Хэдэн алт, 10 гаруй медаль Лондонгоос авч болох байв
Боксчин У.Мөнх-Эрдэнэ маань медалиа алдах дөхжээ. Бүсэлхээс доогуур цохисон гэж Английн тал заргалдаад, заргаа авах дөхжээ. Энэ асуудалд оролцох ёстой манай олимпийн дарга нар тоглолт дуусангуут л яараад гараад явчихсан. Ер нь дандаа тэгдэг гэнэ. Тэдэнд манай тамирчид медаль авна уу, алдна уу падлийгүй. Гэр бүл, хамсаатнуудтайгаа цэнгэж л байвал болоо. Ёстой сохор азаар англичууд заргаа авч чадаагүй байна.
Монголын олон тамирчин саяын олимпод булхайдуулж, медаль болон медалийн өнгөө алдсан. Хэрэв 30 минут суугаад гомдол бичээд өгчихсөн бол зарим нэгд нь амжилт олох үндэс байсан гэнэ. Манайхан л шүүгчдийн шийдвэрийг өөрчилж болдоггүй гэдгээс бус, медалийн хувь заяа гомдлын дагуу бишгүй өөрчлөгддөг юм шүү. Гэтэл манай дарга нар гэдсээ илж тоглолт үзчихээд л, гэдэс нь эвгүйрхсэн мэт гараад арилдаг гэнэ. Юун тамирчдынхаа төлөө заргалдах байтугай, элдэв асуудал гарах вий гээд зугтан оддог аж.
Олимпийн хорооныхон аль дивангалбаас, улсын, олимпийн, спонсоруудын мөнгөөр гэр бүлээрээ зугаалж цэнгэдэг агаад, үүнээс болж чухал хүмүүс, шүүгч дасгалжуулагч нар явж чаддаггүй. Лондонгийн олимпод боксын шүүгч, ажилтнууд маань Эксель ордонд орох гэхэд, танай дарга нар нэрийг чинь идэвхжүүлээгүй байна, и-мэйл явуулаад идэвхжүүлбэл оруулна гэж байжээ. Гэвч дарга нар идэвхжүүлээгүй аж. Хорлон сүйтгэл гэх үү, юу гэх вэ.
Тухайн улсын шүүгч байх нь булхайдуулахгүй байх нэг баталгаа билээ. Гэтэл Баясгалан шүүгчийг ийнхүү оруулаагүй аж. Өөрийнхөө тамирчныг хожигдуулж бизнес хийдэг юм биш байгаа даа. Баясгалан шүүгч байсан бол Төгсцогт булхайдуулалгүй гарцаагүй алт авах байсан гэж яригдаж байна.
Авлигач шүүгч нар янз бүрийн тариф тогтоосон цэсийг санал болгодог болсон юм билээ. Финалд шударгаар шүүхэд нэг сая доллар, булхайдаж аварга болоход 5-10 сая доллар гэхчилэн. Манайх Бээжинд шударгаар шүүхийг нь захиалсан гэх яриа яваад байдаг. Тэгвэл энэ удаад тийм боломж байсангүй. Учир нь, хэсэг дарга нар Олон улсын олимпийн хороо, Олон улсын боксын холбоонд “Манай боксын холбооны удирдлагууд хууль бус, мафийн үйл ажиллагаа явуулдаг” гэж матсан захидал явуулжээ. Тиймээс ч, Лондоны олимпод манай боксчидыг илэрхий дарж байсан гэх.
Чөлөөт бөхийн удирдлага болох Гацууртын Чинбаа мөн л ордонд орж, зохицуулга хийж чадаагүй аж. Аанай спорт, олимпийн дарга нар нэрийг нь өгсөн ч идэвхжүүлэхээс татгалзсан аж. Хэрэв Чинбаа дарга байсан бол, чөлөөтийнхөн нэмээд хэдэн медаль авчих боломж байсан биз ээ. Манай Чулуунбаатарын аз од нь гийж, цолгорсон шилдэг бөх Оросын Билял Маховыг цэвэр дарчихаад байхад, шүүгчид ялалт өгөлгүй, даль жигүүрийг нь хугалсан гээд асуудлууд бий.
Яагаад чухал хүмүүсийг Лондон явуулалгүй, олимпийн тосгонд оруулалгүй, ордонд нэвтрүүлэлгүй Монголын спортыг хохироогоод байгаа юм бэ гэхээр, тооноос та нар хэтэрчихсээн гэж мунхаг хариу өгдөг аж. Авгай хүүхэд, найз нөхдөө дагуулж зугаалдаг учраас л тоо хэтэрдэг шүү дээ.
Спорт, олимпийнхоны түнш спонсор олон компани байдаг. Тэдгээр компаний боссууд ажилтнууд монгол тамирчдын тоглолтын билетийг захиалж өгөхийг МҮОХ-ноос хүссэн юмсанж. Гэтэл, монгол тамирчдын бус тоглолтын тасалбаруудыг захиалж өгчээ. Ажилдаа хайхрамжгүйгээс болов уу, яаж байгаа юм бол? Лондонд монгол боксчдын тоглолтгүй тасалбартай манай үзэгчид нэлээд үймлээ гээд байсан. Ийм юмнаас болсон юм билээ шүү дээ. Ерөөсөө ордонд монгол хүн оруулахгүй, монголын тамирчдыг болельщикгүй болгох гэсэн юм шиг. Тэгэхэд төр түмэн эднийг Монголын спортыг хөгжүүлээд байна аа гэж андуураад л, шагнаад байдаг. Цаадуул нь биеийн тамир, спортын байгууллагууд, холбооддоо ихэрхдэг, дайсагналцдаг байдалтай.
Олимпийнхонд пүүс компаниуд их мөнгө өгдөг аж. Нэг компани гэхэд л 400 сая төгрөг өгч байхыг шударга спортын зүтгэлтэн гэрчлэх аж. Гэтэл олимпийнхон асар их мөнгө хөрөнгийг Монголын спортод огт хүртээлгүй үгүй хийчихдэг аж. Юунд зарцуулсан нь мэдэгддэггүй. Тайлагнадаг ч үгүй.
Ийм байхад Монголын олимпийн баг тамирчид дэлхийн хамгийн азгүй одгүй, бүтэлгүй, үйлсгүй, хийморьгүй улс болж харагдахгүй яах вэ. Таван медаль авлаа л гэнэ. 1964 онд Мехикод ганц чөлөөт бөхөөр дөрвөн медаль авч, медалийн гараагаа эхлүүлснээс, нэгээр л илүү байна. 50 жил спорт хөгжөөд, олон төрөлд тамирчин яваад, хүн ам бараг гурав дахин өсөөд байхад шүү. Харин ч Бээжингээсээ чанарын хувьд эрс доройтчихсон.
Хэдэн алт, 10 гаруй медаль авах боломж байсан юм. Боломжгүй юм яриагүй. Бусад улсад бол боломжгүй нь ч гайхамшигт амжилт үзүүлдэг л юм билээ. Гэтэл манайхан бол амандаа орсон медалийг хэлээрээ түлхдэг л юм билээ.
Спортод их шинэчлэл хэрэгтэй байна даа.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment