Оюутолгойд монгол бүсгүйчүүд 6000 хужаагийн байнгын бэлгийн дарамт дор байдаг
1. Оюутолгой авлигаар өгөгдсөн
Хэдэн жилийн өмнө хэвлэлд “Оюутолгой” гэсэн бичигтэй архи бариад, “Уугаад бай, уугаад бай, хариуцлагыг нь би хүлээнэ” гэж гадаадын хөрөнгө оруулагчдад хэлэн, хундагалж буй С.Баярын зураг нийтлэгдсэн билээ. Өдгөө тэр хүн хариуцлага хүлээж байгаа билүү.
1994 онд, “бид ашигт малтмалаа дангаар эзэмшин ашиглахыг эрхэмлэнэ, аргагүйдвэл ордын 49 хүртэлх хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэн ашиглуулж болно” гэх баримтлалтай ашигт малтмалын хуулийн төслийг Ө.Чимэд гуай нар боловсруулж, тэр нь батлагдах гэж байсан билээ. Гэтэл, дотоодод хөрөнгө оруулалт нь байсаар байтал, “гадаадын хөрөнгө оруулагчдыг татна” гэж, угтаа бол харийнхнаас авлига авч, үтэр түргэн баяжихыг хүсэгчид Монголын баялгийг неоколоничлогчдод бэлэглэх гэж ашигт малтмалын 1997 оны хар хуулийг боловсруулан батлуулсан билээ. 5 жил татваргүй, дараагийн 5 жил 2,5 хувь, цаашдаа 5 хувийн татвар авна, стратегийн гэх, баялагтай баялаггүй хэдхэн ордын 51 хувийг Монгол улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн нөхцөлд, 34 хувийг тийм бус нөхцөлд Монгол улс эзэмшинэ гэсэн, бусад 8000 орд илэрц, илрээгүй эрдэс баялгуудыг Монгол улсад хамаагүй болгож, хувь заяаг нь гаргуунд нь хаясан энэ балагтай хуулийн харгайгаар эх орон маань харийн эрхшээл ноёрхолд орсон, ард иргэд ядуурал зовлонд унасан, боолчлогдсон, дотоодын урвагчид харь эздийнхээ тусламжтайгаар харгис дэглэм тогтоосон, нийгэм сүйрч мөхсөн байдалтай болоод байна.
Оюутолгойд зэс бий гэдэг нь эрт дивангалбаас тодорхой байсан. Төслийн дэд ерөнхийлөгч С.Санждорж, “Эрэл хайгуул хийхэд тухайн уул ус газрын нэр сэжүүр болж өгдөг. Энэ газар долоогоос таван мянган жилийн өмнө хүмүүс хүдэр хайлж ашиглаж байсан ул мөр бий” гэсэн. Тэгвэл Оюутолгойн ордыг БНМАУ-ын үед хайгуул хийн илрүүлсэн, холбогдох материалыг нь Монгол улсын иргэн гадаадынханд дамжуулж өгсөн гэх ч яриа байдаг. Юутай ч атугай Оюутолгой бол авлигаар харьд өгөгдсөн олон олон ордуудын нэг юм. Энэ талаар олон зүйл ярьж болох хэдий ч, цаг хэмнэх үүднээс түдгэлзье.
2. Монголыг буруутгах гэрээ
“АММ чармайна, бид буруудна” гэх энэ зураг Оюутолгойн гэрээний мөн чанарыг харуулж байна. Энэ зураг нийтлэгдэх үед “Айвеноу Майнз Монголиа”-тай гэрээ байгуулах гэж байсан бөгөөд, гэрээний драфтад гадаадын талын үүрэг тодорхойгүй, “чармайна, хичээнэ” л гэж байсан, харин Монголын тал маш олон зүйлээр буруудах учиртайг, ер нь яасан ч байсан буруудах учиртайг ихээр тусгасан байв. Энэ аюултай гэрээг хэрхэн цуцалж болох нь тодорхойгүй, Монгол улс шүүхдүүлэх нь л тов тодорхой байсан. Татвар аваад шалих юм байхгүй, ингэвэл тэгвэл ийм тийм татвар авахгүй гэх заалтууд зөндөө байлаа. Бараг өөрчлөгдөлгүй, гэрээ болж батлагдсан.
Оюутолгойг эзэмшихэд 1 тэрбум доллар ч хангалттай гэгддэг. Тэр байтугай их мөнгө үе үе ЗГ-т бий болчихдог байлаа. Айвеноу Майнз, Рио Тинто Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд 4 тэрбум хэрэгтэй гэж байсан. 3,5 тэрбум хэрэгтэй ч гэж байсан байна. Удалгүй 9 тэрбум хэрэгтэй гэдэг болсон. Гэрээнд тусгагдсан. Гэтэл одоо 24 тэрбум хэрэгтэй, бүр их хэрэгтэй гэж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг их өрөнд оруулах гэж, сүйрүүлэх гэж чармайсаар байна, бид буруудсаар байна.
3. Харийн түймэр
Монгол орон руу харийн зүгээс гурван луу тургиж байгаа энэ зургийг харцгаая. Үнэхээр Оюутолгойн ордыг эзэмшсэн харийнхан Монголыг хөнөөлт галаар тургин хуйхалж түймэрдэж ирлээ.
Монголчуудад 170 мянган ажлын орон тоо бий болгоно гэснээ, 56 дахин бууруулж, 3000 болгосон. Монголчуудыг элдэв аян шалтгаар ажилд авахаас цааргалж, амласан тооныхоо дагуу ажиллуулахгүй байгаа. “Хөх Монгол” зэрэг ТББ-ынхан газар дээр нь очиж ажиглалт хийгээд, хэвлэлийн хурлаар: “Монгол улс дотор хятадуудын улс бий болчихсон нь тодорхой байна. Монгол хүн тэр хятадуудад ойртох ч эрхгүй байдаг гэнэ. Оюутолгойд зургаан мянга гаруй хятад ажилчдын хуаран байдаг. Хятад ажилчид нь бүгд эрчүүд. Баяжуулах үйлдвэрийн барилгын ханан дээр хүртэл “Ногоон навчин доор шавж хорхой нам гүм байдаг шиг бид энд нам гүм ажлаа хийх ёстой” гэх мэт уриануудыг хятадаар бичиж хадсан. Ер нь хятадуудын хуаран руу монгол хүн нэвтрэх ямар ч эрхгүй. Тэнд юу болж байгаа нь тодорхойгүй. Оюутолгойд ажилладаг бүсгүйчүүд байнга шахуу бэлгийн дарамтад байдаг. Мянга шахам монголчууд бүсгүйчүүдээ өмөөрлөө ч зургаан мянган хятадыг дийлэхгүй нь тодорхой шүү дээ” гэхчлэн харуусан ярьж байсан.
Оюутолгойд Монголын талаас хяналт хэрэгжүүлэх бололцоогүй, ТЭЗҮ-гүйгээр гэрээ байгуулагдсан. УЗ-д нь гадаадаас 6 хүн, Монголын талаас 3 хүн орохоор заагдсан.
250 сая долларын урьдчилсан төлбөрийг Монголын талд өглөө гэсэн, монгол хүн бүрт 2,5 сая төгрөгийн эрдэнийн хишиг хүртээнэ гэсэн. 2,5 сая ч байхгүй, 250 сая нь болохоор 9,8 хувийн өндөр хүүтэй зээл байж таарсан. Тэр үед 5,5 хувийн хүүтэйгээр өөр газраас зээл авах боломжтой байсан байна. Энэхүү 250 сая нэхэгдээд, Монголын ядуу ЗГ-ыг нуман тулгуурт оруулж байна. Тэгвэл санаан зоргоороо өсгөж хэлдэг “төслийн зардал” гээчийн 34 хувийг манай баялгаас аваад, “Монголын талд зээлдүүлээд байна” гэж байгаа бөгөөд, тэр өр нэхэгдэхээр яах вэ? Улсаа өгөх үү?
Хог гэрээ гэгдсэн ХОГэрээний зэрэгцээ, нууцын зэрэглэлтэйгээр ХНГэрээ гэдгийг байгуулж, Монголын эзэмших хувийг 6 болгох гэсэн.
Оюутолгойн гэрээний дагуу хуулиа зассан гэгддэг. Оюутолгойн гэрээ, харийн луйврын гэрээнүүд Монголд Үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэж байна.
Ийнхүү Оюутолгой харийн дарлал мөлжлөгийг авчирсан.
4. Шанаган доторх Монгол
Монгол орон яг энэ зураг дээрх шиг экскаваторын шанаганд орчихоод байна. Монгол улс түмнийг маань харийнхан яг л энэ зураг дээрх шигээр, тэр аяар нь утгаж аваад л ашиглаж завшиж дуусгах гэж байна.
Манай дарга нар харийнхны эрх ашигт бүхнийг нийцүүлэхийн тулд бүхнийг хийсэн, яахаас ч буцдаггүй. 200 хүнтэй суурингийнхныг албадан хөөж зайлуулж байгаад газрыг нь өгч, алтыг нь ухуулж байсан. Гол горхиныхоо 50 хувийг ширгээлгэн байж эрдэнэсээ цөлмүүлдэг. Харийнхны эрх ашигт нийцүүлэх гэж, Монголын баялгийг Монголын баялаг биш гэж мэлзэн мэдэгддэг, бүр хуульчилдаг. Ерөнхий сайд Сү.Батболд: “Монголын баялаг бол Тавантолгой, Оюутолгой биш ээ, монгол толгой, монгол хүний толгой” хэмээн, Монголынх биш гэж мэдэгдэж байсан. Уртаараа Улаанбаатар хотын дайтай өргөн, өндрөөрөө хэдэн арав, магадгүй зуу дахин их, зарим улсыг бүрмөсөн дарчих хэмжээний их алтыг Энтре Голд компани илрүүллээ гэх мэдээллийг манай сэтгүүлчид гадаад эх сурвалжаас эшлэж түгээсэн. Гэтэл төрөөс мөн л Монголын баялаг бус гэж мэдэгдсэн. “Эрдэс баялгийн зөвлөлд мэдэгдээгүй, илэрлээ ч гэсэн хэмжээг нь манайд тайлагнаагүй учир орд гэж үзэхгүй, луйврын шинжтэй, олон нийтийг төөрөгдүүлэх цуурхал” гэж байсан. Монголын баялгийг Монголынх гэж мэдээлэх явдлыг “луйврын шинжтэй” гэж байна, Монголын баялаг биш, орд биш гэж “залруулж” байна. Нөгөө гадаадын хөрөнгө оруулагчид нь дэлхий даяарт мэдээлсэн, хэмжээг нь ч тайлагнасан байгаа юм.
Харийнхныг өөгшүүлэх тусам өр рүү өшиглөдөг. Энтре Голд нь Айвеноу Майнзын охин компани гэгдэж байгаа бөгөөд энэ охин компанидаа эзэмшүүлсэн гэх нэрээр Оюутолгойн баялгийн 20-30 хувийг гэрээний эрх хэмжээний гадуур гаргасан дээрмийн халхавч юм. Сууринг хөөлгөж, газрыг нь булаасан Паушок Монгол улсын эсрэг өглөө үдэшгүй заргалдсан. Харийн уул уурхайн шулан мөлжигчид Монгол улсын эсрэг босч тэмцдэг. Одоо ч Рио “дайн зарлаад” байгаа.
Байгалийн баялгийн хамаг ашиг монголчуудад ирж байгаа гэдэг. Их өрөнд л оруулж байгаа билээ. Ялих шалихгүй өө сэв, аян шалтаг хэлээд л гадаадын компаниуд санаандаа орсон тоогоо хэлж, Монголоос төлбөр, торгууль нэхэмжилдэг. Манай баялгаас, бидэнд санаандаа орсон тоогоо хэлж, өндөр хүүтэйгээр зээлдүүлж, шулдаг. Алт эрдэнэсийг маань цөлмөн хоосолчихоод алдагдалтай ажиллалаа гэдэг. Харьд алдагдалтай ажиллачихаад, “танайд алдагдалтай ажилласан, та нараас боллоо” гэж буруутган ялладаг. Дандаа алдагдалтай ажиллахаас ичээд гуйлгачинд сохор зоос, нохойд хөсөр яс өгч байгаа юм шиг монголчуудад жаахан юм хаядаг, тэгээд “баялгийн ихэнх та нарт очиж байгаа, ингээд бид алдагдалд орсон, хоосорсон” гэж солиордог. Алдагдалтай ажилласан болж харагдах олон мэх байдаг шиг, монголчуудад баялгийн ихэнх, мөнгөний ихэнх очиж байгаа шиг төөрөгдүүлэх олон мэх байдаг. Аргачлалыг нь товч хэлэхэд, өнөөдөр энэ танхим түрээслэсэн мөнгө, бидний унааны зардал, хэлэлцүүлэгтэй холбоотой бүх мөнгийг, мөн бидэнтэй холбоотой нэлээд хэмжээний мөнгийг нэмж, өсгөж гаргаад, Оюутолгой төслийн ачаар монголчуудад очсон мөнгө гэх жишээний.
Гэвч амьдрал өөр зүйлийг нотолж байна. Байгалийн баялгийн ихэнх мөнгө монголчуудад очсон, очиж байгаа л гэдэг. Тэр ирж байгаа юм хаана байна вэ? Ард түмний ирээдүй гэрэлтэй болов уу, харанхуйлав уу? Ядуурал ихсэв үү, багасав уу? Монгол улс хөгжиж дэвжив үү, мөхөл рүү уруудав уу?
Хэрэв ашигт малтмалын ашиг бидэнд ирээд байгаа юм бол Монгол орон Дубай, Кувейт, Катар шиг баян тансаг, хөгжсөн, цэцэглэсэн байх ёстой. Гэтэл жилээс жилд Монголын их өр л өсч байна. 2007 онд 1,741 тэрбум долларын гадаад өртэй байсан бол, 2010 онд 3,996 тэрбум, 2011 онд 9,621 сая доллар болсон. Их өрийн нэмэгдэх хурд улам өсч байна. ЗГ бонд гаргалаа. Эрдэнэс МГЛ төрийн компани 4 тэрбум доллар гаднаас зээлэх гэж байна гэж сая илтгэгч хэллээ. Ийм л байна.
5. Яах вэ?
Энэ зурган дээр гадаадын хөрөнгө оруулагчдын улаан хамгаалагч болж хувирсан С.Баярцогтын хий хоосон цэцэрхэл, толгой эргүүлэлтийг шүүмжлэн үзүүлсэн байна. Монголд элэг буруу хөндий хүмүүс эх орончдыг, монголчуудыг “бирд, чукча, харамласан юм хар нохойн хоол болно, урвагч…” гээд хэлэхгүй муу үг байдаггүй. Өөрсдийг нь юу гэх вэ? “Яс олсон өлөн ноход, шингээх ходоодгүй гуйлгачин заяатнууд, баячуудад атаархсан солиотнууд…” ч гэж шударга тэмцэгчдийг, монголын ард түмнийг хэлдэг. Неоколоничлогчдын пиарчин, хараалч ерөөлч нэгний “Гуйлгачин явах заяаных” гэсэн ганцхан мунхаг үгүүллээс л дээрх үгсийг эшлэлээ. Эрх баригчдын суртал ухуулгын хэрэгслээр 24 цагийн турш ийм дайралт, гүжир гүтгэлэг явагддаг.
Монгол хүн шиг аз заяатай, баян нь харин үгүй шүү гэж хэлмээр байна. Зөвхөн ашигт малтмалаар авч үзэхэд л нэг хүнд 2 сая тонн эрдэс баялаг оногддог. Нэг хүнд тэрбум тэрбум доллар оногдох хэмжээний баялаг юм. Ашигт малтмалын нөөц цаашид ч нэмж илэрнэ, өөр байгалийн баялаг ч бий. Гэтэл дарга нар нь ч идэх юмгүй болтлоо харьд баялгаа авлигаар бэлэглэж, ард түмэн л төлөх, нуруун дээрээ үүрэх, хүү нь өссөөр байгаа бонд гаргатлаа хоосорсон. Нөгөө мундаг заяатай улс маань, эрх баригчид, дэглэмдэгч нар маань л хоосрох заяа, гуйлгачин заяаг үйлдвэрлэж, түүгээрээ улс түмнийг мөхөөх гээд байгаа. Тэд л сайн заяагүй улс юм.
Цаашид яах вэ гэвэл неоколоничлолыг хууль ёсны болгогч ашигт малтмалын хуулиа өөрчилж, эрүүл ухаантай болгох хэрэгтэй. Монгол улс үндэстний эрх ашигт нийцүүлэн залруулах хэрэгтэй юм. Энэ бол хэцүү ч биш, болохгүй ч биш юм. Сая нэг албан тушаалтан: Оюутолгойгоос эзэмших хувийг 51 хувь болгох боломжтой, гэхдээ өнөөдөр тэр тал дээр албан ёсоор тусгагдсан зүйл нэг ч байхгүй, тусгахыг ажил хэрэгчээр зорьсон хүн ч байхгүй гэж ярьсан байсан. Байдал нэг иймэрхүү.
Үе үе Монгол улс Оюутолгойг ашиглах хэмжээний мөнгөтэй болчихдог байсан. Тэр нөхцөл байдлаа хэвийнээр ашиглаж, эрдэс баялагтаа эзний ёсоор хандах хэрэгтэй байсан юм.
Түүнээс гадна хэт уул уурхайжилтыг хумих шаардлага амин чухлаар тулгараад байгаа юм. Монгол улс дэлхийг тэжээх үүрэггүй, өөрснийхнөө тэжээх үүрэгтэй. Чингээд нийгмийн чиг баримжаатай, хүнлэг энэрэнгүй, ардчилал эрх чөлөөг дээдэлж, экологийг эрхэмлэсэн, өндөр хөгжил дэвшилтэй нийгмийг бүтээн байгуулах үүрэгтэй юм.
Ч.Мөнхбаяр
2013.1-р сар
(Энэ нь намуудын уулзалт дээр хэлсэн үгийн товч бөгөөд Оюутолгойн гэрээг өмгөөлөн хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарч байлаа)
No comments:
Post a Comment