Tuesday, April 9, 2013

Гана улс Баду Бонсу хааныхаа толгойг Голланд улсаас нэхэж шаардсаар буцааж авлаа

Монгол улс яагаад ноён хутагт Дамбийжанцан баатрынхаа толгойг 
ОХУ-аас авахгүй байна вэ?

Саяхан Гана улсад чухал тэмдэглэлт үйл явдал боллоо. Баду Бонсу гэдэг хааныхаа толгойг Голланд улсаас буцааж авлаа.
Голланд улс Европдоо жижигд орох хэдий ч, колонийн том гүрэн юм. Африк дахь колоничлогчид нь Алтан Эрэг гэж нэрлэгдэж асан, одоогийн Гана улсын нутаг дэвсгэрт дураар дургиж, балмад зэрлэг авирлаж явахдаа тэр үеийн Африкийн хүчирхэг, соёлтой улс Ашантийн хаан Баду Бонсуг алж хороон, толгойг нь авч явжээ.
Түүнийгээ Лейден хотын анатомийн музейд шилтэй уусмалд хийн хадгалж, үзмэр болгосон байна. 1838 онд амь насаа алдсан хааныхаа толгойг эргүүлэн авч, хүндэтгэл дээдэтгэлтэйгээр оршуулна гэх ганачууд он удаан жилийн турш хүсэлт шаардлага тавьж иржээ. Янз бүрийн аян шалтаг хэлж, Голландын тал өдий хүрсэн байна.
Цаг үе өөрчлөгдөж, колоничлол, расизм, империализм улам ихээр буруутгагдах болсон өнөөдөр харин Голланд улс хааны толгойг буцааж өгөх шийдвэр гарган хэрэгжүүлжээ. Ганачууд түүхт хааныхаа толгойг баяр наадам, эмгэнэл харуусал хослуулан хүлээж авчээ.
Хоцрогдсон бүдүүлэг гэгддэг африкчууд ийнхүү тэргүүний, эрүүл ухаантай, хүмүүнлиг үзэл гарган, Баду Бонсу хааныхаа тэргүүнийг эх орондоо залж байхад, үсрэнгүй хөгжиж байна гэх Монгол улсын бид юу бодож санаж явна вэ?

Ар Монголыг харийн дарлагчдаас чөлөөлсний буюу, Ховд хотыг чөлөөлсний 100 жилийн ойгоо тэмдэглэсэнгүй. Эл их ойн нэгэн гол баатар ноён хутагт Дамбийжанцан буюу Жа ламын маань толгой Оросын Кунскамер гэх эрэмдэг гажууд, сонин жигтэй зүйлсийг дэлгэж, хачирхуулан үзүүлдэг музейд үзмэр болон хадгалагдсаар байна.
Монголын үндэсний нэгэн баатар, монгол туургатны үйл хэрэгт халимаг түмнээ (халх монгол хүн ч гэх болов) төлөөлөн оролцсон энэ удирдагч хүмүүнээ бид хүндлэн дээдлэх ёстой. Жа лам байгаагүй бол Монгол улс баруун хязгаараа алдаж болох байсан.


Гагцхүү цав цагаан үйлстэй бурхан хүн биш байсан байж болно. Гэхдээ буян нүглийг нь дэнслэн үзвээс сайн сайхан нь үлэмж давна гэдэг нь дамжиггүй.
Учир иймд, Жа ламын нэрийг цагаатгаж, баатруудтай мөр зэрэгцүүлэн дээдлэе. Улс үндэстний төлөөх ариун гэгээн үйлсийг нь алдаа гэмээс нь зааглан, судалж тодорхойлон ойлгоё. Хөшөө дурсгалыг нь босгон сүндэрлүүлье.
Монгол улсыг байгуулалцсан баатрын тэргүүн Монголд тахигдан шүтэгдэх ёстой. Найрамдалт Орос улсад төрийн болон төрийн бус байгууллагуудаас албан ёсны санал хүсэлт тавибал монгол анд нөхөддөө туслах биз ээ гэж найдаж байна.
Буриад улсад Итгэл хамбынхаа гэгээн бие цогцсыг тусгай сүмд залан, тахин шүтэж байна. Манай улс ч Жа ламынхаа тэргүүнийг тусгай сүм байгуулан залж, наанадаж ойрад зоны, цаанадаж бүх монгол туургатны их шүтээн болгон сүсэглэвээс зохилтой.
Үүний тулд өргөн олны хүчин чармайлтыг нэгтгэх, төр засгийн анхаарлыг хандуулах, тусг,ай байгууллага, санг үүсгэн ажиллуулах, судлалыг хөгжүүлэх гээд багагүй ажлыг өрнүүлэх хэрэгтэй байна.
Жа ламын толгойг Монголдоо авчран залцгаая гэж төр түмэндээ уриалж буйг минь болгоон соёрхоно уу!
Ч.Мөнхбаяр
ММХII.VIII.XXVI
facebook.com/moenhbayar

No comments: