Wednesday, April 10, 2013

Манайхан хөрөнгөөрөө Халимагт хөшөө босгов

Монголын хэсэг бизнесмен мөнгө хөрөнгөө нийлүүлж, Халимаг улсад Увш хунтайжийн баримал бэлэглэжээ. Гэтэл Увш хунтайж Шинжаан, Монгол улсын торгууд, ойрдуудын хувьд бол одоо амьдран сууж буй нутагт нь авчирсан ачтан гэгддэг. Харин Халимагийн торгууд, дөрвөд, цоросуудын хувьд бол Халимагийн хаант улс, ард түмнийг хагалан бутаргаж, мөхөөн доройтуулсан, бараг дайсан гэгддэг аж.
Дайсан шахуу юм гээд буцаагаад өгчихөөр монголчууд гомдох гээд, хөшөөг нь залчихаар халимагууд гомдчих гээд бэрх юм болжээ. Тэгэхлээр нь, оросууд суудаг үйлдвэрийн районд босгож орхисон байна. Ингэхлээр халимаг, монголчуудын нүднээс далд, оросууд болохоор гоё баатрын чимэг дүрс төдий ойлгоод амар болжээ.


Баруун тийш нь харуулаад босгочихсон байна. Үүнийг ямар ч утга учиргүй гэж халимагууд үзэж байгаа аж. Увш хунтайж Өрнө бус, Дорно руу тэмүүлсэн нэгэн байсан билээ л.
Халимагууд ер нь Оросын хаяанд олон асуудал бэрхшээлтэй учирдаг байжээ. “Суусан газар зовлонтя, Санасан газар жаргалтя” гэж хэлэлцдэг байж. Цэвэгдорж, Дашдондог, Лувсанжалчин гээд лам хар янз бүрийн зүтгэлтнүүд эх нутгаадаа буцаж, элгэн садантайгаа учран жаргая гэж их ухуулж.

Оросын төрийн зүтгэлтэн Бекетов халимгуудыг яавч явуулж болохгүй гэх асуудлыг хаандаа чухалчлан тавьжээ. Учир нь Турктэй Орос байлдах гэж байв. Халимагуудыг Орос дайн тулааныхаа тэргүүн эгнээнд торгуулийн батальон, их бууны мах болгон тууж ихэд хохироодог байсан болно. Халимагууд дайчин ард түмэн тул үүнээс хамаарахгүйгээр эсрэг талыг хиар цохиж, оросуудад ялалтын үүд хаалгыг нээж өгдөг байлаа.
Увш, Яримпил, Бамбар, Ширнэн, Цэвэгдорж, Лувсанжалчин, Дашдондог нарын зүтгэлтнүүд Турктэй харийн эрх ашгийн төлөө байлдахгүй хэмээн, 1771 онд түмэн олноо дагуулан хөдөлжээ. Гэтэл Ижил мөрөн үерлэж, халимагуудын 1/3 тэндээ үлдэн, улмаар оросын их цэрэгт хоригдон хоцорсон болно.
Халимагийн нүүдэлчид өмнө, хойно, хажуугаараа цэрэгтэй их хүч байв. Заримдаа цайз шивээ барин саатна. Генерал Давыдов, атаман Митрясов нарын оросууд халимагуудыг нэхэн мөшгисөн ч амжилтад хүрээгүй юм.
Казахын Нурали, Абкай нар урьдын өсийг санаж, басхүү олз ашиг хайн тэдэн рүү довтолж, өөрсдөө ч их хохирол амсаж байв. Халимагууд тэдэнд бут цохиулан бууж өгөөгүй гэдэг бол ялж байсан л гэсэн үг юм. Гэхдээ, хүн зон багатай Балхашийн хойгуур явна гэсэн алдаатай шийдвэр аймшгийг авчирчээ. Олон хүн энэ үхлийн аялалд эрсдэж, амьдралгүй цөлд ясаа тавьсан байна.
1771 оны 8-р сард 7 сарын хүнд бэрх аяллын дараа хүн малын хувьд хэд дахин хорогдоод, Чин улсын захад ирж, дагаар оржээ. Манжийн хаан тэдний хүсэлтийг хүлээн авч, нутаг заан суулгажээ. Увш хунтайжид 1000 морь, 1000 цай, 1000 хуй торго шагнаж, бусад ноёдод эдгээрээс 100, 100-г олгожээ. Дагаар орох бичигт Манжийн хааны боол болж зүтгэнэ гэсэн байдаг аж. Увш зоригт хан, Цэвэгдорж, буянт чин ван, Бамбар бишрэлт жүн ван, Ширнэн билигт жүн ван зэрэг цолоор шагнуулжээ. Увш хунтайж Манжийн хаанд, нэг нь эрдэнийн чулуун чимэгтэй, нөгөө нь алтан шармал Аюук хааны хоёр сэлмийг, өөрөөр хэлбэл хамгийн үнэт эд зүйлээ өгчээ. Аюук бол Халимагийн хамгийн хүчирхэг хаан юм.
Увш хан 1774 онд 29-тэйдээ бие баржээ. Түүнийг Бээжин өдгөө хүртэл улс төрийн хувьд маш зөв хүн хэмээн шүтүүлдэг байна.
Хэрэв Увш тийнхүү дорно зүг нүүдэллээгүй бол халимагууд өдгөө 200 гаруй мянга биш, 700 гаруй мянга байх биз.
Үлдсэн халимагууд хэрэв иргэний дайн, их хэлмэгдүүлэлт, тарааж цөлсөн зэрэгт цөөрч хорогдоогүй бол өдгөө 800 мянга байх байсан ч гэдэг. Их хэлмэгдүүлэлт бол бүхнийг дайрч өнгөрсөн гамшиг. Харин иргэний дайн (казак, халимагуудыг устгах тухай Лениний тушаал), дэлхийн II дайны үед халимагуудыг хоёр ч удаа устгахыг оролдсон нь бүхэнд тохиолдоогүй гамшиг юм.
Хэрэв Увш хунтайж Дорно руу хөдлөөгүй бол, өдгөө халимагууд хэдэн саяулаа Ижил мөрний хөвөөнд хүчирхэгжин сууж болох байсан аж. Оросуудын дарамт шахалт, байнгын дайн дажинд дургүйцэн тэд хөдөлсөн. Гэхдээ Оросод болзол тавин, дайн дажинд торгуулийн батальон мэт орохгүй, ер нь хүн ард их хохирч цөөрсөн тул дайн дажнаас 50, 100 жил чөлөөлөгдөнө, бие даасан ийм тийм эрхтэй байна, Халимагийн хаант улсаа сэргээнэ гэхчлэн шаардаж биелүүлгэж болох асан. Энэ нь Оросод ашигтай. Халимагууд өөрийн нутгаа хамгаалах нь тодорхой тул, өмнөд хил хязгаар нь аюулгүй гэсэн үг.
Орос гүрний бүрэлдэхүүнд Финляндын, Польшийн зэрэг хаант улсууд автономит эрхтэй байсан юм. Тэр улсууд болон жирийн муж байсан Эстони, Латви, Литов ч 1917 онд тусгаарлаж байсан билээ. Балтийн жижиг улсууд бол хүн амаар цөөн, цэргийн хувьд сул байсан бөгөөд, улс төрийн аргаар л тусгаарлаж чадсан. Халимаг ч тэгж тусгаарлаж болох байсан. Татар, башкирууд оросуудын нутгаар хүрээлэгдсэн тул тусгаарлаж чадаагүй. Тэгвэл Халимаг гадаад ертөнц, олон улсын бүс болох Каспийн тэнгисийн эрэгт оршдог.
Өдгөө хэдэн сая хүн амтай, Каспийн нефтиэр Дубай болтлоо хөгжчихсөн, бидний өмөг түшиг болсон нэгэн монгол улс байж болох асан.
Увш хунтайжийнхан Манжийн хаанд үнэнч уламжлалтай байсан. Торгууд Балт ван бүр Монголыг дагахгүй, Хятадыг дагана гээд, Богд хааны нутаг Шар сүмийн хошууг тасдаж аваад цаашаагаа нэгдчихсэн.
БНХАУ-д баатар гэж тооцогддог, Шинжаанд аугаа гэж шүтэгддэг (бүр хамгийн сод шинжаан хүмүүсийн нэг гэж сурталчлагддаг), монгол туургатанд ач гавьяа байгуулсан гэхэд хэцүү хүнийг (Халимагт бүр дайсан гэгддэг) манай бизнесменүүд мөнгө төгрөгөө нийлүүлэн байж, Халимагт өргөмжлөн, хөшөөг нь босгохын учир юу вэ?
Монголдоо л хэн нэг сод баатрын хөшөөг босгож байхгүй!?
(Халимагийн хэвлэлүүдийн материалаар бэлтгэв)
Ч.Мөнхбаяр
2012

No comments: