Tuesday, April 9, 2013

Хүүхдүүдийн үгэнд хуртаж, хөгөө чирдэг ерөнхийлөгчдийн домог

Эртээ урьд цагт Шарай голын гурван хаан гэдэг шиг Шараа Монголын гурван ерөнхийлөгч гэж байжээ гээд л нэг их мундаг үлгэрч хүн үлгэр хүүрнэвэй.
-Монгол улсын ерөнхийлөгчид киноны сураг сонсохоороо ухаанаа алддаг сонин хүмүүс билээ. Энд элдвийг дуулдаг дэлдэн чихт миний бие гурван ерөнхийлөгчийн явдлыг ярьсу.
Нэгэнтээ үүнийг бичигч дээр нэг залуу ирсэн юм. Тэрбээр: “Та нарын зохион байгуулж байгаа тэмцээнд туслая. Спонсор олж өгнө. Ийм тийм мэдээлэл өг” гэхэд, бид үл итгэн, сэжигтэй санагдсан түүнтэй хамтран ажиллаагүй билээ. Тэр нөхөр манай тэмцээний нэрийг барьж, жаахан манаргасан бөгөөд, бүр нэг эмэгтэйг хуурч гэртээ аваачаад, хувцас хунарыг нь нууж явуулахгүй хорьж байсан байдаг. Мөн гэрт нь очоод явахгүй байсан хийгээд, арай гэж явахдаа хувцас хунарыг нь авч оджээ. Энэ мэт хачирхалтай зүйлс бишгүй дуулдсан.
Гэтэл тэр залуу энэ явдал бүтэхгүй болохоор динозаврын тухай уран сайхны кино хийнэ гээд Монгол улсын ерөнхийлөгчид ханджээ. Уг нь динозаврын тухай киног америкчууд л чадан ядан хийдэг, бусад нь хүчирдэггүй юм шүү дээ. Гэвч хэрэгтэй асуудалд бол уулздаг ч үгүй, зөвшөөрдөг ч үгүй ерөнхийлөгч хэмээх өндөр албан тушаалтан тэр залууд хүүхэд шиг хууртаад л, тухайн үеийн ханшаар бол их мөнгө болох 90 сая төгрөгийг олгуулсан. Залуу ч, ерөнхийлөгчийг хуурчихаж болж байгаа юм чинь мөнгийг яаж л бол яаж олж болох юм байна гэж бодон, их төлөв зугаалж цэнгэн уг мөнгийг үрэн таран хийжээ. Шоронд байхдаа оргож шуугиан тарьж байсан бол, одоо христийн сүмийн ажилтан болжээ. Энэ хүнийг манай үеийн баатар болгон, уран сайхны кино хүртэл хийсэн, бүтээлчид нь улсын баатар цолоор шагнуулах дөхсөн.

Тэгвэл найруулсан, оролцсон киноны тоо, кинотой холбоотой байгуулсан ТББ, эзэмшсэн ажил мэргэжлийн тоогоороо Гиннесийн номд орохоор нэгэн залуу байдаг гэнэ. Тэрбээр ийм гоё кино хийж байгаа гээд ярихад л нэг ерөнхийлөгч маань уяраад өндөр шагнал өгүүлж байжээ. Ингээд энэ ерөнхийлөгчийн хэргийг гүйцээгээд, экс ерөнхийлөгч дээр очоод ийм тийм кино хийнэ гэхэд аанай мөнгө өгчээ. Гэхдээ их сонин юм ярьсан шиг. Одоо ухаан нь, төрийн эргэлтийн тухай кино хийж байгаа маягтай, тэгэхдээ болбол жинхэнэ төрийн эргэлт хийгээд засгийн эрхийг экс ерөнхийлөгчид өгчих маягтай, болохгүй бол яахав тэгээд киногоо хийдэг маркийн юм хэлсэн сурагтай. Цаад экс ерөнхийлөгч нь иймэрхүү юм их сонирхдог. Хүчирхийлэл, залуусын янз бүрийн бүлэг бүлэглэлүүд, засгийн эрх гээд.
Тэгээд ийм хачин “кино” ажлаа хийж, хүчний ажиллагаа хийчихээр баагийнуудыг цуглуулж, зэр зэвсэг авна шүү ч гэж ярьж, бас хүн ална тална ч гэсэн зүйл оруулсан төлөвлөгөө мөлөвлөгөө зохиож, төрийн ордны бүтэц, хамгаалалтыг сонирхож байжээ. Гэтэл нэг бие хамгаалах урлагийн хүн энэ талаар мэдээлжээ. Ингээд хүчний байгууллагынхан мөрдөж мөшгиж, баривчилгаа явуулжээ. Экс ерөнхийлөгчийг унагах “сайхан” боломж гараад ирлээ. Эксийг унагах сонирхолтой хүн ч олон байж.
Экс ерөнхийлөгч бол маш гажиг сэтгэлгээтэй хүн гэнэ шүү дээ. Өөрсдийнхөндөө итгэдэггүй, өөрсдийнхнөө зайлуулдаг, өөрсдийнхнөө өөрийнхөө дайсан болгодог. Харин дайснууддаа итгэнэ, дайснуудаа татна, дайснуудаа өөрийн анд болгох хоббитой гэх үү. Энэ нь олигтой бүтэхгүй, дайснууд нь, өөрсдийнхөн нь бүгд өөрийнх нь дайсан болно. Хэрэгтэй хүнийг хэрэгтэйг нь мэдэж, хамтран ажиллаж чаддаггүй, хэрэггүй хүнийг хэрэггүйг нь мэдэхгүй хамтран ажиллаад балардаг л байхгүй юу. Ингээд төрийн эргэлтийн хэрэгт унах болоод байжээ.
Гэтэл супер киночны ах ерөнхийлөгчийн найз аж. За энэ дүү маань үймүүлж дэггүйтээд нэг ийм хэрэгт орчихлоо, аварч хайрла гээд уйлж дуулж гэнэ. За тэгэхээс дээ л гэх юм гэнэ. Тэгээд “наад хүүхдийг та нар яагаад байгаа юм?” гээд утасджээ. Энэ бол экстэй холбоотой ийм тийм л гэж. Ерөнхийлөгч, тэр одоо надад элдэв юм ярьж гуйж, надаас авдгаа авч байсан байж, миний дайсан руу гүйж, миний эсрэг фронтод гарч байхдаа яадаг юм гээд л дургүйцэж. Ахад нь, тэр дүүг чинь би яахав, аргалах нь аргална, гэхдээ экстэй холбоотой ноцтой асуудал болохоор яг одоо ч гаргачихгүй л гэж гэнэ. Тэгээд байж байтал, экс өөр хэргээр аавын хаалга татаж дээ. Ингэхлээр нөгөө залуу ч суллагдаж амар сайхандаа жаргажээ гэж нөгөө хүн үлгэрээ төгсгөв.
Ч.Мөнхбаяр
ММХII.X.VIII

No comments: