Ерөнхийлөгч маань олимп, хөл бөмбөгийн ДАШТ зохионо гээд л юу л боллоо доо. Гэтэл хэдэн жил өнгөрөөд байхад шалгаруулалтад орох ямар ч төлбөр, төлөвлөгөө юу ч өгөөгүй л байна. Олимп зохиоход орчин үеийн олимпийн стандартад нийцсэн олон арван, дэлхийн хэмжээний заал танхим, стадион, байгууламж, зам, хэдэн түмэн тамирчин, хэдэн буман үзэгч, зочин ирэхэд зориулсан тосгон, буудлууд гээд асар их бүтээн байгуулалт хийдэг, тэр нь олон сая хүн амтай улсын хувьд ч дараа нь ашиглалтгүй болж хоосордог, заримыг нь буулгадаг, нураадаг. Гурван сая хүрэхгүй манайх шиг улсад бөх, боксын ДАШТ зохиочихъё гээд стандарт хангах хэдэн байгууламж барьчихад л ахаддаг, тиймээс ч зохион байгуулж чадахгүй л байгаа. Бүх спорт сонирхогч үүнийг мэднэ. Хоосон мөрөөддөг удирдагчид маань, бас улсын хамгийн хоосон толгойтнууд маань л мэддэггүй.
Ерөнхий сайд маань ЗГ-ын гишүүд амралтын нэг ч өдөргүй, гадаад явахгүй, найр наадамд очихгүй, яаж л ажиллана гэж популизмдлаа даа. Гэтэл юу хийж бүтээв? АН-ын мөрийн хөтөлбөрөө ч ЗГ-ын мөрийн хөтөлбөртөө тусгаж чадсангүй. Монголчуудыг харх хулгана, жоом бясаа адил хордуулан устгаж дуусгах шар нунтгийн хорт үйлдвэрлэлийг л нууж хаан төлөвлөж, Алтаннунтаг сайд, Атомхуяг сайд, Шархуяг сайд, Шар нунтгийн засгийн газар, Шимэгчдийн ЗГ нэр л авах шив. Нөгөө 24 цагаар ард түмнийхээ төлөө ажиллана гэсэн нь хоосон мөрөөдөл байв уу?
“G хорооллыг G дүүрэг болгох мөрөөдөл” гээд л хий хоосон үг яриа яваад байна. “G хороолол гэх нэршил хэдийнээ танил болжээ. Энэ бол гэр хорооллыг залуус орчин цагийн өнгө аясаар хэлж байгаа юм” л гэнэ. Хэн ч тэгж нэршүүлээгүй билээ. Пижин инглиш буюу хужаа инглиш мэддэг дарга нар маань л ийм хэл амгүй юм шиг хачин юм гаргаад ирлээ. Нийгэмд бол садар самууны шахуу G цэг гэх ойлголт л байсан. Эм бэлгэсийн нэг цэг юм. Гэр хорооллыг одоо болох бүтэхгүй боов шоов, завхай зайднаар нэрлэж доромжлоод ч байгаа юм уу.
Улаанбаатарт гэр хороолол 21 мянган га-г эзэлж, нийслэлийнхний 60 хувь буюу 700 мянга гаруй иргэд амьдарч, 80 мянган гэр, 100 мянган байшинд нүүрс түлэн, агаарын бохирдлын 50 хувийг гаргадаг, 200 мянган жорлон, бас бохирын нүх, 160 мянган ашиглагдаад булагдсан жорлон, мөн бохирын нүхүүд нь хөрсийг бохирдуулж байдаг. Өнөөгийн эрх баригчид харийнханд газар чөлөөлж өгөх бодлого явуулж, уриалж байж энэ утгагүй муухай төвлөрлийг үүсгэчихээд, одоо "онгон" царайлж гайхаж хачирхаж маяглаж байгаа.
Дэлхийн хамгийн баян байсан орны шившиг болсон, гамшиг болсон ядуусын хороолол. Тэр дэлхийн хамгийн баян нь хааччихсан юм? Хоосон мөрөөдөгч дарга нар хахууль аваад, харьд бэлэглэчихсэн. Өөр өгөх юм олдохоо байчихаад, шар нунтаг руу улайран зүтгэж байгаа, Монголд дэлхийн цөмийн хөнөөлийг төвлөрүүлж байгаа.
Гэр хорооллын тодорхой асуудлуудыг тодорхой төлөвлөгөө, ажил, төсвөөр шийднэ. Тэр хаа байна? Байхгүй. Ганнам болгоноо, би тэгж мөрөөдөж байнаа л гээд байдаг. Хотын захирагч гэж байдаг болохоос хотын мөрөөдөгч гэж албан тушаал байдаг уу?
30 жилийн дараа би гэр хорооллыг Ганнам болгоно, олимп ч зохионо гээд байдаг. Хотын “мөрөөдөгч”-ийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил, магадгүй ирэх жил ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх учраас хэдхэн сар! Жаахан ч атугай бодитой юм ярьж баймаар байна.
“Будааны талбайд нуруугаа бөгтийтөл зүтгэж олон зууныг өнгөрөөсөн үндэстэн морин цогиогоор дэлхийг дагуулж байхад морьтон монголчуудад дутах зүйл бий гэж үү?” гэж байна. Тэдний будааны талбайд бөгтийтөл зүтгэх, бидний хавтгайрсан хулгай хумслалт, хууран мэхлэлт, хоосон толгойлолт, ад чөтгөржилт, сүйрэл мөхлөөс өөр юм шүү. Түүнээс гадна, солонгосууд зөвхөн будаа тариагүй, улс орноо сэргээн мандуулъя гэсэн улс төрчидтэй, үндэстнээ хамгаалъя дэвжээе гэсэн эх орончид, тэмцэгчид, дайчидтай, эрдэмтэн мэргэд, сэхээтэнтэй, ажилчин тариачин, хөдөлмөрчидтэй, ёс суртахуунтай болохын төлөө зүтгэсэн. Хий хоосон мөрөөдөөгүй. Нийгмээ эрүүлжүүлэх талаар санаа тавих бүү хэл, тэр талаар боддог санадаг бүхнийг нухчин дардаг байж, юун аймшиггүйгээр том “баадаг” вэ?
“1990 оноос Улаанбаатарыг МАН удирдаж байсан, энэ намынхан хэзээ ч том мөрөөдөж байсангүй, иргэдийнхээ мөрөөдлийг няцалж, одоо ч том мөрөөдөлд том тээг тавихаар цаана чинь отож байна, заналхийлж байна, тэдний явцуу “мөрөөдлийг” тас цохьё” гэжээ. Ингээд нөгөө том мөрөөдөл мухардаж байгаа юм даа. Ердөө л МАН-ын бүхнийг булаах, дарах. Ямар өрөвдөлтэй, өчүүхэн сэтгэлгээ вэ?
Урьд нь нэр дэвшигчид юу хийхээ ярьдаг байлаа. Дараа нь хоосон амлалтаа. Одоо бол бүр мөрөөдлөө. Дараагийн сонгуульд зүүдээ, түүний дараагийнхад солиорлоо ярих нь ээ?
Солонгосын тэр Gangnam style гэх манай төрийн сүлд дуу болох дөхөөд байгаа дуунд огтхон ч Gangnam болцгоо, Gangnam-ыг дууриацгаа гээгүй юм. Харин Gangnam буюу манай 40, 50 мянгат, Зайсан шиг олигархиуд олноор суудаг, “дээд зиндааныхны” байдлыг элэглэн шоолж, битгий Gangnam болооч ээ гэж уриалж, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэний хөдөлгөөн маягтай аж.
Гэтэл эсрэгээр нь ойлгочихоод, Gangnam болцгооё гэж хөгтөж явах гэж. Нийгмийг эрүүлжүүлэхгүй, дарлаж мөлжигчид хэвээрээ байгаа цагт ард олон хэзээ ч Gangnam болж чадахгүй, харин феодал ангийнхан алиа хэдийнээ, бүр социализмын үед Gangnam болчихсон байсан юм. Ямар ч утгагүй уриа вэ дээ!
Ч.Мөнхбаяр
2012.
No comments:
Post a Comment