Тэд маань и гэх зэрлэг хүмүүсийн дунд ууссан байдаг аж
Юннаний монголчууд гээд, толгой дээрээ суварга, асар мэт малгай тавьсан сонин ардууд явдаг амой. Вьетнамын хил залгаа, уулархаг, заан байдаг, панда ч байдаг алс Юннань нутагт ийнхүү монголчууд суудаг нь туйлын гайхалтай.
Кацо монгол бүсгүй хуримын өмнө
Ташрамд, Юннаний монголчуудыг кацо гэдгийг мэдвээс зохилтой. Бусад газрын монголчууд эдэнтэй хэл нэвтрэлцэхгүй. Хятадад ууссан болоод тэр биш юм. И гэдэг (насу ч гэдэг) бүдүүлэг харанхуй, хоцрогдсон ард түмэнд ууссан юмсанж. И нь 1950-иад он хүртэл үсэг бичиггүй, зураг зурж (пиктограмма) зарим зүйлийг тэмдэглэдэг байлаа.
И нь найман сая хүнтэй, Хятадын долоо дахь том үндэстэн. Хятадын 56, Вьетнамын 54 албан ёсоор зөвшөөрөгдсөн ард түмний тоонд ордог. Хятадын Юннань, Сычуань, Гуйжоу, Гуаньси мужуудад амьдарна. Дянь гэдэг улс байгуулан сууж байсан. Ер нь Мао хүчирхэгжихээс өмнө улс маягтай, их бие даасан байдалтай байв. Ляншань гэж тэр улсаа нэрийднэ. Хар тамхи тариалж, мөнгө хөрөнгө, зэр зэвсэг ихтэй, тэгэхдээ дундад зууны хоцрогдсон байдалтай, дайчин ард түмэнтэй улс байсан юм. Өөрийн шашинтай. Бас автономитой.
Монголчууд урьд цагт чухам энэ И гэх үндэстний дунд бишрүүлэн суувал дээр юм гэж сонгосон аж. И нар ч монголчууд тэнгэрээс буусан хувилгаан улс ирлээ гэж шүтэж байжээ. Хоцрогдонгуй зэрлэг И нар монголчуудаас их юм суралцсан агаад, гол нь цэрэг зэвсгийн эрдэмд ихэд боловсрон суралцжээ. Монголчуудын хувьд, өөрсдийнх нь шавь И ард түмэн том хамгаалалт болдог байв.
Юань гүрэн унахад Юннаний монголчууд нутаг буцъя гэвэл, алс хол орших учраас, дайсагнагч хятадуудын дундуур урт зам туулж хядуулж дуусах байв. Ингээд И нарын дунд үлдэж, олон зуун жилийн харилцан нөлөөллийн дүнд И-д уусаж, кацо гэх ястан болжээ.
Хэсэг кацо монголчууд
Кацо монголчуудын дунд монгол язгуур угсааг нь санагдуулах эртний сүм байдаг. 1980-аад онд кацо нарын хэл соёлыг сэргээнэ гэж өвөр монголчууд очиж монгол хэл соёл сургажээ. Сурсан хүн ч цөөнгүй. Тиймээс монгол хэл бичгээрээ бичсэн хөшөө дурсгалууд босгосон. Жуулчдыг монгол дээл хувцастай, монголоор ярьж, дуулдаг Юннаний монголчууд угтдаг.
Хятад дахь цөөн тоот үндэстнүүдийн дунд л анклав монголчууд буюу бусдаасаа тасарсан монголчууд уугуулаар суудаг болой. Бусад нь хоорондоо залгамал байх буюу. Харьцангуй саяхан хятадуудаар таслагдсан, мөн Манжийн үед нутаг заагдан суусан цөөн монголчууд байдаг. Халимагаас ирсэн анклав монголчууд бол унаган нутагтаа л байгаа хэрэг юм.
Ч.Мөнхбаяр
2012.10.19
No comments:
Post a Comment