Wednesday, August 25, 2010

Өвөр монгол нөхөдтэй уулзав


8.14-нд өвөр монгол нөхөдтэй (8 хүн) өөрийн орны нөхдийн хамтаар уулзаж, монгол туургатны хамтын ажиллагаа, уран зохиолын нэгэн орон зай, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэв. Миний бие янз бүрийн санал санаачилгуудаа танилцуулав. Уулзалт маш нөхөрсөг, халуун дулаан уур амьсгал дунд явагдаж өнгөрлөө.

Америкийн монголчуудын төлөөлөгчтэй уулзав


8.5-нд АНУ-ын иргэн Д.Алтангэрэлтэй уулзаж, Америкийн монгол зохиолчдыг Дэлхийн холбоондоо элсүүлэх асуудлыг хэлэлцэв. Тэрбээр, Тайваний монгол зохиолчидтой хэлхээ холбоо тогтоож өгч болно хэмээлээ.

Ч.Мөнхбаяр, Д.Алтангэрэл

Нөхдийн амжилт


Найз Л.Батцэнгэл маань МЗЭ-ийн шагнал хүртлээ. Би, түүний сүүлчийн ном, "Алтан өд"-ийн номинант "Өр зүрхний хавар" номын рэдактораар ажиллаж, шүүмжийг нь бичсэн билээ. Уран зохиолын номын, Монголдоо хамгийн том шүүмжийг бичсэн гэгдсээн.
СГЗ, МЗЭ-ийн, Д.Нацагдоржийн, "Алтан өд" шагналт яруу найрагч З.Түмэнжаргалын "Гурвалжин аялгуу" ном гарав. Би рэдактораар нь ажилласан билээ.

Хазар нөхөдтэй уулзав



7.31-нд уран бүтээлч, үндэсний үзэлт нөхдийн хамт, Хазарын эрх чөлөөний төлөө нэрт тэмцэгч Акрам Гизаби, Монголд сурч буй оюутан Гулам Аббас нарын хазар нөхөдтэй уулзав.
Хазар-Монголын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хазар түмнийг монгол туургатны гэр бүлд багтаах, хазар зохиолчдыг Дэлхийн монгол хэлтнүүдийн байгууллагын үйл ажиллагаандаа оролцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, хэлхээ холбоо тогтоов. Миний бие уугуулшууллын, элэгшүүллийн хууль зэрэг санал санаачилгуудаа танилцуулав.

Акрам Гизаби (сууж буй), Я.Мөнхжаргал, 
Ч.Мөнхбаяр, Гулам Аббас

Буриад зохиолчидтой уулзав


Буриад зоны "Алтаргана" наадмын үеэр, яруу найргийн тэмцээн дээр, гадаадаас ирсэн буриад зохиолчидтой хэлхээ холбоо тогтоож, санал бодлоо солилцон, Дэлхийн монгол хэлтнүүдийн  нийгэмлигээ өргөжүүлэн тэлэх алхмыг нөхдийн хамт хийв. Чөлөөт индрийн цагаар миний бие үг хэлж, монгол туургатны уран зохиолын нэгэн орон зайг буй болговол илүү их хөгжиж дэвжих талаар ярив. Мөн Монголынхоо буриад зохиолчидтой асуудлыг гүнзгийрүүлэн хэлэлцэв.

Дэлхийн монгол зохиолчдын нийгэмлигийг байгуулалцав



Монгол туургатан, үзэл санаа нэгтнүүдтэйгээ нийлж, Дэлхийн монгол хэлтнүүдийн утга зохиолын нийгэмлиг ТББ-ыг байгуулалцлаа. Тэргүүнээр Өвөр Монголын нэрт яруу найрагч Сэцэнцогт, ГЗ-аар Ар Монголын нэрт яруу найрагч Д.Цогбадрах сонгогдов. Би УЗ-ийн гишүүн боллоо.

"Нэр төр" сонины эрхлэгч боллоо


Таяггүйгээр гадагш гардаг болонгуут, нэр нөлөөтэй нэгэн хүмүүн "Нэр төр" гэдэг сонины эрхлэгчээр ажиллахыг санал болгов. Энэ сониныг гаргахдаа 2 рэкордыг тогтоож амжив. 1-рт, хамгийн богино хугацаанд сонины эрхлэгч байв гэгдлээ. Эхний дугаараа гаргасны (7.7) маргааш л "цаашид хамтран ажиллахгүй" гэх үгийг сонссон доо. 2-рт, хамгийн далбагар том сониныг гаргав.


Хөл эдгэв



Өнгөрсөн оны эцсээр хөлөө гэмтээн, удтал "хэвтэр"-т байж, 6-р сард л ганцаар гадагш гарч эхлэв. Гэхдээ тохой таягтайгаар.
Эмч намайг хөлөө сойгоод хэвт гэдэг асан ч, миний бие нэг ч өдөр хэвтэж төвдсөнгүй, ажлаа хийсээр байв. Ард түмний эсрэг дэглэмийг шүүмжилж, Оюутолгойн гэрээг шүүхэд өгч, өөрөө ч шүүхдүүлж, эх оронч болон уран бүтээлийн байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, олон ч сонины дугаарыг эрхлэн гаргаж, харин ч улам идэвхтэй болж байсан тэр хүн "хэвтрийн дэглэмд" байсан гэдгийг тэр бүрий хүн мэдэхгүй биз ээ.