Tuesday, April 9, 2013

Амьтны хэлийг хүний хэлэнд буулгасан толь зохиосон гэж сонгогчдыг татахыг оролджээ

Амьтны хэл мэддэг намайг УИХ-д оруулах учиртай гэж номлож байжээ

Нэгэн нэр дэвшигч болбоос мундаг том улс төрчийн дүү болой. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшээд гарч үл чадав. Яагаад тэр вэ?
Тэрбээр: “Дахиж сонгогдох нь өөрийгөө хамгаалах арга. Дэвшиж сонгогдох нь илүү идэх арга” гэж толгой холбон хэлхсэн үгийг сурталчилгааныхаа оройд залж, их л мэргэн цэцэн юм олоод хэлчихсэн аятай явжээ. Гэтэл сонгогчид: “Энэ нөхөр дэвшиж сонгогдоод илүү идэх нь байна шүү, дахиж сонгогдоод өөрийгөө хамгаалах нь” гээд зай барьжээ.
Ард түмний төлөө юу хийж, тэмцэж явснаа тоочихыг оролджээ. Тэр нь өөрийнх нь хийдэг цалинтай ажил нь л байх юм.
“Харин Э-ийн өмгөөллөөр хилсээр цагдан хоригдсон иргэдэд нэг хоногийн нөхөн төлбөрт 19000-40000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж байсан” гэжээ. Иргэд, энэ хүн чинь хилсээр цагдан хориулдаг юм байна шүү гэж эмээжээ.

“Сэтгэцийн ноцтой эмгэгтэй шүүгчийн сэтгэцийн эмгэгтэй болохыг нотлох баримтаар хэвлэлийн бага хурал хийсэн. Гэтэл сэтгэцийн эмгэгтэй шүүгчийг гүтгэсэн гэж шийтгэгдэн зургаан сар хоригдоод гарч ирээд өөрийг нь шийтгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж хэргээ хэрэгсэхгүй болгуулсан. Үүнийг шүүхийн занаа гэж болно” гэжээ. Энэ хүн чинь сэтгэцийн гажгийн мэргэжилтэй юм уу гэж гайхжээ. Бас шүүхийн занаа хийж, хэргээ хэрэгсэхгүй болгодог гэв үү, сэтгэцийн эмгэгтэй шүүгчийг гүтгэсэн гэж шийтгэгдэж байсан гэв үү гэж хачирхжээ.
“Э-ийн хийсэн хамгийн том хууль зөрчсөн үйлдэл нь эдийн засаг, хууль, сэтгэл судлал, социологи, түүхийн сэдвээр бусдын дөрвөн докторын ажил, арваад курсын ажил, таван илтгэл бичиж өгсөн байдаг. Эдгээр ажлууд нь бүгд зуун хувь амжилттай өндөр үнэлгээ авсан” гэж мань хүн тайлагнажээ. Хууль зөрччихөөд, сайрхаад, ачирхаад байдаг ямар хачин хүн бэ гэлцжээ. Хуурамч докторууд бэлдэх нь хамгийн том хууль зөрчсөн үйлдэл юм бол, өөр жижиг хэрэг зөндөө үйлдсэн байх нь, түүнийгээ тоодоггүй байх нь, шүүхийн занаа хийгээд хэрэгсэхгүй болгуулчихдаг байх нь гэж хүмүүс жиг жуг хийжээ.
“80 гаруй нийтлэл, өгүүлэл, эссэ, мэдээ, ярилцлагыг өөрийн болон нууцалсан нэрээр гаргасан” гэв. Сонин дээр гаргасан юмнуудаа, мэдээгээ хүртэл оролцуулж 80 гаргаж тоолчихоод гайхуулж байхдаа яадгийм гэж зарим нь шүүмжилсэн бол, зарим нь энэ чинь үндсэн ажлынхаа хажуугаар нууцлагдсан мэдээлэл сэм бичүүлж матаас, хар пиар хийдэг нэгэн байна уу гэж хөмсөг зангиджээ.
“Ганц худагт хоригдож байхдаа ганц худгаас олон удаа шүүх хуралд оролцон бусдыг өмгөөлж байсан. Монголд Э-ээс өөр, өөрөө хоригдож байж шүүх хурлуудад оролцон өмгөөлөл хийж байсан түүх Монголд байхгүй” гэжээ. Ганц худгаас олон удаа гэхээр, ганцаас олон удаа буюу 2-3 удаа юу гэж бодогдом. Бас өмгөөлөгч хүн хоригдож байхдаа өмгөөлөл хийж болохгүй билээ л. Өөрийнхөө энэ хууль бус байдлыг тэр юу гэж өмгөөлөх юм бол гэж хүмүүс шогшролджаэ.
“Э-гийн дээд үеийн хүмүүс сэхээтнүүд байсан ба тэрээр 200 жилийн өмнө амьтны хэлийг хүний хэлд буулгасан толь, ном, оёдлын машиныг челнокноос бусдыг нь модоор хийж байсан” гэж мань хүн өөрийгөө сурталчилжээ. Энэ хүний дээд үеийн хүмүүс сэхээтэн байсан юм байж, харин өөрөө амьтны хэл мэддэг, 200 жилийн өмнө амьтны хэлийг хүний хэлд буулгасан гэхээр хэн болж таарч байна вэ гэж олон хүн хачирхаж. Төмрөөр хийдэг оёдлын машиныг яагаад модоор хийв, за тэр чолноокийг нь тэгээд модоор гүйцээгээд хийчихгүй яасан юм бол ч хэмээсэн байна.
Энэ хүний ард түмний төлөө хийсэн бүтээсэн ажлууд дотор ийм ийм сонин юмс сурталчилагдаж байсан тул сонгогчид ер нь их эргэлзэж тээнэгэлзжээ. Ер бусын сонин хүн юм байна, барлаамаантад гараад яаж ч магад гэж нэлээд сэрэмжилжээ.
Тэрбээр, цаашид ийм ийм юм хийлээ гээд жагсаасан байв. Тэнд нь бас сонин зүйл их байлаа. “МҮЭХ-ны Ганбаатар+МҮЭХ-н хяналтын хорооны асуудал болон төгрөгийн ханшийг хоёр дахин унагасан асуудал” ч гэх шиг. МҮЭХ-ы Ганбаатар чинь хүн болохоос хийх ёстой ажил юм уу. “УИХ-д сонгогдвол хийж чадах ажлууд” гэчихээд хүний нэр биччихсэн байхаар юу гэж ойлгох вэ? Ганц энэ хүн л Монголын сөнөлд буруутай юу? Төгрөгийн ханш яаж бас хоёр дахин уначихав, дуулаагүй л юм байна хэмээн тойргийнхон нь толгой сэгсрэн байжээ.
“Гандангийн лам нарын асуудал” гэжээ. Тэр лам нар ямар асуудал гаргачихав, энэ хүнд хошуу дүрэхгүй зүйл гэж байна уу гэж зарим нь шогшроход, нэгтгэн дүгнээд ярихад яана, бүх юмыг тооччих юм гэж зарим нь гасалжээ.
Тэгэхээс тэгэх гэсэн мэт: “Зам засварын ухаж хийдэг асуудал+замын тухай хууль санаачилна, СӨХ-ны төлбөрийн асуудал+Иргэний хуультай зөрчилдсөн СӨХ-ны Дээд зөвлөлийн шийдвэрийг цуцлах, халуун усны тоолуур+ус тасарсан үед тоолуур ажиллаж байгаа асуудлыг шалгуулах, замын эвдэрхийгээс учирсан хохирлыг төр хариуцна+хохирол гаргуулсан шийдвэрийг сурталчилж жишиг болгоно” гэхчилэн мельчик мальчик юм тоочиж гарчээ. Ухаж хийдэг асуудлыг хэрэгжүүлнэ гээд байгаа юм уу, хэрэгжүүлэх хууль гаргана гээд байгаа юм уу. СӨХ-ны төлбөрийг болиулах юм бол СӨХ гэж байхгүй болно, байхгүй болохоор нь ажлыг хэн хийх вэ, байр биш балгас болох уу гээд л оршин суугчид тэвдэж. Ус тасарсан үед тоолуур ажиллаж байгаа асуудлыг шалгуулна гэдэг УИХ-ын гишүүний ажил мөн үү, слесарийн л үүрэг байлтай гэж мэгдэж. Замын эвдэрхийгээс болж хохирол гаргуулсан шийдвэрийг сурталчилж жишиг болгоно гэдэг чинь ямар аймаар вэ гэж жолооч нар сүрджээ.
“ХЗХ-ын лицензийн асуудал+Хууль зөрчиж цуцалсан болохыг тогтоолгох” гэж нэр дэвшигч маань лүндэгнэжээ. “ХЗХ-оор залилуулж хулхидуулж явсан чинь, арай гэж тэдний эрхийг цуцалж, бидний хохирлыг барагдуулсан. Гэтэл ХЗХ-г сэргээж, хамаг гай гамшгийг сэргээх нь үү, бидний хохирлоо барагдуулгасныг хууль бус, хүчингүй болгох нь уу” гээд л хохирогчид дургүйцсэн байна.
“Зөвшөөрлийг устгах+Иргэн нийгэмд аюултай үйлдвэрлэл үйлчилгээнээс бусад зөвшөөрлийг устгах” гэж хөөрөлхсөн аж. Аюултай үйлдвэрлэл үйлчилгээнээс бусдыг буюу аюулгүй үйлдвэрлэл үйлчилгээг бүгдийг нь устгах юм уу гээд л олон хүмүүн шаналж. Зөвхөн аюултай нь л үлдэх юм уу гээд л эмзэглэж.
“Олох байсан орлого тэгш зарчим” гэжээ. Хүний олох байсан орлогыг яаж хэмжиж мэдэх вэ. Би маргааш сая төгрөг олох байлаа гэхэд 2.7 сая хүнд тэгш хувааж өгөх юм уун. Эсвэл боломжийг нь, сая төгрөг олох ажлыг нь тэгш хуваах юм уу гээд л улс амьтан алмайрцарж.
“Сэжигтнийг цагдаагийн үүдэнд бүтэн өдрөөр хүлээлгэх асуудлыг зогсоох” гээд л жижиг юм хөөцөлдөөд явчихна. Үнэхээр л сонин хүн юм даа, тэр нэг хүлээх барих яах вэ, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй байна шүү дээ гээд д олон түмэн бухимдах.
“Вьетнам, Хятад, Солонгос болон бусад улсын иргэдийн орлогын татварыг шалгах систем бий болгох” гэсэн байна. Тэр бусад улсын явдал бидэнд ямар хамаа байна вэ? Манай улсын дотоод хэрэгт оролцлоо гээд аюул болно биз дээ гээд л иргэд түгшиж.
“Гаалийн рентген төхөөрөмж+Фукушимагийн цацраг идэвхиэс их байгааг зогсоох”, “Замын хашлагаар хоёр дугуйг давуулж зогсоох”, “Иргэний цагдаа байгуулах”... юу юу гэнэ вэ. Ийм сонин хачин юм ярьсаар байгаад уначихсан юм билээ.
Ч.Мөнхбаяр
2012.8.1

No comments: