Wednesday, April 10, 2013

Бүгдээрээ буруутай

Раах эзэрхийлэх мөчид

Улаанбаатарын хавар шиг тааламжгүй цаг ховорхон биз ээ. Олиггүй өнгө төрх, хайлсан цасан дороос ил гарч ирсэн хог новш, өөр ямар ч нийслэлд байдаггүй гутамшигт шороон шуурга, муу муухай бүхэн нийлсээр хэн ч гэсэн сэтгэлээр унаж, урам хугарч, зориг мохоход хүрдэг.
Цагаан cap дуусч, цаг наашлангуут өлсгөлөн, суулт, бужигнаан ар араасаа цуварч, сая гарсан шинэ жилийнхээ гарааг хэрүүл хараалаар эхэлнэ. Бүтэн өвөлжин газар дор, ичээнд хэвтэж байгаад цас ханзрахаар ноохойноосоо гарч ирсэн мэт хачин жигтэй хүмүүс санаандаа орсон бүхнийг нэхэж, шаардаж хашгирна. Энэ хаврын үймээнүүд хэзээд үнэмшилгүй, хуурамч санагддаг билээ.
Яагаад заавал хавар жагсдаг юм бэ гэвэл витамин дутагдсанаас болоод байгаа юм биш. Зүгээр л хавар цаг агаар муу, найр наадам, баяр цэнгэл, хомс болохоор тэр биш үү. Монголчуудын хувьд зуны улирал бол зогсонги байдалд орсон “үхмэл сезон” байдаг. Намар бол үндсэндээ ажил албандаа жигдэрч, өвөл нь нэг их даарчихгүй явахыг л эрхэмлэдэг байх. Зун бүхэлдээ найр наадам байдаг бол өвөл цаг “Ёлк”, “Цагаан cap” хоёрын хооронд л өнгөрөх мэт байдаг.
Харин өнөөдөр “юу ч сурахгүй, юу ч хийхгүй, юу ч бодохгүй” гэсэн зарчимтай үй олон оюутнууд гэнэтхэн амилж, автобусны мөнгө нэхэж дуулиан дэгдээлээ. Сургуулийнхаа төлбөрийг төлөх чадвартай байгаа тэдэнд автобусны мөнгө ямар хэрэгтэй юм? Амжилттай суралцаж, боловсрол эзэмшихэд нь автобусны билет л чухал боллоо гэж үү. Ихэнх оюутнууд маань сонин ч гарчигладаггүй харанхуй улс тул хэмнэсэн тэр мөнгөөрөө л зорчоод явж байж болмоор юм. Ямагт өөрийн гэсэн бодлогогүй, үйл ажиллагаагүй, үймүүлэх төдийгөөр явж ирсэн оюутны байгууллагууд ийнхүү хүүхдийн билетээр зорчих тэмцэл өрнүүлснээрээ хүүхдүүд гэдгээ бэлхнээ нотлов. Ирээдүйн тухай ямар ч бодлогогүйгээр, эцэг эхдээ эрхлэх хэлбэрээ төлбөртэй сургалтаар сонгосон өнөөгийн энэ багачууд нийтийн тээврийг хүндрүүлж, ажилтай хүмүүстээ саад болохоос өөр ач холбогдол багатайхан учир үнэндээ тэмцэл нь үр дүнд хүрсэнд хэн бүхэн дурамжхан байгаа.

Өөр нэг абстракт тэмцэл бол эрүүлийг хамгаалахын ажил хаялт юм. Урьдыг бодвол Эрүүл мэндийн даатгалын хэлбэрээр тус салбарыг бэхжүүлэх бодитой алхмууд хийгдэж эхэлсэн. Үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж улам бүр цөөрч байна. Хүмүүс ч үнэгүй тусламж нэрийн дор үнэ цэнэгүй тусламж авчих вий гэсэндээ төлбөртэйг илүүд үзэх болсон. Ийм өргөн боломж, хэтийн төлөв байсаар атал өнөө маргаашгүй хүссэн бүхнээ авахыг тэд шаардлаа. Зайлшгүй тоног төхөөрөмж, эм бэлдмэлийг шаардсан бол зүйн хэрэг, түүнийг зайлшгүй өгнө. Гэтэл эдгээрийн талаар эмч нар шаардлагынхаа PS-тээ л дурдаж байгааг үзэхүл тийм ч аймшигтай юм нүүрлээгүй нь илт. Манай “гиппократ”-чууд цалингаа 2-4 дахин нэмэгдүүлэх, таван өдөр ажиллах, баашлагч багш нарын эрх ямбыг олж авахыг гол, тэргүүн зорилтоо болгожээ. Ариун тангарагаасаа урван, олон хүний амь насыг барьцаалсан эмч нарынхаас илүү муу ультиматум гэж хаа байх билээ. Засгийн газар бууж өгвөл хаврын тариалалтын мөнгийг л тэдэнд тавьж өгч таарах нь бололтой.
Цалинг дөрөв дахин нэмснээр хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалчихлаа гэж үзвэл түмэн эндүүрэл. Монголчуудын эрүүл мэндийн хамгаалалт социализмын үед ч сайн байгаагүй. Зөвлөлтийн дэмжлэг зогссоноос хойш бүр “озон давхарга цооров” гэгчээр юм болсон. Өнөөдөр монгол хүн эрүүл мэндийн үзүүлэлтээр дэлхийд хамгийн сул доройд тоологдож байна. Цэргийн албанд тэнцэх хүн ч олдохоо байсан бололтой. Гэтэл ЗХУ задарлаа гээд 1000 хүнд оногдох тоогоор дэлхийд дээгүүр явсан олон эмч нар маань алга болчихмооргүй шүү дээ. Уг нь тэдний маань мэргэжлийн ур чадвар 1990 оноос хойш улам л өссөн байх ёстой сон.
Бодит байдал дээр бол эмнэлгийн байгууллагуудын ажлын уналтыг газар тариалангийнхтай зүйрлэж болно. Нүсэр том АУИС улам олон шаардлагагүй мэргэжилтнүүдийг үйлдвэрлэн гаргаж, нийгмийн асуудлыг хүндрүүлсээр байна. Ихэнх эмнэлгийн байгууллагуудад очиход оношлогоо, эмчилгээ бүх юманд “өөртөө үйлчлэх зарчим” ноёрхох болсонд хаа хаанаа ямар ч дүгнэлт хийгдэхгүй байна. Алхам тутамдаа шинэ аппарат, техник байхгүй гэж аян шалтаг тоочдог эмч нар маань онцгой нөхцөл байлдал (дайн, гамшиг г.м) тохиосон бол яах хэрэг вэ? Ажлаа хаяад зугтах уу? Санаж сэдвэл бүх юм болдог бүтдэг гэдгийг ажил хаягсдаас өдөр шөнө өдөр шөнө шиг ялгаатай хувийн эмнэлгийнхэн нотолж өгч чадах биз ээ. Гавьтай хийсэн бүтээсэн зүйлгүй урлаг, соёлынхонд ч энэ үгс хамаатай. Ажил хаяад байхад нь хэн ч тэднийг үгүйлээгүй нь юунаас ч илүү хариулт мөн.
Ядуучуудын эрхийг хамгаалах, Монголоо мандуулах “Цогт” нэгдэл гэдгийн тэмцэл бүр ч жигтэй. Тэдний акци нь мөн л Ядуучуудын холбооноос гарч ирсэн Галина г.м.-ээс ч хавьгүй ядуухан агуулгатай аж. Ядуучуудын лидер О.Цэндсүрэн засгийн газрыг огцруулах 200 мянга, УИХ-ыг тараах 100 мянга, Ерөнхийлөгчийг огцруулах 50 мянган гарын үсэг цуглуулсан гэхчилэн ярьсан нь хэн бүхний нүдийг орой дээр гаргамаар.
Үнэндээ энэ “тэмцэгчид” өөрсдийгөө “оюутан”, “эмч”, “ядуу” гэж нэрлэж байгаагаасаа ичдэггүй нь сонин. Нөгөөтэйгүүр, шинэ Засгийн газар, УИХ-д дайсагнасан харгис хүч ард нь байгаа нь ч урд нь байснаас өөрцгүй илэрхий юм.
Манай Засгийн газар, УИХ муу юу гэвэл маргаангүй муу. Үүнд эргэлзэх хүн нэг ч байхгүй. Учир нь бид өөрсдөө муу сонголт хийж байна гэдгээ мэдэж байж, сонгосон. Өөр сонголт байгаагүй.
Санaандгүй сайныг сонгочихсон бол бид бүр аль эрт унагачих байсан. Ардчилал гэдэг бол өөрсдөөсөө дээрдэхгүй хүмүүсийг сонгохын баталгаа ч гэдэг. Үүссэн нөхцөл байдалд засгийн газар буруутай төдийгүй сонгогчид өөрсдөө буруутай, бүгдээрээ буруутай. Зүй нь “Бид бүгдээрээ буруутай!” гэсэн гэмшлийн жагсаал хөдөлгөөн өрнөсөн бол эрүүл ухаанд нийцэх байсан юм.
Өндөгнөөсөө дөнгөж цухуйсан, нүдээ нээгээгүй ангаахай шиг зогсоо зайгүй нэхэж шаардах тэр олон хүн юуг, ямар учраас авах гээд байгаа нь ойлгомжгүй. Ард түмэн бид өөрсдөө ямар баялгийг бүтээж хуримтлуулснаа цэгнэж үзэх ёстой. Түүнээс биш, шинэ сонголт хийнгүүт л Засгийн газар бидний нэг хэсэг байхаа больчихдог юм шиг, эсвэл тэд л баялаг бүтээж, хуримтлуулах ёстой юм шиг боддог нь нөгөө л ужиг, сохор бэлэнчлэх үзэл. Өөрсдөө бүтээж, өөрсдөөсөө нэхэх учиртай билээ.
Монголын нийгмийн байдал өнөөдөр Улаанбаатарын хавартайгаа адилхан байна. Үнэндээ монголчуудын оюун санаа түүнээс ч илүү олиггүй өнгө төрхтэй, элдэв буртагтай, шороон шуургатай, харанхуй болжээ. Монголчуудад эх орноо гэсэн бодол, үндэсний бахархал, үзэл санаа гэж алга болсноос л тэр.
Удалгүй тэнгэр харанхуйлж, нар хиртэнэ. Бүгд үүнд баясан хөөрч, бүр “Нар хиртэлтийн зохион байгуулалт, бэлтгэл ажил” гэж ярих боллоо. “Нар хиртэлтийн ажиглагчдын зах зээл гэж байдаг.
Энэ хоббитнууд хэдэн арван мянга. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөл бүрдэж байна” гэж нэгэн том хүн мэдэгджээ. “Нар хиртэлт болж байгаа нь Монголыг тэнгэр ивээсэн хэрэг” гэж хэвлэл дээр бичсэн байна.
Юутай эндүүрэл билээ. Нар хиртэнэ гэдэг тийм ховор сүрхий юм огт биш. Зуунд 216 нар хиртэснээс, 74 удаа бүтэн хиртжээ. Энэ зуунд ихэнх улсад бүтэн хиртэлт хэд хэдэн удаа, ЗХУ-Орост бүр 10 удаа тохиолдсон байна.
Тийм болохоор хэдэн түмэн жуулчин аялагч ирнэ гэж огт худал. Тэдний оруулах мөнгөтэй зэрэгцүүлэхэд эрчим хүчнээс өгсүүлээд өчнөөн төчнөөн алдагдал зардал маань уулын чинээ болох юм.
Харин нар хиртэлт бол Бурханы гэсгээл аж. Яагаад Монголын Тэнгэр харанхуйлав. Үүнийг бодох хэрэгтэй. Монголчууд нүглээ тэнгэртээ тольдож болохоор болжээ. Ингэж мөнх хөх тэнгэртээ хар буртаг халдаав. Доройтон доройтсоор бүх юм харанхуйлах нь энэ.
Дараа нь ахин Монголын тэнгэрт нар мандаж эхэлнэ. Еврейчүүд хоосон цөл дээр Израиль улсаа үүсгэн мандуулсан шиг монголчууд цоо шинэ түүхээ эхлэх болтугай. Харанхуйд хязгаар байх ёстой.
Ч.Мөнхбаяр
1997, “Бизнес Таймс” сонин

No comments: