Tuesday, April 9, 2013

Би G хорооллыг G хороолол болгоно

наргиа

Ноён Бөх-Уул хэвлэлийн хуралдаа иртэл сурвалжлагчид бүчин авлаа.
-Танай нам дотор Арвинаа, Мөнгөндуулга, Уул гэж гурван мундаг популист халим гараад, нуруун дээрээ популизмыг эвтэй найртай аваад явахын оронд, яагаад хазайлгаж унагаж хөгөө тарьчих гээд байгаа билээ?
-Хувийн машин байх аргагүй болгох арга хэмжээ авна гэж байна. I эгнээгээр зорчуулахгүй, дугаар цифрээр нь явуулахгүй, зогсоолын төлбөрийг нэмнэ, төрийн албан хаагчид хувийн машин унаж болохгүй гэхчилэн энэ чинь ердөө л болшевик харгислал. Тэгээд ч хэрэгжиж, үр дүнгээ өгч гавьсан юм алга?
-1-рт, зүлэг зайлуулж зам тэл, 2-рт, гол түгжирдэг уулзваруудад зам давхарла, 3-рт метрог даруй эхлүүл, 4-рт, автобан барь, 5-рт замын зохицуулалтыг сайжруул, ийм зүйлүүдийг ярихгүй, жог жог гээд жогорхой шиг зүйл ярьж байгаа этгээдүүд замын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг гонжийн жоо, голионы баас. Нийслэлийн автомашин арав дахин нэмэгдэн, захиргааныхны ухаан энэ янзаар бол арав дахин багасна? гэлцэн асуултаар булж, хамрыг нь микрофоноор шалчийтал дарах буюу шантайтал сөргөөн дайрахад Бөх-Уул дарга ухаан сийлж, толгойгоо донжигнуулан:
-Хэвлэлийн хурлаар наад бүх асуултад чинь хариу өгнө өө гэж жонгинон хэлж молигодов.
-Хурдан ярилцлага авчихаад явмаар байхад чинь ядаргаа гэсээр залхуу сэтгүүлчид ширээ рүү хөлөө чирж ядан гэлдрэв.

-Яарч байгаа нь пресс-релиз аваад явж болно шүү гэхэд тэд:
-Пи-си-уай? Юу гээд хэлчихэв ээ гэж гайхан, зарим нь хэвлэлийн хурлын товч агуулгыг зөв буруу харуулан нүдээ дүрлийлгэнэ.
Бөх-Уул дарга урамтай гэгч:
-…Толгойт, УБ, Амгалан өртөөнүүдийн хооронд вагоноор явдаг болгоно гэхчилэн танилцуулахад:
-Та чинь вагоныг Богд уулын өмнүүр явдаг болгоно гээд байсан биз дээ. Толгойт, УБ, Амгалан Богд уулын өмнө байдаг болчихсон юм байлгүй?
-Та тэр ерөнхийлөгчийн манаач ахыг яагаад авто замын даргаар тавьчихав? Өмнө нь төмөр замын даргаар бас тавигдаад л байсан. Төрийн албанд төрөл садны холбоог тасална гэсэн яав? гээд л шуугиад явчихав.
-Үгүй та нар байж бай гэм. Үгээ дуусгаадхая. Охойм охойм. За ингэхлээр ийм ээ. Нэмж бол автобус гаргана гэсэн чинь сэтгүүлчид:
-Хадгалж байсан 200 автобус байгаа гэв үү. Арай ч үгүй байлгүй. Та нар тэр идэж уулгүй хадгална гэж тархинд огт буухгүй байна. Тендер зарлана гэх юм. Тендер гэхээр, солонгосын төмрийн хог вагон шиг том люкс автобусны үнээр орж ирнэ ээ л гэж дуулдах юм. Битгий л социализмын мөхлийн үе шиг, автобус нь алт эрдэнэ шиг, өөр унаа байхгүй болгочихоосой билээ?
-Түгжрэл гаргах зэрэг бол замын цагдаагийн л ажил ш дээ. Урьд ЗЦГ-аас энэ талаар санал тавихад дарга нар пээдэлзээд хөдөлдөггүй байсан, сая зам таг болоход л өөрсдөө гацаад ирэхээрээ хэрэгжүүллээ шүү дээ. Гэтэл улс үндэстнээ аврах баатар сайхан үйлс, хошой баатар болгоё гэх явдал их байна. Энэ янзаар бол, ажилдаа хоцролгүй ирсэн даргад баатар өгье өө гээд сууцгааж байж ч мэдэх л байх?
-Социализмын үед ч гарч байгаагүй нугалаа завхрал үнэртэх болсон шүү, сонгуулийн дараа. Юу болоод байна. Большевизм, нацизм гэж сөрөг хүч, сөрөг арга хэмжээ, шүүмжлэл болгоныг оношлон дайрч, “төрийн эрхийг хууль бусаар авах” гэх аймшигт зүйл ангид хамруулчихсан дарга маань өөрөө большевист муйхар арга барилтай харагдаад байх юм. Элдэв муйхар арга, нугалаа, популизм их болохоороо дарангуйлал, харгислал, сүйрэл болдог юм. Арай гэж авсан машинаараа явж болдоггүй хөгжил гэж байдаггүй юм?
-Та нар яасан их шуугидаг юм бэ? Сайхан унтаж байхад сэрээчих юм.
-Тийм байна, та сайхан унтаж байна гэхчлэн ам булаалдан давшилцгаав.
Энэ үед заалны зохион байгуулагч таахаг таахаг хэмээн яаралгүй орж ирээд:
-Бөх-Уул даргаа яриагаа эхлүүл эхлүүл гээд камераа түүн рүү чиглүүлж нухав.
-Юу? Яриад дуусч байхад. Сая шууд дамжуулж байгаагүй юм уу?
-Гүй! Одоо л дамжуулах гэж байнштээ.
-Ямар дахиад ярилтай биш дээ гэж Бөх-Уул дарга цухалдав. Сурвалжлагчид ч:
-Дахиулахгүй ээ!
-Ёо, залхаж үхьяа.
-Бү-ү!
-Хүн ч унтуулахгүй, зүгээр!
-Улаан хэвлэлийн хуралчин чи яахлаараа энд ирж унтаж байдаг юм. Харьж унтаач!
-Гэрт нойр хүрдэггүй юм аа гэхчилэн эсэргүүцэв. Бөх-Уул дарга:
-За, за, бүр ядарчихлаа. Барсбат дарга үргэлжлүүлэн ярина гээд суув. Барсбат дарга руу камераа чиглүүлээд зохион байгуулагч алга болов. Тэрбээр олныг хүндэтгэн босч:
-Орчлон сургуулийн хичээл эхлэх цаг 8, 23-р сургууль 7.30, ХААИС 7.40, Барилгын коллеж 9.30… гэхэд үгийг нь тасалж,
-Хөзөр хольж байгаа юм шиг холион бантан болгожээ?
-Утгагүй олон өөрчлөлтийн пянг даахгүй, сургууль нурна шүү, таминь ээ? гээд л сонин хэвлэлийнхэн асуултаараан булав.
-Шонхор захын нээгдэх цаг өглөөний 5, Барс зах 6…
-Хүүе ээ, болиод өгөөрэй. Шөнө дунд, унаа тэрэг ч байхгүй үед гарч хүнсээ цуглуулчихаад ажилдаа явдаг хүн гэж байх уу даа ер нь?
-Дандаа МАН-ынхныг хийгээд байншдээ, эд чинь, ха ха? гэхэд Барсбат дарга хөлсөө арчин тэвдэж:
-Олонлог, Диана, Орос 14, Плеханов, Эрэл, Шинэ Монгол, Радуга, 38, Американ дэнж, 1, Сант, Орчлон гээд олон сургуулийн сурагчдыг болон эх эцгийг нь хувийн унаагаар ирж очихыг хориглолоо. 47-р сургуульд сурагчдаа автобусаар авч, хүргэ гэсэн тушаал гаргалаа…
-Бас МАН-ынхныг хийчихжээ, хо хо.
-Хүүе таны нүүр гарахгүй, гэдэс л гараад байнштээ, хи хи гэхэд Барсбат дарга гайхан шууд дамжуулалтын дэлгэц рүү харвал гүзээ нь цүндийж үзэгдэх аж. Ашгүй нэг сэтгүүлч охин таг хөшин зогсож буй түүний нүүр дээр камерыг тохирууллаа. Гэтэл үүнийг сайн ухаагүй Барсбат дарга харин гүзээгээ шууд дамжуулахгүй гээд суучихав. Одоо шууд дамжуулалтаар зөвхөн хана гарч эхэллээ. Хана:
-Пресс-релиз дээр бидний хамаг яриа бүрэн эхээрээ байгаа. Ай даа зөв харж бичдэг юм шүү дээ. Шүүмжлэгдсэн шүүгчийн дүүргийг андуурч нийтэлснээс болж, тэр иргэний нийгмийн Бат-Ялалт “шүүгч гүтгэсэн” гээд шоронд орсон шүү. Та нар ална шүү! Хичээж л үзээрэй. Ээ ёо ёо!!! гэхэд сэтгүүлчид дэлгэцэн дэх хананы дүрснээс нүд салгаж, “Хэн түүнийг алчихав?” гэж гайхан харвал Барсбат дарга хөлөө барин дэвхцэж, харин Бөх-Уул дарга түүний өмнө овоолсон олон микрофон, диктофоныг өмнөө зөөж тавих аж. Барсбат дарга масстай утастай болгоомжгүй харьцсанаас болж тог цохиулсан байна.
Бөх-Уул микрофон, диктофон өмнөө зөөн овоолж дуусаад ярих гэтэл, өөр нэг улаан хэвлэлийн хуралч гэх, хэн болохыг нь хэн ч мэддэггүй, өөрийгөө дөрвөн удаа академич цол хүртсэн гэдэг, том зангиатай хүн босоод:
-ХКН бол хамгийн харгис муухай нам. 60 сая хятадуудыг алсан. Харийн түрэмгийлэгчид алснаас илүү олон тооны хятадыг ХКН алсан байдаг хэмээн хоолой зангируулан хэлснээ гэнэт тас тас хөхөрч:
-Би G хорооллыг G хороолол болгохыг мөрөөддөг. Яагаад би мөрөөдөж болохгүй гэж? Том мөрөөдөлтэй хүн л сонгогдох эрхтэй. Цаана чинь бидний мөрөөдөх эрхийг боогдуулахаар МАН отож байна. МАН бол хэзээ ч мөрөөдөж байгаагүй гээд сууж, сэтгүүлчдийн зүгээс нижигнэсэн алга ташилтаар шагнуулав. Яагаад алга ташсаныг бүү мэд!?
Дарга ам нээх гэтэл нэг сэтгүүлч:
-Бөх-Уул дарга аа, таны нэр хэн билээ гэв.
-Бөх-Уул.
-Овгийн эхний үсэг?
-Боржгоны эхний үсэг чинь за байз… Б шүү дээ?!
-Бэш ээ! Эцгийн чинь овгийн эхний үсэг?
-Бас л Б байхгүй юу даа.
-Үгүй ээ, бүр нөгөө нэг овгийнх нь эхний үсэг?
-Юу яриад байгаа юм бэ? Хүн доромжлоод байнуу, үгүй юу.
-Эцгийнхээ нэрийг мэддэггүй юм уу, хаашаа юм!
-Мэдэхгүй ээ, мэдэхгүй, манай хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөс асуу! гэж Бөх-Уул дарга уурсан хэлтэл заалны зохион байгуулагч нүд амаа ирмэх, гараа зөрүүлэн дохих, Т үсэг дүрслэх, нүдээ аньж хэлээ гарган хоолойгоо шахах зэрэг элдэв аяг үзүүлж байв.
-Чи одоо яагаад байгаа юм?
-Хэвлэлийн хурлаа зогсоо, боль!
-Яагаад? Цаг яагаа ч үгүй байна шүү дээ.
-Дараагийн улсууд ирээд бэлтгэлээ хангах гээд байна гэхэд Майягийн календарийн дагуу дэлхий сөнөх болсныг мэдэгдэх хурлынхан шууд л арын хананд нь хохимой толгойг санагдуулам дүртэй дэлхийг бие дээрээ АНУ, Израиль гэсэн бичигтэй хоёр чөтгөр лантуудаж байгаа зурагтай плакат хадаж эхлэв.
Бөх-Уул дарга ажилдаа ирэхэд ширээн дээр нь өдөр тутмын том сонины шинэ дугаар будаг ханхлуулан хэвтэнэ. “Бөх-Уул дарга “ХКН бол хамгийн…(товчлов) байдаг”, “Би G хорооллыг… хэзээ ч мөрөөдөж байгаагүй” гэж мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлгэв” хэмээн бичсэнийг үзээд мань эр минчийтлээ уурлаж, өчнөөн дэвслэв. Даанч сонин бяцрахгүй нь хяслантай.
Сонгуулийн кампани эхэллээ. Эрхэм дарга:
-ХКН бол…
-Би G хорооллыг…
Ч.Мөнхбаяр
ММХII.XI.XXI

No comments: