Sunday, May 18, 2008

Уриалга

Ашигт малтмалын салбарт дангааршлын зарчмыг хэрэгжүүлцгээе!

Сүүлийн үед ашигт малтмалаас олох орлогыг хуваарилах талаар зарим саналууд дэвшигдэж байна. Гэхдээ ямар цогц, шат дараалсан арга хэмжээг авч байж, ашигт малтмалын үр шимийг ард түмэнд өгөөжтэй болгох талаар нухацтай яриа төдийлөн өрнөхгүй, тодорхой алхмууд хийгдэхгүй байсаар өдий хүрсэн нь хэрэгжилтэд нь эргэлзээг төрүүлдэг.
Монголын төр түмэн бүхий боломжийн хэрээр бие дааж, хариас аль болох бага хамааралтайгаар ашигт малтмалаа эзэмшиж ашиглах буюу дангааршлын (автаркийн) зарчмыг хэрэгжүүлэхийг эрмэлзэх нь жинхэнэ хэтийн төлөв юм.
Ашигт малтмалын асуудлыг Монголын ард түмний эрх ашигт ач тустайгаар шийдвэрлэхгүй алгуурлах тусам, нийгэм-эдийн засгийн бүх салбарыг хамарсан Их нуралт тохиолдох магадлал өндөрссөөр, ойртсоор байна. Худалдаа-үйлчилгээ рүү дэндүү хэлбийсэн өнөөгийн эдийн засгийн өрөөсгөл хэвшил хамаг потенциалаа шавхаж гүйцэж байгаа атал, улс орны асар их нөөц бололцоо болох ашигт малтмалыг үндэсний эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байгаа нь мухардлыг улам л гүнзгийрүүлж буй. Их депресси, Аргентиний хямрал зэрэг сүйрлүүдтэй агаар нэгэн Их нуралт дөтөлж буйн олон шинж тэмдэг түгшүүрийн харанга дэлдэх боллоо.
Энэ нөхцөл байдлаас юу аврах вэ? Гагцхүү ашигт малтмалын асуудлын зөв шийдэгдэл буюу дангааршлын зарчим л аварна.
Авралыг ойртуулах, бодитой болгохын тулд, төрд болон холбогдох этгээдүүдэд дараахь зайлшгүй тулгамдсан шаардлагуудыг тавихыг ард түмэндээ уриалж байна!

1-р бүлэг. “Ашигт малтмалын тухай” хуулийг шинээр тогтооё!

Юуны өмнө “Ашигт малтмалын тухай” хуулийг ард түмний эрх ашигт нийцүүлэн тогтоохын төлөө тэмцэцгээе!

1-рт, Харийнханд үйлчлэх байгууллагын журам шиг байгааг нь болиулж, улс түмнийхээ төлөө бодлогыг шингээсэн хууль шиг хууль болгоё.
2-рт, Монголын төр түмэн өөрсдөө бие даан ашигт малтмалыг олборлох, баяжуулах, ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эзэмших, худалдах явдлыг тэргүүн эгнээнд тавьж үзэж, тал бүрээр дэмжих зарчмыг гол тэнхлэг болгоё!
Энэ салбарт Монголын төр УҮГ байгуулах, үндэсний бизнесменүүд идэвхи санаачлага гаргах, мөн Монголын иргэдийн ажиллуулах хувьцаат нийгэмлэг, бичил, бага уурхай үүсч хөгжихийг хууль, бодлогоор дэмжих ёстой.
3-рт, Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадынхнаар хийлгэнэ гэсэн арчаагүй байр сууринаас татгалзах хэрэгтэй. Хөрөнгө бүрдүүлэх түгээмэл аргуудыг өөрсдөө ашиглах юм уу, гадаадын энэ чиглэлийн тусгай зууч компанийг хөлслөн ажиллуулж үр дүнд хүрэх боломжтой. Ашиг малтмалын ордоороо “барьцаалж” зээл авах, донор орнуудын тусламжийг хэрэглэх, иргэдээсээ хувьцаагаар дамжуулан мөнгө цуглуулах, “51+” зарчмын дагуу гадаадынхантай хамтран эзэмших уурхайн орлогоос зориулах зэрэг дотоодын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх янз бүрийн арга буйг хэрэгжүүлье.
4-рт, Өөрсдийн нөөц бололцоог дайчлан бүрдүүлсэн хөрөнгөөрөө дотоод гадаадын компани, мэргэжилтэн, ажиллах хүчийг хөлслөн ажиллуулах замаар ашигт малтмалыг эзэмшиж болох ирээдүйтэй чиг хуулинд заавал тусгагдах шаардлагатай.
5-рт, Бусад улс орон, гадаадын бизнесийнхэнтэй ашигт малтмалын салбарт харилцан үр ашигтай, хүндэтгэл итгэлцэлтэйгээр, шударгаар, дангааршлын зарчмыг хөсөрдүүлэхгүйгээр хамтран ажиллах асуудлаар нөхөрсөг яриа хөөрөөг өрнүүлж, нааштай үр дүнд хүрч, энэ талаараа ил тод мэдээлж байвал зохино.
6-рт, Авлигаар эрх авсан, байгаль орчныг хордуулсан, сүйтгэсэн, хууль бус олборлол хийж, хууль бус цагаачдыг оруулсан зэрэг олон тохиолдолд лицензийг хүчингүй болгох хатуу журамтай болцгооё, олгох болзлыг нэн чангатгая.
Харийн үл бүтэх этгээдүүдээс эрдэс баялаг, газар нутаг, эх орноо чөлөөлцгөөе!
Ингэхгүйгээр тухайн салбарт ямар ч сайн үр дүнд хүрэх боломжгүй.
7-рт, Стратегийн орд биш, стратегийн ашигт малтмал гэсэн томъёолборыг хуулинд оруулцгаая. “Стратегийн ордын жагсаалт” гэгч, явуургүй хандлагыг илэрхийлсэн баримт бичгийг хүчингүй болгож, “Стратегийн ашигт малтмалын жагсаалт”-ыг бүрдүүлэн дагаж мөрдье. Чингэснээр аль нь чухлыг тодорхойлох асуудал цэгцэрч, оночтой шийдэлд хүргэнэ.
8-рт, 49 хувийг харийнхан эзэмших албатай мэт хэвшсэн барилыг шахан зайлуулъя. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэд бид өөрийн баялгийг ямар ч хувиар эзэмшихээс ичиж зовох хэрэггүй. Монголын төр ч, Монголын хувийн хэвшлийнхэн ч, ордын хэдэн ч хувийг эзэмшиж болохыг хуулиар баталгаажуулъя.
9-рт, Ашигт малтмалын олборлолын хэмжээг гадны компаний юм уу, төр улсын бус, Монгол улс түмний эрх ашгийн үүднээс тогтоож, хязгаарлаж, гамнаж байх шаардлагатай. Ашигт малтмалгүй амьдрахад бүрэн бэлтгээгүй байж, ашигт малтмалын нөөцийг шавхагдуулж, улс орныг сүйрлийн ирмэгт аваачиж хэрхэвч үл болно!
10-рт, Ашигт малтмал олборлоход шаардлагатай мөнгөн ус, циант натритай тэмцэх зэрэг утга учиргүй шийдвэрүүдийг цуцалж, ашигт малтмалыг монголчууд эзэмших явдалд саад тотгор учруулж, тойруу замаар хорлон сүйтгэдэг явдлыг таслан зогсооё.
11-рт, Ашиг малтмалын салбарын мэдээллийг ил тод, бүрэн нээлттэй байлгая, хуурмаг, сөрөг мэдээллийг хянаж, няцаадаг арга хэрэглүүртэй болъё гэсэн бүлэг санаагаар “Ашигт малтмалын тухай” хуулийг шинэчлэн тогтоохыг ард нийтээрээ төрөөс шаардъя, санасандаа хүртлээ тэмцэцгээе!

2-р бүлэг. “Ашигт малтмалд суурилсан хөгжлийн хөтөлбөр”-ийг гаргуулцгаая!

Ашигт малтмал дээр суурилсан хөгжил дэвшилд тусгай цогц хөтөлбөр зайлшгүй шаардлагатай юм. Үүнд:

12-рт, Дангааршил, автарки, бие даалтын зарчмыг хөтөлбөрт онцгойлон шингээх учиртай.
13-рт, Төр ашигт малтмалын орлого ашгаар хишиг хүртээх зоригтой шийдвэр гаргахаас гадна,
а) Монголын улсын Хөгжил, Их бүтээн байгуулалтыг тэтгэх хөрөнгө оруулалт хийх;
б) Ард иргэдийн амьдралын түвшин, нөхцөл байдал, баталгааг сайжруулах алхмууд хийх
гэсэн чиглэлээр алсын хараатай, хэтийн төлөвтэй, хэрэгжүүлэх бололцоотой, оночтой, үр ашигтай шинэ хөтөлбөр боловсруулж, баримтлан ажиллах шаардлагатай.
Хишиг хүртээхдээ акци, хөнгөлөлт, үнэгүй үйлчилгээ, тусламж, дэмжлэг гэсэн ухаалаг хэлбэрээр хүртээхийг санал болгоцгооё!
Төр аль болох юу ч хийхгүй байхыг эрмэлздэг жигшүүрт хандлагыг ашигт малтмалын салбараас эгнэгт үлдэн хөөж, хөгжүүлэх, бүтээн байгуулахыг эрмэлздэг зүй ёсны хандлагыг хэвшүүлгэцгээе.
14-рт, Ашигт малтмалыг бие дааж ашиглахад чиглэсэн шинжлэх ухаан-технологийн хүчирхэг бааз суурь байгуулах, чадварлаг боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг бэлтгэх асуудлыг чухалчлан анхаарвал зохино.
15-рт, Ашигт малтмалын нөөц дуусахад улс түмний амьдралыг хариуцлагатайгаар бэлтгэх диверсификацийн бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь амин чухал ач холбогдолтой.
16-рт, Ашигт малтмалын ашиг орлогыг Чингис хааныхаа тунхагласан монгол туургатныг нэгтгэх үйлсэд ч зориулах хэрэгтэй!

Ашигт малтмалыг хөгжлийн хөдөлгүүр, их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болгож хэрэглэх “Ашигт малтмал дээр суурилсан хөгжлийн хөтөлбөр” нь аз жаргалын алтан түлхүүр болж өгнө өө. Энэхүү хөтөлбөрийг шаардаж, дуу хоолой, сэтгэл зүтгэлээ нэгтгэцгээе ээ.

3-р бүлэг. Их нуралтаас өрсөцгөөе!

Бүх юм сайн сайхан байгаа гэж дарга нар итгүүлэхийг оролддог ч, Их Нуралт айсуй нь тов тодорхой юм. Социализмын үед мөн л худал хуурмагт үнэмшүүлэхээр чармайдаг асан ч, дарангуй дэглэм нуран унаж, 90-ээд оны эхэн үеийн хүнд хэцүү хямрал тохиосонтой л адил. Тэр үед наймаа хийгээд өндийж чадсан бол, одоо ямар ч “эм тарианы” нэмэргүй шахам болоод байна. Ашигт малтмалын “амь тариа” л нийгмийг аварна.

17-рт, Айсуй гамшигт “цунами” болох нийгэм-эдийн засгийн Их нуралтаас сэргийлж, ашигт малтмалын асуудлыг цаг алдалгүй ард түмэнд нэн ач тустайгаар шийдвэрлүүлэхийн төлөө эрс шийдэмгий тэмцлийг даруй эхлүүлцгээе!
18-рт, Сүүлийн үед дэвшигдэж буй Лу.Болдын “Баян Монгол” корпорацийн, Э.Бат-Үүл нарын Авлигаар олгогдсон лицензийг хүчингүй болгох зэрэг, ашигт малтмалын асуудлын нааштай шийдэгдэлд дөхөм үзүүлэх зоригтой саналуудыг цаг тухайд нь зохих ёсоор дэмжиж байя, ашигт малтмалын нүгэлтнүүдийг ч гэмээ наманчлан зөв алхам хийхийг шаардаж, өөгшүүлж, урамшуулж, талархаж байя.
19-рт, Намууд болон бие даагчдад “Лу.Болд шиг байцгаа!” гэж уриалъя, Лу.Болдоос ч илүүг уралдаж өрсөлдөн санаж сэдэхийг нь дэмжицгээе. Ашигт малтмалыг ¹1 асуудал болгож яриагүй нэр дэвшигчийг бүү сонго. Ашигт малтмалын нүгэлтэй хэрнээ буруугаа хүлээгээгүй нэр дэвшигчид бүү итгэ. “4 минут төрийн эрх барихдаа” буюу сонгууль өгөхдөө хариуцлагатай байж, асуудалд сайнаар нөлөөлцгөөе!
20-рт, 45 хоногийн сонгуулийн кампаний дараа ашигт малтмалын талаарх санал, амлалтууд популизм гэгдээд замхарч арилах боломж олголгүй, эздэд нь хэрэгжүүлэхийг байнга шаардаж, шахаж, нэхэж явцгаая!
21-рт, Өөрсдөө “овоо босгож”, асуудлыг хурцатгасан атлаа, бусад улсад буруугаа тохож, улс түмнүүдийн хооронд яс хаяж, аль алиных нь эрх ашгийг хохироодог, ямар нэг улсыг ашигт малтмалын маргаанаас болж цэрэглэн халдахад хүргэж ч мэдэх нөхцөл байдлыг үүсгэдэг явдлыг болчимгүй төрийн түшээдээр дахин гаргуулахгүйн төлөө хүчээ хамтатгая.
22-рт, Ашигт малтмалын гэмт хэргүүдийг шүүх Шүүлтийн өдрийг шаардацгаая! Хэрэв Монголын шүүх шийдвэрлэж чадахгүй аваас олон улсын шударга шүүхэд хандацгаая! Шүүлтийн өдөр нь шударга ёс тогтооход, дахин эх орноосоо урвах гэмт хэрэг газар авахгүй байхад тустай! Монголын болон харийн гэмтнүүд шүүлтийн өдрийн өмнө адил тэгшээр ял асуулгаж, хариуцлага хүлээх учиртай.
23-рт, “Ашигт малтмалын өршөөлийн хууль”-ийг гаргаж, бүх буруугаа бүрэн хүлээсэн гэмт хэрэгтнийг өршөөдөг, нууцалдаг, хамгаалдаг болъё. Чингээгүй гэмт хэрэгтнийг өршөөлгүй хатуугаар гэсгээн цээрлүүлье.
24-рт, Гадаадын компаниудад “Энержи ресурс” шиг байж чадацгаа гэж уриалъя. “Энержи ресурс”-д хандсан шигээ гадаадын компанид хандаж чадаж бай гэж төрдөө ч уриалъя!
25-рт, Монголын ашигт малтмалын асуудлыг олон улсын хууль-эрхзүйн үүднээс хянаж байя!

Дээрх зайлшгүй шаардлагуудыг төрд болон, холбогдох этгээдүүдэд тавихыг ард түмэндээ уриалж байна. Дэлхийн улс орнуудын зүй ёсны жишиг рүү тэмүүлснээр л бид мэдэхгүй чадахгүй зүйлгүй болж, цэнгэлийн манлайд хүрнэ. Хүнд, хар ажлуудыг тойрч давхиад, зөвхөн сайхан үр дүнгийн талаар яриад байдаг төр засаг, хэн бүхэн биднийг сайн юманд хүргэхгүй.
Шинэ цаг, аз жаргалаа дөтлүүлэгтүн хэмээн, ард түмэндээ уриалж байна. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна аа. Шударга ёс, эрх ашиг, сайн сайхныхаа төлөө түрхрэн босоцгооё!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
2008.05.17

Sunday, May 11, 2008

Ч.Мөнхбаяр: Болохгүй бол Монголд НҮБ-ын засаглал тогтооно

"Болсон явдал", 2008 он, №05.

Хөршүүдтэйгээ газар нутаг солилцвол ашигтай

Монгол туургатныг нүүлгэж ирүүлэх, тэдэнд иргэншлээ чөлөөтэй олгох, монгол туургатны геноцидийн тухай зэрэг гурван ч хуулийн төсөл, монгол туургатнуудын төрийн даяар монголч (панмонголист) номнол, ашигт малтмалыг дангааршлын (автарки) зарчмаар ашиглах уриалга, төрийн хас сүлд далбаа, улс, үндэстэн, парламентын шинэ нэршил, монгол латин үсэг, “Нэгдсэн Монгол” сайн дурын хөдөлгөөн гээд сонирхолтой санал санаачлагуудыг “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал төсөл” нэрийн дор 2007 оны 10-р сард дэвшүүлэн тавьж байсан Ч.Мөнхбаяртай ярилцав.

— Та саналуудаа дэвшүүлснээс хойш 5 сар өнгөрчээ. Ямар нэг байдлаар хэрэгжсэн зүйл байна уу?
— Янз бүрийн мэдээллийн хэрэгсэл, арга хэлбэрээр олон хүнд хүргэж байна. Түүнээс биш, хэрэгжсэн юм алга. Зарим нэг хүн харин өлгөж аваад, би анх санаачиллаа гээд тунхаглаад байх тохиолдол мэр сэр байна. Анх хэн санаачилсан нь бол чухал биш шүү дээ, гол нь хэрэгжих л хэрэгтэй. Хэн санаачилсан нь тэртэй тэргүй тодорхой.
2006 онд би уугуулшууллын тухай хуулийн төслөө төрийн зүтгэлтнүүд, байгууллагууд, хэвлэл мэдээлэлд өргөн барихад ерөнхийлөгчийн зөвлөх, ажилтан нар надтай хэдэн удаа уулзаад, ач холбогдол өгөөд, хуульзүйн яамнаас судалж үзнэ гэсэн хариу илгээгээд, телевиз сонинууд ярилцлага аваад нааштай хандаж байсан. Гэтэл 2007 онд би илүү өргөн хүрээтэй багц санал төсөл дэвшүүлж, хавьгүй олон өндөр албан тушаалтан, зүтгэлтэн, байгууллага, хэвлэл мэдээлэлд хандсан атал ямар ч анхаарал тавьсан юмгүй байсаар өдий хүрлээ. Эхэндээ танилцаагүй байна, үзээгүй байна гэдэг байсан, дараа нь оны дараа, цагаан сарын дараа, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн баярын дараа, сонгуулийн дараа гэдэг болчихоод л сар сарыг элээлээ шүү дээ. Улс үндэстнийхээ асуудалд ингэж л хандаж байна. Улс үндэстэн тэдний хувьд зэрэг дарааллаар 1000-рт орох жижиг, өчүүхэн асуудал л болчихож дээ. 6, 7 онуудыг харьцуулаад үзэхэд, дөнгөж жилийн дараа л нөхцөл байдал бүр ноцтой муудчихсан байгаа юм.
Ноднингийн 10-р сард нэг эмгэн хамаг өрөөгөө оюутнуудад түрээслүүлчихлээ, гэтэл тэд наргиж дарвиад, элэг бариад амар заяа үзүүлэхээн болилоо гэсэн аман гомдолтой, миний өмнө хойно ороод л Төрийн Ордны эргэн тойрон яваад байсан. Гэтэл түүнийг дор нь УИХ-ын гишүүн хүлээн авч уулзаад л, хороо хоринд нь хандсан: “асуудлыг нь шуурхай шийдэж өг” гэсэн бичиг цохоод өгчихсөн байгаа юм. УИХ-ын гишүүн хороо хорины цар хүрээтэй ажил хийгээд л сууж байдаг байхгүй юу. Харин надтай бол яавч харьцаж өгөхгүй байх жишээтэй. Би ямар хороо хорины асуудал ярьсан биш, яг өөрийнх нь хариуцах, хууль санаачлах асуудлыг ярьсан болохоор тэр. Уг нь, УИХ-ын гишүүн гүйцэтгэх засаглалын ажил хийвэл, эрх мэдлээ буруугаар ашигласан гэхчилэн хэрэгт ороод шоронд суух учиртай. Энэ сонгуульд бүгд л гүйцэтгэх засаглалын ажил хийнэ гэсэн амлалттай орцгоож, сонгогчид нь ч тийм юм хүсч, бүгд хуулиа улан дороо гишгэцгээж байна.
Ер нь бол, сонгууль гэдэг нь бодлогын дэргэд юу ч биш. Бодлого л чухал байхгүй юу. Сонгуулийн дараа ч ширээ сандлын асуудлаар өчнөөн удаан бужигнана. Тэрийг л хамгийн чухал гээд ойлгоцгоочихсон. Улс үндэстний бодлого орхигдоод л явж байна шүү дээ.
Гэхдээ би ухарч няцахгүй. Харин ч шинэ багц санал төсөл боловсруулчихаад сууж байна.
— Шинэ гэнэ ээ? Тэр нь ямар ямар санал байна вэ?
— Хүн амыг “хүчээр” өсгөх хуулийн төсөл боловсруулсан. Улс үндэстний хамгийн гол баялаг бол хүн-баялаг. Тэр ч үүднээс, хүн-баялгаа өсгөе гээд би уугуулшууллын тухай, элэгшүүллийн тухай хуулийн төслүүдээ зохиосон. Гэхдээ гаднаас оруулж ирэх механик өсөлтөөс гадна, ердийн өсөлтөд анхаарахгүй бол байнгын бууралттай явж ирлээ. Одоо манай ердийн өсөлтийн түвшин Азидаа сүүлээсээ 4-р байранд орсон сурагтай. Манайх шиг цөөн хүн амтай, уудам газар нутагтай, байгалийн их нөөц баялагтай улс орон тийм байж яавч болшгүй. Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд ердийн өсөлт маань оччихлоо ш дээ. Хятад улс ердийн өсөлтөө бууруулах гэж асар их хүчин чармайлт тавьж байж хүрсэн үр дүнд манайх тийм юмгүйгээр зүгээр л дорхиноо уруудаад оччихож байгаа байх юм.
Тиймээс хүн амын ердийн өсөлтийг хүчээр шахуу нэмэгдүүлэх хуулийн төсөл зохиогоод, чамбайруулан сайжруулах ажил хийж байна.
— Яаж хүн амыг “хүчээр өсгөх” хэрэг вэ?
— Төсөл бэлэн болтол нарийн ширийнийг нь яримааргүй байна. Маргааш нэг зальхай этгээд өлгөж аваад л, би анх санаачилсан гээд гүйчихнэ. Хэн анх санаачилсан нь чухал биш гэж дээр хэлсэн. Үнэн юм үнэнээрээ л байх хойно. Хамгийн гол нь, тэр зальхай этгээдүүд чухал санааг маань мөнгө төгрөг хулгууж завших аян шалтаг болгоод, нэр хүндийг нь унагаад, явцгүй болгочихдог, алаад хаячихдаг байхгүй юу.
Жишээ нь, монгол латин үсгийн санааг төсөлтэй нь хамт анх би 1991 онд дэвшүүлсэн. 30-аад оны латин үсэг бол шууд Зөвлөлтөөс тулгасан зүйл байсан.
Тэгээд би санаагаа сурталчилж, төслөө улам сайжруулсаар өдий хүрлээ. Гэтэл үр шимийг нь бусад хүмүүс буруугаар ашиглаж, 1997 оноос хойш өдий хүртэл үргүй үрлэг зарлагын үүд хаалга болгочихоод л, тэр цоорхойгоор улсын өмч хөрөнгө эцэс төгсгөлгүй урсаж савирч ирлээ шүү дээ. Тэдний ажлын үр дүн нь гэхээр миний төслийг л муу болгоод жаахан өөрчилчихсөн цагаан толгой байж байдаг. Муу болгож л өөрчлөхгүй бол 100 хувь миний юм болчих гээд байхаар нь тэгж өөрчилсөн хэрэг л дээ. Хамтын зохиогчийн нэр дунд миний нэрийг оруулна л гэдэг байсан, тэгж байгаа ч юм алга.
Тийм зальхай этгээдүүдээс их болгоомжилж байна. Миний 1993 онд анх дэвшүүлсэн нэг саналыг сонгуулийнхаа гол пиар болгоод явж байгаа хүн ч бий. Гэхдээ би хэрэгжих нь л чухал юм, сурталчилж л байг гээд одоохондоо дуугүй байгаа. Буруу тийшээ хазайгаад эхэлбэл харин дуугарна.
Би бас геноцидийн тухай хуулийн төсөлдөө большевист, маоист геноцид дээр, 1990 оноос хойшхи засгийн газруудын өөрийн ард түмний эсрэг явуулсан геноцидийг нэмж оруулдаг юм уу гэж бодож байгаа. Олон улсын геноцидийн тухай баримт бичгүүдэд үйл ажиллагаа нь тохироод байгаа юм. Геноцид үйл ажиллагаагаа цаашид зогсоохгүй, ард түмэн ч дорвитой тэмцэж болиулахгүй бол НҮБ-ын цэргийг оруулж, НҮБ-ын засаглалыг тогтоож байж болиулах, олон улсын шүүхэд өгөх хүртэл арга хэмжээ авахаар зэхэж бэлтгэж сууна. Улс үндэстнээ л аварч байвал яасан ч яах вэ дээ.
— Гадныхангүйгээр асуудлаа шийдчихэж болохгүй гэж үү?
— Харин болохгүй болчих гээд байна. Итгэл найдвар алга. Харин дэлхий гэж байна, хилийн чанадад шударга ёс гэж байна.
Тэгж яривал би Монгол улсад Америкийн цэргийн бааз байгуулж болох боломжийг судалж байгаа. Манай оронд зөвхөн хоёр орныхоос өөр хүчин зүйлүүд байх нь оршин тогтнохуйд маань тустай. Хоёр хөршид ч бас эерэг талууд гарна. Америктай хамтын ажиллагаа, итгэлцэл нь харилцан бэхжих г.м.
АНУ-ын зүгээс, терроризмтэй хамтран тэмцэх гэсэн нэрийн дор, аль нэг улстай нь дамжин өнгөрөх гэрээ байгуулж, хариуд нь тэр улсад хөнгөлөлт, таатай нөхцлүүд олгож болох байхгүй юу. Эдийн засгийг их сонирхдог Хятадад санал болгож болно ш дээ. Эцсийн үр дүнд нь, энэ асуудалд оролцсон улс бүрд хожоо гарна.
Ер нь хоёрхон улсаар зааглагдана гэдэг учир дутагдалтай болох нь ойлгомжтой. Энэ мухардмал байдлаас гарах арга замыг би эрэлхийлж, 2 санал дэвшүүлж байгаа.
1-рт, Монгол орны баруун хязгаарт дөрвөн улсын хамтарсан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах. Тэнд угаасаа Монгол, Хятад, Орос гурван улсын хилийн уулзвар цэг байдаг. Манай хилээс 30 гаруй км-ийн цаана Казахстаны хил буй. Улс болгон нутгийнхаа гүн рүү 50 км хүртэл орсон, тэнцүү хэмжээний зурвас газруудыг гаргаж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулбал хэн хэнд нь маш их ач холбогдолтой. Аль алиных нь, эдийн засгийн хувьд хоцрогдмол, алслагдсан, хөгжил дэвшил ноцтойгоор дутагдсан хэсэг тэнд уулзалдсан. Дөрвөн улсын худалдаа, бизнесийнхэнд олон талын хөнгөлөлт олгосон хамтын чөлөөт бүсийг тэнд байгуулбал хөгжил тэнд очиж, жигдэрч ирэх нь тодорхой. Уг бүсээр дамжуулан Монгол улс Казахстан болон Баруун Ази руу цонх гаргах юм.
2-рт, нутгийн солилцооны зарчмыг хуульчлах. Манайд гуравдагч улс орнуудтай харилцах, монгол туургатныг нэгтгэхэд нутгийн солилцоо хэрэг болоод байна. Жишээ нь, хоёр хөршөөсөө Казахстан руу болон, далай руу гарах зурвас нутгийг өөрийн нутгаар сольж авах асуудал байж болно. Тэгснээр, тэр хоёр улс шууд хиллэж байсан давуу тал нь алдагдах учраас, алдагдахгүйгээр зохион байгуулж, улс түмнүүдийн эв найрамдлын бүс нутаг, онцгой статустай чөлөөт бүс маягтай болгож болно шүү дээ. Ямар ч л гэсэн, Монголын эрэгт аль ч орны хөлөг онгоц ирж зогсдог болох нь асар их ач холбогдолтой юм.
Мөн хүн ам, байгалийн нөөц баялаг багатай нутгаа, монгол туургат хүн ам ихтэй нутгаар сольж болох талтай. Шилийн гол аймгийг хэсэг говь нутгаар сольдог ч юм уу. Өмнөд хөршид хүн амын илүүдэлтэй, газрын хомсдолтой байдаг.
— Анх сонсоход их л эрсдэлтэй, осолтой санагдаж байна.
— Тийм ээ. Гэхдээ оюуны нүүдлүүд хийгээд ирэхлээр ашигтай, аюулгүй нь мэдэгдэнэ.
Боловсролын талаар 2 санал дэвшүүлж байгаа.
1-рт, боловсролын салбарт монголчуудын түүх, соёлын мэдэгдэхүүн олгодог зарчмыг буй болгож, хэрэгжүүлье. Өнөөдөр, монголчуудын түүхийг зааж байснаа, Манжаас хойш зөвхөн Ар Монголын, Төв Монголын түүх болоод явчихдаг гажууд тогтолцоо байна. Нийт монголчуудын түүх, соёлыг мэдэх нь бидний оршихуй, ирээдүйд өндөр ач холбогдолтой. Тиймээс Манжаас хойшхи хилийн чанадын элэг нэгтнийхээ түүх соёлыг заадаг тусгай хичээл сургалтын хөтөлбөрт заавал оруулж өгөх шаардлагатай. “Монгол туургатны түүх, соёл” гэдэг предмет байх юм.
Манжаас өмнөх түүхдээ ч, орхигдоод байдаг монголчуудын асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй.
2-рт, энэ орос хэлний сургалтыг больж, англи хэлний сургалт болгох хэрэгтэй. Хэдий болтол даян дэлхийгээс гадуур улс орон явах вэ, бид. 1990 онд л тэр сургалтыг халчихсан бол өдийд улс орны нөхцөл байдал хичнээн сайжрах байв. Орос, Хятад хоёр англи хэлний суурь сургалттай, монгол хэлийг хөршийн маань хэл гээд сургуульдаа заагаад байгаа юм байхгүй. Тийм болохоор тэдэнтэй англиар харилцах боломжтой, тэгш байдлын зарчимд ч нийцнэ. Орос хүнтэй оросоор л ярилцах ёстой гэдэг бол ердөө л “чукча” сэтгэлгээ. “Чукча” сургалтаар “чукча” нарыг үйлдвэрлээд байдаг өнөөгийн явдлыг үндсээр нь халж, барууны стандартад нийцсэн, монгол сургууль төгссөн хүн хаана ч шууд, чөлөөтэйгээр үргэлжлүүлэн сурч болох тийм тогтолцоог үүсгэх хэрэгтэй.
— Таны саналууд болгоомжлох сэтгэгдэл төрүүлдэг. Жишээ нь, монгол туургатныг нүүлгэж ирүүлэх, тэнд нь иргэншүүлэх төслүүд тань олон хужаа иргэдийг нааш нь үерлүүлж болзошгүй...
— Улс үндэстнээ хөгжүүлье гэвэл саад бэрхшээлтэй нүүр тулах л болно. Хүн биеэ огтлуулж зүсүүлэх нь эвгүй юм гээд мэс засалд орохгүй, айгаад яваад байвал үхнэ биз дээ. Зайлшгүй тулгарах нэг бэрхшээл бол хууль бус цагаачлал. Гэхдээ хууль бус цагаачлал гэдэг нь монгол туургатнаа л нэгтгэхгүй бол учиртай байдаг, нэгтгээд ирэхлээр давагдашгүй хүчин зүйл болчихдог тийм зүйл биш. Хууль бус цагаачлалын эсрэг тэмцэх олон арга хэрэгсэл бий.
Би хууль бус цагаачлалтай хийх тэмцлийг чангатгах, үр нөлөөтэй болгох чиглэлтэй хуулийн өөрчлөлт, тогтоол зэргийн төсөл боловсруулсан. Ер нь бол, иргэд зөв зүйтэй юм сэдээд, төр нь хүлээж аваад хэрэгжүүлээд байдаг зарчим манайд огт алга. 2006 оноос хойш би янз бүрийн төсөл саналаа төрд хандаж бишгүй л дэвшүүллээ, толилууллаа. Уг нь тэгээд л миний тухайн иргэний үүрэг гүйцэж байгаа байхгүй юу, хэрэгжүүлдэг механизмд нь ёсоор нь хүргээд өгчихөж байгаа юм чинь. Гэтэл хариу ч алга. Харин, би л ганцаараа хэрэгжүүлэх ёстой юм шиг буруу хандлага түгээмэл байх юм. Тэр нь нэлээд саад учруулж байна.
Уг санаачлагууддаа би хууль бус цагаачдыг оруулж ирэхгүй байх, гаргах талаар саналуудаа тусгасан. Жишээ нь, монгол хэлний мэдлэгийн шалгуур тавих. Ингэх эрх тухайн улсад бүрэн байж байдаг. Өмнөд хөршид монгол хэлт хүн ам их, тэдний ажил эрхлэлтийн байдал муу байна. Тийм болохоор хууль бус цагаачийг хязгаарлаад, харин үндэсний чанартай хөдөлмөрийн репатриаци явуулчих боломж бүрэн байгаа л байхгүй юу.
Сүүлийн үед ашигт малтмалын талаар их яригдах боллоо. Үүнтэй холбогдуулаад би гадаадын компаниудад “Энержи ресурс” шиг байцгаа, төрдөө бол тэдэнд “Энержи ресурс”-д хандсан шигээ ханд гэж уриалсан уриалгаа бэлэн болгочихоод байгаа. Энд ярьсан саналуудаа бас нэг багц болгоод дэвшүүлэх гэж байна шүү дээ.
Монгол улс ашигт малтмалдаа дангааршлын буюу автаркийн зарчмаар хандах нь маш чухал. Үүнийг би өнгөрсөн оны 7-р сарын уриалгадаа тодорхой хэлсэн. Гадаадын компаниуд гэдэг нь шидтэн биш. Хөрөнгө босгодог, боловсон хүчин бүрдүүлдэг түгээмэл аргууд дээр л тэд түшиглэдэг. Тэр аргуудыг нь юмны эзэн, сумны занги бүхэл бүтэн улс орон маань ашиглаад, өөрөө баяжаад хөгжөөд явах бүрэн боломж бий байхгүй юу. Энгийнээр хэлэхэд, тэр компаниуд манай лицензийг “барьцаанд тавиад” зээл авчихдаг. Тэгээд л, мөнгөтэй бол юу ч бүтнэ ш дээ. Юм гэдэг ийм энгийн. Хэн ойлгохын аргагүй юм ярьж, цэцэрхээд байна, тэр худлаа ярьж байдаг.
Саналуудаа дэвшүүлэх гэхээр, зохион байгуулалтын чанартай аар саар бэрхшээл гараад байгаа. Жишээ нь, түрүүчийн багц саналууддаа тодорхой хариу аваагүй байж, дараагийнхийг нь дэвшүүлж болох уу, сонгуулийн хийрхэл өнгөрөхийг хүлээх үү, гадаад ертөнцөд хандсан саналаа багцад оруулах уу, үгүй юу гэхчилэн. Тийм саналууд бий л дээ. “Voice of America”-д монгол хэлний халх, цахар аялгуугаар нэвтрүүлэг явуулах редакци, бодлоготой болооч ээ гэсэн санал дэвшүүлэх гэж байгаа. Сайн орчуулагч хэрэг болоод, жаахан саатаад байна.
Гэхдээ би саналуудаа удахгүй гаргаж ирнэ ээ. Миний саналууд бол зүгээр нэг амнаасаа унагачихдаг тэрүүхэн тэндээ пээдгэр үг биш, бараг л дор нь гарын үсэг зураад л хэрэгжүүлчихэж болох бэлэн хуулийн төсөл энэ тэр байдгаараа онцлогтой. Уг нь тэгэх л хэрэгтэй. Даанч тийм онцлогтой байдаг болохоороо зарим хүнд хүнддээд, айлгаад, эсвэл хор шар, уур ундууг нь хүргээд байдаг шиг байгаа юм...
Эцэст нь хэлэхэд, миний түрүүчийн багц саналыг http://moenhbayar.blogspot.com сайт дээрээс үзэж танилцаж болно. Харьцъя гэвэл и-мэйл: latinuseg@yahoo.com. Хандив мандив өргөсөн ч болно шүү. Багц саналаа хувилж тараахад ч хөөрхөн мөнгө төгрөг үрэгдчих юм, өөр тэгээд бишгүй л мөнгө цаас хэрэг болдог. Хандивын дансаа блог-сайтдаа тавьчихсан.
— Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан П.Гантулга

Манайхан үндэсний үзлийн архаг дутмагшилд орсон

Сэтгүүлч Р.ГЭРЭЛ. “ЭНЭ” сэтгүүл, 2008 оны 2-р сар.

"Нэгдсэн Монгол" гэдэг үндэсний үзэлт хөдөлгөөн үүсгэн байгуулснаа хэвлэлийн бага хурлаар зарлаж, эх орноо монгол туургатны гал голомт, халх бамбай болгохыг эрмэлзэнэ хэмээн мэдэгдсэн чөлөөт сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаяртай энэ сэдвээр ярилцсанаа сонирхуулъя.

- "Нэгдсэн Монгол" хөдөлгөөний гол санал бол, иргэнээ болгох замаар монгол туургатнаа нэгтгэх гэсэн. Хэрвээ тэгвэл Монгол Улс 10 сая иргэнтэй болох нь ээ?
- Зарчмын хувьд тийм. Гэхдээ гэнэт нэг өдөр сая сая хүн хүрээд ирнэ гэсэн үг биш. Дэлхий дээр 10 сая монгол туургатан амьдарч байна. Израильд 100 жилийн турш зургаан сая еврей хүн очсон ч хилийн чанадад 10 сая нь үлдсэн. Казахстан 15 жилийн турш дөрвөн сая элэг нэгтнээ татах бодлого явуулсан ч 400 мянга л очлоо. Үндэс нэгтнээ татна гэдэг харьцангуй тайван процесс юм. Тиймээс Монголын иргэн болсон зарим нь ирж амьдарна, зарим нь тэндээ байж л байна.
- Давхар иргэншил Монгол оронд аюултай биш үү?
- Аюулгүй байхаар бодож, зохицуулалтыг нь төсөлдөө тусгасан. Давхар иргэншлийн талаар улс бүртэй гэрээ байгуулдаг. Хууль бус цагаачид нь бэрхшээл үүсгэж байгаа улстай давхар иргэншлийн гэрээ байгуулахаас түдгэлзэнэ. Улс орондоо хүндрэл учруулахгүйг нь бодож, тал талаас нь тунгааж байж төслөө боловсруулсан.
- Үндэсний үзлийн талаар таны бодлыг сонсъё?
- Хоол унд, цалин мөнгөнөөс гадна, хүний оршихуйн нэг үндэс нь үндэсний үзэл. Хүн төрөлхтөн өдийг хүртэл үндэстнээр оршсон. Үндэстэн байх нь оршихуйн арга. Үндэс ясгүй бол тэр хаанахын ч хүн биш. Иймд хувь хүний оршихуйн гол асуудал болсон үндэсний үзэл заавал байх ёстой.
- Манай иргэдийн дунд үндэсний үзэл ямар хэмжээнд байдаг гэж та боддог вэ?
- Манайхан үндэсний үзлийн архаг дутагдалд орсон. Эмгэг дутмагшил, бүр өвчин гэмээр болсон. Европ, Америкийн л иргэн болцгоочих сонирхолтой. Энэ явдал гадны харгис бодлогоос үүдэлтэй.
1911 онд манайд үндэсний үзэл хангалттай хэмжээнд байсан. Манай панмонголистууд дээр нэмээд Өвөр Монголоос Хайсан гүн, Манлай баатар Дамдинсүрэн, Тогтох тайж, Сумъяа бэйс гээд л ирж, улс орныг байгуулахад оролцож байсан. 1921 оны хувьсгалын дараа Буриадаас Жамсранов, Ринчино, Батуханов нарын пан монголчууд ирж засгийн ажилд тусалсан. Ардын намын эрмэлзэх 10 зүйлийн нэгдүгээрт бүх монголчууд нэгдэж, нэг гэр бүл болох тухай тунхаглаж байж. Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Бодоо нар панмонголист үзэлтэн байлаа.
Одоо манай сэхээтнүүд энэ үзлийг нийгэмд дэлгэрүүлэх ёстой. Хүн бүр үндэсний үзэлтэй байхгүй бол Монгол Улс оршихгүй. Монгол Улс байхгүй бол би үхнэ л гэж ойлгох цаг болсон.
- Тэгвэл глобалчлалд яаж хандах вэ?
- Манайхан үндэстэн байхгүй болно гэж буруу ойлгоод байна. Даяаршлаас ашигтайг нь авах хэрэгтэй. Глобалчлалыг үндэстнийг хадгалан тогтоох фиксаж болгож ашиглах хандлага ч гараад байгаа.
Том соёл иргэншлүүд жижиг үндэстнийг уусгах гэж оролдож байгаа нь үнэн. Англо-сакс, Орос, Хятад зэрэг соёл иргэншлийн хэт нөлөөний эсрэг жижиг үндэстнүүд нь устахгүйн төлөө глобалчлал хийж байна. Казахстан улс Оросоос ч, Хятадаас ч казахуудыгаа чөлөөтэй татаж байгаа. Даян дэлхий дээр ийм глобалчлал явагдаж байхад манайхан Уугуулшуулал буюу Репатриацийн тухай бодохгүй баймгүй. Ийм хууль дэлхийн улс орон бүрт бий.
- Манайд глобалчлалын ямар сөрөг нөлөө ажиглагдаж байна?
- Глобалчлалыг хүлээн авахад үндэстний өөрийн дотоод хүчин зүйл их нөлөөтэй. Манжийн дарлалд, Зөвлөлтийн дагуул явахад бидний бие дааж хөгжих явдал боогдмол байлаа. Оюунлаг давхаргын олон мянган хүнээ хядуулснаар, бие дааж сэтгэдэг сэхээтнүүд бараг үгүй болсон. Энэ суурин дээр одоо глобалчлалын аль хөнгөнийг бид хүлээн авч байна.
Эзэмшиж ашиглана гэхээсээ англи үгээр чамирхах нь элбэгшлээ. Африкийн орнууд хэл соёл нь хөгжөөгүй байхдаа европ хэл соёлыг гажуудуулж, завхруулж авсан. Өөрийнхийгөө мартчихсан. Аль ч үгүй л болсон. Ийм үзэгдлийг креолизм гэдэг. Манайхан креол үндэстэн битгий болчихоосой.
Оюуны хөгжилтэй нийгэм глобалчлалыг сайнаар тусгаж авч хөгждөг. Харин манайхан их гүрнүүдийн глобал бодлогыг аялдан дагалддаг.
- Тэгвэл эерэг зөв юуг нь авах вэ ?
- Жишээлбэл, ашигт малтмалаа өөрсдөө үнэд хүргэн дамлах хэрэгтэй. Бразилчууд төмрийн хүдрийн үнийг 67 хувь хүртэл өсгөсөн. Нефть олзворлогч улсууд нефтийн үнээ байнга нэмж байна. Манайх ашигт малтмалаа үнэд хүргэх ёстой. Дэлхийн даяар ашигт малтмалыг газрын хөрсөн дор нь үнэлчихдэг болсон байхад манайд хөрөнгө оруулалт олдохгүй гэж ярих юм. Барьцаалаад зээл авч болно. Гадны мэргэжилтэнд цалин өгч ажиллуулах л хэрэгтэй. Өөр юм өгөх шаардлагагүй. Манайд ч уул уурхайн боловсон хүчин хангалттай бий шүү дээ. Автаркийн, дангааршлын зарчим буюу бүхнийг өөрөө хийх зарчмаар ашигт малтмалын хуулийг шинэчлэн тогтооё гэсэн саналыг би дэвшүүлсэн.
- Эцэст нь асуухад, үндэсний болон үндсэрхэг үзлийн ялгаа чухам юунд оршдог бол?
- Үндэсний үзэл өөрийн үндэстнээ яаж хайрлаж, хамгаалж байгаагаар тодорхойлогддог бол үндсэрхэг үзэл өөрийн болон бусад үндэстэнд хор хүргэх аюултай. Өөрийнхөө үндэстнийг давуу, бусдыг дутмаг гэсэн ойлголт өгдөг.
Манайд аль аль нь л бага. Өвөр монголчуудыг хятадууд юу ч үгүй хоосон цөл рүү хөөчихөөд байгаа. Гэтэл тэр элэг нэгтнүүд маань наашаа хүрээд ирвэл манайхан хөөж байлдаж мэдэх л улс.