Tuesday, April 9, 2013

60 өмнөд монгол хүн Монгол улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгчид хамтдаа өргөн барилаа

Монголчуудын дунд байгаа Цагаан хэрмийг нураах цаг болжээ!

Саяхан, “Олуулаа болох санаачилгыг дэлхийн монголчууд дэмжиж байна!” сэдэвт хэвлэлийн хурал болсон билээ. Энэ хурлыг өмнөд монголчууд (“Олуулаа” дугуйлангийнхан) зохион байгуулсан нь онцлог байлаа. Өмнө нь, Монгол улс-ӨМӨЗО-ны тал бүрийн харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой, БНХАУ-ын төрийн байр суурийг илэрхийлсэн хэвлэлийн хурлууд, Монгол улсад ӨМӨЗО-ны тоглолт, ажлаар ирсэн дуучин жүжигчнийг танилцуулах, сурталчлах хурлуудад өмнөд монголчууд оролцож байснаас бус, энэ удаагийнх шиг өмнөд монголчууд хөрш орны байр сууринаас хамаарахгүйгээр, монгол үндэстний асуудлыг чөлөөтэй хөндөн ярьж, дэвшүүлж байсан хурал Монгол улсад болж байсангүй шиг. Индрийн ширээний ард өмнөд монголчууд сууж ярьж байснаас гадна, сэтгүүлчдийн суудалд олон өмнөд монгол хүн сууж, талархан дэмжиж, алга нижигнүүлэн ташиж байлаа. Хурлын эрхэм оролцогчдын ярианаас толилуулъя.

Зүүн гар талаас А.Өлзийбаяр, Ч.Энхээ, О.Соёлт, Ч.Мөнхбаяр, А.Пунцаг, Х.Төгс

А.Пунцаг (Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны түүхийн салбарын эрхлэгч, доктор профессор, Монгол улсын иргэн):
-“Үрээгээ танихгүй баян, үрээ танихгүй өнөр бол”, “Хөнжил дүүрэн хүүхэд, хөндий дүүрэн малтай бол” гэж монголчууд хэлэлцэж, өнөр өтгөн байхыг, олуулаа байхыг эрхэмлэж ирсэн. Эзэн Чингис маань олон монгол овог аймгаа нэгтгэж, олуулаа болж байсан.
Монгол хятад үндэстнийг зааглан босгосон Цагаан хэрэм гэж буй. Гэтэл өнөөдөр монгол ахан дүүсийг хооронд нь хувааж зааглан босгосон Цагаан хэрэм бас буй болсон байна шүү. Бидний дунд, монгол үндэстний дундуур босгосон Цагаан хэрэм гэж байна. Берлиний хана нурж герман үндэстэн нэгдэж байсан. Түүн шиг, бид өөрсдийн дунд байгаа Цагаан хэрмийг нурааж байж олуулаа болно оо.

Олуулаа болохын тулд монгол хүн бүр үүрэг хариуцлагатай байх ёстой. Түүхээ мэддэг байх, зөвөөр ойлгох хэрэгтэй. Хамаг Монголыг Халхын хавтгайгаар хязгаарлаж болохгүй шүү. Өнөөдөр монгол үндэстэн олон бүлэгт хуваагджээ. Өмнөд монголчууд гэгдэх болсон монголчууд зургаан сая байна. Гурван сая нь уусч өвөрдсөн байлаа гэхэд, уусаагүй гурван сая монголчууд тэдний дунд байж л байгаа. Халуун сэтгэлтэй монгол ахан дүүсээ хазгай хэлтэй хужаа гэж хажиглахаасаа өмнө, ихийг бодож ухаарах ёстой. Эс бөгөөс олуулаа болох нь бүтэхгүй.
Олуулаа болно гэдэг нь монголчууд олуулаа болно, монгол үндэстний л асуудал гэж бодож байна. Олуулаа болж л байвал болоо гээд өөр үндэстнийхийг авчрах, харийнхантай ханилж суух нь ихэсвэл эцсийн дүндээ монголчууд олуулаа биш, цөөхүүлээ болно шүү.
Олуулаа болоход зориулсан тусгай хууль журам гаргахгүйгээр ажил бүтэхгүй болов уу. Монгол улсын иргэн болох өргөдлөө өгчихөөд арав хорин жил хүлээж буй хүмүүс байна. Би бол азтай хүн, Монгол улсын иргэн, ажил албатай сайхан амьдран сууж байна. Харин тэр хүлээж байгаа хүмүүс бол түмэн зовлон бэрхшээлтэй учирч байдаг. Олуулаа болох бодлого хэрэгжиж, өнөөгийн байдал сайн сайхан тал руугаа өөрчлөгдөх байх аа гэж найдаж байна.
Х.Төгс (Токиогийн Гадаад судлалын их сургуулийн багш, бага үндэстэн судлалын доктор профессор, Японы иргэн):
-Би Шилийн гол аймгийн цахар хүн юм даа. Японд 14 жил ажиллаж амьдарч байна. 2011 оны 12 дугаар сарын 28-нд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уриалгаа гаргахад би АНУ-ын Вашингтон хотод ажлаар явж байгаад сонсож, ихэд сэтгэл хөдөлсөн билээ. Японд ирээд олон монголчуудтай ярилцаж харилцахад тэд мөн талархан хүлээж авсан байв. Ингээд бид санаа бодлоо нэгтгэн ерөнхийлөгчЦ.Элбэгдоржид Талархлын бичиг илгээсэн юм. Түүнийгээ Монгол улсын олон нийтэд танилцуулан уншъя (гээд бичгийг уншив. Бичигт: “Таны дэлхий дахины Монгол туургатанд хандаж хэлсэн халуун уриалгад бид бүхэн сэтгэл өндөр, омог бардам, итгэл дүүрэн байна. Яг таны хэлсэнчлэн бид монголчууд бүгдээрээ Монгол туургатныхаа гал голомт болсон нутаг дээрээ аж амьдралаа босгож, ариун үйлсээ бүтээж, дэлхийн түг түмэн үндэстэн ястантай мөр зэрэгцэн алхаж, Монгол гэдэг үндэстнийхээ эрүүл энх ирээдүйн төлөө хүчлэн тэмүүлэх сайхан цаг үе ирсэн байна. Энэ сайхан үйлсийнхээ төлөө, ар өвөр зүүн баруун дөрвөн зүгийн монголчууд хүчээ нэгтгэн, зоригоо чангалж, тэмүүлэн зүтгэх хэрэгтэй билээ. Япон улсад аж төрөн амьдарч суралцаж байгаа Монгол туургатны үрс бид, бусад улс гүрнээр таран суугаа Монгол цустай хүмүүсийн адилаар Монгол улсдаа очиж, үйлс бүтээн ажиллах халуун санаагаа илэрхийлэхэд маш их таатай байна. Монгол улс маань улам улам хөгжин мандаж, монголчуудын арван цагаан буян дэлгэрэх болтугай!
Японд ажиллаж, суралцаж байгаа
Өвөр монголчууд
Халимаг монголчууд
Буриад монголчууд
Шинжааны монголчууд
Хөх нуурын дээд монголчууд” гэжээ)
Ижил мөрнөөс Хар мөрөн хүртэл суугаа дэлхийн монголчууд бид монгол соёлоо хойч үедээ өвлүүлж, соёлоороо нэгдмэл байх нь их чухалтай. 2007 онд Улаанбаатар хотод санаа нийлсэн хамтран зүтгэгч хэсэг нөхөд бид монгол туургатны соёл-эрдэм шинжилгээний санг байгуулан ажиллаж байгаа. Би бол жирийн нэг багш хүн юм даа. Гэхдээ хэн бүхэн өнөөгийн монгол үндэстний ээдрээтэй хүнд байдалд санаа зовниж, эв нэгдэл, сайн сайхных нь төлөө тэмцэх хэрэгтэй гэж боддог. Энэ хэвлэлийн хурлын дараа би шууд нисэж, Буриадын Улаан-Үдэд болох “Монгол туургатны эрт ба эдүгээ” сэдэвт эрдэм шинжилгээний, олон улсын хуралд оролцоно.
Монгол туургатнаа явцуу битгий ойлгоорой гэж захиж хэлмээр байна. Бид бол байхгүй юу, хэн нь ямар хүн юм бэ гэдгийг ойлгох их чухал. Америкад англи-сакс, латин, негр хэн ч байсан Америкийн тугийн дор хамтдаа америк хүн гээд явж байна. Тэгвэл монгол ястнууд хэн ч байсан монголчууд л юм чинь Монголын тугийн дор хамтдаа монгол хүн л гээд явж байх ёстой. Тийм сайхан уужуу бодлогоор цөмөөрөө Монгол улсаа илүү хөгжөөж мандуулъя.

Өмнөд монголчуудын төлөөлөл

О.Соёлт (“Соёл Эрдэм” ИС-ийн захирал, хэл, экологи судлаач, доктор профессор, Японы иргэн):
-Би Шилийн гол аймгийн уугуул, хархан бага насандаа хурга тугал хариулж явсан, малчин монгол айлын хүү дээ. 1990 онд Монгол оронд нэг дусал цус урсгалгүйгээр Ардчилсан хувьсгал ялж мандахад миний бие үүнд ихэд баясч, Монгол улсын өөрчлөн шинэчлэлийн үйлсэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахаар шийдсэн билээ. Ийнхүү 1990 оноос, зах зээлд шилжих хүнд бэрх үеийг даван туулах үйлсэд Монгол улсын ард иргэддээ тус дэм болох ажил зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, 1993 оноос сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олох, багш нарт мэргэжлээ дээшлүүлэхэд туслах төслийг 10 жилийн турш хэрэгжүүлснээр шууд үр шимийг нь 10 мянга гаруй сурагч хүртсэн байдаг. 1995 оноос “Соёл Эрдэм” их сургуулийг байгуулж, 1000 гаруй хүүхэд төгсгөлөө, энэ сургууль маань Монгол-Японы найрамдлын нэгэн гүүр ч боллоо. Энэ мэтээр Монгол улсын хөгжилд гар бие оролцсон жишээ өнгөрсөн он жилүүдэд цөөнгүй байлаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн уриалгыг миний бие нөхдийн хамт Монголын хөгжилд цэцэглэлд хувь нэмэр оруулах илүү их боломж нээгдлээ гэж талархан хүлээж авсан билээ. Өөрийн үндэстний хилийн чанад дахь хэсэгтэй нягт хамтран ажиллаж, улсаа хөгжүүлэхэд түлхэц өгдөг туршлага хөрш улсуудад ч байна. Тэдгээрийн туршлагыг судалж хамтран ажиллах хэрэгтэй. Хятад улс гадаадад байгаа хятад үндэстний хувьд үүд хаалгаа чөлөөтэй нээсэн байдаг, тэдгээр гадаадын хятадууд ч Хятад улсдаа эрдэм мэдлэг, хөрөнгө оруулалтаар, тал бүрээр тусалж, хөгжиж дэвшихэд нь их үүрэг гүйцэтгэн тусалсан. ОХУ хилийн чанадад суудаг, үндсэн хэсэг нь Орост уугуулаар амьдардаг үндэстнүүдийн хүмүүсийг мөн цуглан ирж, бүтээн байгуулалтдаа оролцуулж байна. Казахстан улс дэлхийн бүх казахуудыг урьж, улсаа хамтдаа хөгжүүлж, өндөр амжилтад хүрч байгаа бодот жишээ бий.
Багш хүний хувьд хэлэхэд: Японд 20 гаруй мянган монгол оюутан суралцаж буйн 95 хувь нь өвөр монголчууд, тэдэн дунд Монгол улсад ирж амьдрах хүсэл өвөрлөж буй залуус зөндөө олон байна.
Боломж их бий. Гагцхүү эв эеийг эрхэмлэж, монгол түмнүүдийгээ, монгол үндэстнээ зөвөөр ойлгож явах хэрэгтэй. Тэгвэл санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ ээ.
Нарс (“Да лам” эмнэлгийн эмч, зүүгээр эмнэхүйг судлаач, Монгол улсын иргэн):
Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгжорж Танаа өргөсөн, Монгол улсад амьдран сууж байгаа өмнөд монголчуудын “Хамтын хүсэлтийг” дуулгаяа!
(товчлов)
Зуун жилийн тэртээ, Өмнөд Монголын эх оронч баатарлаг охид хөвүүд Наймдугаар Богд Жавзундамба хутагтын Тусгаар тогтнол, Их Монгол улсаа сэргээх мандуулах уриалгын дагуу, Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд чин үнэн зүрх сэтгэлээсээ оролцон, халуун амь бүлээн цусаа урсгаж, газар газрын бусад Монгол ахан дүүсийн хамтаар ялалт дэвшилтэд хүрсэн мөнхийн гэрэлт түүхтэй билээ.
Зуун жилийн дараа, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та даян дэлхийн элэг нэгтнүүддээ хандан: “Монголчууд аа, Олуулаа болцгооё!” гэж сүр жавхлантай тунхаглаж, Дэлхийн монголчуудын түүхийн шинэ хуудсыг нээлээ…
Шинээр буй болж байгаа, Монгол туургатны нэгдэл нягтралын нөхцөл байдалтай уялдуулан:
Монгол улсад амьдран сууж байгаа Өмнөд Монголчуудаас айлтгал дэвшүүлэхийн учир:
Нэг. Ерөнхийлөгч Та Монгол улсад он удаан жил (5, түүнээс олон жил) ажиллаж амьдарч буй, “Оршин суух үнэмлэх” аваад байгаа, Монгол улсын иргэн болох хүсэл мөрөөдөлтэй, иргэн болох болзлыг хангасан өмнөд монголчуудыг (эхнэр/нөхөр, үр хүүхдийнх нь хамт) ивээлдээ авч, иргэн харъяат болгож,
Хоёр. Монгол улсад ажиллаж амьдарч буй, Монгол улсын иргэн болох хүсэлтэй өмнөд монгол хүмүүст “Оршин суух үнэмлэх”, оршин суух эрх олгох асуудлыг хөнгөлөлттэй шийдэж өгч, цаашид Монгол улсын иргэн болох нөхцлийг бүрдүүлж өгч гүн туслалцаа үзүүлнэ үү гэж хичээнгүйлэн хүсч байна.
Нэгэнтээ Монгол улсад ажиллаж амьдарч, Монгол улсын хөгжил дэвшилд хөдөлмөр зүтгэлээрээ хувь нэмрээ оруулж, хуулийг сахиж биелүүлэн нийгэмшиж ирсэн өмнөд монгол хүмүүсийг эхнэр/нөхөр, үр хүүхдийнх нь хамт иргэн, харъяат болгох нь Олуулаа болох бодлогын хувьд хамгийн хэрэгжүүлэхэд дөхөмтэй, Олуулах болох бодлогыг сурталчлахад тустай байгаа тул амьдралд биеллээ олох боломжтой байдал харагдаж байнам…
(Хамтын хүсэлтэд 60 хүн гарын үсгээ зуржээ)
Ч.Энхээ (Монгол-Америкийн соёлын сангийн УЗ-ийн гишүүн, буяны үйлстэн, АНУ-ын иргэн):
-Миний аав Өвөр Монголын Зост чуулганы уугуул, түмэд монгол, ээж маань Хөлөнбуйрын уугуул, дагуур монгол хүн. 1949 онд аав ээж маань Тайваньд ирсэн юм. 1953 онд би тэнд төрсөн.
Ээж маань дагуур хүн болохоор, аав ээж хоёр хоорондоо монгол, хятадаар хольж ярих юм уу, хятадаар ярьж ойлголцдог байсан л даа. Сургуульд ороход минь аав, ээж намайг монгол багшид шавь оруулж, монгол хэл соёл заалгасан. Гэвч хятад хэлтэй орчинд өссөн, 26 наснаас хойш АНУ-д амьдарсан зэргээс болж, монгол хэлээрээ сайн ярьж чаддаггүй болсон юм. Харин хожим таван жилийн дотор заавал монгол хэлээрээ сайн ойлгодог, сайн ярьдаг болъё гэж хичээн, зохих үр дүнд хүрсэн. Энэ бол монгол хүн хэл соёлоосоо хөндийрсөн байлаа ч, сурч эзэмшиж болохын нэг жишээ юм.
Тайваний монголчууд өөрсдийгөө монгол гэдгээ мэддэг ч, монгол хэлээ муу мэддэг. Би ч гэсэн тийм л байсан. Зарим хүмүүс тэднийг чи монгол хэлээ мэдэхгүй л бол монгол хүн биш гэсэн байдлаар ханддаг нь тэдний сэтгэлийг ойлгохгүй байгаагийн илрэл. Монголоор ярьж чадахгүй байгаа нь тэдний буруу биш, харин чаддаг нь тэднийг ойлгож, тэдэнд туслах хэрэгтэй. Эсбөгөөс, тэдний монголоо гэсэн сэтгэл хөрөх болно шүү дээ.
Монгол улсад ардчилсан хувьсгал гарч, нааш цааш зорчих нь чөлөөтэй болсноос хойшхи 20 гаруй жилд би, жил бүр 1-2 удаа ирсээр Монголд 30 удаа ирсэн байна билээ. Монголд анх ирээд өнчин хүүхдийн асрах төвтэй танилцан, туслахаар болж байсан. Түүнээс хойш тусламжийн, буяны үйл ажиллагаануудыг зохион байгуулалцаж ирлээ. Өөрөө Монгол улсад гурван хүүхэд үрчилж авсан.
Монголд туслах сэтгэлтэй хилийн чанадын монголчууд олон байдаг. Гагцхүү тэднийг зохион байгуулах нь их чухал юм аа. Олуулаа болох бодлого энэхүү зохион байгуулалтад эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Дэлхийн монголчуудаа хүлээн авахдаа сэтгэлийг нь харж, сэтгэлийг нь үнэлж хүлээж авч байх нь зүйтэй гэж бодно. “Энэ нь бидэнтэй адилгүй, тэр бидэнтэй төсгүй” гэх талаас нь их хараад байвал хэцүү.
Гадаадад амьдарч байгаа монголчууд өөрсдийгөө монгол хүн л гэж ямар ч эргэлзээгүйгээр боддог. Харин энд ирвэл олон хүн монгол хүн гэдэгт нь итгэхгүй байна. Яагаад гэвэл тэд Монгол улсын иргэн, Монгол улсад төрсөн хүнийг л монгол гэж боддог байна. Үүнийг ойлгосны дараа надад их сонин байсан.
Зөвхөн Монгол улсын иргэн л монгол гэх биш, янз бүрийн онцлогтой ч гэлээ дэлхийн монголчууд цөм монгол шүү, цөм нийлээд монгол үндэстэн шүү, ямар ч байсан нэг гэрийн төрсөн ахан дүүс шүү гэдгийг ойлгох хэрэгтэй, бодот байдалтай эвлэрэх, дасан зохицох, энэ бодот байдлын давуу талыг олж харах хэрэгтэй.
Нэг малчин хүн надад домог ярьсан юм. Хээлтэй гүүг алс газар аваачжээ. Гэтэл унага нь нутгаадаа гүйгээд ирсэн гэнэ. Би бол тэр унагатай адилхан юм. Олон олон ийм унага Монгол руу тэмүүлж байна. Энэ унагануудыг ойлгож, өрөвдөж сайхан угтаж аваарай.
Монгол туургатан улам их нэгдэрч нягтрах хэрэгтэй байна. 1993 онд Монгол туургатны чуулган зохион байгуулагдахад би тун их баясч байсан. Тэр цагаас хойш дахиж чуулган бололгүй, ямар ч сураг ажиггүй 13 жил болж байв. Дараа нь гурван жил тутамд нэг удаа зохион байгуулж байхаар тогтсон. Ойр ойрхон янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байвал зүгээр. Тэгэхдээ жуулчны газарт зохион байгуулах хэрэггүй, үрлэг зарлага ч их, өөр юманд ч сатаарна. Зөвхөн асуудлаа ярилцан хуралдах нь чухал. Хүмүүс хуралд сууж байхдаа сэтгэлийн хөдөлгөөндөө автаад “Би үүнийг ч хийнэ, түүнийг ч хийнэ” гэж хэлдэг боловч дараа нь мартдаг. Хамгийн түрүүнд хийж чадах ганц ч гэсэн ажлыг төлөвлөх хэрэгтэй, хийх хэрэгтэй. Монгол туургатны аливаа асуудалд их ажил хэрэгчээр хандаж байх хэрэгтэй байна.
Ч.Мөнхбаяр (Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг (Нью-Йоркод төвтэй)-ийн зөвлөх, Монгол улс дахь төлөөлөгч, Монгол улсын иргэн):
-Олуулаа болох санаачилгыг дэмжих “Олуулаа” дугуйланг өмнөд монгол голдуу хүмүүс энэ оны эхээр байгуулсан. Миний бие үүсгэн байгуулахад нь болон үйл ажиллагаанд нь оролцож ирлээ. Дугуйлангаа төлөөлөн энэ хуралд сууж байна. Манай дугуйлан Ерөнхийлөгчид Талархал хүргүүлэх, тамгын газрынхантай нь ярилцан “Олуулаа болох уриалгад нэмэрлэх саналууд”-ыг боловсруулах, Монгол улсын иргэн болох, оршин суух эрхтэй болох хүсэлтэй 60 гаруй өмнөд монголчуудыг нэгтгэн “Хамтын хүсэлт” гаргуулж, гарын үсгийг нь зуруулах гээд цөөнгүй тооны ажлыг хийж ирлээ. “Олуулаа болох саналууд”-аа зарим хэмжээгээр танилцуулъя.
-Голлох үндэстнийх нь хүмүүс хилүүдээр зааглагдсан улс бүрд, иргэд нь олноор хилийн чанадад оршдог улс бүрд, хүний эрхийг эрхэмлэдэг улс бүрд Олуулшлын бодлого байх учиртай тул бодлогыг нь цаг алдалгүй боловсруулж, хуульчилж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж эхлэх;
-Олуулшлын бодлогод болон, холбогдох хууль-эрхзүйн баримт бичгүүдэд монгол үндэстэн гэсэн ойлголтыг бий болгож, монгол үндэстний хүмүүсийг болон Монгол улсын иргэдийг л ирүүлэх ганц эрхэм чигийг баримтлах;
-Монгол үндэстэнд: монгол хэлт гэж шинжлэх ухаанд зөвшөөрөгдөн тодорхойлогдсон түмнүүд; түрэг-монгол хэлт, монгол соёлт тува; хазар үндэстний монголжуу бөгөөд монгол үндэстний мэдрэмжтэй хэсэг буюу монгол хазаруудыг багтаан үзэх;…
-Монгол үндэстэн хүнийг Олуулшлын бодлогод хамруулахын тулд тодорхойлохдоо дэлхийн жишгийг баримтлах, монгол үндэстний байгууллагуудтай нягт хамтран ажиллах;…
-Олуулшилд хамрагдаж болох гадаадын уугуул монголчуудад (ГУМ) Монгол үндэстний үнэмлэх олгон, бодлогын хэрэгжилтэд дөхөм үзүүлэх;…
-Тав, түүнээс олон жил Монгол улсад оршин сууж, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хуулийг сахиж биелүүлэн нийгэмшиж ирсэн Монгол улсын иргэн болох хүсэлтэй, болзлыг хангасан хүмүүсийг эхнэр нөхөр, үр хүүхдийнх нь хамт иргэн, харъяат болгох; Монгол улсад ажиллаж амьдарч буй, Монгол улсын иргэн болох хүсэлтэй ГУМ-уудад оршин суух эрх олгох асуудлыг хөнгөлөлттэйгээр шийдэж өгч, цаашид монгол улсын иргэн болох нөхцлийг бүрдүүлж туслах нь хамгийн хэрэгжүүлэхэд дөхөмтэй, бодлогыг сурталчлахад тустай байгаа тул даруй хэрэгжүүлэх;…
-БНМАУ-аас дүрвэгсдийг үр хойчистой нь ирүүлэх, харъяатыг сэргээхтэй ижил төвшинд асуудлыг нь авч үзэн шийдвэрлэх;…
-Цаашид, өргөтгөсөн репатриаци буюу уугуулшуулал; бүх монголчуудад хаа байгаагаас нь хамаарахгүйгээр Монгол улсын иргэн болох боломж олгох буюу элэгшүүлэл; давхар иргэнчлэл зэргийг хуульчлан хэрэгжүүлэх;…
-Зохих болзлуудыг хангасан ямар ч үндэстний хүнийг Монголын иргэн болгоно гэх аюултай, космополитик хууль-эрхзүйн орчныг хүчингүй болгож, монгол үндэстэнд ээлтэй орчин болгон өөрчлөх;… зэрэг алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна…
Монгол улсад ажиллаж амьдрах хүсэлтэй дэлхийн монголчууд буюу монгол туургатны хүмүүс, манай иргэдэд илүү нээлттэй боломж олгох нь Олуулаа болох санаачилгын зорилго юм.Үүнийг ойлгохын оронд, ямар нэг хий төсөөлөл, цуурхал, суртал ухуулгад автан төөрөлдөх, болгоомжлох, эсэргүүцэх явдал байна.Тэгж болохгүй юм. Олуулаа болох санаачлага нийгэмд тогтворгүй байдал, цочрол, сөрөг ноцтой зүйлсийг авчрахгүй, харин ч энэ бүхний эсрэг, олон эерэг үр дагавартай.
Сурвалжилсан П.Гантулга

No comments: