Tuesday, April 9, 2013

Гардасил хортой гэдэг нь “2012 онд дэлхий сөнөнө” гэдэг шиг худал хуурмаг зүйл

Монголчуудад аюул учирлаа, №1 асуудал гардасил вакцин боллоо гэж амтай бүхэн шуугих болов. Эрүүл бус ээлжит хийрхэл хаврын түймэр шиг халтай болсоор удлаа. Монгол орон гардасилийн эсрэг гажуудалд хуйхлагдаж гүйцлээ.
Хамгийн гол нь, “гардасил үргүйдэлд хүргэдэг, ийнхүү Монголын хүн амын өсөлтийг бууруулах, өсөлтгүй болгож устгах үр дагаварт хүргэнэ” гэж түгшүүрийн харанга дэлдэж байна. Өсөлтийг бууруулах, өсөлтгүй болгож устгах ажлыг 24 жил абортоор, төрөх-эх нялхсын эмнэлгийн үйлчилгээг мөхөөлтөөр хэрэгжүүлж, 1-2 сая хүн амыг үгүй хийгээд байхад, үргэлжлүүлсээр байхад таг дуугүй, болох ёстой юм л болж байгаа юм шиг явдаг хүмүүс “өсөлтийг сааруулах гэлээ” гэж сүйд болоход гайхаш тасрах юм.
Хүн амын бууралтад орсон, өсгөх тал бүрийн бодлого баримталдаг ОХУ гардасилыг “нөхөн үржихүйг эрүүлжүүлж, хүн амын өсөлтийг сайжруулахад нэн сайн нөлөөтэй” гээд хамгийн ач холбогдолтой эм тарилгуудын тоонд оруулсан байх юм. Гардасилын эсрэг тэмцэгчид Монголын хүн амыг өсгөхийн төлөө байна уу, эсрэг байна уу. Монголын хүн амыг бууруулах, устгах 24 жилийн л бодлогыг үргэлжлүүлж явна уу.
100 улсад гардасилаар вакцинжуулалт хийсэн, 20 улсад гардасилийн өдөр гэж календарьтаа оруулсан байна. Оросод 11-р сарын 24-нийг гардасилд хамруулах өдөр болгожээ. Тэгэхэд анти-гардасилчууд энэ баримтыг шууд эсрэгээр нь гуйвуулж, 100 улсад хорьжээ гэж гүжирдэн явна. Нэг ч улсад хориглоогүй юм.

Гардасилаар вакцинжуулж чадахгүй байгаа улсууд бол олон бий. Учир нь энэ вакцин гурван тун нь 400-900 долларын үнэтэй байдаг аж. Тиймээс гайгүй хөгжсөн, байгалийн баялаг ихтэй улсууд л хүн амаа гардасилд хамруулж, буурай, ядуу орнууд бол чадахгүй байгаа билээ. Бусад улсад “гардасил хийлгэмээр байна, харин үнэ нь өндөр байна” гэж дургүйцэл гарч байхад, манайд үнэгүй хийж өгье гэхэд, хоцрогдсон харанхуй байсан үед хүмүүст тарилга хийх гэхэд алмас шулмас болно гэж айж зугтаж байсантай адил юм болж байна.
АНУ тэргүүтэй империалист гүрнүүд буурай, бага улсуудын хүн амыг цөөлөх гэж ийм вакцин гаргалаа гэж цуурч, социализмын үед ч байгаагүй анти-империалист, анти-америк үзэл гарган дүвчигнэж байна. Гэтэл АНУ өөрөө эхэлж хэрэглэж, өндөр хөгжингүй орнууд буюу найз нөхөд нь удаалж, АНУ-д дайсагнан ханддаг БНХАУ, ОХУ, эдний найз нөхөд нь ч хэрэглээд байна. Үүнээс үзэхэд АНУ өөрийгөө болон найз нөхдөө хорлох гэж гардасилыг гаргаж ирсэн болж таарч байна. Харин “хорлох гэсэн” буурай, бага орнууд нь санхүүгийн боломжгүй, хэт шашинжсан зэргээс болж хэрэглээгүй байх юм. Гэхдээ нэлээд нь хэрэглэхийг тун их хүсч байгаа.
Гардасилыг гадаадад шүүмжлэх явдал бий юу гэвэл бий. 1-рт, АНУ-ын шашинлаг хэсэг анх шүүмжлэл өрнүүлжээ. Тун гайхалтай нь АНУ-д асар шашинлаг, зарим нь бүр дундад зууны амьдралаар амьдарч байгаа хүмүүс олон бий. Гардасил бол умайн хүзүүнээс гадна, бэлэг эрхтэн, шулуун гэдэсний хорт хавдар, хөхөнцрөөс сэргийлдэг, тэдгээрийг үүсгэдэг папилломын вирус бэлгийн замаар халдварладаг байгаа юм. Тийм учир шашинлаг хүмүүс гардасил тарина гэхээр, үр хүүхдүүдийг маань завхай зайдан болно гэж доромжлов хэмээн жадлан эсэргүүцэж, хүрээлэл дундаа хатуу хориг тавьж, сөрөг судалгаа, сурталчилгаа хийж эхэлжээ.
Иеговист гэх шүтлэгтнүүд шашны сургаалийг мушгин гуйвуулж, цус өгөх, юүлүүлэхийг өөрийнхөндөө хориглодог. Тэр нь маш хортой, хөнөөлтэй гэж итгүүлэх гэж оролдохдоо цусаар өвчин халдварласан, алдаа осол гарсан зэрэг тохиолдлын баримтуулыг хичээнгүйлэн цуглуулж, сүр бадруулан сурталчилдаг атлаа, цус сэлбэх нь хичнээн хүний амийг аварсан, хичнээн хүнийг анагаахад тусалсныг огт дурддаггүй. Гардасилийн эсрэг шүүмжлэл ихэнхдээ иймэрхүү л байгаа юм.
Мөн лалын шашинтнууд дургүйцэн хүлээж авчээ. Тэд маш олон хатуу хоригуудтайгаас гадна, мэдээж бэлгийн амьдралтай холбоотой үг яриаг таашаадаггүй. Басхүү бэлгийн амьдрал нь хатуу хэм хэмжээгээр зохицуулагддаг, бэлгийн амьдралд ороогүй залуус гэрлэж, цаашид өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй амьдрах тохиолдол их тул, гардасилийн хэрэгцээ бага байх явдал ч байна.
Мэргэжилтнүүд мөн эрдмийн шүүмжлэл өрнүүлсэн. Гардасил папилломын вирусын 15 штаммын хоёроос нь л сэргийлж байна, 13-аас нь сэргийлэхгүй байна гэж. Нэг харахад их л зөв шүүмжлэл мэт ч, хагас хугас, ач холбогдол муутай шүүмжлэл аж. Тэр хоёр штамм дээрх хорт хавдруудын 70-80 хувийг үүсгэдэг аж. 70-80 хувиар өвчлөлийг бууруулах, 70-80 хувийг хамгаалалттай болгох юу нь муу байх вэ. Үлдсэн 13 штамм нь ховор тохиолддог аж. Хавдрын бусад 20-30 хувь нь тэр 13 штаммаар үүсгэгддэг гэсэн баталгаа байхгүй, өөр янз бүрийн шалтгаанаар хавдар үүсч болно. Мэргэжилтнүүдийн тэр мэт сөрөг шүүмжлэл нь асуудалд санаатай, санаандгүйгээр гүйцэд бус, хөнгөн хуумгай хандсанаас үүддэг аж. Гардасилийн эсрэг бүх төрлийн шүүмжлэл баримт нотолгоогүй байдаг бол, ач тус нь бүх төрлийн баримт нотолгоотой юм. Гардасил тариулсан атлаа өвчин туссан тохиолдлууд байна, гэтэл тэр хүмүүс “нэг тариулаад л болно” гэж өөрийн дураар авирласан байх жишээтэй.
Аливаа эм бэлдмэлийн адил гардасилд сөрөг нөлөө бий. Гэхдээ тэр нь үргүйдэл, үхэл, империализм, геноцид, антимонголизм биш. Бүх тарилгад л байдаг хөндүүрлэх, толгой өвдөх, ядрах, харшилтах, туурах, бие сулрах, ухаан алдах магадлал. Тарилгыг муу хүлээж авдаг организмын янз бүрийн онцлог шалтгаантай хүмүүс байдаг, ердөө л тэр. Тарилгыг хэвийн хүлээж авдаг хүн бол яах ч үгүй.
Умайн хүзүүний хорт хавдар бол эмэгтэйчүүдэд тохиолдох тоогоороо 2рт ордог хавдар аж. Гардасил мөн папилломын вирусаар үүсдэг олон өвчлөл, хавдраас сэргийлнэ. Хортой хөнөөлтэй гэж мунхарч явж, сүүлд нь жинхэнэ хортой хөнөөлтэй, амь авах өвчнийг нь тусчихаад амаа баривч хожимдож, гардасил хийгээд нэмэргүй болчихвол мөн эмгэнэлтэй еэ. Манайх шиг ямар ч ёс суртахуунгүй нийгэмд бэлгийн халдвар нийтийг хамардаг тахал шиг болчихоод байхад.
Дэлхийн аль өнгөтэй өөдтэй 100 улс хүн амаа гардасилаар вакцинжуулчихаад байхад, манай тэр эсэргүүцэгчид л гэж тэр 100 улсын эрдэмтэн мэргэдээс ухаантай улс гарав гэж үү? Эсрэгээрээ байлгүй.
Тэр вакциныг оруулж ирсэн хүмүүс өөрсөддөө ашиг унагасан байж болзошгүй гэдэг. Энэ асуудалд хуулийн зөрчигдөл байна уу, үгүй юу л гэж ярих ёстой шүү дээ.
Гэтэл сөрөг намын том зүтгэлтнүүдийг шантаажилж унагах, эрүүлийг хамгаалах салбараас МАН-ынхныг зайлуулах гэж, “2012 онд дэлхий сөнөнө” гэдэг шиг элдэв дээдийн худал хуурмаг юм цуглуулж, зохион эвлүүлж хар PR хийхдээ гардасилийг хэлмэгдүүлж, ард түмнийг мунхруулан хорлож болохгүй байхгүй юу.
Дарангуй, дарлаж мөлждөг, хоцрогдсон бурангуй нийгмийн зовж зүдэрсэн хүн ардын бухимдал бачимдал нь эрүүл нийгмийн төлөө тэмцлээр бус, гажууд хямралаар илрэх нь олонтаа. Үүнийг ашиглаж эрх баригчид ч тэдэнд уур дургүйцлээ гаргах дайсан зааж өгч, массын психоз үүсгэдэг. Тэр л энэ гардасилийн эсрэг хөдөлгөөн шүү дээ.
Ч.Мөнхбаяр
ММХII.IX.VIII

No comments: