Tuesday, April 9, 2013

Арлаа авсан нь

1
Шилийн хотын цагдаагийн дарга Түн Түн Пин Пан өмнөө хөглөрсөн гэрэл зургуудыг ярвайн харна. Сүүлийн жилүүдэд хятад иргэд сав л хийвэл үймээн самуун гаргаж, цагдаа нарыг алалдах дайснаа мэт үзэн тэмцэлддэг болсон билээ. Улайран давшлах уулгамч олон, уранхай салбархай, цус нөж болсон хувцастай жагсагчид, зодуулж нүдүүлж шороотой хутгалдсан цагдаагийнхан, сүйдсэн хот, шатаалгасан машин, хүүр сэгүүд… Ээ бид яаж социализм байгуулна даа гэж хэнгэнэтэл санаа алдтал хошууч Пин Пан Түн Түн орж ирэв. Түн дарга:
-Чи одоо хаагуур яваад байгаа юм? Пин хошууч:
-Аа би 100-гаад үймээн самуун дараад ирлээ.
-За би чамд нэг даалгавар өгье.
-Бас нэг үймээн самуун дарах гэж үү?
-Үгүй ээ, энэ удаад чи үймээн самуун дэгдээх болно гэхэд Пин хошууч:
-Дарга аа би чинь хүн ардыг зодож нүдэхээс өөр юм мэдэхгүй шүү дээ гэж гайхав.
-Ху Жиньтаогийн тушаал! Битгий маяглаад бай.
-Өө Ху Жиньтаогийнх бол болноо, болно. Тэр хүнээс бол юу ч гарч байж мэднэ. Тэр нь тэгээд юу гэсэн тушаал байх юм?

-Диаоюйдао арлын…
-Ди… юу гэнэ ээ, хэл хугалчих гэсэн хаашаа хөгийн нэр бэ?
-Цөг гэм чи. Диаоюйдао гэж дуулаагүй юм уу.
-Дуулаагүй.
-Сэнкаку арал гээд яриад байгаа ш дээ.
-Аа тийм тийм, Сэнкаку гэж бол дуулсан юм байна өө.
-Чи яахлаараа тэр эсэргүү япон нэрийг нь дуулаад намч зарчимч хятад нэрийг нь дуулдаггүй юм. Тэр арлыг авъя аа гэж үймээн самуун гарга. Тэгснээр нам засгийн эсрэг энэ олон хэрэгтэй хэрэггүй үймээн самуун ч гарахаа болино. Мэргэн ухаан.
-Дарга аа, одоо чинь энэ улсууд өгцөө авцаагаа өгч авч байгаа юм уу, хаашаа юм бэ?
-Тийм ээ.
-Тэгвэл манай Хятадаас юм үлдэх үү? Энэ Өвөр Монголыг ч гэсэн өгөх болох нь байна шүү дээ.
-Юугаа солиороод байгаа юм. Хятад улс бол зөвхөн авна, харин өгөхгүй.
-Сонин юм аа, тийм юм байж болдог л юм байх даа.
-За тэр яах вэ, тэр Ху Жиньтаогийн явдал мань мэтэд падгүй. Тэгэхдээ чи нөхөр минь өвөр монголчууд үймээн самуун дэгдээж байгаа маягтай хийнэ шүү. Өвөр монголчууд япончууд хоорондоо сүлбээцэлдээд байгаа юм. Хагаралдуул, айн.
-Өвөр монголчууд жагсаж цуглах бол бүр ор тас хориотой шүү дээ. Хүн үнэмших юм болов уу даа.
-Өвөр монголчууд бол - чи, чи бол - өвөр монголчууд. Тэгэхлээр ямар балууных нь хорио байдийм.
-Үгүй би чинь ганц ч монгол үг мэдэхгүй шүү дээ. Яаж өвөр монгол болох вэ?
-Өөртөө засах газар байгаа бол цөөн үндэстний хэлээс суралцана гэсэн Дэн Сяо Пин даргын тушаалыг яагаад чи биелүүлдэггүй юм?
-Тийм бас ямар юм байдаг юм? Хүн болгоныг таньж байх албагүй, дарж байх албатай.
-Чи бүр монгол гэдэг үг ч мэдэхгүй юу?
-Мэдэхгүй.
-Тэнэг боол гэсэн үг шүү дээ. Мэн гэдэг ханз бол тэнэг гэсэн үг, гу гэдэг ханз бол боол гэсэн үг. Энэ хоёр ханзыг ч мэдэхгүй ээ?
-Би яаж тэр олон ханзыг чинь мэдэх юм бэ? Яг цаад юмаа дууриалгаад зурчихсан байдаг л гэдэг, харахаар ер нь юу ч ойлгогддоггүй шүү дээ. Одоо тэр нэг ташаагаа тулсан Ф шиг юм байдаг чинь Хятад гэсэн үг гээ биз дээ. Хятад чинь ташаагаа тулсан Ф юм уу? Олигтойхон дуурайлгаад зурж байх хэрэгтэй шүү дээ.
-Ийм болохоороо л чи энэ алс бөглүү Өвөр Монголд цөлөгдөж, ерөөсөө өөдлөхгүй байгаа байхгүй юу!
-Тийм шүү.
-За бас өвөр монгол хүн бол цэвэр хятадаас дор юм аа гэдэг ойлголт төрүүлэх даалгаврыг Жоу Юн Кан дарга өгсөн шүү. Өвөр монголчууд бол хорвоогийн хамгийн муу муухай юм аа гэж ойлгуулна гэсэн үг. Ар монголчуудын 99 хувьд нь тийм ойлголт өгчихөөд байгаа. Өшөө жаахан нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ даалгаварт яг чамайг тохирох хүн гэж үзэж байгаа.
-Хэн? Ху Жиньтао юу?
-Биш ээ, би.
-Юу, яахлаараа би хамгийн муу муухай болж харагдахад тохирдог юм? Энэ даалгаврыг авахгүй ээ, авахгүй. Би тэр жагсаалд чинь очихгүй.

2
Жагсаалын өдөр. Пин хошууч олны дунд ороод алхаж явахад ойж буумаар баясалтай. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно. Яасан сайхан юм. Ямар ч дүрэмт хувцас, бамбай дуулга, муна, пулемётгүй явна гэдэг жинхэнэ эрх чөлөө байдаг юм байна аа. Эрх чөлөөг дэндүү мэдрэх гэсэндээ футболкоо шуун, түнтгэр гэдсээ түнтийлгэн алхлав. Нэг хүү:
-Ээж ээ, энэ хүн Винни-Пух юм уу гэхэд
-Биш ээ гэж түүнийг хөтлөн явах нэг зовсон эмэгтэй хариулав.
-Гүзээ ихт гүрний жанжин уу?
-Үгүй.
-Маамаалах гэж байгаа аниа юм уу?!
-Юуны чинь аниа? Эргүүл хамгаалалтын… Чандмань эрдэнэ! Дуугүй бай! гэж тас хар ногоочин эмэгтэй бухимдан хэллээ.
Пин ч сэрэмж авч, футболкоо буулган хар шилээ зүүхэд хамт ажилладаг нөхөд нь дууриав. Нэг иргэн:
“Шилийн гол аймагт
Ширхэг өвс ургахгүй болтол
Шижгийн япончуудтай тэмцэн,
Шинкаку арлаа авъя” гэсэн бичигтэй лоозон барьж явах юм. Пин:
-Чи яасан хариуцлагагүй эвлэлийн гишүүн бэ. Сэжгийн гэхийг шижгийн гэж бичдэг юм уу гэхэд тэр жагсагч хуруугаа шүлсдэн баллаж:
“Сэжгийн япончуудтай тэмцэж,
Сэнкаку арлаа авъя” болгочихов.
-Юун Сэнкаку вэ? Ди… юу юу ч билээ хужаа нэрийг нь бичээч ээ чи гэхэд:
-За-ссс, ер нь хэзээ тийм юм байсан юм гээд яваад өгөв.
Өөр нэг жагсагч зүрхийг нь амаар нь гаргах дөхөв.
“Өмнөд монголчуудыг тусгаар тогтнуулаад ч болсон
Өгөр япончуудын Диудао арлаа авъя аа” гэсэн лоозон барьжээ.
-Чи салан тусгаарлагчдыг дэмжээд байхдаа яадаг юм? Юун өмнөд монголчуудын тусгаар тогтнол вэ? гэхэд жагсагч:
-Чамд ямар хамаатай юм бэ? Эхэнд нь, ямар нэг “тийм юм болсон ч, ийм юм болсон ч” гээд зүүдэнд ч оромгүй явдлыг бичээд, дараа нь арлаа авъя гэж зүүдэнд орох явдлыг бичих заавар өгсөн шүү дээ. Чи мэддэг юм уу, бригадын дарга мэддэг юм уу. Энэ ийш тийшээ үсчсэн нөхөр лав мэдрэл муутай байх аа гээд урагш чихцэлдэн түрэв.
Пин нэг зүсээ хувилгасан цагдаад:
-Хөөш чи наад нүүр амаа хувьсгаач ээ. Өвөр монголчууд хятадын цус холилдсон харагдах ёстой гэж Түн дарга хэлсэн шүү гэв.
-Тэр нь яг ямар байх ёстой юм? Миний энэ байгаа л хангалттай биш үү?
-Тэд хамгийн жигшим муухай харагдах ёстой гэж Түн дарга хэлсэн.
-Юу? Хятад хүн чинь хамгийн хөөрхөн ш дээ. Түн дарга юун аймшиггүйгээр…
-Түн даргад Ху Жиньтао тушаасан гэсээн.
-За за. Ху ч тэгэхээс сийхгүй нөхөр. Энэ гонжийсон дээлийг чинь дааж ядан чирч явахад бас ажил нэмээд. Та ч яахав, ганц жанжин малгайнаас өөр ачаагүй хүн… гэхчилэн үглэхийг нь орхин урагшлахад:
-Чи одоо яагаад өөдөөс нүүр амаа хачин хачин болгоод байгаа юм.
-Ах аа, би угаасаа ийм царайтай болчихсон юм аа.
-Ална шүү! гэх нь ард дуулдана.
Хоёр жагсагч:
-Хоо! Тэр замын хажууд цагдаа байна ш д.
-Цагдаа байхлаараа яадаг юм?
-Муусайн юмнуудыг зодох уу? Биднийг яаж болгож тавьдаг билээ дээ.
-Ээ мэдэхгүй.
-Яасан цөөхөн юм бэ?
-Харин нээрээ аймаар цөөхөн харагдаад байна ш дээ.
-Зодчихвол яасан юм бэ хи хи
-Хэ хэ, санадаг л санаа. Энэ лоозон гээд сайхан зэвсэг байна ш дээ гэлцэж байх юм.
-Хөөе та хоёр нөгөө юу билээ арлаа авахын оронд цагдаа зодно ч гэх шиг юу дэмий яриад байгаа юм гэж Пин дарга омогдов.
-За зайл аа, чи.
-Чи өөрөө зайл. Хэний нутаг дээр байгаа юм? Манай Өвөр Монголын нутаг дээр байгаа биз дээ, муу хувхай хужаа нар! гэчихсэн чинь:
-Цагаан лоозонтны урвалгаан гаргаж цадиггүй монголчуудыг алъя! Хүнийг нь алж, газрыг нь булаая! гээд, сав л хийвэл үймээн самуун гаргаж байдаг улсууд дүрсхийн оволзов. Хуурамч “өвөр монголчууд” болох цагдаа, хөлснийхөн ч амиа хамгаалан үзэлцлээ. Нэгэнтээ үнэн учраа хэлж болохгүй тул:
-Өвөр монголчууд аа! Энэ муу тэнэг хужаа нарыг Гаадаа мээрэн шигээ алъя! Хадаа мэргэн шигээ хужаа нарыг хүйс тэмтрэе! Өвөр Монгол тусгаар тогтнотугай! Монгол улстай нэгдье! гэж бие биенээ зоригжуулан уриалж, зохион байгуулалт хийж байв.
Дүрэмт хувцастай цагдаа нар:
-Та нар тэр Дийдаа арлаа авахгүй яах гээд байгаа юм. Бас өвөр монголчуудад халдана гэнэ ээ! Өвөр монгол хүний толгойноос нэг үс унавал, та нарын мянган толгойг авна шүү гэж жагсагч олон руу орилолдон дайрав.
-Тэр Сэнкакугаар чинь яах юм. Муусайн дарлан мөлжигчдийн уяаны нохой биз дээ, эрийн муу цагдаа та нар! Алив өвөр монголчууд аа, нийлээд цагдааг балбая! Үгүй ээ, цагдаа нар аа нийлээд өвөр монголчуудыг нүдье гэхэд цагдаа нар ч мөчөөгөө өгөхгүй:
-Өвөр монголчууд аа, хүчээ нэгтгэн хужаа нарыг газрын хөрснөөс арчъя! гэж чарлалдана.
Цагдаа нар, “өвөр монголчууд” давуу хүчинд автан зугтав. Жагсагчид:
-Ура, бид яллаа! Бидэнд Сэнкаку хэрэггүй! Бидэнд дарга нар, тэдний хамсаатан баячуудын эд баялаг хэрэгтэй! Биднээс шулж мөлжсөн тэр далай их баялгийг буцааж авъя! гэж бархиралдан ойр орчмын газрууд руу дайрав.
Дэлгүүр лүү дайрсан нь 100 инчийн зурагт, хөргөгч, хоолны газар луу дайрсан нь мантуу, хуушуур, банк руу дайрсан нь хүүдийтэй юань, шуудайтай мо сэлтийг тэвэрсээр гарч ирэхэд 38-р армийнхан хэдийнээ байршлаа эзэлсэн байлаа.
Гатлингийн пулемётын дэргэд сандал тавин тухалсан цэрэг алд хэрийн дайзтай сумыг дээрээс нь зоогоод, махны машины бариул шиг зүйлийг нь тайван гэгч эргүүлэв…
Шилийн хотын цагдаагийн дарга Түн Түн Пин Пин өмнөө хөглөрсөн шинэ гэрэл зургуудыг ярвайн харна. Улайран давшлах уулгамч олон, уранхай салбархай, цус нөж болсон хувцастай жагсагчид, зодуулж нүдүүлж шороотой хутгалдсан цагдаагийнхан, талуулж сүйдсэн хот, шатаалгасан машин…
-Заяа нь хаясан хүүрнүүд! Мөн Диаоюйдао арлаа авбаа? гэж уурсан хэлээд ширээ нударгалав.
Ч.Мөнхбаяр
MMXII.IX.XVIII
moenhbayar.blogspot.com

No comments: