Wednesday, April 10, 2013

Оросууд бууз, хуушуур, пирожкиг монголчуудаас сурав уу?

Оросууд монголчуудаас олон зүйл сурсны зарим нь гэвээс бууз, хуушуур гэнэм. Буузыг беляш гэсэн нэрээр хийж иддэг. Оросынхоо онцлогтойгоор загасан бууз, төмсөн, байцаан, лууван, жимсэн, чанамлан бууз гээд наян янзын бууз жигнэнэ гээч.
Тэгвэл хуушуурыг чебурек нэрээр хийж иддэг болой. Беляш бол түрэг үг. Чебурек мөн адил. Чебурек бол нийлмэл үг (чиг бөрэк) юм. Бурек гэдэг нь буузны монгол нэр, бөөрөгтэй адил байна. Оросын зохиолч Э.Успенский хуушуур чихт гэсэн утгаар нэгэн алдарт зохиолын баатраа Чебурек-Ушко гэж байснаа, Чебурашка гэж хураангуйлсан гэдэг.


Оросууд хуушуураа мөн адил наян янзаар хийж иддэг. Нэлээд дуртай зоог нь юм. Тиймээс савлан, дэлгүүрт зардаг. Ер нь тансаг зоогт тооцогддог. Савласан хуушуурыг халаагаад иддэг. Монголчууд Оросын гуанзанд ороод бууз хуушуур чөлөөтэй авч идэж болно. Беляш с мясом, чебурек с бараниной гэхчлэн захиалах хэрэгтэй юм.
Пирожкиг монголчууд жинхэнэ орос хоол гэж боддог. Оросууд харин пирожки, беляш, чебурек энэ бүгдийг танай татар-монголчууд авчирсан шүү дээ л гэдэг. Пирожки, пироги гэдэг бол пирки гэх орос бус үгээс гаралтай. Хазарууд хуушуурыг пирки нэрээр хийж иддэг болохыг үүнийг бичигч саяхан мэдсэн. Мөн пирог-ийг бөрэк (бөөрөг) гэх үгнээс гаралтай гэдэг.
Пирожки-г түргийн ард түмнүүд бөрэк гэх нэрээр хийж хэрэглэдэг. Харин хуушуурыг чиг бөрэк буюу түүхий бөөрөг, дутуу бөөрөг гэсэн утгатай нэрлэдэг байна. Бөрэкний гурил хөөлттэй, мөн бөрэк нь илүү тансаг зоог юм, тэгэхлээр тийнхүү нэрлэсэн байж болно.
Хятадууд бууз, хуушуур, мантуу (!) гурвыг нүүдэлчдийн хоол гэдэг аж. Бас эдгээр нь нүүдэлчдийн үгээс гаралтай нэршил гэдэг байна. Манай нэг эрдэмтэн буузыг бооц гэх үгээс гаралтай гэж үзсэн байдаг. Хуушуурыг урьд халуудай гэж нэрлэж байжээ. Мантуу гэдэг бол мантайх гэсэн үндэстэй бололтой. Түрэгт мант гэсэн нэрээр буузыг бас нэрлэдэг. Хазарууд бас мант гэх нэрээр бууз хийж иддэг болой. Солонгост манду гэдэг.


Өвөг монголчууд тариачин, суурин ард түмэн байж байгаад нүүдэлд шилжсэн. Нүүдэл бол тариалангаас хожуу үүссэн, тариалангаас хавьгүй дэвшилттэй гэгдэж байсан билээ. Гэхдээ монголчуудад тариалангийн уламжлал нь хадгалагдсаар ирсэн юм. Хятадаас тариа будаа авах боломж их байгаа бол тариалангаа багасгадаг, хятадууд хааж боогоод эхлэхэд ихэсгэдэг байсан болой. Тиймээс гурил оролцсон бөөрөг, халуудай, мантай зэрэг хүнстэй байж. Мантай бол бичил талх юм. Харин мантайн гурил оролцуулж хийсэн халуудай нь өнөөдөр Оросод пирожки гээд байж байна шүү дээ. Пирожки гэдэг бол пирки-д л дотночилсон дагавар (багасган дотночилж хэлэх) залгасан байна.
Саяхан еэвэн идэж болохгүй гээд л ээлжит хуйлраан гарав. Бүр бууз хятад хоол тул цагаан сараар идэж болохгүй гэж хийрхэв. Учраа мэдэж байж донгодох хэрэгтэй билээ. Монголчууд 30 мянган жорын хоол хүнстэй байсныг хүнс судлаачид маань гаргасан байдаг. Хүнсний өндөр соёлтой байсан ард түмэн. Шарын шашны нөлөө, Манжийн дарлал, Зөвлөлтийн ноёрхол, хуурамч ардчилагчдын хужааруулалтаас болж л мартчихсан болохоос.
Ч.Мөнхбаяр
2013.2.10

No comments: