Тэр хүмүүсийг баатрууд гэж үзэх явдал гарч буй
үлгэр
Нэгэн их мундаг “үлгэр тууль хайлдаг”, ихийг мэдэгч хүн надтай уулзаж, дараахь үлгэрийг хүүрнэвэй:
-Эртээ урьдын цагт нэгэн улс байжээ. Одоо ч байна л даа.
Тэр улсын засаг төр нь харгис хэрцгий, ард олноо устган сөнөөх л үйл зүйл хийнэ. Харийн эрх баригчдын юу тушаасныг 1000 дахин давуулан биелүүлж, өөрсдөө ч 1000 дахин олон зүйлийг санаж сэдэн хэрэгжүүлж, улс түмнээ мөхөөж байдаг.
Үүнд тус улсын хүн ард их л өширхөн хорсоно. Төрийн эргэлт хийх юмсан, алах юмсан, буудах юмсан гэсэн үг яриа амны уншлага болчихсон. Нэгэнтээ эсэргүүцэн бостол, цус урсган дарж харгислан хэлмэгдүүлсэн. Тэгэхэд гар хоосон босч, галдан шатааж, чулуу нүүлгэж, зодолдсон юмсанж.
Гэтэл одоо болохоор зэвсэглэн босох гээд, нууц үйл ажиллагаа явуулах болсон юмсанж. Хэсэг залуус кино хийж байгаа дүрээр Төрийн Ордон руу дайрч ороод, буудахыг нь буудаж, зодохыг нь зодож, дэглэмийг унагаж, төрийн эргэлт хийхийг төлөвлөж, цаасан дээр буулгажээ. Офицер, чанга нудрагатай залуусыг цуглуулж, судалгаа хийж, залууст зэвсэгтэй зэвсэггүй тулааныг зааж сургаж байв. Үүнийгээ кино жүжигчин бэлдэж байгаа юм гэж нэрийднэ. Хөдөө орон нутгаас сэтгэл бузардаагүй, элдэв хэлхээ холбоо, сүлбээ байхгүй залуусыг авчирч элсүүлж байсан гэх. Зэр зэвсэг цуглуулах санаатай асууж сурж байж. Мөн “хааны ордны” зохион байгуулалт, хамгаалалтынх нь байршил, үйл ажиллагааг судалж байжээ. Дайрч ороод л, хамгаалалтын үндсэн хүч ирээгүй байхад баахан ноёд түшмэдийг олзолж барьцаалж аваад, асуудлаа лавшруулан гүнзгийрүүлж буулт хийлгэж, ард олныг ч босохыг уриалан амжилтанд хүрэх байсан юм байх.
Тэгээд нэгэн эсэргүү ноёнтой уулзаж, туслахыг хүсчээ. Тэр эсэргүү ноён болбоос ийм бүлэг мүлэгт их дуртай. Элдэв зорилгодоо ашиглаж ирсээр 10 жил болж буй. Залуусыг дэмжээд үзэхээр шийджээ. Хүмүүсийн ярих нь, хэрэв та нар энэ төрийг унагах авбаас, намайг хаанаар тавьсугай, та нарыг харин есөн өрлөг, чинсан, бэхи болгоно гэсэн шиг байна.
Ингээд бүр шуударчээ. Тагнуулынхан тэднийг эртнээс харандаа авсан байв. Залуусын бүлгэмд тусалж байсан нэг зодооны багш юунаас ч болж юм, алтан хошуу өргөсөн гэх хардлага байдаг байна. Бүх үзүүр сэжүүрийг нь олж, тооцоо зангилааг нь тайлахын тулд их л мөрдөж тагнаж чагнажээ.
Тэгээд л сүртэйгээр гурван хүнийг баривчилсан байна. Нэг офицер хүн хэдхэн хоноод арын хаалгадаад гараад явжээ. Залуусын бүлгийн тэргүүн болохоор хэдэн сар хоригдсон. Эсэргүү ноёныг энэ асуудлаар яллан унагахад тун хэрэгтэй юм гэж эрх баригчид үзэж байв.
Гэхдээ энэ байр сууринаасаа татгалзсан учир бас буй. Хэрвээ дэглэмийн эсрэг ийм залуусын зэвсэгт хөдөлгөөн гарах гэж байсан байна гэсэн мессеж нийгэмд түгвээс даган дууриагсад цөөнгүй төрнө гэж болгоомжилжээ. Харгис дэглэмд ингэж нууцлах явдал цөөнгүй байдаг. Хойд хөрш улсад нь гэхэд олон жагсаал, эсэргүүцэл, бослого, халдлага гарч байсан байхад, цөмийг нь ор тас нууцалж байсан түүх буй. Ер нь заавал дууриах вий гэсэндээ ч биш, манай нийгэмд бүх юм сайн сайхан байнаа гэсэн худал суртал ухуулгадаа бүхнийг итгүүлэхийн тулд ч, ийм явдлууд огт болоогүй гэж топ-секрет болгон нууцлах явдал байдаг аа. Чингээд төрийн эргэлт болох байсныг топ-секрет болгоод байна.
Нөгөө эсэргүү ноёныг өөр хэргээр шоронд хийж, улс төрөөс зайлуулжээ. Тэгэнгүүт, залуусын толгойлогчийг сулласан. Залууг суллаад өгөөч гэж ах нь маш том албан тушаалтан найзаасаа гуйж, ивээлд нь оруулсан байсан аж. Толгойлогч дүүгээ хуулийн хариуцлага хүлээх чадваргүй шахуу зүйл хэлсэн юм уу даа.
Ингээд бүх асуудал дууссан уу гэвэл үгүй юм. Нэг гадаадаас ирсэн хүнийг, гадаадын хатгалгаар төрийг маань бусниулах гэсэн гэж, хөдөө байдаг аймшигт эрүүдэн шүүх газар хорьжээ. Тэр хоригдол бол чанга гар аж. Энэ үйл явдал болоод байгаа улсын гол үндэстэн хүмүүстэй яс үндэс нэгтэй. Харин өөрийнхөө төрсөн улсад бол цөөнх үндэстэн гэж дарлуулж хорсож байсан. Өөрийн үндэстнийхээ улсад очиж амьдаръя гээд ирсэн чинь, манай үндэстний хүн ирлээ гэж найр тавьж угтахын оронд хялайж угтсан. Энэ шинэ улсын хүн ам нь хилийн чанадад байдаг үндэс нэгтнээ хамгаас их жигшиж явдаг гажууд ёстой аж. Харь гүрэнд ноёлуулж дарлуулсаар ийм мунхаг болжээ.
Чанга эр шинэ улсдаа ирээд, урьдын улсынхаа дарлагч ноёлогч үндэстний хүмүүсийг энэ шинэ улсын иргэдтэй нийлээд дээрэмддэг, рекетэлдэг байжээ. Ингэж амьдрахаас өөр арга байсангүй. Дээрмийн хэрэгт холбогдож байсан ч, аргалаад мултарч дөнгөнө. Бас ч гэж оюунлаг тул эрдмийн цол зэрэг ч хамгаалжээ.
Таньдаг залуус нь энэ болдоггүй төр засгийг унагая гэхэд дэмжиж, нэгэн баг болж орхижээ. Чингээд өдгөө хоригдож байнам. Нууц хоригдол л доо. Төрийн эрхийг авах гэсэн хэрэг гарсан гэж хамаагүй мэдээлэгдэж болохгүй, хориотой. Төр засгийн эрхийг хүчээр авна гээч нь 25 жил өршөөгдөх эрхгүй хоригдох асуудал юм гэж ярих хүн байна. Цаазаар авч болдог цөөхөн хэргийн нэг юм гэнэ билээ гэх хүн ч буй. Терроризм, үймээн самуун удирдах гээд тийм хэдэн хэрэг байдаг гэх юм. Бас урьдын улсад нь тушааж, ноёд баядын хэрэгт холбогдсон, эрхийн тэнэг болсон хүүхдүүдийн нэгнээр сольж авч болно гэх шив. Гэхдээ энэ хүн харъяалалгүй болчихсон юм байна. Тэгэхлээр сольж авч болохгүй болчих гээд. Урьдын улс нь харин авахад бэлэн байгаа шиг билээ.
Энэхүү хэрэгт холбогдсон хүмүүсийг, ялангуяа залуусын толгойлогч болон, одоо хоригдож буй хүнийг баатар гэж үзэх явдал түгж буй аж. Одоогийн харгис дэглэмийг зэвсэг барин эсэргүүцсэн нь зөв л байна ш дээ гээд тахин шүтэх гээд ч байх юм гэнэ.
Хамгийн гол нь, эл улсын нийгэм энэ хэвээрээ л байх ахул, зэвсэгт хөдөлгөөний ийм асуудал ахиад л давтагдана, даамжран давтагдана, шат ахин давтагдана гэж түгших хүмүүс ч байна.
Ингээд цөмөөрөө амар сайхандаа жаргажээ гэж тэрхүү их мэдэгч хүн үлгэрээ төгсгөв. Үлгэр болохоор үнэн худал эсэхийг нь өчүүхэн бичээч би вээр хэрхэн мэдэх билээ дээ.
Ч.Мөнхбаяр
2012.8.21
No comments:
Post a Comment