Tuesday, April 9, 2013

Дөрвөн өрөө байр

наргиа

Авлигын загалмайлсан эцгийг арзас хийгээд дарсан аугаа их хувьсгалын баяраар Баясаа сэтгүүлч балгад шиг сайхан дөрвөн өрөө байраар шагнуулав. Тэрбээр, хэдэн жилийн өмнө Мөнхбаяр гэдэг хүний тухай мэдээ бичихдээ гар нь салгалаад, Энхбаяр гээд алдаад сийрүүлчихсэн. Түүн дээр нь элдэв улс дөрөөлөөд, Н.Энхбаярыг “Гадаадын хөрөнгө оруулагчдын эд хөрөнгө рүү буудан, Монголын ард түмнийг геноцид хийн, долоон тэрбум төгрөгийн хохирол учруулсан” гэж яллан ачсан билээ.
Манай хүн ч юу дутахав гэсэн шиг, ядуу сэтгүүлчийн үзэг бийр, хэвлэгдсэн материалын хайчилбар зэрэг хөдөлшгүй эд хөрөнгөө шар торондоо ачаад шинэ байрандаа, шугамын автобусаар шуурхай гэгч нь нүүж иртэл өөр айл орчихсон намбайж байв. Автобусанд хэдэн цаг бин битүү жигнэгдэн хайлж, бас зүгээр ч үгүй суудал булаалдсан бөх зүрхтэй, бүдүүн бөгстэй амьтсын уралдаан чарлалдаанд дайрагдан дайвж далжигнаж ирсэн тул, ядарч туйлдаад түр зуур дэмийрч байна уу ч гэж бодлоо.

-Дэмийрээгүй ээ, хө гэж бодлыг нь таасан мэт Ариунболд найз нь цод цод хийв. Ийм Ариунболд мэт дэмийрэл үл байх бөгөөд, түүний цогтой тачигнан дуугарах нь:
-Аравдахь ардчилсан хувьсгалын ахмад дайчдын холбооноос би л чамд байр өгүүлсэн юм шүү дээ. Гандөл боссын тархийг барьж бацалж чаддаг нь чухам хэн сэн билээ дээ? Би! Юун төлөө Чичлүүр Ааяа, Чигчлүүр Бооёо хочтой билээ? Чичилсээр байгаад чамд өгүүллээ, мэддэг юм уу, үгүй юу.
Ганц хохь толгой чи энэ дөрвөн дүнхийсэн өрөөгөөр юу ч хийхэв?! Ёстой эсгий хийх газар нохой хэрэггүй, могой алахад модны нэмэргүй гэдэг биз дээ, сорри. Өвгөөн, хөгшнийхөө Мах хамбинаатын хоёр өрөө байранд л дэгдээд орчих! Үйлдвэр хамбинаатынх нь биш шүү, эндүүрэв!
Шугамын автобус чинь шув шулуухан явах гээд л гадаа сойлттой зогсч байгаа ш дээ, чао. Ингээд л өгөө аваа тохиръё. Найз нь өөр шовгор овгор, шивэр авир гэхгүй ээ. За, давай! гээд л нэг хашхирч, нэг нуруу үүрэн алхалж, нэг сууж үзэг цаас нийлэн дуржигнах агаад, чичүүлийн сүүлээр чичлээгүй нь л яамай.
Нөгөө одоохон нурах гэж байгаа юм гэж бичигдээд байгааг арван хэдэн алдартай муухай байшингийн нэг ч арай биш юм, за яах вэ. Аав ээжийн дэргэдээс арайхийн ховхорч, өрх тусгаарласан минь л боллоо ш дээ гэж бодоод цоожгүй хаалгыг чангахан савтал салаад унав. Босгож ирээд үүдээ таглаад авах гэтэл дийлдэхгүй юм. Өөдөөс нь л зүтгээд байх. Нүгэлтэй бяртай хаалга юм гээч. Хар хүчээрээ түртэл үүдээрээ гараад явлаа.
-Үгүй та чинь ганц муу байрны сургаар ганц муу дүүгээ... гэх спиртийн үнэр ханхийв. Хүрлээ дүү нь орох гэж зүтгэсэндээ зүдэрч, хордож шартсандаа хорчийж, нурмайж нармайж гүйцсэн ч бас Хүрлээгийн хугархай гэсэндээ авиазүй гаргаж байнаа, хөөе.
-За, ах. Та тэр Н.Энхбаяр гэдэг балай муухай архичныг, биш ээ авилгачныг өмгөөлөөд, бас их өрийг тэгж тэглэдэг нь зөвшдээ мөвшдээ гэж мэгээд, байтлаасаа бүр надтай зөрөөд л, том толгой гаргаад л данхалзаад яваад байдаг. Гэтэл таныг хэн байртай болгов оо! Ардчилсан нам засаг чинь, биш ээ, би! Би л ерөнхий сайдын даргын ажлыг нууцаар хийж байгаа болохоор танд өгүүлчихээд л, жижиг толгой гаргаад л ганхалзаад яваад байдаг. Их өр гэдэг чинь та л байхгүй юу. Тань шиг авгай хүүхдийн тэнгэргүй хүн энэ хорвоо ертөнц шиг ханхайсан, хоёр өрөө царайлсан байраар яах нь вэ. Хэрээ мэдэж, бяраа танимаар. Тэр Эмгэнтийн хөндийд байдаг миний элийт ангиллын байшин танд хангалттайн дээд хангалттай, хаваасгийн дээд хаваасаг. Их өрийг тэгж тэглэх нь зөвшдээ! гээд гуйвахад нь түшиж авах гэтэл хөл гартай нь ороолдоод иппон буучихав.
Нэг мэдсэн, Хүрлээгийн дээгүүрээ нар сар гэрэлтсэн, доогуураа өвс ногоо, тарвага зурам болсон сарампай саравчинд хэвтэж байнам аа. Эсвэл дээр нь авчраад ч барьчихсан юм уу. Толгой дээр хонх дамар хангинаж, тойгон дээр маань мэгзэм дүнгэнүүлээд байнуу гэсэн чинь хуурай ах Хадаа гуай нь л зурамны нарийн хорхог хийнгээ, сахар орлуулагчийн самогон нэрж суусан юмсанж. Юмхнаар юманцар хийсэн поджик хэмээх модон буугаа хүзүүнээсээ зүүчихжээ, бас.
-Танай энэ муу харшид чинь зуншлага сайтай байнаа, хө. Нар хур тэгширч, оготно зурам ч сайн гарч.
Ардчилсан засаг ялж, магнай тэнийж, зовсон нэг нь жаргаж, золбин нэг нь зоолж байхад дүү минь чи ингэж тасарч унаж, таварцаглаж хэвтэж таарахгүй ээ. Амьд явбал алган аяганаас архи ууна. Алив ангай, ах нь цацчихъя.
Чи тэр ард түмний удирдагчийг бие жижиг ч бэлчээр том энээ тэрээ гэж өөчлөөд, ирэгний хөдөлгөөн, төлөгний давалгаан энэ тэр гэсэн эргүү тэнэг, мэдрэл муутай, гудамжны юмнуудтай нийлж хэлж ярьж явдаг юм байнлээ шүү, дутаарай. Чамд хэн орох орон, оочих аяга илгээсэн бэ? Бяцхан... биш ээ, агуу удирдагч, бүр биш ээ, би! Ах нь нэг тарбозавр батаар гэдэг гайгүй ажил хийж байгаа, тэгээд ажлын далимаараа удирдагчид шивнэсэн байхгүй юу.
Аяганы хариу өдөртөө, хундаганы хариу хугацаандаа, зуугийн хариу зундаа хө. Агаа нь чиний төлөө л гэж архидаж, биш ээ амьдарч байхад чи хө жийхгүй шүү. Энэ хангай шиг, хандгай шиг хар харшаар үлийгээ хийнэ. Хөлс мөнгийг нь ч хүчирч дийлэхгүй, хөлдөө чирэх юм байж. Ахдаа л гэрээ ордерыг нь, гэрээ ордер ч байхгүйштээ нээрээ, гэрийн түлхүүрээ өгчих.
Май ахын чинь тараншааны гөжүүр. Цахилгаан оруулчихсан, хувьчилчихсан, ориг бетон тагтай, люкс тараншаа. Цагтаа тэр Америкийн дэд ерөнхийлөгч Генри Уоллес ч билүү, Герберт Уэльс ч билүү айлчилж ирэхдээ бууж байсан гэдэг юм шүү. Цөмийн дайны хамгаалалттай болохоор нь... гээд архи орлуулагчаасаа хөнтөрч, арван минут тамшаалав. Ардчиллын буянаар ахиж дэвших тухайгаа ярьж, арабын шейхүүдийг элэглэн майжигнав ч.
Ах ламтны айлдвараас арайхийн салснаа зол гэж бодон, заасан тараншааг нь зангараг гарган байж олж очив. Хадаагийн тараншаа гэхээр хавийн амьтан андахгүй л гээд байсан чинь, байрных нь дэргэд байдгийг Баясаа ч мэддэггүй явсанж. Хадаагийн хад гэвэл харин хүн мэдэж магад аж. УИХ-ын бөх гишүүд ч хөдөлгөж үл дийлэм хөх бетон тагийг амар амгалан нойрсох адтай хүслэнгийнхээ хүчээр л хөмөрч хаяад үсэрч орсон чинь араас арзайсан үс малгай нь аль аа хэдийнээ нэгэн болчихсон Жавхаа гэдэг хуурай эгч нь буугаад ирэв. Таглаж амжаагүй болохоор, унасан ч байж болох тэр:
-Хүүш, чи! Сонин сайхан юутайв, хө! Юу хийгээд яваад байгаа юм! Гудамж метрлээд л! Чи зүгээр гай болов! Олигтойхон ажил төрөл олж хий л дээ, чи! Тэр нөгөө хэний боол болоод л, хүний юм хийгээд л, хөгийн юмнуудтай нийлээд л явна уу, эсгүүл?
Сая хамтарсан засгийн газар байгуулагдаад, анхны хуралдаанаараа аугаа удирдагчийг засгийн газар гэж мэдэгдээд огцорлоо, огцорлоо ч гэж, ачигдлаа. Сайхан байнаа, хө, авилгалын загалмайлсан эцгээ шоронд хийчихлээ, ямар гайхам юм бэ энэ чинь одоо хөөе, бүр нэг гоё юмаа яая даа хэн ээ! Авилгалын загалмайлсан эцэг шорон шаачихлаа гээд бодохоор бүр нэг орилмоор чарламаар, одоо нэг ганц юм шаачихмаар.
Чи хөөе солиот оо, хамтарсан засгийн газартаа, биш ээ, надад баярлаж яваарай, хохь чинь шүү. Эгч чинь зүгээр хамтарсан засгийн газрын нэг хамтарч зуу татдаг хамдаа хэлээд чамд байр олгуулсан, за. Тэгэхээр чи энэ Зайсан шиг том тараншаагаар яах юм бэ. Чам зэргийн погжий пагжийд бол тараншаа байтугай турбаа ч болоо ш дээ. Гэхдээ яах вэ, эгч нь чамд гудамжаан өгье.
Авлигалын загалмайлсан эцгийн дарлалаас ардчилсан Монгол улсыг чөлөөлж, хулгар, биш ээ, тулгар төрийг байгуулсны нэрэмжит гудамж. Галзуу Жавхаа эгч өгсөн юмаа гэхэд тэр гудамжинд хэн ч ойртохгүй. Аугаа удирдагч ч хамраа цухуйлгаж дөнгөхгүй. Тэнд хэдэн цаасан хайрцаг байгаа. Хужаагийн биш, гадаадын хайрцаг шүү. Тэнд очоод тэнгэр шиг суу, тэх шиг зогс мэдүү. Ёо ёо, ийшээ чинь унахаас өөрөөр яаж орж ирдэг юм бэ, яс үс яйрчихлаа тарчихлаа байна, хамж цуглуулж аваад, түүхий эдэд тушааж, ганц эмгэнт олж шахъя, гайгүй бөбөө олж соръё гээд дарвайтлаа эвшээв.
Тэр гудамж руу нь зуунаас ч урт өдрийг мэдрэн гэлдэрч явснаа, гэв гэнэт Баясаа өөрийгөө ер нь юу хийгээд байна аа гэж гайхлаа. Ингээд байхдаа яадийм гээд гэр лүүгээ орлоо. Эмгэн буурал ээж нь:
-Эвий миний муу хүү өчнөөн цаг хаагуур яваад ирэв. Хэдэн үхэж байсан цагдаа чамтай уулзана гээд байхаар нь ижий нь зад загнаад хөөгөөд явуулчихлаа гээд үнсэх гэхэд өвгөн аав нь:
-Чи тэр дөрвөн байр завшиж, дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учруулж, Авлигалын аравнайлсан эцэг боллоо ч гэх шиг юун хэл ам татлаад байгаа юм. Авсанд ортол амар байлгаад өгөөч, хүүр минь! гээд таягаа далайн дайрав.
Ч.Мөнхбаяр
ММХII.VIII.III
http://facebook.com/moenhbayar

No comments: