Монгол атомын бөмбөгтэй болох цаг холгүй болжээ
Парламентын бус намуудын 6 дахь уулзалт 2013 оны 2 дугаар сарын 28-нд Засгийн газрын XI байрны Дугуй танхимд боллоо. Уулзалт "Монгол Улсын цөмийн асуудал" сэдвээр явагдаж өнгөрлөө. Уулзалтад Монголын Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам, Хөгжлийн Хөтөлбөрийн нам, Хамаг Монгол Хөдөлмөрийн нам, Эх Орончдын Нэгдсэн намуудын төлөөлөл оролцов.
О.Бум-Ялагч: Энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монголын Ногоон намаас зохион байгуулдаг уламжлалт уулзалт албан ёсоор эхэлж байна. Бид 12 намд хэл хүргэсэн, одоогоор таван намын төлөөлөл цуглараад байна. Энэ удаа цөмийн энергийн сэдвээр зохиож байна. ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр оролцоно гэсэн боловч дөнгөж сая оролцож чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Одоо Монголын Ногоон намын ЕНБД Ч.Мөнхбаяр илтгэл тавина.
Ч.Мөнхбаяр: Би цөмийн хор хөнөөлийн талаар “Монголын цөмийн өнөөгийн байдал” сэдвээр бэлдсэн илтгэлээ танилцуулъя.
(илтгэлийг танилцуулав)
Д.Дондовсамбуу (ХХН): Би намынхаа даргаас байр суурийг нь асуугаагүй болохоор намаа төлөөлж ярих боломж алга. Гэхдээ миний хувийн байр суурь гэвэл би шар нунтгийг ашиглах ёстой гэж боддог. Яагаад гэвэл Иран Хойд Солонгосоос дэлхий нийтээр айж байна. Бид яагаад Иран, Хойд Солонгос шиг ийм зэвсэглэлийн үйлдвэрлэлтэй, эрчим хүчний хангамжтай байж болохгүй гэж. Тэгвэл биднээс дэлхий даяараа айна. Хэрэв АЦС баривал хүмүүс хямд үнэтэй эрчим хүч хэрэглэнэ. Одоо галав юүлэхэд бэлэн болчихсон байгаа байхгүй юу. Энэ аймшигтай юмнаас аврагдах цорын ганц арга бол атомын зэвсэг, АЦС. Галвын аймшигтай үед нүүрс, нарны эрчим хүч, юу ч биднийг аварч чадахгүй. Гэхдээ хор уршгийнх нь талаар ярьж байгаа МНН маш зөв. Мод түлэхэд ч аюултай шүү дээ. Одоогийн шар нунтгийн аюул гэж яриад байгаа шиг бензин ч тухайн үедээ аюултай гэгдэж байсан. Одоо бүх хүн бензин рүү хошуурч байгаа биз дээ. Мод ч аюултай, гар хуруу түлчих гээд байдаг. Бидэнд хямд эрчим хүч, атомын зэвсэг хэрэгтэй байхгүй юу. Би цөмийн энергийг ашиглахын төлөө явдаг. Бусад орон цөмийн зэвсэгтэй учраас л хүчирхэг байдаг. Манай нам дэмжих байх, би бол дэмжиж чадахгүй юм байна. Миний хувийн бодол шүү.
Ч.Мөнхбаяр: Таны байр суурийг сонслоо, талархаж байна.
Л.Дарамсэнгэ (МНН): Би физикч мэргэжилтэй хүн. АЦС эхэндээ их ашигтай эдийн засгийн хожоотой юм шиг мөртлөө сүүлдээ хуучраад ирэхээрээ аюултай. Байгалийн хүчийг ашиглах хэрэгтэй. Уранаас сонирхолтой эрчим хүч байгаа. Бусад эрчим хүчээ ашиглаж л байх хэрэгтэй. Нефтээ дуустал хүн төрөлхтөн бензин шатахуунтайгаа зууралдаад байж л байна. Уран хэрэглэдэг улсууд уранаа хэрэглээд хохироод сууж л байна байх. Одоогоор ураныг агуулах маш бат бөх сав хийж чадахгүй л байна. Манай оронд нарны энерги маш их байна. Үүнийг ашиглах бүрэн боломжтой. Фукушимагийн ослоос болж 250 000 хүн хорт хавдар тусах магадлалтай гэж эрдэмтэд үзлээ шүү дээ.
Л.Өнөрбаяр (МУНН): Бид цөмийн хэрэглээний эсрэг байдаг, байх ч болно. Заавал цөмийн эрчим хүч хэрэглэхгүйгээр оршин тогтнох боломж Монголд бий. Хэдэн зуун жил ашиглаад барахааргүй нүүрс байна. Бурхан бидэнд үнэгүй нүүрс өгчихөөд байхад бид үүнийг үнэгүй хэрэглээд байх боломж байна. Гэтэл заавал цөмийн эрчим хүч ашиглана, цөмийн хаягдал булшлах гэдэг асуудлын эсрэг хатуу байр суурьтай байгаа. Ногоон намаас энэ асуудлыг нэлээн түлхүү ярьж байгаад бид талархаж байна. Үнэхээр мөнгө хэрэгтэй бол уранаа гарга, гэхдээ хаягдлыг буцааж авна гэдэг байж болшгүй асуудал.
О.Бум-Ялагч: Эх орончдын нэгдсэн намын байр суурийг сонсоё.
Г.Ганбат (ЭОНН): Сонгуулийн өмнө бүх намууд цөмийн аюулыг эсэргүүцэж байсан. Уралдаад л санамж бичигт гарын үсэг зураад ардын баатар болоод байсан. Гэтэл өнөөдөр таван нам л ирлээ шүү дээ. Маш олон нам энэ байр сууринаасаа буцаад байна. Монгол улс цөмийн эрчим хүчийг ашиглаад эзэмдээд байх шаардлага байхгүй гэж үзэж байна. Цөмийн хэрэглээг урьдын ахуйн буюу бага цөм гэсэн чиглэл дээрээ л зогсоцгооё. Монголчууд турж үхэх гээд байгаа биш, эсвэл бид Хойд Солонгос Иран байгаа биш, бид их гүрэн болж дэлхийн толгойг гудайлгаад байх шаардлага байхгүй. Бусдыг айлгадаг, эргээд бас тэднээсээ айдаг мангас болох шаардлагагүй. Бид үгүй гэж хэлж байна. Хатуу байр суурьтай байна. Цөмийн энергийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. ЦЭГ юу хийж байгаа юм. Ураны лиценз олгодог ийм л байгууллага байна.
Бидэнд асар их боломж байна. 400 гол горхи байна. Усны эрчим хүчийг ашиглаж байна. Нар салхины эрчим хүчийг ашиглаж болно. Нүүрсээр бид дэлхийд айргийн тавд орж байна. Энэ бүгдийг ашиглах хэрэгтэй. Та нар харж байгаарай нам дамжсан бүлэглэлийн хэдхэн нөхөд баяжаад ард түмэн хохироод л дуусна.
О.Бум-Ялагч: Манай намаас ийм санал тавих гэсэн юм. Цөмийн энергийн эсрэг альтернатив хэрэгтэй байна. Улаанбаатарын агаарын бохирдлыг шийдэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотын захад үнээний ферм байгуулъя гэж герман нөхөд ярьж байна. Үнээний сүүнээс гадна үнээний баасаар био газ үйлдвэрлэж болно. Үнээний 300 ферм барихад л Оросоос цахилгаан авах шаардлагагүй болно. Оросод өгөх мөнгөө л тэр фермүүдэд өгчихөж болно. Үнээний хямдхан сүү хэрэглэнэ, бас бяслаг хийж болно. Мөн 4КВт-ээр нэг гэрийг халаах ажил хийж байна. Нарны батарей ашиглаж байна.
Өнөөдөр Бат-Үүл газар луу дайрч эхэлж байна. Өндөр өртөгтэй газартай иргэдийг шахаж байна. Чи агаар бохирдуулаад байна гэж. Үүнийг Ардчилсан нам хийж байна. Бидний оруулсан төслийг мэднэ бид хийчихсэн гэж байна.
Жижиг дунд үйлдвэрийн төсөл гэж дампуурсан юм болж байна. Аюул болж байна. Энэ үргүй зардлыг больё оо. Нарны батарей хэрэгтэй байна. Ийм шийдлүүд байгааг эд нар мэдээд байгаа юм. Тэгээд яагаад хийхгүй байна гэвэл газрыг нь л авах гээд байна. Энэ газар одоо 10 дахин үнэтэй болно гэж япончууд судалгаа хийсэн. Эрх баригчид ард түмнийг ядуу байлгах сонирхолтой. Тэгэж байж сонгуулиар сонгогдоно.
Би сая Германд үзээд ирлээ. 1990 онд уран олборлох үйлдвэрээ хаагаад 22 жилийн турш 12 миллиард евро зарцуулчихаад байна. Ийм хор хөнөөлтэй.
Д.Дондовсамбуу: Сэргээгдэх эрчим хүч чинь асар их үнэтэй. Одоохондоо амжилт олоогүй, гарсан энерги нь асар их үнэтэй. Бүх байгалийн баялаг хамгийн ихдээ 50 жилийн настай.
О.Бум-Ялагч: УБ хотод өдөрт нэг айл 40КВт цахилгаан энергийн эх үүсвэр зоох боломжтой. 2 КВт нь нэг мянган доллар. 40-ийг хоёрт хуваахад 20 мянган доллар. Нэг айл 40КВт үржих нь 150 төгрөг.
Д.Дондовсамбуу: Наян төгрөг штээ.
О.Бум-Ялагч: Хуулин дээрээ 150 төгрөг гэж байгаа. 1 цагт 6000 төгрөг олж байна. Дунджаар найман цагаар үржүүлэхэд өдөрт 48 мянган төгрөг, жилд 17 сая төгрөг олох боломжтой. 12 мянган доллар. Эхний жилдээ талаас илүүг нь олж байна. 3 жилд төлчихнө. 120МВт үржих нь 1000 үржих нь 4 цаг = 492 КВт. Өдөрт 49 сая төгрөг. 12 миллиард доллар төлж байна.
(цөмийн энергийн газрынхан ирэв)
О.Бум-Ялагч: Цөмийн энергийн газрынхан ирлээ. Ирсэнд баярлалаа.
Б.Баярбадрах (ЦЭГ): Цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг хойш нь тавьж судалгаа шинжилгээнд үндэслэж олон нийтийн санаа бодлыг харгалзана. Уран ашиглах технологийг шар нунтаг хүртэл боловсруулна. Монголд цөмийн хаягдал булшлахыг хориглоно. Энэ асуудлыг баримталж ажиллаж байна.
О.Бум-Ялагч: Хэдэн албан хаагчтай вэ?
Б.Баярбадрах: 96 албан хаагчтай. Төрийн захиргааны, удирдлагын, цөмийн технологийн, цөмийн хяналтын хэлтсүүд байна.
Хайгуул ашиглалт нийлээд 85 лиценз байна. Арева бол туршилтын олборлолт хийж байгаа.
О.Бум-Ялагч: Хуулин дээр туршилтын олборлолт хийнэ гэж байхгүй шүү дээ.
Б.Мөнхтөр (ЦЭГ): Аль ч хайгуулд туршилтын технологийн олборлолт хийдэг. Уранаас болж мал үхсэн гэх баталгаа байхгүй.
О.Бум-Ялагч: Тэнд яагаад хашаа барьдаггүй юм бэ?
Б.Мөнхтөр: Тэнд уран олборлоогүй шүү дээ. 30-аад км-ийн зайнд тугал үхсэн. Уурхай бол хашаатай.
Ч.Мөнхбаяр: Селенд мал хордсон гэж яриад байгаа. Энэ асуудал юу болоод байна. Тэгшбаяр дарга бол хэдэн жилийн өмнөх асуудал гээд байдаг. ТВ-ээр бол дөнгөж сая болсон мэт үзүүлж байгаа шүү дээ.
З.Дамдинсүрэн (ЦЭГ): 2011 онд хийж байсан усны шинжилгээний дүн. Тэнд мал хордсон гэсэн дүгнэлт байхгүй. Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл.
О.Бум-Ялагч: Төрийн байгууллагын та нар ийм хардалт гаргахаас өмнө урьдчилж харж байх ёстой байхгүй юу. Радоны хий ялгардаг, тэр бол маш хортой.
Б.Баярбадрах: Мал үхсэн бол баримт. Яагаад үхсэн гэдэг дээр бид мэргэжлийн байгууллагуудтай хамтарч байна.
Ч.Мөнхбаяр: Селен уул уурхайн үйл ажиллагаанд хэрэглэгддэг үү, үгүй юу?
З.Дамдинсүрэн: Бид холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Тийм газруудад албан бичиг хүргүүлсэн. Тэр байгууллагуудаас дүгнэлт гарахыг хүлээж байна.
Ч.Мөнхбаяр: Селен уул уурхайн үйл ажиллагаанд хэрэглэгддэг үү, үгүй юу?!
З.Дамдинсүрэн: Үгүй.
О.Бум-Ялагч: Мардайн талаар та нар ямар байр суурьтай байна?
З.Дамдинсүрэн: Мардайд бид үйл ажиллагаа явуулж байгаа. Европын холбооны улсуудтай хамтраад нөхөн сэргээх төсөл явуулж байгаа. 1 сая еврогийн төсөл.
О.Бум-Ялагч: Бага юмаа. Германы Висмут хотод очиход 12 миллиард евро зарцуулсан байна гэж байна. Монголын цөмийн санаачлага гэж ямар юм байна?
З.Дамдинсүрэн: Тийм асуудал байх ёсгүй. Тийм албан бичиг гэрээ нэг ч байхгүй.
О.Бум-Ялагч: АНУ-тай байгуулсан гэрээний талаар та нар мэдэх үү?
Б.Батгэрэл (ЦЭГ): Ташаа мэдээлэл байна. Тийм юм ерөөсөө байхгүй.
Д.Дондовсамбуу: Цөмийн эрчим хүчийг ашиглана гэж зүтгэхгүй бол ЦЭГ байх хэрэг байна уу.
Б.Баярбадрах: Агентлагийн гол чиг үүрэг бол цөмийн технологийг ашиглаж байгаа маш олон газарт хяналт тавих үүрэг юм. Боловсон хүчинг сүүлийн үед харьцангуй сайн бэлдэж байгаа.
Г.Ганбат: Хууль өөрчлөх үү?
Б.Баярбадрах: Хууль өөрчлөх асуудлаар ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа.
Б.Батгэрэл: Аль 60 хэдэн оноос манай улс цөмийн технологийг хэрэглэж байгаа шүү дээ. Бид үүнд хяналт тавьж ажиллана.
Л.Өнөрбаяр: Монголд ашиглалтын лиценз өгсөн үү. “Арева” компани туршилтын юм хийнэ гэдэг чинь олборлох гээд байна гэсэн үг биз дээ. Ашиглалтаас гарсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг яадаг юм?
Б.Мөнхтөр: Ашиглалтын нэг ч зөвшөөрөл байхгүй. 70 орчим мянган тонн ураны нөөц байгаа. Тоног төхөөрөмжүүдийн эдэлгээний хугацаа дуусахад изотоп контортоо хяналтанд авдаг.
О.Бум-Ялагч: Ерөнхий сайд Дорнод аймагт хавдрын хэмжээ 4 дахин их байна гэсэн, үүнийг сонирхож үзсэн үү?
Б.Баярбадрах: Үүнийг судалж үзсэн 4 дахин их байгаа нь умайн хүзүүний хавдар байна. Цацраг идэвхтэй холбоогүй, вирусын гаралтай. Тийм хавдар гарах тодорхой шалтгаанууд байдаг.
О.Бум-Ялагч: Нөгөө Хонгор шиг хамуу маажуур, яр тэмбүү гэх нь шив дээ? Умайн хүзүүний хорт хавдрыг яр тэмбүүнээс болдог гээд байдаг шүү дээ. Та нар тэгж мэдэгдэх гээд байна уу?
Л.Дарамсэнгэ: 1990-ээд оны дундуур изотоп алдагдсан, Чадраа гуай шоронд орж байсан. Тэр изотоп хаана байна Хятадаас олдсон гэж дуулсан.
Б.Баярбадрах: Стронций гэдэг элемент булсан байсан. Одоогийн Нарантуул захын хавьцаа байсан.
Л.Дарамсэнгэ: Хятад улс руу зарчихсан юм уу.
Д.Дондовсамбуу: Энэ ураныг ямар үнээр зардаг юм.
З.Дамдинсүрэн: Маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн. Гэхдээ бид зарсан юм огт байхгүй.
Д.Дондовсамбуу: Ураныг эсэргүүцэх шалтгаан нь 1-рт Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийн лобби, 2-рт Иран, Хойд Солонгос зэрэг орон зэвсэг хийвэл хүчтэй болох тул, тэр улсыг мөнхийн ядуу байлгах зорилготой. Бид цөмийн энергийг төрөл бүрээр хэрэглэх хэрэгтэй. Цөмийн энергийг Монгол улсад батлан хамгаалах зорилгоор ч ашиглаж болно. Та нар үүн дээр анхааран ажиллах хэрэгтэй. Бид ч хамтран ажиллаж болно. Та нар мэргэжилтнүүдээ сайн бэлдээрэй.
Л.Өнөрбаяр: Түрүүний илтгэл дээр цацраг идэвхит бодис олон арван мянган жилийн дараа задардаг гээд байна. Тэр үнэн үү?
Ч.Мөнхбаяр: Миний хийсэн илтгэл дээр ашигласан мэдээллүүд бүгд нэр хүндтэй, баталгаатай эх үүсвэрүүд шүү.
Л.Өнөрбаяр: Шар нунтаг нь хортой юу. Идэвхжүүлдэг юм уу эсвэл шар нунтаг байхдаа хортой байх уу?
Б.Баярбадрах: Идэж уувал мэдээж хортой л доо. Гэхдээ...
Л.Өнөрбаяр: Идэж уухгүй нь мэдээж л дээ. Яг хор хөнөөлтэй юу үгүй юу, шар нунтаг?
Б.Баярбадрах: Шар нунтгийг стандартынх нь дагуу аюулгүй хадгалахад бол ямар ч аюулгүй ээ. Аюултай гэвэл нүүрс ч зохих хэмжээний цацраг идэвхтэй. Бүх юм цацраг идэвхтэй гэж болно. Яахав, шар нунтгийг тэврээд унтвал мэдээж хортой л доо.
Л.Өнөрбаяр: Тэврээд унтахгүй нь мэдээж л дээ. Шар нунтаг тэгээд яг хор аюултай юм уу даа, үгүй юу?
Б.Баярбадрах: Шар нунтаг доторхи уран байгаль дээрх шигээ цацраг ялгаруулна. Шар нунтаг бол байгаль дээрх урантай л адил байна.
О.Бум-Ялагч: ЦЭГ олон нийтэд таниулах сурталчилгаа сайн хий. Ингээд уулзалт дууслаа. Албан ёсоор хаасныг мэдэгдэж байна.
Сурвалжилсан П.Гантулга
No comments:
Post a Comment