Wednesday, April 10, 2013

Манай сонины сэтгүүлчийн үгийг БНХАУ-д хориглож, түгээсэн сайтуудад сануулга өгөв

Манай сонины сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Өмнөд монголчуудад зүй бусаар хандахаа больцгооё!” гэх нийтлэл бичсэн нь үндэсний үзэлтэй, монгол туургатныг дэмждэг уншигчдын талархлыг хүлээсэн билээ. Улмаар ийм сэдвээр хэвлэлийн хурал хийе гэх санаачилга өрнөх болсон. Ноднин жилийн 3-р сард дээрх сэдэвтэй хэвлэлийн хурлыг хэсэг ТББ хамтран хийсэн юм.
Хэвлэлийн хурлын бичлэгийг Ю-түб-д тавьсны дараа өмнөд монголчууд туйлын халуун дотноор хүлээн авч, олон ч хүн уяран уйлсан юм билээ. Ахан дүү ар монголчууддаа ад үзэгддэг нь өмнөд монголчуудын сэтгэлийг ихэд шархлуулж байдаг аа. Ингээд уг бичлэг 39 мянган удаа шейрлэгджээ (хувилагдан Интернэтээр түгээгджээ).


Гэтэл саяхан дээрх бичлэгийг БНХАУ-ын социалист үзэл сурталд харш агуулгатай хэмээн хорьсныг мэдэгдсэн мэдээлэл Интернэтэд түгэв. Бичлэгийг тавьсан сайтуудад сануулга өгч, нэрсийг нь жагсаажээ.
Уг бичлэгт БНХАУ-ын талаар үгүүлэгдсэн зүйл үгүй юм. Монгол улсад өмнөд монголчуудыг элэглэн дооглох, ялгаварлан гадуурхах, харгислан хэлмэгдүүлэхийг больё, хүний эрхийг нь хүндэтгэе гэсэн л утга буй. БНХАУ-ын зүгээс бол, манай иргэдийн эрх ашгийг хамгаалав гэж хүлээн авч болох талтай. Эхэндээ тэгж хүлээж авч ч байсан болов уу, тэгээд өдий хүртэл саадгүй түгж ирсэн байх магадлалтай.
Монгол туургатны эв нэгдэл БНХАУ-ын төрд харш санагдав бололтой.
“Алаг хорвоо” сонин, 2013 оны 2-р сар

No comments: