Нийслэлийн автомашин 10 дахин нэмэгдэж, дарга нарын ухаан 10 дахин багасна
Ажлаа асар их популизмаар эхлүүлсэн Бат-Үүл баатарчууд, баабарчуудын “нийслэлийн их шинэчлэл” сүржин эхэлж, даржин үргэлжилж байна.
Юуны өмнө замын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Яаж шийдвэрлэх гэж байна вэ?
Бороо орохыг Богд гэгээн адил далдаас харж мэдээд өмнөх жилээс 2.5 дахин их буюу 70 тэрбумын данагар төсөв босгосон. Түүгээрээ борооноос болж цоорсон нүхнүүдийг бөглөхөд л яг таарч байгаа гэнэ. Тэгэхлээр зам маань гоё сайхан болж төдийлөн чадахгүй сэнж.
Япончууд 10 жилийн өмнө Нарны замыг барьсан нь ямар ч засвар хийгдэлгүйгээр, цаашид ч хийгдэхгүйгээр гөлийж толийгоод л байж байна. Ийм чанартай зам барих мөнгө авдаг ч сайдаасаа ажилчнаа хүртэл идэж уудаг тул, Хятадын хамгийн муу хувийн мануфактурын, хог шороо, баас хаягдлыг битум, асфальттай хольсон замын материалыг авчирч, хотын захын хайрга элстэй хэтэртэл хольж байгаад түрхэж, зам барьсан нэр хэмээж, даруй эвдрээсэй гэж Ганданд ном уншуулдаг. Ирэх жил ахиж мөнгө идэх гэж тэр. Японы Нарны зам шиг зам барина гэж зорилт тавихгүй л бол ямар ч баатарчууд баабарчууд юу ч бариад гай л болохоос, зай болохгүй.
Нэгдүгээр эгнээнд зөвхөн автобус явуулна гэх муйхар шийдэл нь, тэр эгнээ нь хоосон шахуу, бусад эгнээ нь машины оршуулгын газар шиг таг чигжигдэн овооролдсон нөхцлийг л үүсгэх юм. Улам их түгжрэл үйлдвэрлэх шийдвэр гаргаснаа мэдэнгүүт бүр олон мунхаг юм бодож олж, Үл мэдэх Нарны хотод зочилсон тухай зохиолыг сахалтай хөгшин харцуул, мөөмтэй жаахан авгайчууд жүжиглэн тоглосоор байна.
Жишээ нь, төгсгөлийн цифрээр нь явуулах хуваарь гээч юм. Даваад 1, 6-гаар төгссөн, мягмарт 2, 7-гоор төгссөн нь явахгүй гэхчлэн. Даваад 1, 2-оор, мягмарт 3, 4-өөр төгссөн гээд л заачихвал амар атал яагаад ингэв ээ. Оюуны хомсдол хоосролд 20 жил оруулсны дүнд оготно чүчүүлийн тархитай болсон олон жолооч жолоодогч үүнийг яахин ойлгох билээ дээ. Ойлголоо ч ойлгоогүй дүр үзүүлэн давхилдан дарцаглах сайхан боломж гарч гэм, хөөе. Тэгсэн чинь харин гайхлууд чинь 1, 2, 3, 4 гэж дараалуулах нь Хятадын фэнг шуй ёсонд харштай, өвөг дээдсийн сүнс хараан зүхэх болно гээд ингэж тохируулсан юм байна гээч. За, энэ нь замын ачааллыг 20 хувь бууруулж, нэг метр яваад зогсдог байсан бол, нэг метр 20 см яваад зогсдог болгоно гэнэ. Гэхдээ энэ нь бүтэхгүйн учир гэвээс, цөмийн осолд орсон цацраг идэвхтэй машин асар олноор орж ирж буй, хүн болж төрсний учир нь - машин гэх үзэл хавтгайрснаас үүдэлтэй сэнж. Бээжинд тэгш, сондгой тоотой машин ээлжилж явдаг гэдэг нь, Бээжин-2008 олимпикийн үеэр л юм шүү дээ. Үүнийг дарга нар эндүүрч, байнга тэгдэг гэж андуурч, цифр дугаарын хэлмэгдүүлэлт гаргажээ. Ухаан нь, ямар нэг яаралтай гачигдалд орсон хүн машин тэргээ хэрэглэж чадахгүй, сүйрэлд унах л юмсанж.
Төлбөртэй зогсоол олноор бий болгож байгаа л гээд байдаг байсан чинь 175-хан машин зогсох зогсоол бий болгож амжжээ. Уг нь 175 зогсоол гэж бодож байсан билээ. Цаашдаа бол ер нь нийслэлд 4500 машины зогсоол бий болгоно, гэхдээ мөнгө байхгүй гэж байна. Зүй нь, мөнгийг олоод идэхгүй, 100 мянган машины зогсоол буй болгох хэрэгтэй юм.
Тэгэхийн оронд, хувийн машин байх аргагүй болгох арга хэмжээ авна гэж байна. I эгнээгээр явуулахгүй, дугаар цифрээр нь явуулахгүй, зогсоолын төлбөрийг нэмнэ, төрийн албан хаагчид хувийн машинаар явж болохгүй гэхчилэн. Энэ бол большевик харгислал болохоос, нийслэлийн замын ажил биш ээ. Нэг эрхэм гишүүн даруу байна хэмээн жаал жуул явган популизм хийсээр ахиад сонгогдчихсон. Нийслэлийнхэн бас чингэж, замын ачаалал бууруулж байна гэж популизмдсаар ахин сонгогдохоо л бодож байна.
Хотын замыг сайжруулах арга ухаан бол хэвийн хэн бүхний толгойд ороод ирчихүйц хялбар. Үүнийг бичигч бээр хотын дарга байсан бол:
-1-рт, замын хажуугийн, голын зүлэг модыг зайлуулж зам өргөтгөн, өөр газруудад ногоон бүс байгуулна, замын дорхи шугам сүлжээг хонгилжуулж, орцжуулж, засвар үйлчилгээ хийхэд хялбар болгоно. Тэр шугам сүлжээний засвар үйлчилгээг чанартай хийвэл хэдэн арван жил ч хөндөхгүй байж болдог л юм.
-2-рт, гол түгжирдэг уулзваруудад давхар зам барина,
-3-рт, метро барина,
-4-рт, шулуун хурдны зам буюу, автобанууд барина,
-5-рт, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулна. Ихэнхдээ нэг цэгт түгжрэл үүсч, өмнө нь зам хов хоосон байдаг. Урсгалууд бие биедээ зам тавьж өгч, дүрэм баримталж явдаггүйгээс голдуу түгжрэл үүсдэг.
Ийм зүйлүүдийг ярихгүй, жог жог гэж жогорхой шиг зүйл ярьж байгаа этгээдүүд замын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг гонжийн жоо, голионы баас. Нийслэлийн автомашин арав дахин нэмэгдэнэ. Захиргааныхны ухаан энэ янзаар бол арав дахин багасна.
Ч.Мөнхбаяр
2012.8.21
No comments:
Post a Comment