Чой хамба шүүх хурлаас зугтаж Лондон орсон уу?
Хүн төрөлхтөн ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чи-г сулла гэдэг байв. Гэтэл одоо “Монголын Аун Сан Су Чи Н.Энхбаярыг сулла” гэх нь холгүй байдаг болжээ. Дэлхий даяар Монголыг хамгийн муу мэддэг, хамгийн муу мэддэг болж жүжиглэдэг нь гэм биш зан билээ. Тэрнийг нь дамжуулаад манайхан улс төрийн бохир тоглоомдоо гадаадын гэнэн, гэнэн дүрт ардчилагчид, хүний эрхийнхнийг хольж хутгадаг. Ердөө л, нэг дарангуй дэглэмийн сөргөлдөгч бүлэглэлүүдийн гишүүн этгээдүүдийн талаар “ийм ийм айхавтар Аун Сан Су Чи тэмцэгч Монголд хохирлоо, хэлмэгдлээ, даян дэлхийн олон нийт туслаач, хамгаалаач, суллаач” гэсэн бичиг сачгийг мундаг мундаг мутрын үсэг, тамгатайгаар гадагш илгээн мунхруулдаг.
Цаадуул нь ч буруу булхайтай зүйлд яасан айхтар амархан итгэдэг гээч. Н.Энхбаярыг шударга үнэний төлөөх сөрөг хүчний шалгарсан цолгорсон, хохирсон хохимойтсон лидер гэж итгээд, Бан Ги Мун нь хүртэл суллахыг битүүхэн үгээр санал болгосон шүү дээ. Путин ч тэгэх байсан агаад, манай ерөнхийлөгч шахаанд орохоос зайлсхийгээд, Лондоны олимпод Түвшээгээ дэмжиж чадаагүй гэж хүмүүс ярилцаж байна. Хэрэв дэмжсэн бол Солонгосын муухай тамирчин арай ч ерөнхийлөгчийнх нь нүдэн дээр Түвшээг маань гэмтээж зүрхлэхгүй, тэгээд манай жудоч олимпийн хошой алтан медальтан болж дөнгөх байсан биз. Путиний хувьд бол яахав, Н.Энхбаярыг Аун Сан Су Чи гэсэн утгаар хардаггүй байх л даа.
Нэлээд олон хүн авлигын загалмайлсан эцгийг дарав, алимад жаргал ирэв гэж андуурч байна. Алимад жаргал ирэх байтугай, улам дордоно гэдэг ойлгомжтой. Баясах биш, эрх мэдлийн хэт төвлөрөл дээр суурилсан авторитар-тоталитар дэглэм хүчээ авч, неоколоничлол-геноцид эрс эрчимжиж, өргөн хэмжээний репресси өрнөх гэж байхад түгшүүр зарлаж байх ёстой шүү дээ. Түүнээс бус, “тахал гарахад найрлав” гээчээр байгаад байж болохгүй юм.
Н.Энхбаяр шударга ёсны төлөө гэсэн чин сэтгэл зүтгэлтэй тэмцэгч биш байж болох ч гэлээ шударга ёсыг зэвсэг болгон ашигладаг явдал бий. Тэгэхлээр Н.Энхбаяр ард түмэнд хэрэгтэй байсан л даа. Харин одоо бол хаана, ямар шударга ёс байх вэ. Улс төрийн зорилгоор хэнийг ч, хууль шүүхгүйгээр шоронд дураар хийх жишиг тогтлоо. Энэ чинь л 1937 он шүү дээ. Дэглэмийн эсрэг тэмцэх гэхээр ингээд гүтгээд л, улс төрийн бохир даалгавар биелүүлэгч хууль хүний байгууллагуудаа ашиглаад л шоронд хатаачихна. Ард түмэнд гидра шиг олон толгой ургавч нэмэргүй. Цавчаад л, цавчаад л байх засаг тогтлоо.
Н.Энхбаяр бол гай ч тарьсан, гавъяа ч байгуулсан. Гайнаас нь, ашигт малтмалын лицензийн дийлэнхийг тараасан, Оюутолгойг өгөлцсөн хоёрыг онцолмоор байна. Юуны өмнө энэ асуудлуудаар л шүүх ёстой. Гэтэл тэгэв үү? Мэдээж дэглэм тэгсэнгүй. Шударга ёс тогтоох гэж бус, шударга ёсны үнэрийг ч байхгүй болгох гэж саяын шүүх хурал гээчийг хийлгэлээ шүү дээ. Н.Энхбаяр нь шударга ёсыг улс төрийн зэвсэг болгон ашиглаад байсан учираас л буруудсан.
Хэрэв ашигт малтмал, Оюутолгойн хэргээр нь шүүсэн бол юу болох байв. Шоронд хийлгээд байгаа улс нь өөрсдөө өмнүүр нь ороод шоронд ачигдчих байв. Н.Энхбаярын ЗГ-аас өмнө ашигт малтмалын неоколоничлолын бодлого, хууль буй болсон, лиценз тараах асуудал шийдэгдсэн, эхэлсэн. Оюутолгойн хувьд ч бас тийм бөгөөд, бүр хавьгүй илүү өгөлцсөн хүмүүс нь гавъяатан гэгдээд, төр барилцаад явж байгаа.
Н.Энхбаярын дээрх хоёр хэргийг шүүн шийдвэрлэх аваас, Монгол улсын далай их алт баялгийг харьд бэлэглэсэн, Монгол улсыг хамгийн аймшигтай неоколоничлолд оруулсан лицензүүд хураагдаж, Оюутолгойн гэрээ цуцлагдана. Монголыг сөнөөхийн төлөө л ажилладаг дэглэм үүнийг яалаа гэж хүсэх вэ. Өөрсдийгөө юу гэж шоронд хийцгээж, Н.Энхбаярыг цагаатгах вэ.
Яагаад цагаатгалын тухай ярив аа гэвэл, тэр Их өрийг тэглүүлсэн, ОХУ-тай хамтын ажиллагааг сайжруулж нэг улс руу чиглэсэн гадаад харилцааны туйлшралыг багасгасан юм. Энэ гавъяа зүтгэлийг нь харгалзан үзээд цагаатгах, бүр шагнах ч бололцоотой. Их өрийг тэглүүлнэ гэдэг Баатар цол олгоход ч хангалттай гавъяа мөн. Тэгвэл бусад улс төрчид Их өр тэглүүлснийг эсэргүүцэж, түүнээс ч илүү Их өр тавьж ирлээ шүү дээ, ялгаа байгаа биз. Бусдаасаа илүү муу болохоороо бус, бусдаасаа илүү сайн болохоороо яллагдаж, золигт гарч байгаа хүн шүү дээ.
Н.Энхбаярын хэрэг ямар ч нэхэмжлэгчгүй, хохирогчгүй гэдгээрээ онцлог. Бодвол хий үзэгдэл, барабашка, полтергейст гомдол мэдүүлсэн юм байлгүй.
ТВ9-ийн хэрэг гэдэг нь Японы буддын шашны “Агоши” байгууллагаас Н.Энхбаяр, Чой хамба хоёрт хандивласан хэсэг тоног төхөөрөмжийг хэлж байгаа аж. Гандантэгчинлэнд өгсөн гэж буруу ойлгосноос үүдсэн гүтгэлэг л яллах үндэслэл болж өгчээ. Гүтгэсэн материалыг анх бичсэн сэтгүүлч саяхан соёлын гавъяат авсан.
“Агоши” байгууллагын Ганданд өгснөө баталсан бичиг гээд тамга тэмдэггүй, хуурамч бичиг баримт дээр дулдуйдаж байгаа. Улс төрийн даалгавартай юм уу, шахаанд орсон гэрчүүдийн мэдүүлэг гээд Долоон буудлын Долзод чавганцын хов жив, цуу яриа шиг юмнуудад их суурилж байв. “Тэгсэн байх, ингэсэн гэж сонссон, сайн мэдэхгүй” гэсэн юмнууд байдаг. Сонины хар шар PR-уудыг ч шүүрч авсан байгаа.
Чой хамбыг АТГ хоёр удаа албадан ирүүлэх тогтоол гаргаж байж. Тал бүрээр дарамталж байжээ. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг болсон тэр: “Хандивыг хувааж авах болоход би мөнгөөр авсан, Ганданд өгсөн” гэх, мушгиж болох зүйл хэлжээ. Хамба өөрөө чухам л ерөнхийлөгчийн хормойноос аврал эрэн зүүгдэж, шүүх хурлын үеэр Лондон руу бараг зугтсан болно. Шашны тэргүүнээ ингэж дарамталж, харгис хандаж байна гэдэг 1937 он гэхээс илүү, соёлын хувьсгал, хунвэйбин явдал гэлтэй.
Одоо тэгээд Чой хамба Ганданд хувиа өгсөн бол Н.Энхбаяр бол өгөх ёстой байсан, өгөөгүй болохоор завшсан гэсэн үг гээд л байж байна.
Өөрийн бичсэн номоо МИАТ-аар үнэгүй тээвэрлүүлсэн гэж хөгийн юм яриад байгаа. Хийсэн хэргээр нь шүүхээр, өөрсдөө бүр хүнд яланд тэр дороо уначих гээд, дэглэм уначих гээд, хувьсгал, тэгэхдээ өөрсдийгөө илчлэх, өөрсдийнх нь эсрэг хувьсгал болчих гээд байх тул, хийгээгүй хэргээр нь шүүх гээд ийм тэнэг юм болоод байгаа юм шүү дээ. Ухнатаж ухнатаж, андуурсан болж таарав. Хичнээн жил “ном үнэгүй тээвэрлэж, Монгол улс үндэстнийг сүйрүүлсэн” гэж солиорлоо доо.
Онгоцоор үнэгүй тээвэрлэсэн нь Н.Энхбаяр санаачилсан, ЗГ-ын ном, төмөр замаар үнэтэй тээвэрлэсэн нь Н.Энхбаяр бичсэн хувийнх нь ном. Энэ хоёрыг эндүүрсэн гэнэ. Хэлмэгдүүлэгчдэд ашигтай мэдээлэл өгсөн МИАТ-ынхан сүүлдээ мэдэхгүй ээ, ямар ч байсан үнэгүй ном тээвэрлэсэн дэг, яг юун ном болохыг санахгүй байна гэж балайрав. Ингэж, “авлигын загалмайлсан эцэг”-тэй тэмцэцгээж, ард түмнээ аварцгаадаг болчихсон юм уу? Арай ч үгүй байлгүй. Арга буюу хэрэгсэхгүй болгосон доо.
Тэр нь ийм учиртай тийм ном, нөгөө нь болохоор... гэх тайлбарт толгой нь эргэж тархи нь шажигнах нь танхимд дуулдам инквизиторууд хөөрхий. Хөх ном, хүрэн ном гэж байж л, сая нэг хагас хугас ойлгуулав уу, яав. Ингэж булай болохоосоо өмнө учрыг нь олчихсон байх ёстой байсийм биш үү. Уг нь нялх хүүхэд дороо ойлгочих явдал байна билээ дээ. Мянга түм ичиглэвч баршгүй.
“УБ Таймс” сонины хэрэг гэж байна. Хэрийн юмыг ухварлах чадваргүй тахиан тархинууд байж, яасан ч янз бүрийн юм барьж авдаг юм. Юуны өмнө өөрсдөө эхнээсээ юу ч ойлгоогүй, ойлгохгүй, ойлгохыг хүсэх ч үгүй болох нь л мэдрэгдэж байлаа л. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр, халтуурдаад халтуурдаад, туушиндаад туушиндаад хаячихсан юм билээ л дээ.
М.Энхболд, Бадамжунай гэдэг хоёр хүн төслийг эхлүүлж, хожим хувьчлах багийн гишүүн Д.Чулуунбаатар, Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагаас мөнгө зээлсэн юм байна гэж ойлгогдлоо. Төсөл эхэлж байхад Н.Энхбаяр энэ тэр талаар мэдэлгүй:
-Энэ ордны хажууд яагаад байшин нураагаад байгаа юм бэ? Бөмбөгдүүлчихсэн юм шиг эвгүй байна гэхэд М.Энхболд
-Мэдэхгүй ээ. Бадамжунай л хөрөнгө оруулагч олж, зочид буудал барина гээд байгаа. Тодруулъя гэж байсан нь гэрчлэгдэн үлджээ. За тэгээд л, Н.Энхбаяр буруутай, Н.Энхбаярыг шоронд хий.
Н.Энхбаяр буруутай байж болно оо. Хамгийн гол нь бурууг нь огт нотолж чадахгүй байв л. Н.Энхбаяртнууд нь гэм буруугүй гээд нотлоод байгаа юм. Анти-Энхбаяристууд нь болохоор юу ч нотолж чадахгүй умаахан амьтад харагдана лээ л дээ.
Их хохирол учруулсан болгох гэж санаан зоргоор, цээжний бангаар тоо тавьсан байгаа юм. Яагаад “УБ Таймс”-ын газрыг 2,1 тэрбум гэж үнэлэв, ямар хууль тогтоомж баримтлав гэхэд шинжээчийн баг гэх сэжигтэй бүтцийн ахлагч нь: ямар ч хууль тогтоомж баримтлаагүй, Сентрал Тауэрийн газар нэг тэрбум гэхээр нь л тэгээд үнэлчихсэн гэж байгаа юм, өөрөөр хэлбэл хууль бус үнэлгээ гэдгээ хэлчихэж байгаа юм. Ташрамд Сентрал Тауэрийг Н.Энхбаярын өмч л гээд байдаг байсан чинь үгүй л юм билээ шүү дээ.
“Өргөө” зочид буудлын хэрэг гээд бас нэг өчүүхэн юм яриад байгаа. Хувьчлалын асуудалд нь нэр холбогддог, олноо “улаан хацарт” гэж нэршсэн Ц.Батбаяр (шүүх хуралд яригдсан хэргүүдэд нэр холбогдогч олон ч, яллагдагч нь бараг ганц даа) маш муухай янхны газар байсан, хувьчилж авах хүн олддоггүй байсан гэж байсан. Төрийн ордон, Хууль зүйн яам, Тагнуулын газрын дунд, дээд зиндааны л байлгүй, тийм нэг янхны газар байж шүү дээ, манай “дээдсийн” бузар булай ч ямар дуусах биш.
Түүнийг “Хар дун” компани хувьчилж авсан, “Хар дун”-гийн эзэн нь Н.Энхбаярын туслах Тулгын ах Хуяг, “Хар дун”-г “Ремиф” авсан, “Ремиф”-ийн эзэн нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар, “Ремиф”-ийг “Скон” авсан, “Скон”-ы эзэн Н.Энхбаяр, тэгэхлээр Н.Энхбаярыг шоронд суулгах ёстой. Үгүй, байзаарай, Н.Энхбаяр буруутай гэх баталгаа хаа байна, хэн нэг хүн дэлгүүрийн касснаас хариулт мөнгө авч, тэр мөнгө хэзээ нэгтээ хулгайчийн гараар дамжиж байж, тэгвэл тэр хариулт авсан хүн буруутай болж таарах уу.
Мэдээж хэрэг, Н.Энхбаярыг буруутай гэж баталсан зүйл байсангүй. “Н.Энхбаяр л байж таараа” гэх, тэнэг хүнд бол тун ойлгомжтой, зөв мэт санагдах хар сэр л шоронд суулгахад хангалттай болчихжээ.
Миний бие, үзэл бодол нийлдэгтээ биш, 1-рт илүү их мэдээлэлтэй, 2-рт бодлого төлөвлөгөөг нь мэдье гэсэндээ хоёр том намын сониныг л захиалж уншдаг юм. Тэдгээрт шүүх хурлын талаар нэг нь шууд л АН, нөгөө нь шууд л МАН-ын хар пиарын туйлширсан байр сууринаас, юу ч бодож санасан шинжгүйгээр мэдээлсэн нь их л инээдтэй байлаа. Жишээ нь, “Н.Энхбаяр: Би хууль зөрчсөн, намайг ялла” гэсэн гарчиг байна. Гэтэл “Миний хамаатан садан ах дүү нар Монголд бизнес эрхэлж болохгүй гэсэн хууль байдаг бол уучлаарай, би хууль зөрчсөн, намайг ялла” гэсэн үгүүлбэрээс нь тасалж авсан байгаа юм. Мэдээллийн үйл ажиллагаа гэдэг чинь бүр ийм нэг онигооны төвшинд байж болох уу даа. Ерөнхийлөгч “Би авилгач төрийн түшээдтэй эвлэрэхгүй” гэвэл, “Ерөнхийлөгч: Би авилгач” гэсэн гарчиг өгөх үү. “Казнить нельзя, помиловать!” гэсэн хааны зарлигийг сийрүүлэхдээ нэг таслал дээр алдаж “Казнить, нельзя помиловать!” болгоод өөрөө цаазлуулсан золгүй бичээчийн явдал байдаг. Манай сэтгүүлч нэртэй нэлээд бичээч нар таслал гэж мэдэхгүй л дээ. Гэхдээ казнить, казнить, казнить гэж харгис дэглэмийн аясыг даган хөөрцөглөж байгаад өөрсдөө казнилуулчих вий дээ.
Тэр Н.Энхбаяр хүний гараар могой бариулаад, дандаа хүнээр юмаа хийлгээд, нэр цэвэр үлдэх гэсэн байж болно л доо. Гэхдээ баримт хаа байна? Магадгүй миний дээрх үгүүлбэрийг ч баримт гэж магад. Гэхдээ тэр бол баримт биш ээ. Тэгээд ч, “Хар дун”-г “Ремиф” өөртөө нэгтгэсэн бичиг баримт хуурамч болохыг шинжээчид гэрчилнэ, Н.Энхбаяр улс төрд идэвхитэй оролцохын тулд “Скон”-ыг татан буулгасан гэж байна.
“Ган бөмбөлгийн хэрэг” гэдэг нь хоёр компанийн хоорондын өгцөө авцааны л асуудал бөгөөд, нэг талын төлөөлөл нь Н.Энхбаярын нэрийг үндэслэлгүйгээр барьсан гэнэ. БНХАУ-ын “Хэлон компани лтд”-ийн захирлын мэдүүлгээр буруутан болж гэнэ. Бүр БНХАУ ороод ирлээ.
Ийм л нэг барьцгүй асуудлаар найм хагас жил чанга дэглэмтэй газар хорино, хөрөнгийг нь хураана, төр, улс төрийн ажил хийх эрхийг нь хасна гээд юугаа ч мэдээгүй, ойлгоогүй байж, улс төрийн даалгавраар ял төлөвлөчихөөд, шүүх хурал дээр яллах гээд ялагдаж, ичсэн нүүрэндээ дөрвөн жил болгож бууруулжээ.
Өмгөөлөгч Нарангэрэл Монгол оронд монгол хүн шүүхээр хамгаалуулна гэж байхгүй боллоо, шүүх гэж байхгүй боллоо, хувийн ашиг сонирхолтой Соёмбо-Эрдэнэ, Сагсай хоёроор хурал удирдууллаа, манай талын мэдээллийг огт сонсолгүй, судлалгүй, урьдаас бэлтгэсэн ялаа л өглөө, бүх хуулийг зөрчлөө гэж мэдэгдэв.
Хүмүүсийн нэг хэсэг нь харин ч бага ял өглөө, хэрэв эгэл хүн долоон тэрбум төгрөг идсэн бол яахав л гээд байх юм. Ямар ч нотолгоогүйгээр ял өгсөн, долоон тэрбум гэсэн тоо гаргаж ирсэн гэдгийг тэд ойлгох чадваргүй байна. Нэг хэсэг нь Н.Энхбаяр буруугүй, АН сөнөтүгэй, ардчилал сөнөтүгэй гэж байна. Монголд л ардчилал байхгүй болохоос биш, ардчиллаас илүү сайн сайхан нийгэм гэж байхгүй шүү дээ.
Асуудал гэвэл, 1-рт, Н.Энхбаярыг хилсдүүлж хорилоо; улс төрийн зорилгоор ямар ч нотолгоогүйгээр, шүүхгүйгээр, хэнийг ч, яаж ч хэлмэгдүүлж болох жишиг тогтлоо, 2-рт, таныг ч маргааш ингэж шоронд хийж болно, хийж болохгүй гэх ямар ч үндэслэл байхгүй.
Ч.Мөнхбаяр
ММХII.VIII.V
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment