Tuesday, April 9, 2013

Гаазын алдагдлаас болж хоёр галт тэрэг дэлбэрсэн аюумшигт түүхээс...

Ухамсар дорой манайхан атом, хий рүү арвалзаад арзалзаад байх нь зөв үү?

Ахуйн хий (манайхан гааз гэж нэрлэж хэвшсэн) бол аюулын хий юм. Байгалийн нөөц баялгаар хомс орнууд гал хөсгүй суухгүйн тулд эрчим хүчний энэ аюумшигт эх үүсвэрийг хэрэглэх болжээ. Хийн осол гарахгүй байж болно, харин энергигүйгээр амьдарч болохгүй.
Монгол оронд ахуйн хий нэвтэрч байна, дагаад хэрэглэх заавар, хариуцлага нэвтэрсэнгүй. Хаа сайгүй л тэнэг мунагаа гайхуулсан, ангайсан алмайрсан, хэвийн бус улс олширч байна, их ч үхэж үрэгдэж, хохирч зовох юм.
-Яасан?
-Гааз дэлбэрсэн.
-Яагаад?
-Мэдэхгүй.
-Хэрэглэх зааврыг нь дагасан юм уу?
-Мэдэхгүй гээд л ангайгаад сууж байх. Ийм хүмүүст заан сургах гэвэл аягүй бол ална. Ийм л харанхуй, бурангуй нийгэм болж. Зарсан компани нь аргалж байгаад л хэдэн бор цаас салгахаас өөр юм бас мэдэхгүй. "Авсан хүн болгоныг дагаа явж байх юм уу!" гээд л үй түмэн үзэгчийн өмнөөс хуурай агсран омогдох. Ядаж худлаа ч гэсэн харамссан дүр үзүүлэх өчүүхэн төдий ухаан байхгүй.
Ахуйн хийн осол гарах тун амархан. Нээгээд орхисон л бол үхэл тарина. Энэ хорт хий хүний амь насыг хялбар хөнөөнө. Хий алдагдсан орчинд гал, оч гарах л юм бол өнгөрөө. Дэлбэрнэ, түймэр гарна.

…1989 он, ЗХУ-ын Уфа хотын орчим. Хий алдагдсан орчинд галт тэрэгнээс ямар нэг байдлаар оч үсэрч дээ. Ингээд л, зөрж явсан, 1284 зорчигчтой хоёр галт тэрэг агаарт үсэрчээ. 11 вагон шидэгдэж, бүгд замаас гарч, 17 нь бүрэн шатаж, 27 нь их хэмжээгээр шатсан аж.
Хойд Америкийн агаараас эсэргүүцэн хамгаалах системийнхэн ч энэ дэлбэрэлтийг мэдэрсэн гэдэг. Эзэлхүүнт дэлбэрэлт буюу, агаар тэр аяараа дэлбэрсэн аж. Нэг жижиг зүйл дэлбэрсэн биш.
10 км хол байсан Аша суурингийн барилгуудын цонх хагарчээ. Асар өндөр галан багана 100 км холоос харагдаж байж. 350 метр төмөр зам өндөр температураас болж могой шиг тахиралджээ. 17 км холбооны шугам ашиглалтаас гарч. 250 га газар түймэрт өртөв. 4-40 см өргөнтэй, 300 м урт ангал гарч, газар хагарч цуурчээ.
Жолооч В.Титлин: “Эрэмдэглэгдсэн хүмүүс ой руу мөлхөж, талаар нэг тарсан байв. Үнэмшимгүй их хүч гаргаж, зарим нь нэлээд холдсон байлаа. Их түлэгдсэн хүний гар, хөлнөөс өргөх гэхэд арьс нь шувтраад гарт үлдчихэж байсан. Аймшигтай орилж чарлан бүр цочирдуулж орхино. Хар дарсан зүүд үзэж буй мэт өөрийн ухаантай ухаангүй явсаар ажлаа дуусгасан” гэжээ.

Оросод хийн алдагдлаас болж дэлбэрсэн вагонууд

Эцэг С.Абдулин: “Охиноо би их хайсан. Нэг цогцос охины маань цогцос шиг санагдаад байв. Гэвч толгой нь доод эрүүнээсээ дээш байхгүй болсон, доод эрүүнд хоёрхон шүд байв. Бүх шүд байсан бол, шүдээр нь таних байлаа. Балетийн сургуульд явж байсан тул хөлөөр нь таньж болох байсан. Гэвч хөл нь угаараа байхгүй. Их бие л байсан юм. Цэргүүд миний эрлийг хүчээр зогсоосон” гэжээ.
Дайны үеийн дүрмээр ажиллаж, хүнд байдалтай хүнд огт туслахгүй, өвчин намжаагч ч хийхгүй, гагцхүү нэг дор бөөгнүүлж байжээ. Харьцангуй гайгүй байгаад нь л тусалдаг юм байна шүү дээ. Найдваргүй нэг хүнд тусалснаас, найдвартай хоёр хүнд тусла гэдэг юм байна.
Вагон халуунд атийн банан хэлбэртэй болсон байхад хажууд нь хүн амьд байдаг л аж. Өндөр температурт, богино хугацаанд шатан ёрдойсон модод хүрэнгүүт унах, эсвэл өөрөө унаж дарчих гээд их л хэцүү. Модод, вагонуудад хүний биеийн бүхий л хэсгүүд өлгөгдөж, наалдсан байжээ. Цэргүүд метал хусуураар вагонд наалдсан биеийн хэсгүүдийг хусч арилгана. Шарагдаж түлэгдсэн мах, хүүрийн үнэр, өтгөн шингэний үнэр амьсгал авах аргагүй.
Ийм л орчинд ойр дотныхноо гурав хоног хайсан ч хүн байдаг аж. Шугаева гэх саальчин эмэгтэй “Миний хүү амьд, 21-р эмнэлэгт байгаа. Шархадсан хүмүүсийг авраад явж байсан гэж “Правда” сонины тэргүүн нүүрэнд бичсэн байсан” гэж их л баяртай хэлж иржээ. Хүмүүс ч түүнийг гайхаж. “Правда” сонинд бичсэн нь үнэн, гэхдээ 98 хувийн түлэгдэлтэй байж бусдын амийг аварсан гэсэн байж. Ингэж түлэгдсэн хүн амьд гарахгүй, гарлаа ч амьдаас цаашгүй нэгэн л богино хугацаанд наслах биз. Тэр эмэгтэй: “Хүүгээ оллоо! Энэ жагсаалтад нэр нь байна!” гэж бүр их баярлан хашхирчээ. А.Донцов гэсэн нэр нөгчигсдийн жагсаалтад байсан бөгөөд, хөөрхий эмэгтэй солиорсон байжээ.

Украинд хийн алдагдлаас болж дэлбэрсэн байшин

Зорчигчдын хагас нь 70 хувиас дээш түлэгдэлттэй байв. Танигдахгүй болтлоо түлэгдсэн нэгэн хүүг хоёр эх миний хүү гэж сахисаар амьсгал хураахыг нь үзжээ. Хүмүүсийн цогцос, чандрыг Оросын 45 муж, ЗХУ-ын есөн БНУ руу төрөл төрөгсөд нь авч явлаа.
645 хүн, үүн дотор 181 хүүхэд газар дээрээ нас барсан байв. Тамын тогооноос амь гарсан хүмүүсийг тарчлан зовох л хувь тавилан угтсан. 1284 зорчигчоос өдгөө 52 нь амьд байна…
Украины Днепропетровск хотын Мандрыковская гудамжны нэгэн байшинд дэлбэрэлт болж, 23 хүн нас барсан. Нэг орц ташраараа нураад л, хамаг юм юу ч үгүй няцран тэгшлэгдсэн аж. Ердөө л хайхрамжгүй хэн нэгэн хийгээ хаагаагүйн улмаас шүү дээ.
Өө, тэр хийн дэлбэрэлтэд чинь бүр 1000 хүн үхдэг юм байна шүү дээ, манайх ч харин гайгүй байна аа! гэж чанга чанга инээхээс цаашгүй хүн ч энэ мөрүүдийг уншиж л байгаа. Ухаарах сэхээрэх чадвартай нь хийгээс сэргийлцгээе гэж үүнийг бичлээ.
Асар их эрчим хүчний эх үүсвэртэй, Монголын нутаг дэвсгэр бараг тэр аяараа нүүрсэн дээр тогтож байхад хийн хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Цахилгаан станцын ослоо л өдөр бүр гаргахаа багасгавал барав.
Ийм байж бас атомын цахилгаан станц барина гэж амны зоргоор солиорох дарга нарыг яана вэ. Одоо атомын дэлбэрэлт гаргачихаад өөрөө дэлбэрээд байгаа юм чинь яах юм гээд тэнэгтээд сууж байх нь л дээ.
Одоогийн ухамсар, хариуцлага, соёл, ухаан дорой нийгэмд атом, хий рүү арвалзаад, арзалзаад байх цаг нь арай л болоогүй байна!
Ч.Мөнхбаяр
2012.10.3

No comments: