Wednesday, April 10, 2013

А.Сүхбат "ардын дайсан" болох уу?

Ирээдүйн аваргаа хөнөөчих дөхсөн, бөхийн түүхэнд байгаагүй харамсалтай явдлаас болж, 80 жилийн ойн наадам хар бараанаар дурсагдах болсон билээ. Хэрвээ А.Сүхбат арслан барилдах боломжгүй гэсэн бол том хэмжээний үймээн гарч, манай наадам анх удаа гэхдээ эмгэнэлтэйгээр олон улсын мэдээнд орж болохуйц байв.
Гэтэл өнөөдөр А.Сүхбат хамаг бүхний буруутан гэгдэхэд ойрхон байгаа нь харамсалтай. Сонгуулийн гүжир кампанийн дайтай шуугиан түүний эсрэг өрнөж байна. А.Сүхбатыг муучилсан сонины тусгай дугаар хүртэл гарчээ.
Тухайн үед хүмүүс эрүүл ухаанаар А.Сүхбатыг өмгөөлж байсан боловч, одоо болохоор түүнийг зэмлэн буруушаагсад олшроод байгаа нь ойлгомжгүй. Энэ байдлыг их аварга, заан хоёрын түм түмэн "гомдол" мэдүүлсэн цуврал ярилцлагууд, мөн дутуугүй гомдсон хүмүүсийн өчлүүд бүр ч дэвэргэж байна. Наадам бусниулсан, учраагаа бэртээсэн А.Сүхбатад зохих хариуцлагыг хүлээлгэ гэх нь ч дуулдана. А.Сүхбат "ардын дайсан" болох нь ээ.
Харин энэ үед заан Г.Өсөхбаярын рейтинг хэлбэрэлтгүй өсч, мань хүн "ардын баатар" болох дөхөөд байна. Түүн шиг хохирсон хэлмэгдсэн хүн алга. Явж явж А.Сүхбат өөрийгөө тийрчихсэн гэгдэх вий. Зарим нь ч хоккей, хөлбөмбөгт тэгж тоглодог, барууны спортын сонин сайхан юмыг оруулж ирснээр үндэсний бөхийг үзүүштэй болголоо гэх нъ холгүй.
Нөгөөтэйгүүр Сүхбатын нүгэл гэж яригдаад байгаа шиг юм болсон гэх нотолгоо гэвэл аварга заан хоёрын үг л байна. Тэдний үг өрөөсгөлөөр эш үндэс, туйлын үнэн болж хувираад байгаа нь сонин. Учрыг мэдэх Баянмөнх аварга нарын хүмүүс өөрийг өгүүлсэн. Алинд нь итгэх вэ гэдгийг хэлж өгөх үүрэгтэй МҮБХ намар хүртэл амаа үднэ гэдгээ албан ёсоор зарлажээ. Намар гэхэд ам нээх шаардлагагүй ч болчихсон байх юм бил үү.

Шинэ аварга А.Сүхбат жинхэнэ уран барилдаанч, үнэнч хөгжөөн дэмжигчидтэй ясны тамирчин, үндэсний бөх гэдгийг үзүүлж яваа нэгэн. Тэрээр асар их тэвчээр хатуужил, хүчин чармайлт гарган байж, наадмын дэвжээнээ эргэн ирээд наадамчин олноо баясган түрүүлж, дэлбэрэх дөхөж байсан түгшүүрт уур амьсгалыг намжаасан. Энэ бол 80 жилийн наадмаа аварсан тусгай гавьяа юм. А.Сүхбат гэмтлийнхээ дараа барилдаагүй бол юу гээч болох байсныг төсөөлөхөд бэрх. Зүй нь, түүний эр зориг, хүнлэг энэрэнгүй сэтгэл, ёс жудгийг бишрэн бахдах ёстой байсан бус уу. Хамгийн ихээр гомдол мэдүүлэх ёстой нэгэн байж, дуугүй байгаа нь ч өөрийгөө зөвтгөөд байх шалтгаангүй гэдгийг нь төдийгүй, ёс жудагтай монгол эрийн чанарыг нь нотлох мэт. Гэтэл ийм хүн рүүгээ дайрч давших болсон нь бөхийн эргэн тойронд эрүүл ухаан хомсодсоны шинж биз ээ.
1024 бөх барилдаж, орон нутаг, залуусаас олон сайчууд зодоглосноор начны найраа багасна гээд байсан чинь харин бүр хэрээс хэтэрчихлээ. Сайд зарлиг буулгаад заан төрүүлж, нутаг ус, нийгэмлэг клуб, ах дүү, аав хүү, худ ургаараа тохирон найрцгааж, хоёр өдөр хосгүй жүжиг тоглож, ард түмнээ басамжилж доромжиллоо. Наадам биш, нийгмийн муу муухайн тусгал шоу болчихлоо.
Монголд спортын төрөл амжиргааны хэрэгсэл, амьдралын баталгаа болох бололцоотой. Гэхдээ бүх юм шударга л байх ёстой. Шударга биш л байх юм бол юу ч байгаад хэрэггүй. Найраагаар дүүрсэн наадмын дэвжээн дээр монгол ёс төр мөхөж, хар наймааны ухаан, хар муу санаа, хар хоёр нүүр, хар өөдгүй авир, хар өс хонзон газар авах боллоо. Үзэгчид ч бөхийг гэхээсээ, тэр бүхнийг харах гэж, суралцах гэж ирдэг болжээ гэлтэй. Урьд монгол бөх хүмүүжүүлэх хүчин зүйл байсан бол өнөөдөр хүмүүжилгүй болгох хүчин зүйл болжээ. Омогшсон танхай бөхчүүдээс муу авир бүхэн гарах болж, тэднийг захирдаг хүчирдэг нь олдохоо байж, бүгд өмнө нь гар өргөн өвдөг сөхөрчээ. Найраа наймааны булхайд нь шудрага бөх саад болчихвол насны хонзогнол үүсдэг бололтой. "Хутга түрийлээд золгодог болох вий" гэж нэгэн сэтгүүлчийн халагласныг үгүйсгэх аргагүй.
МҮБХ-ны тэргүүний дэвшилт шинэчлэлийг нураачихсан хэрнээ бөхчүүд хуралдаж цол авдаг, хуралдаж хэрэлддэг боллоо. Цөхөрсөн тэргүүн ямар сайндаа эрх мэдлээ төрдөө өгнө гэж байхав. Спортын бус авир гаргавал тэмцээнээс хасна, оролцох эрхийг хязгаарлана, харьяалах этгээд, хөгжөөн дэмжигчидтэй нь хариуцлага тооцно гэх мэт спортын сахилга батын наад захын зүйлүүд монгол бөхийн дүрэмд байхгүй болохоор гажууд байдал үүсэх нь санаандгүй биш юм. Ялих шалихгүй амжилтыг яаж үнэд хүргэх тухай дүрэмд оруулна гэж маргацгааж байснаас, иймэрхүү зүйлүүдээ сөхөж ярих нь тулгамдсан асуудал болоод байна. Түүнээс гадна, бөхийн хорхойтон гэгдэвч, үнэндээ өөрийнхөө л хорхойтон болох хүмүүсийн балаг их. Саяын наадмаар 10 начин төрнө гэсэн төлөвлөгөө дэндүү давж биелчихээд байхад тэр энэ бөхчүүд тийм ийм хүнийг начин болгосонгүй, заан болгосонгүй гэж тэд шуугицгааж байх юм. Хуурмаг үзэгч, бэртэгчин хорхойтнууд, бүгд л жалгархагч, доширхогч бөгөөд хувийн "босоо" бөхтэй байдаг. Ингэхлээр шудрага үнэнээр барилддаг бөх мөн ч олон хүний хараал зүхлийн бай болох нь тодорхой байгаа биз. Сайн сайхан бөхөө дэмждэг ард түмний эв нэгдэл гэж үгүй болжээ. Харин ч сайн бөхөө үздэггүй болох цаг хаяанд ирээд байна.
Бөхийн орон Иран, Дагестан, Осетид бөхчүүд нь бөх шиг барилдаад, ард түмэн нь ард түмэн шиг дэмжээд болоод байх юм. Тэнд бүх зүйл спортын журмаар л явагдаж, бөхчүүд нь болохоор дэлхий даяар эх орныхоо нэрийг дуурсгадаг. Гэтэл манайд болохоо байчихжээ. Үндэсний бөхийн бүх юм спортын бусаар явагдаж, бөхчүүд маань олон улсын тэмцээнд очихлоороо уран гоё унахын жишээг уралдан үзүүлцгээх юм.
Үндэсний бөх-монголчуудыг монгол хэвээр байлгаж ирсэн цөөхөн хүчин зүйлийн нэг билээ. Монгол бөх бол ард түмний хүч чадал, уужим ухаан, шудрага ёсны бэлгэдэл байж ирсэн. Гэтэл өнөөдөр бөх маань монголоо алдахад нөлөөлдөг болох нь. Монгол бөх хэмээх мянган мянганы үнэ цэнийг устган сөнөөхөд оролцож байгаа хэн бүхэн сүм дуган шатааснаас өөрцгүй нүгэл хилэнцтэн юм.
Ч.Мөнхбаяр
“Өдрийн сонин”, 2001

No comments: