Tuesday, April 9, 2013

С.Оюун сайд гадаадын олборлогчдын усны хэрэгцээг борооны ус түүж хангана

Саяхан нэгэн том улсын зөвлөгөөн болов. Н.Алтанхуяг сайд үг хэлэхдээ хурлын төлөөлөгчдийг “рекет хийхээ болиорой” гэж анхааруулав. Рекетчидийн л улсын зөвлөгөөн юм байлгүй. Өөрөө харин шар нунтгийн рекетээ ярьсангүй.
С.Оюун сайд болохоор гол мөрдийн усыг урагш нь эргүүлж, өмнийн говийн их бүтээн байгуулалтуудыг усаар хангахаа больж, хойд зүгийн борооны усыг том том усан сангуудад хурааж өгнө гэж үлгэр шиг юм ярив. Харийн неоколоничлогчдыг халгиж цалгитал нь усаар хангаад байх тийм их хур бийсэн билүү дээ, Монголд. Колоничлогчдод хур буулгаж байгаа нь ээ гэж үүлээ мөнгөн усаар буудаж байгаад, ард иргэдээ мөнгөн усаар хордуулж алах вий дээ.
Зөвлөгөөнд оролцогчид нь ч олигтой улс биш аж. ТББ-ынхан гэсэн чинь, ТБ-ынхан зөндөө ороод ирчихсэн, ялангуяа орон нутгаас ТБ-ынхан олноор иржээ. 240 төлөөлөгчдөөс бараг 100 нь үдийн хоолны дараа алга болов. Үнэгүй хоол идэх гэж алс холоос хүртэл нийслэлд ирж байдаг тэргүүний төлөөлөгчид гэж байдаг л юм байх даа гэж хүмүүс хөхрөлдөж байв.
Чиглэлийн ТББ-уудыг нэгтгэсэн шүхэр байгууллагын удирдах зөвлөл 11 хүнтэй байсныг төлөөлөгчид 15 болгов. Түүнээс гадна, урьд бол олонд танигдсан нэртэй зүтгэлтнүүдээ л дэвшүүлж сонгодог байсан. Гэтэл хөдөөгийн бослого гарав. Тэд хотынхон биднийг дарладаг гэх ухааны юм ярьж үймж шуугисаар, 15 хүний наймыг орон нутгаас сонгох болгуулав. Тэр үймүүлээд байгаа улс нь ТБ-ынхан шүү дээ, төр л энэ зөвлөгөөнийг зохион байгуулалттайгаар үймүүлж, ТББ-уудын үйл ажиллагааг дампууруулж байхгүй юу.

Нэр дэвшүүлэх ажиллагаа болоход, 150 хүнээс 74 хүний нэр дэвшив. Хэрэв дэвшсэн, дэвшүүлсэн улсууд шуугилдсаар нэр дэвшүүлэлтийг дүрэм бусаар зогсоолгоогүй бол, танхимд байсан бүх хүн нэр дэвших байсаан. Хөдөөнийх нь зүүн бүсийн Дорж, баруун бүсийн Дондогийг дэвшүүлж байнаа гээд л суучихдаг. Оператор нь Дорж, Дондог гээд л жагсаалтад оруулчихдаг. Хаанахын яадаг Дорж Дондог нь тодорхойгүй, нэрийг нь зоочихож байгаа юм. Тэгээд зүгээр л Дорж дээр санал хураая, Дондог дээр санал хураая гээд л ямар ч утга учир байхгүй.
Төлөөлөгчид нь юу ч ойлгохгүй. Саналаа хураалга гэхэд санал хурааж байгаа юм уу, үгүй юм уу, яагаад байгаа юм бэ гэж шуугиад л, гараа нэг өргөж, нэг буулгаж, эсвэл өөдөөс янз бүрийн ярьж шуугилдаад. Хурал зөвлөгөөн гэдэг ч Монголын их мэдрэл муудалтаас болж явахаа ч байсан юм билээ дээ.
Ташрамд хэлэхэд, том том хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг бүр дээр ярьж байдаг бөлөг хэвийн бус, бүр хэн ч тэнэг зөнөг гэдгийг нь андахгүй болчихсон улс байх юм. Эд чинь Монголын бүх юмны хамгийн тэргүүний хүмүүс нь болчихож. Нэг туршлагатай хуралч зөвлөгөөнчөөс асуухад: “Ийм идэвхтэй хүмүүсийг оролцуулж л байхгүй бол хүн ирдэггүй юм, хурал идэвхгүй болдог юм” гэж байв. Нөгөөтэйгүүр, ир гэсэн юманд нь ирэхгүй бол, идэвхгүй гээд дахин хэлж мэдээлэхээ больчихдог юм билээ. Тэгээд л энэ мэдрэл муутай улс нь цолгороод л, тэднийгээ жигтэйхэн уриалгахан үг хэлүүлж, хошин шогийн продакшн маягаар талархан хүлээж авцгаадаг юм байна.
Тэр алиа салбадай наргүйгээр хурал хуй явахгүй гэдэг ч худлаа. Сайд дарга оролцох томхон хурал руу бүгд гүйнэ. Хуралд ирэхээрээ бүгд үг хэлэх, шүүмжлэх, дарга болох гээд дайрчихна. Гурван минут үг хэлээрэй гэхэд цөмөөрөө л оршлоо ч хэлж амжилгүй микрофоноо хаалгачихдаг.
Энэ мэт гаж байдлын хаосыг далимдуулаад төр нь чиглэлийн ТББ-уудыг энэ зөвлөгөөнөөр нам дарчихаж байгаа юм. Нэг жишээ хэлэхэд, УЗ-ийн 15 гишүүний найм нь орон нутагт суудаг, зардал байхгүй учир хуралдаа баталгаатай ирэхгүй бөгөөд ирэхгүй гэдэг даалгаврыг ч төрөөсөө авсан, ингээд УЗ нь хуралдахгүй, ажил нь явахгүй. Чиглэлийн ТББ-уудыг дарах ажлыг чиглэлийн яам ийнхүү амжилттай гүйцэтгэжээ.
Ч.Мөнхбаяр
2012.

No comments: