Friday, December 25, 2009

Монгол гэх нэр Мегалион (Агуу их) гэдэг грек үгээс үүссэн гэв үү?


Германы Хюрт хотноо олон улсын “Монгол” гэдэг наадам болж, оролцогчид 3 өдөр монголчууд болж хувирдаг

Саяхан манай нэгэн ТВ Ван Даммын тоглосон “The Quest” киног үзүүлэхэд олон уншигч маань толилон болгоосон биз. 1925 онд Түвдэд дэлхийн янз бүрийн бие хамгаалах урлагийн шилдэг төлөөлөгчид цуглаж, хүч чадвараа сориход АНУ-ын тамирчин, кикбоксингийн мастер Дюбуа ялж байгаа тухай гардаг шүү дээ. Гэвч үнэндээ энэ ялалт маргаантай хэвээр үлдсэн. Учир нь дэвжээн дээр түүнийг гарцаагүй л Монголын төлөөлөгч ялж билээ. Өвөрмонголын бөхийн өмсгөлтэй, үлэмж аварга биетэй, догшин ширүүн төрхтэй, барилдаан зодооныг хослуулан хамаг өрсөлдөгчдөө ихэд давамгайлан буулгаж байсан тэр л баатар киноны гол дүр болон хоногшжээ.
Барууныхан бид бүхнийг хамгийн нууцлаг, хамгийн дайчин, хамгийн хүчтэй хүмүүс ч гэж төсөөлдгийн нэгэн жишээ бол Ван Даммын кино юм. Домогт Брюс Ли “Эрт үед грекийн панкратион зодооноос улбаалан, хамгийн хатуу стилийн тулаан болох монгол күн-фү үүссэн юм” гэж бичиж, житкүндогоо заримдаа бүр бараг л тэр хатуу күн-фү хэмээн ярьдаг байжээ. Кёкушинкай каратэгийн эцэг Мацушита Ояма: “Байлдан дагууллынх нь үед гардан тулаанд ялах үндэс болдог байсан монгол бокс кёкушинкайгийнхтай дүйцэхүйц хатуу дайчин чанартай, ялангуяа хөлийн цохилтоор хосгүй, зөвлөлтийн болон исламын олон ард түмнүүдэд дэлгэрсэн” ч гэж бичсэн байдаг. Монголд асар хүчтэй гардан тулааны сургууль эртнээс оршиж ирсэн гэх энэ домгоос үүдээд олон ч файтер өөрсдийгөө Монголтой холбож ярих дуртай байдаг нь аргагүй. Оросын нэр хүндтэй мастер, шаолиний лам Александр Маслов, кэмпо-каратэч Владимир Востоков, нинжагийн “Синоби зютса” сургуулийн дайчин Сергей Трофимов нар бүгдээрээ л Монголд гардан тулааныг эзэмшсэн гэж өгсөн ярилцлагадаа өчсөн жишээтэй. За, энэ ч каратэгийн тухай яриа.
Монгол күн-фү-гээс гадна хөөрхий төгрөгийг маань лав л Зөвлөлтийн зуун ард түмний хөдөлмөрчид мэддэг байсан юмдаг. Литовын эдийн засаг хямарч байхад тэндхийн орос хэлээр гардаг хэвлэлд “Сейчас можно пустить в Литве хоть рубль с тугриком” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн. Оросын алдарт шог зохиолч А.Арканов “Угадай мелодию” телетоглолтод оролцон, 780 оноо авахад 780 төгрөгөөр түүнийг шагнасан. Эхний тохиолдолд бол төгрөг бага ханштай ч гэж байгаа юм шиг, дараагийнхад их ханштай ч гээд байгаа юм шиг боловч, бодит байдал дээр бол тэд төгрөгийн тухай ямар ч ойлголтгүй юм. Монголын төгрөгийн тухай зөвлөлтийн мэргэжилтнүүд цөөнгүй анекдот зохиосон болохоор л төгрөг гэдэг нь А.Аркановт яг тохирсон, хамгийн хошин бэлэг нь болсон ажээ.
Дэлхий дээрх валютын анекдот бол тэр үед оросын рубль, индонезийн рүпи, вьетнамын донг гурав байсан атал яагаад тэд монголын “тугрик” гэсэн үгийг сонсоод инээлддэг нь их л эртний учир холбогдолтой юм. Дээр үед Монголд эзлэгдэж байсан Орос, Хятад, Дундад Ази, Кавказын гол төлөв борчууд Монголын эсрэг үзэлдээ хөтлөгдөн, бишгүй олон мунхаг бүдүүлэг үлгэр шог зохион ярилцдаг байсан нь ам дамжин амь бөхтэй оршсоор иржээ.
Монгол гэхээр л муу муухай бүхний цогц мэтээр ойлгочихсон, итгэчихсэн явдаг гадныхан цөөнгүй л байдаг. Өширхсөн эсвэл дээрэнгүй үзлээсээ болоод ийм яриаг дэвэргэдэг, дэмждэг “ухамсартай” хүмүүс ч хангалттай байжээ. Эрдэмтэн Дауны нээсэн, оюуны хомсдолтой, тэнэг мулгуу царайтай төрдөг удамшлын өвчнийг “монголын өвчин”, “монголын тэнэг”, “монголизм” гэхчилэн нэрлэсээр ирснийг саяхнаас л ДЭХБ дауны өвчин гэж тогтохоор боллоо.
Бидэнд тахийг маань “нээж өгсөн”, Монголд халуун элгэн сэтгэлтэй нэгэн гэгдэж сурталчилагддаг байсан Н.Пржевальский гэхэд л монголчуудын тухай, бүр Монголын эмэгтэйчүүдийн тухай ямар муу муухай юм бичиж байлаа даа. Орчин үеийнхэн, жишээ нь Монголын бас нэг “нөхөр”, академич В.Обручев хүртэл зэвсгийн үеийн зэрлэг хүмүүсийг дүрслэхдээ жишээ олдсонгүй мэт “Хотя они не питали такого отвращения к воде, как, например, монголы, которые не мылись никогда...” гэхчилэн бичиж байв. Ер нь В.Обручев монголчуудыг маш их гутаан доромжилдог байжээ. Оросын нэр хүндтэй, буурьтай суурьтай гэгдэх “Аргументы и факты (Үндэслэл, баримт)” сонин дээр Монголын тухай ямар ч ор үндэсгүй агаад туйлын булай бүдүүлгээр зохиож бичсэн зүйл нийтлэгдсэн нь эртний боолчуудын үлгэр шогоос үүдсэн төсөөллийн л үр дүн юм. Мөн үндэслэл, баримт болов оо?
Монголчууд байгальтайгаа хамт бүрэн төгс, ертөнцийн гайхамшиг гэх нь холгүй ч яриа байдаг. Бидний мэдэхгүй, монголын гэж нэрлэгддэг маш их юм Өрнөд ч, Дорнод ч байдаг нь гайхалтай билээ. Бүр Монголын сонин сайхан юмыг тусгайлан нэрлэх “Монголеска” гэх үг ч бий. “Монголеска” гэж сэдэвтэй багт наадам ч болдог аж. Германы Хюрт хотод жил бүр зөвхөн энэ сэдвээр наадам зохион байгуулдаг байх юм. Гурав хоног монгол хүн болж хувирах ёстой тэр хүмүүс биднийг үлгэрийн сайн баатрууд болгон дүрсэлдэг. Ташрамд, германчууд бидэнд сайн байдаг нь тохиолдлын хэрэг бус, анх тэд түүхийн тавцнаа гарч ирж, Ариун Ромын Эзэнт Улсыг өвлөхөд нь чухам Аттила хаан их үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол зоогийн талаар гадаадад бөөн юм болдог нь хөгжилтэй ч гэмээр. Гэтэл Нью-Йоркод олон монгол зоогийн газар байдаг гэж бичжээ. Филиппиний хамгийн алдартай телевизийн нзвтрүүлэг “Монгол барбекю” гэсэн нэртэй. Мах ихтэй хоол хийдэг, тодорхой мөнгө төлөөд, түүнээсээ хамаарахгүйгээр хүссэн хэмжээгээрээ зоог барьж болдог газруудыг “монгол зоогийн” хэмээн нэрийдэх нь түгээмэл.
Монголтой төрөл садан гэдгээрээ их бахархдаг сибирь, ази, тураны олон ард түмэн байдаг. Тэдний хувьд энэ нь, үндэсний нь томоохонд орох бахархал юм.
Зам бүхэн Ром хүрдэг гэгчээр гарал үүсэл бүхэн Монгол руу хөтөлдөг гэхэд болно. Америкийн эрдэмтэд байгалийн түүхийн нээлт ололтоороо дэлхийд гайхуулан байсан тэр үес нэрт эрдэмтэн З.Осборн Монгол бол хуурай газрын амьдрал үүссэн өлгий нутаг юм гэсэн алдарт онолоо дэвшүүлжээ. Монгол хамгийн эртний хуурай газар учир өөрийн үзэл санаанд тэрбээр баттай итгэж байсан бөгөөд эрдмийн хүрээлэнгийнхний халуун дэмжлэгтэйгээр Р.Эндрюсийн палеонтологи, антропологийн экспедицийг Монгол руу томилон явуулж байсан билээ.
Хуурай газрын амьдралын хамгийн эртний үлдэгдэл хараахан Монголоос олдоогүй ч гэсэн онолын магадлал хэвээрээ үлдсэн төдийгүй, харин ч эртний хуурай газар тусмаа элэгдэлд илүү өртсөнөөр, палеонтологийн дурсгал нэн ховор болдгийг нотлон харуулжээ. Тун үнэ цэнэтэй баримт гэвэл Монголд умайтны хамгийн эртний өвөг болох Zalambdestes-ийн үлдэгдэл олдсон явдал юм.
Аливаа биологийн зүйл аварга, эгэл, одой гэсэн гурван хувилбартай байх нь олонтаа. Үүнийг бараг бичигдээгүй хууль гэж болно. Homo sapiens-ийн одой хувилбар халуун орны бүс, ялангуяа жунглид хаа сайгүй л байдаг, Харин газар газрын үлгэр домогт хоногшин үлдсэн аварга хүмүүс хаа байна? Ердөө л харьцангуй саявтархан эгэл хүмүүстэй зэрзгцэн оршиж байсан тэд 2.5-4 метр өндөр биетэй, олон центнер жинтэй үлэмж биетнүүд байх учиртай. Тэгвэл аварга хүн төстний гигантопитек, мегантроп гэсэн хоёр дүрсийн яс чандрууны үлдэгдэл Монголоос олдож байсан юм.
Гадаадынхан монголчуудыг сайн мэддэггүйтэй адил бид ч өөрсдийгөө сайн мэдэхгүй. Эртний хүмүүсээ байг гэхэд дундад зууны монголчуудаа тодорхой төсөөлөхөөр мэдэж байгаа бил үү?
Тэр үеийн сурвалж бичгүүдэд монголчуудыг үлэмж том биетэй, тун олон янзын дүр төрхтэй сүрлэг дайчид байснаар дүрсэлжээ. Урьд цагт дайснуудаа жигшим буг чөтгөр, өчүүхэн өт хорхой болгон дүрсэлдэг уламжлалтай байсан атал монголчуудыг жанжин баатрууд, тэнгэрийн элч нар хэмээн тэмдэглэж үлдээсэн нь туйлын сонин. Түүнээс гадна монголчууд ард түмэн бүрт өөрсөд шиг нь зүс царайтай, бас эсрэг янзтай, ер нь арьстан бүрийн хүмүүс нийлсэн нэгэн үндэстэн шиг харагдсан, төсөөлөгдсөн байна.
Гурван арьстан үүссэн хагалбар нутгийнхан байсан болоод ч тийм дүр төрхтэй байсан аж болзошгүй. Гэхдээ африк, австрали арьстнуудыг энд оролцуулж хэлээгүй юм шүү. Тэдгээр арьстнууд Монголтой холбогдох боломж бага. Харин монгол, америк, европ арьстныг хэлсэн юм. Ташрамд, бидний ухамсарт хзвшсэнчилэн, монгол, европ, негр гэж гурван л арьстан байдаг бус, америк, австрали арьстан гэж бас буй билээ.
Исламынхан Чингис хааныг дүрсэлснийг үзэхүл, мэдэхгүй хүн “ямар нэг султан халиф болов уу” гэмээр зүс царайтай байдаг. Бас Чингис хааныг өндөр том биетэй, шар үс нүдтэй хүн байсан гэж бичиж, европ царайтай дүрсэлсэн нь ч бий. Хэдэн арав, магадгүй хэдэн зуун хувилбарын Чингис хааны хөрөг байгаа нь ойлгомжтой.
Европчуудыг монголчуудын антоним дүр мэт боддогоос болж бид, чухам Монгол нутагт европ арьстан үүссэн гэдэгт огт итгэхгүй биз ээ. Гэтэл үүнд итгэдэг европ арьстан хүмүүс биднээс хичнээн дахин олон юм шүү. Домогт өвөг арийчууд нь Монголоос Төв Ази, Энэтхэг, Баруун Өмнөд Ази, Ойрхи Дорнодоор дамжин Европод ирсэн юм гэж тэд итгэдэг. Тийм ч учраас зарим нь Монгол бол Эдемийн цэцэрлэг бололтой гэсэн таамаг дэвшүүлж байлаа. Монголын баруун мужуудаар балар цагийн европчуудын араг яс, Зүүнгарт чухам эртний европчуудын булш бунхан, Түвдэд орчин үед европ арьстан омог аж төрөн буй нь тохиолдоход тэд чухам юу бодож байсныг таамаглахад түвэггүй юм.
Монголд олдсон антропологийн олдворуудаас үүдэн слав-монгол төрх гэсэн нэр томъёо ч үүсчээ. Зарим орос эрдэмтэд монголчуудын өвөг бол слав төрхтнүүд гэж, зарим нь оросуудын өвөг нь монголчууд ч гэж маргалддаг. Сонирхолтой нь, Ленин болон Гитлерийг цаг үед нь спав-монгол төрхтэй гэж тодорхойлж байжээ.
Монгол эртний европын соёлтой орон байсан гэх нь л холгүй. Саяхан оросын нэг эрдэмтэн “Монгол хэмээгч нэр бол Мегалион буюу Агуу их гэсэн грек үгнээс гаралтай” гэж тайлбарласан байна. Үгүй гэх газаргүй л юм. Мэнгу, Мунгыл, Могол, Моол-цөмөөрөө энэ Мегалионы хувилбар ч байж болно. Ямар ч л байсан тун сайхан тайлбар. Сайхан тусмаа хүлээн зөвшөөрөхөд ойрхон байдаг шүү дээ. Европ бидэнд ийм л хол мөртлөө ойр ажээ. Тийм болохоор европын юманд илүүц арьсны үзэл гаргах нь дэмий юм. Ц.Жамсараногийн алдарт “Хоёр сая унгарын онол” ч хэрэгжих болох юм билүү (Тэрбээр 2 сая унгар хүнийг Монголд суурьшуулбаас зохилтой гэж байв. Унгар нь ч юу юм, хазаруудыг бол болно оо).
Харин монголчууд өөрсдөө ямагт Европ, Өрнө, Өмнөд Америк, Хойд руу, эсвэл бусад чиглэлүүдээр нүүдэллэж, суурьшиж, түүхийнхээ туршид бусад ард түмнүүдийн генетикийн кодыг баяжуулж, сайжруулж явсан бололтой. “Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ?” гэдгийг эрт үед Монголын хүн-эрдэнийн тухайд хэлж болохоор байжээ. Монголын хамаг хийморьтон чадалтан тодорхой үе гэхэд гадагш одож дууссан байсан гэж санагддаг.
Сүүлийн үед “Амьдрал, хүн төрөлхтний өлгий” гэсэн Монголын сайхан алдрыг үгүйсгэх ажлууд хийгдэж байна. Жишээлэхэд өмнөд хөршийнхөн “Хятад- бүхний өлгий” гэж шуугиж байгаа юм. Ялангуяа тэд зүүн-хойд азийнхныг монголоид буюу монгол арьстан гэж нэрлэх нь алдаатай гэж үзэж байна. Зүүн-хойд азийнхан хятадын эртний синантропикоос үүссэн учраас энэ арьстныг синаоид буюу хятад арьстан хэмээн тогтох санал дэвшүүлж байгаа билээ. Угаас хятад төстөн, хятад соёлоор төлөвшсөн япон, солонгос, вьетнамчууд бол үүнд гомдох зүйлгүй. Бид л өөрсдийгөө хятад арьстан, хятад гаралтан гэж хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай. Тивийн монголоид бол бид, түргүүд, индианчууд, бусад адил төстнүүд маань, далайн монголоид гэж хятад төстнүүдийг хэлэх агаад, тэдэнд негроид шинж, байгалийн шинж их байдаг.
Нөгөөтэйгүүр, хятадуудыг монгол арьстан гэж нэрлэх нь бас л сонин. Бид хятадуудын өвөг эцэг гэж үү? Тэгснээс хятадууд өөрсдийгөө Монголоос биш, синантропикоосоо гаралтай гэж тооцсон нь дээр.
Хөх толбо мэтийг ярин, хэнтэй ч дотносон байх нь утгагүй. Хүүхэд үрс нь хөх биш толботой төрдөг ард түмэн ч гэж үгүй аж. Хамаагүй хөх толбо яривал хэн нэгэнд нь амархаан уусах аюултай. Сүүлний атавист үлдэгдэл бол хөх толбо юм.
Өнөөдрийн монголчуудтай хамгийн ойр хүмүүс нь индианчууд гэдгийг эрдэмтэд тогтоолоо. Нөгөө “синантроп саднуудтайгаа” бус, алс холын америкоид (ийм арьстан буй гэж бас үздэг) хүмүүстэй ах дүү болдог байна шүү. Өөр хаана ч байдаггүй релятив соёлоороо төдийгүй, нүүр царайгаараа ч монголчууд синантропчуудаас илэрхий ялгагдах онцлогтой байдаг. Тиймээс хэн ч гэсэн “монгол царай”, “хятад царай” гэж ярьдаг, ялгадаг билээ. Ингэхлээр бид америк арьстан, эсвэл америкийн аборигенүүд монгол арьстан болж таарч байна.
Гэхдээ синантропикийн асуудал сүр жавхлан төгс өнгөрсөн түүхэнд маань юуг ч өөрчилж чадахгүй юм. Монголын өндөрлөг балар цагт арьстан үүссэн хагалбар болж байсан бол монголчуудын мандал бадрал дэлхийн түүхийн хагалбар болж байлаа. Аттила, Чингис, Бат, Хубилай, Төмөр, Баабар нарын их хаадын үеийн монголчуудыг харгис түрэмгийлэл бус, ард түмнүүдийн их шилжилтийг хийсэн гэж ярих болжзэ. Эвдэж сүйтгэсэн бус, эвлэрүүлж нэгтгэсэн гэж үзэх болсон. Тиймээс ч Дундад Азид язгууртнууд нь Чингисийн удам, монгол гаралтай гэж өөрсдийгөө өргөмжилж (үнэндээ ч тийм), монголчуудыг бахаддаг байв. Оросууд Домонгольская, Русь, Послемонгольская Русь гэж түүх, соёлоо хувааж харах нь буй. Монголчууд дэлхийн түүхэнд асар их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг учраас ч америкийн эрдэмтэд Чингис хааныг энэ 1000 жилийн хамгийн агуу их хүн гэж тодорхойлжээ.
Саяхан БНСУ-ын Пусан хотын ойролцоо Сүбээдэй жанжны цэргүүдийн хуягт тэрэг олдсоныг шинжээчид сорьж үзэхэд хүчтэй винтовын суманд огт ажрахгүй байжээ Анхны байлдааны хуягт тээвэрлэгч бас л монголчуудын зэвсэглэлд байж. Гэхдээ хичнээн хүчтэй цэрэг зэвсэглэлтэй байвч, монголчууд эвдэн сүйтгэгчид байгаагүй нь, гарамгай дайчид байсантай нь адил онцлон тэмдэглүүштэй юм. Монголчууд өөрсдийн нүүдлийн соёлыг ч, харийн суурин соёлыг ч, өөрсдийн тэнгэр шүтлэгийг ч, бусдын олон шашныг ч хүндэтгэдэг байсан учир олонхид эв нэгдлийг авчирсан энхийг сахиулах миссийнхэн шиг, чөлөөлөгчид  шиг байжээ.
Хубилай хааны Юань гүрэн, Төмөр хааны Самарканд хот, Баабар хааны Их Монголстан улсын шагшин магтагдсан баян тансаг байдал, хөгжил цэцэглэлтэд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг их. Суурин соёлд идээшин дасч, цогцлоон үргэлжлүүлэх болсон монголчуудын Хархорум нийслэлийг ч энд дурдууштай. “Монголеска” гэдэг нь монголчуудын суурин соёлоос багагүй хамаатайгаар үлдсэн төсөөлөл юм. Монголчуудын сэргэн мандлын үед шинжлэх ухаан, соёл, аж ахуйн олон ололтыг мөн монголчуудтай холбон үздэг болжээ. Хэрэв арабчууд хөгжлийнхөө оргил хурдыг алдаагүй бол X зуунд сансарт пуужин хөөргөх байсан гэдэгчилэн, Монгол эрчээрээ явсан бол дэлхийн тэргүүн гүрнүүдийн нэг байх байлаа. Тухайн үедээ золтой л Америк тивийг мэдэлдээ авчихаагүй юм. Хубилай хааны элч нар Өмнөд Африкт очиж байсан, өдгөө сөнөсөн аварга эпиорнис хяруулыг үзэж, өдийг нь авчирч байсан гэх мэдээ үлджээ.
Хэдийбээр өнөөдөр бидэнд тийм ийм жилийн 9 алдартан гэснээс өөр гаргууд монгол хүн үгүй санагдавч, хэрэг дээрээ монгол туургатнаас улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан, олон салбарт гарамгай хүмүүс төрсөн, төрсөөр байгаа юм. Олонхи нь дэлхийд нэртэй, төчнөөн олон хүнээ нэрлэж чадах үндэстэн тийм ч олон байдаггүй. Тэр утгаараа монголчууд еврейчүүдтэй ч тесөрхөх аж.
Урьдынхтайгаа зүйрлэшгүй эсрэг бүхнийг амсаж тууллаа ч, хамгийн сайхан түүхтэй байснаараа, хамаг бүхний гарал үүслийн төвд байснаараа, хамгийн нууцлаг хэвээр буйгаараа бид, хоосорч сөнөх тавилантай мэт байсан атлаа хоосон цөлийн баянбүрд нь болж тогтнож чадсан еврейчүүд шиг цоо шинэ үндэстэн болон сэргэн мандаж чадах юм шиг бодогддог.
Ер бусын монгол биднийг ер бусын байхыг шаардаж байна.

Ч.Мөнхбаяр

P.S. Энэхүү үгүүллийг 1997 онд бичсэн бөгөөд, саяхан өнөө цагт тохируулан бага сага засвар хийн ахин нийтлүүлсэн.

Монгол дайчдаан хүндэтгэх цогцолбор сүмтэй болцгооё!


Ч.Мөнхбаяр бичиж байна

Энэ оны 8-р сард болсон “Эх орны цэрэг” яруу найргийн наадамд миний бие “зодоглож”, эхний давааг даван, тайзнаа шүлгээ уншсан билээ. Уралдаанд оролцуулсан “Цэрэг сүм болцгооё” шүлэгтээ /үүнийг уншаагүй/ би нэгэн санаачилгаа дэвшүүлсэн юм:

ЦЭРЭГ СҮМ БОЛЦГООЁ!

Хүннү цэргийн сүмдээ мөргөе.
Хүй хорин дөрвөн аймгаа нэгтгэж,
Хүлцэл мянганд баригдсан цагаан хэрмээр хүндэтгүүлж,
Хүн төрөлхтөнд соёлоон өгч, тэнгэрийн ташуурыг илгээсээн.
Хүннү цэрэгт мөргөе.

Сүмбэ цэргийн сүмдээ мөргөе.
Сүмбэр хүч нь Хүннү адил гайхагдан,
Сүндэр Таб, Муюун, Тогоон хөвүүдээ төрүүлсэн нь
Сүн их өмнөд нутгаан чөлөөлсөөн.
Сүмбэ цэрэгт мөргөе.

Нирун цэргийн сүмдээ мөргөе.
Ниргэгч Монгол, Татар хаадынх нь нэр, ардын минь алдар болсон,
Нигүүлсэгч Алун гоогийн нуруунаас төрөөд, монгол бидний нуруу ч болсон,
Нисэх мэт өрнө зүг одсон үрс нь авар нэрээр тавиланг нь цочоосоон.
Нирун цэрэгт мөргөе.

Хитаан цэргийн сүмдээ мөргөе.
Хийморьт найман аймаг нь
Илүү дээдсээрээ гэрэлтсэн,
Хиргис гүрнийг цохиж, ахан дүүсээ зуун зууны дарлалаас аварсан,
Хилэнт, Хар Хитаан хойчис нь, загалмайтан дийлээгүй Сэлжүкийг мөхөөсөөн.
Хитаан цэрэгт мөргөе.

Эзэн Чингисийн цэргийн сүмд мөргөе.
Элэнц дээд тэнгэрийн гэрэлт хөвүүн, наян нэгэн аймгаа нэгтгэсэн,
Эсэргэн дэлхийд амгаланг заяах ариун дайнаараа, монгол энхийг бүтээсэн,
Элгэн монгол угсаатан, монголчууд гэх эрдэнийг гэрэлтүүлсээн.
Эзэн Чингисийн цэрэгт мөргөе.

Эв нэгдлийн цэргийн сүмд мөргөе.
Эрвэлзэх мин дайснуудын хаанаар хонь хариулган номхруулсан,
Эрэмшсэн Манж, Орос, Хасагтай ээлжгүй байлдан цохиж ч байсан,
Эрслэн босч, Чин гүрнийг үгүйртэл тэмцэж явсаан.
Эв нэгдлийн цэрэгт мөргөе.

Тусгаар тогтнолын цэргийн сүмд мөргөе.
Туургат Монгол гэх нэр мартагдан ахуйд, Манж гүрнээс булаан авсан,
Туг түмнээ нэгэн гэр улсад багтаана гээд таван замаар довтолсон,
Тужид харь дээрэмчид үерлэхэд хамаг биеэрээ хааж, хавцал болон урсгасаан.
Тусгаар тогтнолын цэрэгтээ мөргөе.

Дэлхийн дайны цэргийн сүмд мөргөе.
Дэвэрсэн гүрнүүд арсалдан тэмцэлдэж, Халх гол буцлах дөхөхөд,
Дэлбэрсэн зоригоороо дайныг хуйхлан цурамд оруулсан,
Дээвэр нэг дор монгол туургатнаа нэгтгэх гэж, их гүрэнтэй ахин цавчилдсаан.
Дэлхийн дайны цэргүүддээ мөргөе.

Эх Монголын маань эрдэнэ хат болсон тоо томшгүй цэргүүддээ мөргөе.
Эрин түүхийн бадаг бүрийг холбон атгалцсан мөнхийн цэргүүддээ мөргөе.
Эрхэм хүн бүрийн цээжинд оршин цохилох цэрэг сүмдээ мөргөе.
Эгц дээд эгшиг Мөнх Тэнгэрийг дүрслэх мэт, өвч зэвсэгт цэрэг сүм болцгооё!

2009.2.27




Энэхүү шүлгээс санаа минь ойлгогдож байгаа байх.
Миний Монголын дайчин баатруудын ялгуусан их түүх өөр ямар ч ард түмнийхтэй зүйрлэшгүй аугаа, мандан бадармал бөлгөө. Тэд бол Монголын ч дайчид, Мөнх Хөх Тэнгэрийн ч дайчид.
Монгол улс түмэн, эх орныг минь Мөнх Тэнгэр бүтээсэн, ивгээн ирсэн. Бүхий Монгол Дээд Тэнгэр хоёр салшгүй хүйн холбоотой, нэгэн цогц билээ.
Эх орныхоо төлөө амь бие хайргүй тэмцэн эрсэдсэн дайчид ариун гэгээн юм. Учир нь тэд Мөнх Тэнгэрийн төлөө, Тэнгэрийн хүчээр тулалдаж гэгээрсэн.
Тиймээс Монгол дайчны сүм байх ёстой. Ингэж бид Монголоо, Мөнх тэнгэрээ хүндэтгэх үүрэгтэй. Энэ сүмд мөргөсөн хүнд эх орныхоо төлөө тэмцэх ариун эрмэлзэл, хатан зориг, ухаарал сэхээрэл, цог золбоо, хийморь сүлд хурна. Тэрбээр монгол хүний үнэт мөн чанаруудаар цэнэгжинэ. Монгол улс түмэнд минь жинхэнэ монгол хүмүүн л хэрэгтэй, үгүйлэгднэм бус уу.
Энэхүү сүм нь цогцолбор байваас зохино. Хамгийн төв дунд Чингисийн дайчдын сүм сүндэрлэж, Хүннү, Сүмбэ, Нирун, Хитаан, Чингис хааны, Эв нэгдлийн, Тусгаар тогтнолын, Дэлхийн дайны, Өнөөгийн дайчдын сүм тойрон хүрээлэх болно оо. Түүхэн бусад үйл явдлын үед эх орноо хамгаалан тэмцсэн дайчдыг дээрх томоохон түүхийн заагуудад хамруулан багтааж болох юм. Өмнөх үеийг нь Хүннүд, Сүмбэд залгамж улсуудынх нь дайчдыг, Нирун, Хитаанд хойчсыг нь, Чингис хааны сүмд залгамжлагчдыг нь, Манжийн ноёрхол хүртэлхийг Эв нэгдлийн сүмд, Дэлхийн II дайны угтал үйл явдлууд хүртэлхийг Тусгаар тогтнолын сүмд, Дэлхийн II дайнаас өдгөө хүртэлхийг Өнөөгийн дайчдын сүмд хамруулан хүндэтгэж болно.
Уг сүмд гагцхүү эх орныхоо төлөө зэвсэг барин, эсэхүл зэвсгийн өөдөөс шууд сөрөн эрсэдсэн дайчин баатруудыг хамруулан хүндэтгэх юм. Түүнээс бус, аливаа урвагчдыг баатар хэмээн сурталчлах болсон одоогийн галзуурал солиорол, бузар явдлыг гэгээн сүмд хамаатуулж болохгүй.
Монгол хүн бүр дайчин болж, цэрэг сэтгэл зүтгэл, зориг зүрхтэй болох нь, тулгамдсан зайлшгүй шаардлага. Монгол хүн биеэр бус ч гэлээ, насан туршдаа цөм цэрэг дайчин сэтгэлтэй байж л харийнхны атгаг бодлогыг сөрөн зогсоно.
Монгол дайчдын сүм нь жинхэнэ монгол армитай болоход их ач холбогдолтой. Их түүхийн дайчдаа шүтэн биширсэн залуус орос маягийн шоронжсон дэг ёсыг халж, эх оронч, зэвсэг нэгт анд нөхөд, ахан дүүс болсноор, цэргийн насныхан татлагаас зугтах бус, харин тэмүүлэн ирж, бахдалтайгаар албаа хааж, жинхэнэ монголчууд болон хүмүүжиж байх болно.
Дэлхийн жишээнээс дурдъя. Гадаад орнуудад цэргийн том үйл явдал, дайчин баатрууддаа зориулан сүм босгож, шүтэж бишрэх нь маш түгээмэл бөгөөд, зүйтэй ч юм.
Японы Ясүкүни буюу, Энхийн сүм гэж буй. Япон улс, эзэн хааныхаа төлөө амь насаа зориулсан дайчдын сүнсийг хүндэтгэх сүм юм. Японы үндэсний шашин шинто-гийн номлолоор бол, эзэн хаан нь Нарны бурхан Аматэрасу-гийн хүү. Тэгэхлээр эзэн хааны төлөө амиа өргөсөн дайчид бол бурхны цэргүүд, албан ёсны шүтээн болдог.
1869 онд анх Ясүкүни сүм байгуулагдсан. Түүнээс өмнө ч, дайчдын сүмүүд эртнээс Японд байж ирсэн. 1874 онд эзэн хаан нь энэ сүмд мөргөснөөр төрийн статустай болж дээшилсэн. Ясүкүни сүмийн хананд 2 сая 446 мянган гэгээн дайчдын нэрс бичээстэй байдаг. Маш олон дайчны зураг, фото хананд нь буй.
Янз бүрийн гэмт хэрэг үйлдэж цаазлуулах болсон цэргийг, тусгай онгоцоор, шумбах завиар очиж объектийг мөргүүлэн, амиа золиослох камиказэ, кайтэн хэмээх дайчид болгодог байв. Тэднийг ч нүглээ наминчлан гэгээрсэн гэж үзэж, шүтээн болгосон байдаг. Манай урвагч нарыг тэгсэн хойно нь л, урвасан бус, амиа өргөснийг нь хүндэтгэж болох юм даа. Урвасныг нь бол салган үзэж, үүрд мөнхөд жигшүүлэх цогцолбор бас байгуулууштай. Нэг тийм балбаж нүддэг, дэвсэлдэг газар байж болно ш дээ.
Хойд хөршид маань жанжид, ялалтууддаа зориулсан үнэн алдартны олон сүм байдгийг манайхан сайн мэдэх байх. Аллахын төлөө амиа өргөсөн шахид хэмээх дайчдын сүм лалынханд буй гэхчлэн хэлээд байвал урт яриа болно.
Ийм атал дэлхийн хамгийн аугаа дайчдын оронд тэднийгээ хүндэтгэх сүм байдаггүй нь мунхаг хэрэг юм. Энэ сүм Мөнх Тэнгэрийн шүтлэгийн ёс давамгайлсан газар байвал зохистой мэт. Буддын шүтлэгтэй хосолсон синтэз ёстой ч байж болно.
Миний энэхүү саналыг эх оронч зүрх сэтгэлтэй монгол хүн бүр дэмжинэ гэдэгт итгэж байна. Монголын минь эх орончдыг Мөнх Хөх Тэнгэр ивгээн өргөж, дайснуудыг ниргэн булшлах болтугай!
MMIX.XI.XIV
http://moenhbayar.blogspot.com


Өлөн чоно


1
Галт тэрэгний нэгэн хэмийн аятайхан чимээ Ганааг бүүвэйлнэ. Күпэнд нь ааш зан сайтай  улс таарсныг ч хэлэх үү. Александр Васильевич хэмээх эцгийнх нь насны эр:
-Чечений тэр аймшигт хядлага! Хүн хүнээ хайрлахаа байжээ! гээд дэмжлэг хүссэн янзтай Ганаа руу харахад, тэрбээр хориод насны үзэсгэлэнт охиныг нь хулгайн харцаар ширтэж байсан нь баригдав хэмээн бяцхан эвгүйцсэн ч:
-Арай дэндүү. Бүхэл бүтэн парламентийг нэг ч хүн үлдээлгүй хядна гэдэг бол урьд өмнө дэлхийн түүхэнд байгаагүй явдал! гэв. Василыч гуай ч тааламжтайяа толгой дохиод, үргэлжлүүлэн сониноо уншина. Түүний охин Наташа:
-Бидний очих газрын тухай та ярьж өгөөч дээ! Гоё уу? гээд аальгүйхэн толгойгоо гэлжийлгэхэд Ганаа:
-Гоёор барах уу? Гэхдээ эзгүй хээр нь л маш гоё доо. Ширээ шиг тэгш талаар дүүрэн цагаан зээр. Дорнодын талд чинь ямар ч баримжаалах юмгүй болохоор хүн амьтан айгаад очиж нүүдэллэдэггүй юм ш дээ гэв.
-Хөөх, тийм аймаар юм бол юу нь гоё байгаа юм бэ? гээд л Наташка дуу алдахад, бүхий бие нь гайхах мэт. Гансүх хариу хэлсэнгүй. Юу ч хэлэх билээ дээ. Зүгээр л инээмсэглэвэл, бүсгүй ч бас инээмсэглэн харна. Ээ дээ, эгэл жирийн, энхийн амьдрал ямар ч сайхан юм б дээ. Яах гэж хүмүүс, ялангуяа оросууд дандаа дайтаж байлдаж явдаг байна аа?
Охин, ээж аав ийм гурван хүнтэй Ганаа аялан явна. Эх орон нь ойртсоор, хүлээсээр. Энэ поездонд, Монголд өөрийхөө атомын цахилгаан станц, цөмийн хаягдлын булшны газар  барих гэж яваа оросууд дүүрэн. Дуулж хуурдана, архиан ууна, Ганааг очих газрын маань хүн гээд онцгой хүндлэнэ.
Манай хүн ч татчихна. Гэхдээ ер хэтрүүлэхгүй. Өөрийн улсын хортой, аюултай объектуудыг өөр улсад дураар барих гэж яваа улс гэхээр, тэдэнд эгдүүцэл төрөөд байв. Гэвч хэнд ч анзаарагдахгүй явах учиртай болохоор яалтай ч билээ дээ.
Таван жил Чеченьд байсныгаа санан, цонх руу гөлрөн, намрын дөлгөөн наранд ээгдэн суухаа л хамгийн их таашаал гэж үзнэ. Мэдээж, бас Наташкаг харах нь жаргал. Түүнийг харахад Оюунаа нь, хүү нь бодогдоод, тун чиг ээвэр.

2
Монголын хатуу ширүүн, сөнөж мөхөж байгаа амьдрал хайр найргүй хоёр хацар луу нь алгадаад асар их бухимдлыг төрүүлж байсансан. Ганаа бол эгэл жирийн шоргоолж бус тул, бухимдлаа хэрхэн тайлах талаар их л  юм бодож санана, ярина. Гэвч, ойлгох дэмжих хүн нэгээхэн  ч үл олдоно. Хоорондоо  л хэмлэлдэхээс бус, уг үндэс, язгуурыг нь ухварлан ойлгогч Ганаатай л лав таараагүй юм даг.
Даян дэлхийн талаар ч санаа зовнидог хүн түүнээс өөр олдохуйяа бэрх байсан буюу. Угтаа, хүж дэлхий хэмээгч нь нэг л өрх бүл агаад, харь холын  Чечений асуудал бол Монголын асуудал гэдгийг сэхээрэх маш дургүй байв. Чингээд л манай хүн толгой дараалан хядуулж буй тэр ард түмний төлөө тэмцье хэмээн, Чеченд ирсэн билээ.
Очиход нь чечений ард түмний баатарлиг эсэргүүцэл бараг дарагдчихсан, Оросын импээр бодлогын эсрэг зогсоно гэсэн хүнийг бараг солиотой гэж үздэг болчихсон байв. Эрүүл ухаангүй хэмээн хардлаа ч гэсэн, чечен айл болгон, чечен бүсгүйчүүд бүр өөрийг нь үнэн сэтгэлээсээ хүндэтгэж байсныг сананам. Жамила гэдэг бүсгүй түүнийг байлдааны отрядынхан дээр биечлэн хүргэж өгсөнсөн. Сэжиг төрүүлэхгүй гэж, тэр хоёр амраг хосын байдалтай явсаан.
-Ингээд бидний жүжиг дууслаа гэхэд тормолзсон алаг нүд, жавхалзсан биетэй тэр хүүхэн:
-Жүжиг гэхэд ч хаашаа юм б дээ. Ганаа, эсэн мэнд эргээд ирээрэй гэсэн билээ. Чингэхэд манай хүний сэтгэл зүрх гэгэлзэн догдолж, одоо л хөл тавих гэж буй аймшгийн ангалаасаа эмээх ч шиг болж:
-Танай Аллахын ёсонд болох болбуу. Шахид болохын өмнө чамайг нэг үнсчихмээр… гэхэд харин Жамила өөрийг нь тас тэврээд  л озсон юмсан.
Шахид гэдэг нь яахав, Аллахын төлөө амиа золиослогч гэсэн үг. Ганаа маань амиа золиослохыг хүсээгүй. Дайснуудыг хайр найргүй шүршин буудах шаналгаатай эрмэлзэл нь л түүнийг ийн хөтөлсөн билээ.
Тохирсон ёсоор нэгэн тэмдэгт модны дэргэд очиж, нууц үгээ гурвантаа дуудвал, чухам газар дороос л олон дайчин урган гарч ирж:
-Аллах акбар! Вилкам цү Нохчо! Наш брат! гээд л өөрийг нь тэврэн авсаан. Ийм халуун дулаан уур амьсгал, ойлголцлыг манай хүн урьд өмнө хэзээ ч үзээгүй байв. Уярмаар санагдсан. Тэдний ахлагч, генерал Ясин гэгч үс сахландаа дарагдсан араб эр:
-Гайхалтай! Хорвоо ертөнц биднийг мартсан юм байх гэж бодсон чинь нэг дайчин эр хүрээд ирдэг... гэснээ:
-Алив, Ялла, спирт аваад ир хэмээв ээ. Тэр оройжингоо дуулалдаж, уйлж орилж, сонин л юм болсон. Ясин:
-Бид амархан генерал болдог юм. Аль ч генерал сараас дээш насалдаггүй л байхгүй юу гээд хөхөрсөн. Ганаа бүр шал согтоод Жон Лэнноны “Имажин” дууг аялахад, бүгд маш их чухаг царайлан түрсэн билээ.
Түүнээс хойш Гансүх тоо томшгүй олон тулалдаанд орсоон. Улс орондоо гаргаж чадаагүй бухимдлаа тэр энд л гаргадаг байв. 228 тоот хуягтнаас, доод биед нь гал авалцсан залуу гарч чадахгүй бархирч байхад, манай хүн давхиж очоод, тал дундуур нь цавчиж, дээд биеийг нь авч шидэж байсныг багийнхан нь санадаг л буюу. Үе үе тэр зэрлэг араатан болж хувирна…
Гэтэл Наташка:
-Та дуугүй л яваад байх юм. Зээр гэдэг чинь ер нь ямар амьтан бэ? гэв. Ганаа цочин давхийснээ:
-Нэг иймэрхүү өндөртэй гээд гараараа багцаалан үзүүлж, дүрслэн ярив. Үлгэрийн орон мэт тунгалагхан нүдтэй Наташкагийн ээж Вера Пална:
-Эвэр нь хэр вэ гээд л асууна. Сашка гуай:
-Больж үз. Хоёулаа нэг мушгичихъя л даа гээд хөзөр холино. Ганаа түүнд байнга хожигдож, мөрийнд шил архи алдах бүлгээ. Верка гуай:
-Зальтай гэдэг нь. Битгий тувт архи уугаад бай гэж загнамар аядахад:
-Азны юмыг уухгүй яадийм. Верка, аятайхан байгаарай хэмээнэ. Сүүлдээ Василыч дуулж өгнө…



3

Генерал Ясин цусаар ханиан байж, Ганаад хэлэв:
-Ганаа, чи энэ бүлгийг аваад яв. Харин хэзээ ч хаяж болохгүй шүү. Бамутад одоо оросууд орж ирнэ. Манай бүлгийнхнийг тэнд үлдэж, ард олныг хувхай шар толгойтнуудын өс хорслоос хамгаал гэж хэлсэн…
-Хэн хэлсэн юм?
-Масхадов…
-Масхадов уу? гэтэл, тэр нас барсаан.
Ясинийг оршуулав уу, үгүй юу, Эмир Уль-Илам гээчээс, өөрийг нь генерал цолоор шагнасан тушаал ирлээ. Араб үсэгтэй погон, десант малгайг хамт ирэв. Тушаалын дагуу Бамут руу, дайсныхаа дунд орохоос өөр аргагүй боллоо. Дунд нь байна гэдэг, өөд өөдөөсөө буудалцахаас ч аюултай, түгшүүртэй юм гээч.
Тэнэг юм шиг жүжиглэнэ, гэхдээ чечен хүн болгон өөрийг нь мэдэх нь сонин. Бүлэг нь бусдаасаа бараг бүрэн холбоо тасарлаа. Нөхцөл байдал л тийм болгочихов. “Сайн дурын уран сайхан” л хийж явдаг улс гарав.
Тэд байнга л мөрдөж мөшгинө, ажиглалт хийнэ. Чингээд ямар нэг орос цэрэг балмад явдал гаргавал, хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлдэг ажилтай боллоо. Янз бүрээр цаазална гэсэн үг л дээ.
Гудамжинд тэнэмэл гуйлгачидтай хамт хоноглоно. Гэхдээ сар бүрийн 10 мянган доллар, элдэв шагнал урамшил данс руу нь хөрвүүлэгдсээр…
Нэгэн удаа орос цэргүүд эндхийн нэрт жүжигчин бүсгүйг бөөнөөрөө хүчиндэж буйг илрүүлэв. Бүлэгтэйгээ дайрч ороод, бүгдийг нь хороож, толгойг нь хичээнгүйлэн салгаад, ширээн дээр өрж, зургийг нь авлаа. Тайлан, сурталчилгаанд хэрэгтэй л дээ. Ухаан солиорсон мэт бүсгүй цорхирон уйлж,
-Аврагчид минь, би та нараас юугаа ч харамлахгүй гэж байв. Гансүх:
-Уут сав л хэрэгтэй байна, хатагтай хэмээгээд, толгойнуудыг авч явсан. Арабуудад тушаах ёстой бөгөөд, тэд ар гэрийнхэнд нь худалдаж, санхүүжилтдээ нэмэр хандив болгодог юм гэсэн.
Нөгөө Эмир Уль-Илам гэдэг шахид боссынх нь захидал ирэв. “Аль-Ганибар чи дэндүү харгис хэрцгий авирлаж байна. Хяналтаас  гарах гээд байдгаа боль. Гэхдээ сайн үйлс чинь сөрөг талаас чинь илүү. Тиймээс, чиний цолыг ахиулах, шагнаж хөхиүлэх талаар бид ярилцсан. Яаралтай ир!” хэмээн арабаар бичжээ. Манай хүн энд ирээд орос, англи, араб хэлийг аргагүй л сурсан юмсанж.
Энэ захидлын цаана алах ял нуугдаж буй гэдгийг, дагах боломжгүй дүрэм журам, ёс жаягуудыг нь умартсан  Ганаа сайн мэдэж байв. Уль-Иламд тэр “Үгүй” гэж хариулсан юм. Эмир ч Ганааг урвагч гэж яаран зарлав.
“Өө, Аллах, дайн гэдэг аймшигтай зүйлийг үгүй болгож өгөөч” гэсэн дууг олонтаа шимтэн сонсож, хичнээн ч их залбирч явдаг байлаа даа…
Гэтэл Василыч:
-Чи надад ахиад хожигдлоо. Алив, шаг даана даа хө гэж баяртайяа дуу алдав. Вера Пална:
-Энэ муу зөнөгт архи өгөөд  хэрэггүй шүү, хүү минь гээд авааль нөхрөө ширүүхэн харна. Наташка:
-За яршигаа, яршиг. Аавд тэр өгдөг юмыг нь өгчих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол ядаргаатай ш дээ гэх аж. Ганаа багсайсан доллараас хэдийг тоолж өгвөл Василыч гуай нисэх мэт алга боллоо. Аргаа барсан Наташка:
-Чи ямар аймаар их мөнгөтэй юм бэ! гэж дургүйцэнгүй хэлэхэд радиогоор: “Анхаар! Чечений парламентийг хядсан Аль-Ганибар ибн Махмудыг эрэн сурвалжилж байна. Өндөр нуруутай, ази төрхтэй…” гэхчилэн улиглана.

4
Хотод үлдэж; галзуу мэт дураар авирлах, харгис хэрцгий нь гаарсан түрэмгийлэгчдийг гэсгээн цээрлүүлдэг, өш хонзон авдаг “Өлөн чоно” бүлгийнхэн нь маш их нэрд гарлаа. Уль-Илам тэднийг, дуртай ч, дургүй ч, хүлээн зөвшөөрсөн дүр эсгэхээс өөр аргагүй л болсон хэрэг.
Аль ч чечен айл Ганаагийн өмнө хаалгаа нээнэ, харин хэзээ ч илчлэхгүй.
Бүр давраад, Грозный руу явж, Жамилатай уулзлаа. “Чи минь болиоч дээ. Харсан үзсэн болгоноо алж хяддаг Аль-Ганибар гээд л ярьж байна ш дээ. Чамаас тэгээд бас нэл дарь үнэртэж байна” хэмээн догдлон хэлээд, бүсгүй энгэрт нь наалдав. Үнэхээр ч өөрийгөө хэрцгий араатан болчих гээд байгааг Ганаа мэдэрдэг. Үүнийг эцэслэх ёстойг ч ойлгодог.  Яаж болих вэ, яаж дуусгах вэ гэсэн зүдэргээнт бодолд ээрэгдэн явдаг болсон цаг.
“Би Монголд Оюунаа гээд бүсгүйтэй байдаг юм. Бүр хүүхэдтэй” гэхэд Жамила “Жинхэнэ эр хүн чинь гурав дөрвөн эхнэртэй байдаг байхгүй юу. Гэхдээ би хамгийн тэргүүн гэргий чинь болмоор байна” гэсээн. Баатраараа тэрбээр бахдан, ахар богино жаргалдаа цэнгэн байлаа.
Эмирийн ээлжит захиаг аваад, Ганаа нөхөдтэйгээ зөвлөлдөхөөр шийдэв. Хуурамч доллар хэвлэдэг машин тэдний “бүс нутаг”-т байдаг юм байна. Түүнийг авч ир гэж тушаажээ.
Бүх “Өлөн чоно”-уудыг цуглууллаа. Гансүх тэр үед бараг маршалл цолтой болсон байсныг ч хэлэх үү. Юунаас эхэлж ярихаа мэдэхгүй эг маг хийж байтал нь Ибн-Кордоба гээч, Мароккогоос ирсэн эр:
-Чи яагаад үхэхгүй байна? гэж асуун, олон түмнийг хөгжөөв. Сэтгэлийн хөөрөлтэй лалууд тэсэрч дэлбэрсэн уур хилэнтэй ч, бас маш алиа хошин, өөрийнхөндөө жигтэй нөхөрсөг найрсаг.
-Би үхэх гэж ерөөсөө бодоогүй юм чинь! хэмээн Ганаа зэрлэг эрчүүдэд хариулбал, бүгд нижигнэтэл хөхрөлдлөө. Түүнд эртнээс бодож боловсруулсан,  мөрөөдөл нь болсон, уран зөгнөлийн гэмээр төлөвлөгөө байлаа.
-Одоо харин бид үхэх хэрэгтэй байна. Уль-Иламын тушаал хамаагүй шүү! Надтай өнөөдөр хамт байх нь гараа өргө! Зөвшөөрөхгүй нь шууд л одоо явагтун! Маш аюул осолтой төсөл хэрэгжүүлэх гэж байна хэмээн Ганаа үгүүлбээс:
-Уль-Илам юу юм! Түүний хулчгарууд ойд бүгчихээд, биднийг дандаа дүрэлзсэн гал руу түлхдэг.
-Тэр муу новш юу хуцаад байгаа юм!
-Ганаа, чи хаа байдгийг нь л хэлээдэх. Уль-Иламыг сургаад өгье! Хангамж ч явуулахаа байлаа! хэмээн бархиралдав…
Василыч нэлээд халж:
-Уг нь танай Монгол, манай Орос хоёр чинь нэг юм байгаам ш дээ гээд л дуу нь чангарна. Сэтгэл нь аргагүй л зовнисон Верка гуай:
-Энэ муу согтуу толгой юу л  мэдэж шалиа аж гээд нөхрийнхөө дагз руу зөөлөн алгадсанаа:
-Хүү минь варень идээч, би өөрөө л хийсэн юм даа хэмээв. Наташкагийн чанамал түрхэх нь бүхэл бүтэн урлаг аж. Яаж тэр гараан хөдөлгөж, харж, оршино вэ? Ийм чанамалтай талхыг бишрэн шүтэхгүйгээр идэх аргагүй. Түр-түр, тар-тар гээд, галт тэрэг өөрийн аялгуу дууг түрсээр л байх ажгуу.

5
Галт тэрэгний түрлэг шиг, доллар хэвлэж байсан хэмнэлийг сананам. Зүгээр л нэг баригдашгүй өшөө авагчид хэвээр үүрд явахыг Ганаа хүсээгүй юм. Нигэрийн Бабуда:
-Дарга аа, биднийг ийм олон доллар хэвлэхийг Аллах таалахгүй ш дээ гэхэд манай хүн, өөрөөр хэлбэл генерал:
-Амаа хамхи! л гэж хариулав.
-Генерал аа, болоо юм биш үү гэсэн уйгурын босогч руу нэг сая долларыг тоглоомоор шидэн, инээдэм ханиадам үүсгэв. Чингээд Ганаа ярив:
-Ойн савдгуудын санаа бодол бидэнд хүртээлгүй. Тэд нуугдсаныхаа төлөө л өндөр цалин авдаг. Харин бид жинхэнэ өлөн чоно байсан. Үйлсийг маань тэд өөрсдийн болгон тайлагнаж суудаг нь худал гэж үү. Бүлгийнхээ хүн бүрд би 10 сая доллар өгнө өө.
Тэгэхэд нь чечен, кавказ, араб, афган, нигэр бүгд хөөрөн баясч, залбирч, алгаа үрчин, элдвээр л аяглалаа. Хамид босон ирж:
-Төрийн ордонд бид нэвтрэх нь 70% боломжтой болоод байгаа. Засварчдыг бүгдийг нь худалдаад авчихсан! гэв. Ганаа:
-Ордны гадна? гэхэд Салман өндийж:
-100 хувь. Доллар байхад бүтэхгүй юм гэж алга. Хамгаалалтынхан, цагдаагийнхан бүгд худалдагдсан. Оросуудыг дагасан гөлөгнүүдэд үнэ цэнэтэй юм гэж байх биш гэлээ. Яг л энэхэн үед Ганаа уйлах дөхсөн бөгөөд,  үс сахал, үнэр заар болсон нөхдөө тэвэрлээ. Чингээд:
-Өө Аллах, бид энэ үйл хэргийг бүтээвэл яаж ч үхсэн хамаа алга. Чечений парламентийн гишүүд  нэртэй адгийн урвагчид, ард түмнээ сөнөөгчид цугаар хамтдаа зургаа авахуулах гэж байгаа тэр л тохиол бол хосгүй боломж, алдаж болохгүй алтан агшин шүү!
Аливаа улс орны зовлон зүдгүүр харийн түрэмгийлэгч, урвагч нараас үүддэг. Дэлхий дахинд сургамж болог! Манай бүлэг энэ ажиллагааг явуулаад, бутрахаас өөр аргагүй. Бүх том гүрэн биднийг ангуучлах гэж хичээх болно. Ах дүү нар минь, эцсийн “тоглолтоо” хийсэн шиг хийцгээе гэж догдлон хэлэв. Агуу их үйлсийн төлөө хөөрсөн, тус бүр 10 сая хуурамч доллар авна гэдгээ мэдсэн дайчид ч дэмжин орилолдов.
Хэдэн өдрийн дараа Чечений парламентийг  Ганаагийн бүлгэм битүү бүсэлсэн байв. “Долларын матрицийг даруй өгөхөөс өөр юу ч хийж болохгүй” гэсэн Уль-Иламын тушаалыг хэн  нь ч дагасангүй…
-Подмосковные вечера гээд л Василыч орилно. Вера авгай:
-Эхэллээ дээ! хэмээн гасална. Аль ч газрын согтуучууд ар гэрийнхэндээ асар их дарамттай байх ажгуу. Ганаад ч Наташка:
-Хоёулаа мушгия л даа гээд хөзөр дэлгэлээ. Нэгэн согтуу толгой шагайв.
-Наад хар бөгстийг чинь ална аа! Өгөр монголыг гаргаад ир! Бид бодийг нь хөтлөөд өгье! гээд л чарлана. Ганаа өндийн босох гэтэл Наташка, Верка, Василыч бүгд л хорино.
-Тэнэг минь зайл! Өөрийн чинь л бодийг хөтөлбөл таарна! Энэ галт тэргэнд чинь бас эрүүлжүүлэх бий гэдгийг мартаа юу! хэмээн тэр гурав зэрэг зэрэг хашхиралдах ажгуу. Оросуудын энэ цайлган цагаан занг Ганаа мэднэ л дээ.
Амьсгаа нь өндөрссөн Наташка:
-Битгий юм бодоорой. Манай зарим улс ч… хэмээн өчив. Гансүх:
-Тэр яах вэ гээд инээвхийлснээ, амгалан байгалийг ширтлээ. Ээ дээ, энх гэдэг!
6
Ажиллагаа маш хүндрэлтэй боллоо. Гэхдээ л парламентийн гишүүдийг зургаа авахуулах гэж гарч ирэхэд пулемёт, автомат тачигнаж, бөмбөг дэлбэрэв. Тэд ордон руугаа зугтаж ороход бас өөдөөс нь ширүүн гал угтав.
Ганаа бүхнийг ажиж байлаа. Тэрбээр хажуугийн байшин дээрээс, гэсгээн цээрлүүлэлтээс мултрах гэсэн дайснуудыгаа мэргэн буудагчийн дээд зэргийн винтовоор нам унагаж байв. Ийм винтов байхад ч, гох дарахаас өөр хийх, чармайх зүйл үгүй юм.
Буцалж, шатаж буй ордон руу харахад, тэр хавьд нэг ч хүн амьд үлдэхгүй нь бололтой. “Санасандаа хүрлээ, эцсийн тулаан” гээд бодоход, сэтгэл нь нэг л жаргалтай. Одоо энэ ажиллагаа л дуусчихвал… Хамаг нөхөд нь амиан алдаж байгаа болохоор бас шаналантай. Цэнгэл зовлон хосолсоор.
Наташка:
-Ганаа чи ер нь юу хийдэг юм бэ? Аягүй их мөнгөтэй юм. Үнэнээ хэлээч дээ гэв. Бантсан Гансүх:
-Бизнесийн нууцаа задлах гэж үү? хэмээн дүйвүүллээ. Радиогоор:
-Чечений парламентийг устгасан алуурчин Аль-Ганибарыг эрэн сурвалжилж байна! хэмээнэ.  Бүдэг хариултад урам нь хугарсан Наташка:
-Ямар ядаргаатай юм бэ! гээд радиог унтраав.
Харин Ганаад асар их цус бодогдоно, үзэгдэнэ. Түүний хамаг сайн найз нөхөд үхсээн. Заримыг нь оршуулж ч чадалгүй, хаяад явж л байсан. Саудын Араб, Татар, Эстони гээд л хаанааас л бол хаанаас найз нөхөд нь ирдэг байсан шүү дээ. Тэд бүгд энэ хорвоогоос хальсан. Нэг нь ч амьд үлдээгүй байх. Төрийн ордны ажиллагааны үеэр бүх дайчид нь ч, бүх гишүүд ч алагдсан билээ.
Ганаа энэ бүхнийг дурсан, зүүд шиг санагдахыг нь гайхан явахад, согтуу Василыч зүүд нойрон дундаа:
-Чи тэр Аль-Ганибар байна шүү дээ гэснээ, эргээд унтаад өгөв. Уг нь, Афганд тулалдаж явсан тэр айхавтар гярхай, ажигч хүн л дээ.
Хил дээр ирлээ. Оросын ширүүн дориун харцтай хилчид хэвлэмэл материал тарааж:
-Аль-Ганибар, Аль-Ганибарыг хайж байна гэж шуугилдав.Василыч:
-Юуны чинь Аль-Ганибар, амар заяа үзүүлээд өг! Залхаж гүйцлээ! хэмээн хуйсганавал хилчид:
-Ээ, хар зөнөг! Мэдэж байгаа юм байхгүй! Террористууд улс орныг сөнөөж байхад! гээд хараасаар одов.  Тэдний үүрэг гэж, гагцхүү Аль-Ганибарыг хайх явдал болсон юмсанж. Үзлэг мүзлэгээ ч умартчихсан улс явна. Медведев Аль-Ганибарыг хувийн ¹1 дайснаа гэж зарлаад, түүнийг эрэн сурвалжлах л ажил хий гэж хүчнийхэнд зарлигджээ.
Гэхдээ, ногоон контакт линзтэй, үс сахалдаа дарагдсан, хар шилнээс салдаггүй, нар салхинд пад хар гэлтэй болчихсон, Монгол гэх нэрийг бараг хэн ч дуулаагүй орчинд байдаг асан, Ганибарыг дэндүү үнэмшилтэй баримт бичгүүд, хуурамч үүх түүхтэй эгэлхэн Ганаа болчихоор хэн ч танихав дээ. Хорвоод хосгүй хаос болсон Монгол оронд хөл тавих гэж байгаа тэрбээр Аль-Ганибарынхаа хувьд бол тайван байв. Цаашид угаасаа Аль-Ганибар ч гэж байхгүй.
Тэгсхийгээд галт тэрэг ч хөдөлж, бүгд л уужим амьсгаа авав. Арга ч үгүй дээ. Монголд очоод зарах элдэв бараа сэлтийг нуугаагүй хүн үгүй юм чинь. Ганаад гэхэд л хуурамч долларууд нь байлаа. Тэднийг ялгахын аргагүй хэвлэдэг матриц ч энэ галт тэргэнд буй. Манай хүн галт тэргийг бараг худалдаад авчихсан байв. Хэрэг гарвал хилийг ч худалдаж авах байсан.
Өлөн чоно Монголын хилийг давлаа.
Ч.Мөнхбаяр
MMIX.X.V
http://moenhbayar.blogspot.com


P.S. Сүүлийн үед сэтгүүлч, зохиолчдыг тийм ч юм сурталчиллаа, ийм ч юм сурталчиллаа гэж гүтгэн буруутгаж, бүтээлийн эрх чөлөөг боогдуулах нь их болж байна. Зохиолоо дор нь тайлбарлаад сууж байна гэдэг утгагүй хэрэг. Гэвч нийгмийн маань бодот байдал иймд л хүргэж байна. Энэ үгүүллэг бол "террорист болоорой, гоё сайхан шүү, энэ утсаар харьцаарай, таминь ээ" гэсэн реклам, зар сурталчилгаа биш юм. Харин нийгмийн сөрөг үзэгдлүүд ямар ч үр дагаварт хүргэж болно гэж анхааруулсан сэрэмжлүүлэг юм шүү!