Saturday, December 5, 2015

Нью-Мексикод зорчсон тэмдэглэл

Цөмийн штатад тавтай морил!

Энэ цэгээс холгүй буюу, Альбукерке хотын төвд манай буудал оршиж байв

Альбукерке хотын “Блю” хэмээх эгэлхэн нэртэй хөөрхөн зочид буудал дахи өрөөндөө оронгуут орны хажуудхи утас дуугарч, “Монголоос ирсэн зочдыг хүндэтгэн оройн зоог барих тул буугаад ир” хэмээв. Хөтөлбөрийн ахлагч Пол гуай миний т-цамцыг зааж, “Мөнхбаяр миний анд байгаа юм!” (Ц.Мөнхбаярын зурагтай цамц өмссөн байв) хэмээн олзуурхан хэлж угтав. Ингээд Ариунцэцэг бид гурав зунаараа байгаа мод цэцэгстэй бүлээн гудамжаар алхаж, “Суши Хана” ресторанд орвол Гэри, Хизер, Наталья нарын америк нөхөд хүлээж байлаа.
Энэхүү япон зоогийн рестораныг эх орон нэгтнүүд маань ажиллуулах агаад, найрсаг гэгчээр биднийг хүлээн авч, залуу ажилтан нь намайг эчнээ таних болохоо мэдэгдэв. Үзэл бодол нэгтнүүдийн халуун дотно яриа бүрдлээ. Нэгэн гэр бүлийн Гэри, Хизер хоёр Оросод ажиллаж байсан, Наталья орос үндэстэн, Ариунцэцэг орос хэл зааж байсан, Пол гадарладаг, би Свердловскод сурч байсан тул яриа оросоор ч өрнөчихнө.
Баруун-Өмнөдийн судалгаа, мэдээллийн төвийн (БӨСМТ, SRIC) Судалгааны албаны захирал Пол Робинсон гуай бол энэ ТББ-даа 1971 онд байгуулагдсанаас нь хойш 40 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, байгаль орчны төлөө тууштай тэмцэгч, профессор, инженер-эколог хүн юм. Тэрбээр Монголд хэдэнтээ аялан ажиллаж, манай байгаль хамгаалагчдыг АНУ, ОХУ улсуудад сургалт семинарт хамруулан чадваржуулж, эх орон нэгтнүүдтэй маань 10 гаруй жил хамтран ажиллаж ирсэн буянтай буурал болой. Миний хувьд хоёр жилийн өмнө түүнтэй Улаанбаатарт танилцаж байсан.