Tuesday, April 9, 2013

Олуулаа болох санаачилгыг Иргэний танхимаар хэлэлцүүлье

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болох санаачилгыг дэмжиж санал нэгдсэн нөхөд бид “Олуулаа” гэдэг дугуйлан байгуулаад ажиллаж байна. Манай дугуйлангийн гишүүд бол гол төлөв Монгол улсад ажиллаж амьдарч байгаа өмнөд монголчууд юм. Цаашдаа дэлхийн бусад монголчуудыг ч дугуйлангийнхаа үйл ажиллагаанд оролцуулахаар төлөвлөж байгаа. “Олуулаа” дугуйлангийн зорилго бол ерөнхийлөгчийн санаачилгыг тал бүрээр дэмжиж, Монгол улсад ажиллаж амьдрах хүсэлтэй дэлхийн монголчуудыг хүслээ биелүүлэхэд нь тус дөхөм үзүүлэх. Бид “Олуулаа болох санаачилгад нэмэрлэх санал”-аа боловсруулж, олон нийтэд танилцуулсан. Мөн ерөнхийлөгчид оны эхээр Талархлаа хүргүүлсэн.


Мөн манай дугуйлангийнхан Монгол улсын иргэн болох, оршин суух эрх авах хүсэлтэй 60 орчим хүний гарын үсгийг цуглуулж, “Хамтын хүсэлт” гаргууллаа. “Санал”, “Хамтын хүсэлт” зэргээ хамтад нь ерөнхийлөгчид өргөн барихаар хүсэлтээ тавьсан, хариу хүлээж байна.
Олуулаа болох санаачилгыг Иргэний танхимаар хэлэлцүүлж өгөхийг ерөнхийлөгчөөс хүсч байна. Санаачилга гарснаар нийгэмд эерэг сөрөг янз бүрийн зүйлс ажиглагдаж байна. Угсаа нэгтнээ Монгол улсад ирж ажиллаж амьдрах илүү чөлөөтэй боломжоор хангах нь зүйтэй гэж ард түмний олонх нь үзэж дэмжиж байна. Улс болгонд тийм боломжийг хилийн чанадын яс үндэс нэгтнүүддээ гаргаж өгсөн байдаг. Монгол улсад харин ийм бодлого байхгүй байсан учир манай зарим иргэд болгоомжлох, дургүйцэх байдал гардаг. Улс төрийн зорилгоор Олуулаа болох санаачилгыг муучлан давших явдал ч бий. Тиймээс асуудлыг зөвөөр таниулъя, хамтдаа хэлэлцье, ойлголцъё. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг.

Ерөнхийлөгчийг санаачилгыг дэлхийн монголчууд тун их талархан хүлээж авсан. Манай “Олуулаа” дугуйлангийн зүгээс саяхан Япон, АНУ, Монгол улсын иргэн өмнөд монгол эрдэмтэн мэргэдтэй хамтарч “Олуулаа болох санаачилгыг дэлхийн монголчууд дэмжиж байна!” сэдэвт хэвлэлийн хурал зохион байгуулсан. Казахстаны ерөнхийлөгч Назарбаев дэлхийн казахуудыг улсдаа урьж залж, нийт үндэстнийхээ талархлыг хүлээсэн жишээ бий шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлага мөн тийнхүү нийт монгол туургатны талархлыг хүлээж байна.
Олуулаа болох санаачилга хэрэгжсэнээр олон хүн ирж нийгэмд тогтворгүй байдал үүснэ гэж зарим хүн болгоомжилдог. Хилийн чанадын уугуул монголчууд маань төрсөн нутагтаа амьдарч байгаа учраас бүгд Монгол улсад амьдарна гэхгүй шүү дээ. Сөрөг үр дагавар гарахгүй байхуйцаар олон зохицуулалт ч хийгдэж байх болно. Монгол улсад удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаа өмнөд монголчуудын жишээг харахад тэд сайн нийгэмшиж, Монгол улсын иргэдээс ялгараад байх зүйлгүй болсон байдаг. Нутгийн аялгаар л өмнөд монгол хүн гэдэг нь мэдэгддэг. Адилхан монголчууд болохоор аргагүй шүү дээ. Зарим хүн хилийн чанадад монголчууд байдаг гэж мэддэггүй юм шиг байна билээ. Тэгээд үй олон хятад орж ирэх гэж байна гэж болчимгүй үг яриа гаргадаг. Монголчууд ирэх юм шүү, монголчуудыг ирүүлэх санаачилга юм шүү гэдгийг энэ далимд анхааруулан хэлье. Монгол улсад амьдрах хүсэлтэй монголчуудын хүний эрхийг илүү тэлж өгч байгаа асуудал юм.

No comments: