Tuesday, April 9, 2013

АН асар хүчирхэгжвэл, ан гал руу оруулах уу?

1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл (АХЭ) төрийн эрхийг гартаа атгаж байх үед МАХН сав л хийвэл хүүхэд эмээгээсээ чихэр нэхэн савж унаад шал бөмбөрдөх адил элдэв юм шаардаж хурал хаян, хошуу цорвойлгон оддог байсан. Тэгэхэд УИХ-ын чуулганы хуралдаануудын нийт өдрийн 1/3 нь МАХН-ын маяглалаас болж сул зогсолттой өнгөрсөн гашуун түүх бий. Энэ хугацаанд ард түмний хичнээн олон амин чухал асуудлууд шийдвэрлэгдэж болох байсан бол?
Гэвч ард түмэн том намуудад огт падлийгүй юм. Ялагдчихаад, горшоонкоо барин гоншигнох хүүхэд аятай аяглах МАН ашиг хонжоо, албан тушаалын тухай л бодож байна. Ард түмнийг бол мөхөөх талаар л бодох биз.
АН ч гэж АН. Урьд иймэрхүү нөхцөл байдалд МАХН хоёр удаа АН-тай эвсэж хамтарсан ЗГ байгуулж байсан байна. Энэ өрийг нь МАН АН-д сануулж, битгий новшроод бай л даа гэж анхааруулаад байна шүү дээ. Тэдний хоорондын л өгцөө, авцаа.
Гэвч өмнийн угшил, эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй, жудаггүй байдлаараа ялгарах нөхөд саяхан дөрөө харшуулж явсан андыгаа араас нь Түгжил адил хутгалчихаад хээр хаяад явахыг л хүсч байна гэж учир мэдэх хүмүүс толгой сэгсрэх юм. МАН боов боорцоггүй хоцрох нь ард түмэн бидэнд юуны ч хамаа байхав. Есөн үеэрээ идээд барахгүй өв хөрөнгөтэй баян буянтай дарга нар маань ирэх дөрвөн жилд өлбөрөөд үхчихэв л гэж. Тэдний хязгааргүй бирид шунал, сэтгэцийн өвчин болчихсон идэж уух гаж дон л гайхалтай.

Харин МАН АН-д бол хамаатай л байхгүй юу. Ах дүүс, анд нөхөд, нэгэн эхийн хүүхдүүд шүү дээ. АН-ын харгис хатуу байдал алмайруулж, айлгаж байна. Ихрийн өрөөсөн, ижлийн нэг МАН-аа устгаад хаячихыг эрмэлзэн, гудамжинд хөөж гаргаж байгаа ийм улс юу ч хийж мэдэх нь байна шүү, монголчууд бид бол тэдний хувьд юу ч биш юм байна гэж түгшүүрийн харанга дэлдэх ёстой болж байна.
АН ер бусын ихээр хүчирхэгжлээ. ЗГ, УИХ, УБ, шүүх, прокурор, АТГ, орон нутаг, арми тэднийх боллоо. МАН үнэхээр дэргэд нь шушмаа нусгай хүүхэд болжээ. Идэж уухаа л бодохоос, эрх мэдлийг хангалттай хэмжээнд анхааралгүй тавиад туучихжээ. Аймаг, дүүргийн 12 засаг дарга АТГ-т шалгагдаж, ял авч байгаагийн 11 нь МАН-ынх, нэг нь МАН-тай сүлбээцэлддэг “Алтан гадас”-ынх буюу, АТГ-ыг атгагчийн фракцын сөрөг фракцийнх байсан. Тэгээд ч “Алтан гадас”-ын тэр хүнд хал бал учраагүй, инээж ханиагаад л яагаа ч үгүй явж байгаа. Энэ мэт дээр МАН дүгнэлт хийхгүй юу хийж явсан юм бэ. Одоо Чойжилсүрэн, Хүрэлбаатар, Төмөрхүү нар нь хэрэгт татагдаад УИХ-ын сэнтийд суух эсэх нь эргэлзээтэй болж байна. Арвин нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гээд, Бат-Үүл баатрын санаачилсан сөрөг хүчийг сөгтгөн мөхөөх аймшигт хуулийн дагуу шүүгдээд явж байна. Шүүх дээр дандаа бид ялагдаж байна гэж МАН-ынхан уйлж байна. Шүүх засаглалыг хүчрэх юм уу гэж бяцхан Э, Батболд даргаас нь даажинтай асууж чичрүүлсэн гэж байна. МАХН-ын Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ нарыг шүүх засаглалаар “шүрмэсийг нь сугалж” байна. Юу л болоод байна даа? Шинэ аймшигт дарангуйлал тогтох юм биш биз. Магадгүй нэг хүний.
МАН-д ямар хүч байна? Хэдэн хэрэгцээгүй гишүүн л байна. Асар хүчит АН тэднийг шахаанд оруулах цаг айсуй. Бүрэн, дархан эрхийг харгалзахгүйгээр шүүж болно гэж намек, пароль өгч байна.
Бяцхан Э-гийн аварга хүчийг хэн сөрж зогсоож чадах вэ? МАН, МАХН аль нь ч биш. Тос дотроосоо муудна аа гэдэг. Алтан гадасын А л сөрж чадах аатай аавын хүү.
Эсэн гэдэг хүний бичсэн нийтлэл гарчээ. Бяцхан Э Н.Энхбаяраар, МАХН-аар тоглож, МАН-ыг доройтуулсан гэжээ. Хүмүүс ямар коммент бичиж вэ? Нэг хэсэг нь: “Ардчилсан ерөнхийлөгч Э-г маань аятайхан байлга, МАН-ыг газрын хөрснөөс арчвал таарна, бүгдийг нь шоронд хий, олигархиудыг устга, МАН-аас л салж байвал болоо, үүнийг Э л чадна, АН ялснаар одоо л нэг ардчилал ялж сайн сайхан цаг яллая, Эсэн бол бөгс долоогч байна, 5000 төгрөгийн төлөөр яахаас ч буцахгүй” гэж. Нөгөө хэсэг нь: “Э бол хүзүүгүй, дутуу, яаж нэг секс хийдэг юм бол, ийм ерөнхийлөгчтэй байхаас ичиж үхэх дөхөж байна, АН бол хужаа хувхай нарын нам, ардчилал бол америкуудын буурай орнуудыг сөнөөх гэж зохиосон зүйл, ардчилал тогтсоноос хойш Монгол орон сөнөж мөхөв, гуйлгачин, янхан буй болов” гэж. Эд юу ч ойлгоогүй байна. Хэрэв эд монголчуудын хэв шинжит төлөөлөл мөн аваас ирээдүйд итгэх нь утгагүй хэрэг болох нь ээ.
Монгол оронд шударга ёс, эрүүл нийгмийн төлөөх тэмцэл огт алга байна, байсан ч үгүй (1990 онд л жаахан байсныг зальхай этгээдүүд завшчихсан). Намуудын хоорондохи, нам хоорондын олигархи бүлгүүдийн хоорондхи Монгол улсыг харьд нэгтгэх, Монголын ард түмнийг сөнөөх тендерт ялахын төлөө тэмцэл л байна. Ард олон энэ тэмцлийг сонирхон ажиглах, сонирхон оролцох л төдий. Бүгд Монголын эсрэг!
Хөөрхий дөө Монгол минь, хэр удаан тэсэх юм бол доо.
Ч.Мөнхбаяр
2012.8.1

No comments: