Манжийн ноёрхлыг унагасан Хятад улсын улс төрийн байдал тэр үед дээд зэргээр тогтворгүй байсан хэдий ч тухайн тогтнож байгаа засаглал нь ч, тэмцэлдэгч хүчнүүд ч Манж Чин гүрнийг хэмжээ хилээр нь сэргээж, өөрийн болгон өвлөж авах санаархлыг хэзээ ямагт агуулж байв. Англи, Япон, Орос, Герман, Франц гүрнүүд тал талаас нь заналхийлж, түрэмгийлж байхад ч ялгаагүй. Чингис хаан, Нурхач баатар нарын байгуулсан гүрэн хятадын дээдчүүлийн яс чөмгөнд шингэсэн мөрөөдөл болж хувираад үе дамжин удамших болсон нь исламын үнэнч сүсэгтэн хаж болохыг мөрөөддөг шиг л хүчтэй байсаар ирсэн. Хятадын түрэмгийлэлд Монгол орон өртөж, монголчуудын хувь заяа нэн ойлгомжтой мэт болох үес манай тэргүүний хүмүүс, засаглалын төлөвлөгчид Орос, АНУ, Япон зэрэг холбоотон улсуудтай болох, тэднээс цэрэг, улс төрийн тусламж авах талаар хэлэлцэж; хэрэгжүүлэх практик алхмууд руу шилжиж эхэлсэн нь оройтсон хэдий ч амин чухал зайлшгүй хэрэг байлаа.
Зөвлөлтийн хараа хүрээнд Монгол удалгүй орсон билээ. Түүхийн үүднээс авч үзвэл монголчууд зөв сонголтыг хийжээ. Хятадын колони байснаас Зөвлөлтийн сателлит орон байсан нь монгол угсаатны амьдралд эерэг ач холбогдолтой байв. Тэр үед Монгол яаж ийгээд Японы холбоотон болж чадсансан бол монголын ард түмэн дэлхийн дайны үед болон дараа нь нэн эмгэнэлт тавилантай золгох байсан байж магад.
Тийм ээ. БНМАУ нь ЗСБНХУ-ын сателлит байв. Барууныхан байтугай, Зөвлөлтийн хүмүүсийн багагүй хэсэг БНМАУ-ын тусгаар тогтнолд эргэлзэж, "XVI ССР" гэж үзэж байлаа. БНМАУ-ын түүхэнд Зөвлөлтийн гүйцэтгэсэн сөрөг үйл үйлдэл их гэдэг нь маргаангүй. Гэхдээ эерэг нь ч их гэдгийг мартаж болохгүй юм. Нийтлэг соёл иргэншлийн тогтолцоо, эдийн засгийн үндэс суурь, шинжлэх ухаан, техникийн бааз, батлан хамгаалах хүчин чадал, орчин үеийн нийгмийн гол бүрдүүлэгч инститүтүүдыг "бнмаучууд" бие дааж байгуулаагүй. Үүнтэй адилыг Дундад Ази, Кавказын улсууд, ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд асан олон улс түмнүүдийн тухайд хэлж болох билээ. Өдгөө ЗХУ задарсны хойно шинэ тусгаар улсууд улсын дайтай оршин тогтнож, хөгжиж дэвжиж байна. ТУХН-ийн холбоо шинэ тусгаар улсуудад оршин тогтнохуйн, ирээдүйн том баталгаа болж байна. Тэд дассан олон зүйлээсээ салахыг яараагүй бол бид харин яарсан. Орос улстай тогтоосон олон жилийн хэлхээ холбоог "шинэчилж", Оросын цэргийг гаргалаа. Энэ нь зөв алхам мэт, гэхдээ зөвийг бас улс төрийн зайлшгүй байдлаар хэмждэг. Тиймээс ч ганц л зөв байдаг бус, зөвөөс илүү зөв гэж байж болдог билээ. Санаандгүй бид чинь Дорнод Европод бус, Төв Азид байдаг шүү дээ гэдгийгээ ямагт санаж явах учиртайсан.
Олон жил эв түнжингүй байсан Монгол, Хятад хоёр найрамдалт харилцаатай болсон нь монгол түмний магнайг тэнийлгэж, сэтгэлийг уужруулсан. Алинд нь ч дарлагдахгүй, алиных нь ч цэргийн мөрийг Монгол нутагт гаргуулахгүй, амар жимэр байх гэдэг; эрх тэгшээр харилцдаг хоёр сайхан хязгааргүй хөрштэй байна гэдэг юутай сайхан бэ. Сайхан дээр сайхан нэмэх эрх чөлөөт, ардчилсан нийгэм. Хаана татвар бага бол тэнд миний эх орон байна гэж Аристотель Онассис хэлсэн шиг хэн хямдхан бараатай байна, тэр миний түнш гэсэн бизнесийн шулуухан зарчмыг манайхан харалгандуу баримталснаар өөрсдөө ч хямдарч орхихыгоо анзааралгүй хятадын жижиг наймаачидтай гүйлгээ хийж, эх орныхоо сул асгарсан баялгийн ачаар багахан ч атугай бэлжиж, урамтай, амьдралд өөдрөг, ирээдүйд итгэлтэй болж байна. Дээдчүүд маань Оросыг эс тоож, Хятадыг төдийгүй, аль алс холын орныг зорих болов. Оросын нефть хайгуулын мэргэжилтний "Тэдэнд Уфа орохоос, Хьюстон руу нисэх нь сайхан байдаг байлгүй дээ" гэсэн үг санаанаас гардаггүй. Гэхдээ Орос осолтой орон. Сая Ельцин арай гэж зөрүүдүүдийг номхтгож чадаагүй бол иргэний дайн дэгдэж, Монгол дүйвээнд нь өртөж болзошгүй байв.
Хятадтай муудсан байсан үе юутай түгшүүртэй байгаа вэ? Хорин жил үргэлжилж, монголчуудын оюун сэтгэхүйд ихээхэн нөлөөлсөн түгшүүр. Өдөр бүр хятадын армийн шинэ шинэ зэвсэглэл сургуулилтын мэдээ сонсч, хятадын удирдагчдын түрэмгий, заналхийлсэн байр суурийг сониноос уншиж байсан санагдана. Хятадын балмадуудыг дүрслээгүй шог зураач, бичээгүй зохиолч, илчлээгүй зүтгэлтэн гэж байсангүй. Тун зоригтой багахан үндэстэн байлаа. "Байлдааны бэлтгэл" сэтгүүлийн анхны дугаарын тэргүүнд Бээжингийн аюул заналын тухай голлон бичиж, хүүхдүүд "Вьетнамаас савраа тат!" хэмээн удтал бие биеийн хурууг үзгээр хатгаж байсныг санана. Хожим өөрчлөн байгуулалт түгшүүрийг зөөллөж; бид Тяньаньмэний үймээнчид, Бээжингийн албан ёсны засаглал хоёрын аль алинд зөөлөн хандах болсон шүү дээ.
Баруун аймгууд маань Лоб нуурын туршилтын талбайн цөмийн хөнөөлийн бүсэд оршдог атал ноднин хэт хүчтэй дэлбэрэлт дэлхийг доргиож, энэ жил ч давтагдаж байгаа тул манай ГХЯ мэдэгдэл хийхэд хүрэв. Анчин тарвага даллаж дасгаж байгаа юм шиг хавар номоор даллаж нэгэнтээ анхаарал татсанаа тайвшруулчихав. "Ардчилалд" Хятад ойрын арван жилд Монголыг түрэмгийлэх тухай томоохон өгүүлэл нийтлэгдэв. Иймэрхүү өгүүлэл манай хэвлэлд өдрийн од шиг үзэгдэх бөгөөд, үнэн байдалд нийцэхгүй байж болох л доо. Тэгвэл оросын хэвлэлд цөөнгүй нийтлэгддэг нь ямар учиртай юм бол. "Восток России" сонин Хятадын аюул заналыг Москвагийн улс төрчид хэр түвшинд авч үздэгийг мэдэхээр ярилцлага зохион байгуулсан байна. Улс төрчид "Дэлхийн улс төрийн ертөнцийн хоёр туйлт байгуулал ЗХУ-тай хамт замхарсангүй. Хятад хоёр дахь туйл болж хувирлаа", "Дэлхий дахины хувь заяатай холбон хятадын факторыг бүрэн хэмжээгээр тайлбарлах ажил III мянган жилийн эхэн үеэс зайлшгүй эхэлнэ. Учир нь "Хятад лидер болно", "Хятадын националистууд "түүхэн хилийг сэргээх" шаардлага тавихгүй гэж хэлж болохгүй, юу ч болж болно. Бидэнд ямар ч потенциалын аюулыг няцааж чадахуйц хүчирхэг Орос хэрэгтэй", "Хятад өнөөдөр супергүрний байр сууринд байхыг бодож байна. Түүний хүн хүчний нөөц, давшингуй хөгжиж байгаа эдийн засаг, зэвсэгт хүчнийг нь аваад үзэхэд XXI зуун Хятадын зуун болох бололтой. Америк лидерийн эрх хэмжээгээ илтэд алдаж байна. Зууны зааг дээр хятадууд хойт зүг рүү экспансиа эхэлнэ. Бид хятадын факторыг саармагжуулахын тулд Японтой хүчээ нэгтгэх хэрэгтэй. Манай Үндэсний Авралын Фронтыг хятадын төлөөний байгууллага гэдэг нь огт үнэнд нийцэхгүй гэдгийг энэ дашрамд дурдъя" гэхчлэн хариулжээ. Сүүлийн үед хятадын эрэг хавьд оросын хөлөг онгоцууд элдэв явдалтай учирдаг болоод байгаад түгшин тус сонин ярилцлага зохион байгуулжээ. Хятад сүүлийн үед оросын зэвсэглэлийг импортлогч үндсэн орон болсон гэж бичсэн байна. Хятадын арми дэлхий дээр хамгийн олон албан хаагчтай, хүчирхэг зэвсэглэлтэй хэвээр болохоор оросуудын түгшдэг ч аргагүй.
Санаа бодлоо нуухын тулд хэл заяадаг улс төрч депутатууд "Юу ч болж болно" гэж хэлж байхад санаа бодлоо гаргахын тулд үзэгтэй байдаг сэтгүүлч "Юу ч болж болно" гэж бичихээс ч өөр аргагүй. Юу ч болж болно. Бүхэл бүтэн улс оронд маань тусгаар тогтнолын ямар баталгаа байна вэ? Монголын арми хоёр хөршийн алиных нь ч түрэмгийллийг няцaах чадваргүй. АНУ, Японы баазуудаасаа цэрэг илгээнэ гэдэг эргэлзээтэй. Японы Үндэсний батлан хамгаалах хүч гадаад улсад цэргээ илгээх эрхгүй байдаг. Зөвлөлтийн цэргүүдийг гаргаад, байрлаж байсан хотхонуудыг нь сүйтгэхийг сүйтгээд, хуваахыг хуваачихсан. Яах вэ?
Манай Монголтой нэлээд адил төстэй улс бол Казахстан юм. Тийшээ казахуудын замаар эртнээс дүрвэж очицгоох уу? Бид ямар ч гэсэн монголын ард түмнийг түүхэнд авч үлдэх л ёстой. Тэгвэл яагаад Казахстан аюулгүй байдлын баталгаа болдог билээ. Манайх шиг л хүн хүч муу, газар нутаг уудам, баялаг арвин...Яг л эндээс авралын учиг олдох шиг. Казахстан ЗСБНХУ-ын хүрээнд байсан олон хэлхээ холбоо, харилцан хүлээсэн үүргээ үндсэнд нь хадгалан үлджээ. Энэ нь баталгаа болж байна. ТУХН-ийн улсууд бие биенийхээ аюулгүй байдалд анхаарал тавина. Оросын цэргүүд Тажикистаныг хамгаалж, Афганы хил дээр байлдаж байна. Тэд Орос орноо хамгаалж, Тажикад байлдаж байна. Монгол улс ч Оростой мөн ч өргөн харилцаатай байж билээ. Харилцан туслалцах гэрээгээр Зөвлөлтийн цэргүүд аль л аюул осолтой үед орж ирдэг байсныг дурснам. Энэ л ганц найдлага биш үү?
Улсуудын харилцааны нэгэн шинэ тогтолцоо болох ТУХН-д элсэх саналыг яагаад тавьж болохгүй байх билээ. Цаг алдвал барьж болдоггүй. Энэ л асуудлыг яаран судалж үзэх хэрэгтэй. ТУХН-д элсэх нь ЗХУ-д дагаар орохтой огт адилгүй. Энэ нь ЕХН, Британий хамтын нөхөрлөл, АНУ, Канад, Мексикийн болоод Бенилюксийн холбоо шиг л тогтолцоо гэдгийг хэн бүхэн мэднэ шүү дээ. ТУХН-ийн гишүүн орон боллоо гэхэд тусгаар тогтнол маань хязгаарлагдахгүй. Украин НАТО-д элсэх санал тавьдаг шиг нутаг дэвсгэр дээрээ Америкийн цэргийн бааз байршуулж, Казахстан "Тенгизоил" төсөл хэрэгжүүлдэг шиг үндэстэн хоорондын томоохон олдворлол үйлдвэрлэлийг дэмжиж, Халимаг шиг эдийн засгийн чөлөөт, оффшор болон шашны бүсүүд байгуулж, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэл, ард түмний ирээдүйд хэрэгтэй ямар ч үйл ажиллагааг явуулах нь эрх чөлөөтэй хэвээр хоцорно. ТУХН-д элсч чадвал зөвхөн батлан хамгаалах салбарт бус эдийн засаг, соёл шинжлэх ухаан, ард түмнүүдийн харилцаа, боловсролын салбарт ч их эерэг ач холбогдолтой байх болно.
Ойрын үед Монгол улсад тусгаар тогтнолын баталгаа болсон ач холбогдолтой алхмыг зоримог шийдэмгий хийх хэрэгтэй байна.
Ч.Мөнхбаяр
“Улаанбаатар”, 1993
No comments:
Post a Comment