хэлбэр байна гэхчлэн ярив.
М.Буянбадрах (“Дэлхийн монгол айл” төслийн удирдагч): Саяын энэ харгис хэрцгий, жигшүүрт халдлагуудыг буруушааж дэлхий нийтээр эсэргүүцэж байна. Элгэн саднууд маань ийнхүү алуулж хядуулж, хавчигдаж гадуурхагдаж байхад монголчууд бид дуугүй сууж болохгүй. Хүн ёсны үүднээс, хазаруудын эсрэг харгислалыг хүлцэн тэвчээд байх аргагүй байна.
Хазарууд бол бидэнтэй ахан дүү, монголчуудад маш их элэгтэй, бид бол монголчууд, нэг ард түмэн л гэдэг хүмүүс. Миний хувьд бол Афганистанд “Дэлхийн монгол айл” төслийнхөө дагуу, нөхдийн хамт очиж, хазаруудын дунд биечлэн орж, ямархуу хүмүүс вэ, хэрхэн аж төрдөг вэ, бидэнд яаж ханддаг вэ гэдгийг нүдээр үзэж, чихээр сонсож, сурвалжлан үзэгч олонтойгоо ч танилцуулж байсан. Сэтгүүлч Н.Болормаа, судлаач Т.Санчир нар ч хазарууд дээр очиж сурвалжилсан, судалсан байгаа. Монголчууд бидэнд тэгж элгэн халуун сэтгэлээр, дотноор, өөриймсгөөр ханддаг хүмүүс дэлхийд ховор шүү. Хазаруудтай нөхөрлөж, хамтран ажиллах, тэдэнд тусалж дэмжих нь цөөхөн монголчууд бидэнд их ач холбогдолтой. Хазаруудыгаа өмгөөлж хамгаалж байя, таньж мэдье, нөхөрлөе, хамтаръя гэж үзэгч олондоо, сэтгүүлч та бүхэнд уриалмаар байна. Өнчирч хоцорсон хазар хүүхдүүдийг ч үрчилж авч болно шүү дээ. Тус хүргэе гэвэл тийм ч хэцүү биш шүү, олон арга хэлбэр байж болно хэмээн ярив.
А.Даяар (МУИС-ийн Антропологийн ангийн оюутан): Анхаарал тавьж буй Монголын үзэгчид, энд хүрэлцэн ирсэн сэтгүүлч та нөхдөд баярлалаа. Ахан дүү хазаруудыгаа алуулж талуулж, зовж зүдэрч байхад сэтгэлийн дэм үзүүлэн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа, хазаруудад туслахыг уриалж байгаа монгол нөхдөдөө ч талархаж байгаагаа илэрхийлье.
Өнөөдөр хазар зон уй гашуу, харуусал эмгэнэлд автаад байна. 100 гаруй жилийн турш янз бүрийн харгислал хэлмэгдүүлэлт, аймаглан устгах геноцид бодлогод өртөж ирсэн хазарын ард түмэн шиг их зовлон зүдгүүрийг туулсан ард түмэн ховор биз ээ. XIX зуунд Афганистаны хаан хазаруудыг бүрмөсөн устгах гэж, сая гаруй гэм зэмгүй хүнийг алж хороож, үлдсэнийг нь боол болгож байсан. Талибанчууд хазаруудыг мянга түмээр нь, бөөнөөр нь алж устгаж, ямар ч эрхгүй болгон дарлаж байсан. Олон жишээ дурдаж болно. Террорист халдлага бол байнга гарч байна. Хазар хүн нэг ч өдөр амар амгалан байх аргагүй байдаг. Гэтэл дэлхий нийт үүнд бараг анхаарал хандуулдаггүй. Зовж зүдэрсэн хазарчууд даян дэлхийг, их гүрнүүдийн удирдагчдыг, НҮБ-ыг сэрээч ээ гэж хашгиран тэмцэж байна, гэвч сэрэхгүй байна, хэзээ сэрэх нь тодорхойгүй байна. Харин ахан дүү монголчууд маань бидэнтэй мөр зэрэгцэн, биднийг өмгөөлөн дуугарч байна гэх зэргээр ярьсан юм.
Хэвлэлийн хурлын холбогдолтой мэдээлэл, зургууд интернетэд тавигдсан нь дэлхийн хазарчуудын анхаарлыг ихэд татжээ. Хазаруудыг санал нэгтэйгээр өмгөөлсөн ТББ-уудын уриалгыг уншигч та бүхэнд танилцуулъя.

Ахан дүү хазаруудыг алж хядахыг эсэргүүцье!

Уриалга

Саяхан, 1-р сарын 10-нд Пакистаны Кветта хотын ойролцоо, хазаруудын эсрэг цуврал террорист халдлага болж, 124 хүн нас барж, 400 гаруй хүн шархаджээ. Цуврал халдлагыг үйлдсэн гэдгээ "Лашкар-Э-Жангви", "Белужистаны үндэсний арми" гэдэг террорист байгууллагууд мэдэгдээд байна. Тэд хазаруудын монгол төрхийг жигших расист үзлээс болж, олон тооны дэлбэрэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар үйлдэж, гэмгүй ард иргэдийн болон, хүүхэд эмэгтэйчүүд, хөгшдийн цусыг ч урсгаж, амь насыг нь хөнөөж, эрэмдэг зэрэмдэг болгожээ.
Хазарын ард түмэн бий болоход монгол овог аймгууд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дэлхийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрдөг. Тэд өөрсдийгөө монголчуудын ахан дүүс, монголчууд гэж үздэг.
Пакистанд болсон аллага хядлагыг олон оронд жигшин буруушааж байна. Монголчууд бид ч монгол цустай зүстэй гэж хядуулж байгаа ах дүү ард түмний гашуун зовлонг зүгээр хараад, гар хумхин сууж болохгүй ээ. Глобал бодлого явуулдаг гадаадын зарим атгаг улс төрчид хазар гэдэг ард түмэн байхгүй мэт, тэдний эсрэг халдлага явагддаггүй мэт ойлголт төрүүлэх мэдээллийн нөхцөл байдал үүсгэж, ашиг хонжооны төлөө худал хуурмагийг түгээж байдаг. Тэгвэл монголчууд бид ахан дүү хазарчуудыг алж хядаж байгааг шийдвэртэй буруушаах ёстой билээ. Дэлхий нийтийг ч, "шийдвэртэй буруушаа, гэмт алуурчдад хариуцлага хүлээлгэ" гэж шаардаж шахах ёстой билээ.

Бидний өмгөөлөл хамгааллыг үгүйлэн хүлээсээр ирсэн тэдэнд бодот дэмжлэг үзүүлэхийн тулд:
1. Хазар монголчуудыг алж хядахыг бүхий боломжоо ашиглан эсэргүүцэцгээе!
2. Хоёр талын байгууллагууд, ХАА, худалдаа, бизнэс, соёл боловсрол, спорт зэрэг чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өрнүүлцгээе!
3. Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хазар монголчуудыг хамруулцгаая!
4. Хазар түмнээс улс нийгмийн нөхцөл байдалттай уялдсан квотын дагуу уугуулшигч буюу репатриант, дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авцгаая!
5. Зарим хазар хүнийг зайлшгүй шаардлагатай нөхцөлд Монгол улсын иргэний баримт бичиг олгон хамгаалцгаая!
6. Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой ахан дүү болох санал дэвшүүлсэн Нили хотынхны сэтгэл зүтгэлийг дэмжицгээе!
7. Хазарын төрөлгүйтгэлийг буюу гэноцидийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, дэлхийн шударга улсууд, байгууллагууд, зүтгэлтнүүдээр хүлээн зөвшөөрүүлцгээе!
8. Хазар ахан дүүстээ сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлцгээе!
9. Дээрхи зорилтуудыг биелүүлэхийн тулд өргөн хүрээтэй, олон төсөлтэй тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлцгээе! гэж Монголын төр түмэндээ уриалж байна!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Монгол туургатан мандан бадартугай!

Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг
Монгол Хазарын найрамдлын нийгэмлэг
Цахим өртөө
Нэр төр эрхэмсэг амьдрал
Ногоон хөдөлгөөн
Ногоон эвсэл
Өмнөд Монголын залуучуудын холбоо
Үндэсний үзэлтний бүлхэмүүд (“Даяар Монгол”, “Даяар Хөх Монгол”, “Монгол Үндэстний сүлжээ”, “Монгол туургатны хуралдай”, “Монгол хас”, “Нэгдсэн Монгол”, “Сүлдэр”, “Талын цөөвөр чоно”, “Тунамал төгс”, ”Үндэстэн” нэгдэл, “Хамаг Монгол”, “Хөх Монгол”, “Цагаан хас-эх орончид”)
Шударга иргэний фронт

Улаанбаатар
2013.1.17 

Ч.Мөнхбаяр
2013.1.20

No comments: