Tuesday, April 9, 2013

Сенкакуг Хятад авах эрхтэй гэвэл...

Саяхан БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд “Өмнөд Монголд эрх чөлөө, Зүүн Азид энх тайван!” гэсэн нэртэй цуглаан болоход таван хүн л оролцсоны гурав нь л Монгол улсын иргэд байв. Харин мийкр, жийп, хөнгөн тэрэг гээд 4-5 машинтай 20 гаруй цагдаа ирж, элчин хавийн 100 метрийн радиустай газар хэрэн хөлхөж, самнан шинжиж байлаа. Иймэрхүү юм болно гэдгийг таамагласан зохион байгуулагчид хэлэлцэж тохиролцсоноо чанд нууцална гэсэн ч, мэдээлэл задарч, томоохон цуглаан болно хэмээн бэлтгэж зэхсэн нь энэ аж. Нийслэл дүүргийн цагдаагийн өндөр албан тушаалтнууд ч ирсэн байсан агаад тэдний ард элчингийн ажилтан хятад иргэн зогсож байнга зааж заавардаж байв. Элчингийн олон ажилтан гарч ирээд зогсчихсон, манай цагдаа нарыг шууд удирдаж байгаа янзтай, ийш тийшээ занган чиглүүлж, өөрсдөө ч эргүүл заншлаач хийн холхилдож байлаа.


ШУТИС-ийн хашаанд цугласан таван хүнийг тэндээс гаргахгүй санаатай, үүдэнд нь машинтай цагдаа нар ирж зогсож, хааж хорих гэсэн ч, оюутнуудын бужигнаанаас эвгүйцэв бололтой явсан. Хэрэв Хятадын элчин дээр очуулахгүй гэснээс үүдсэн толхилцоон гарвал, олон оюутны нүдэн дээр эвгүй юм болно гэж болгоомжлох шиг болсон.
Цагдаа нарын сиймхийгээр жагсагчид элчингийн өмнө ирэхэд олон цагдаагийн ажилтан бүчин авсны зарим нь буу зэвсэг агссан байв. Гурван хүн аппаратаар зураг авч, нэг нь бичлэг хийнэ. Шууд л жагсаалын толгойлогчийг “Та тэр үү?” гэж нэрээр нь хэлж, танин харьцахыг үзэхүл мэдээлэл сайтай нь илэрхий.

Ийм хүнд нөхцөлд цуглаанаа хийсэн болоод тарав. Хоцорч ирсэн нэг жагсагч, мөн ТВ-5-ынхан ахин жаахан үргэлжлүүлэхийг хүсэхэд, хүчээр тараах арга хэлбэрт шилжсэн болой. Ялангуяа элчингийн үүдний цагдаа асар их идэвх зүтгэл гарган “улаан хамгаалагч” адил бүдүүлэг авирлахыг харахад янз бүрийн зүйр цэцэн үг толгойд бууж байв.
9-р сарын 29-ний энэ өдөр дэлхийн олон хотод, нэгэн цагт, БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө дээрх сэдэвт жагсаал болсон юм. Харьцангуй хожуу дуулсан, дүүрэг цагдаагаас зөвшөөрөл өгөх хугацаа нь удаан байдгаас амжихгүй зэргээс болж, тэрхүү зөвшөөрлийг аваагүй нь үнэнтэй. Гэхдээ манай хуулинд зөвшөөрөл авах ёсгүйг заасан байдаг атал “мэдэгдэл авч, хариу өгөх” нэрийн дор, жагсаал цуглаан зохион байгуулах гэсэн хүмүүсийг ахин дахин дуудан чирэгдүүлж, байцааж дарамталж, зааж заавардаж мөрдөж мөшгиж, хориг саад тавьж “зөвшөөрөл өгөхийн” дээдээр “өгч”, хууль зөрчдөг ноцтой явдал буй бөгөөд, үүний эсрэг тэмцэх ч болно.
Мөн, судлах нэрийн дор мөрдөж мөшгих, тагнаж чагнах, хүмүүсийг дарамталж, хахуульдаж, мэдээлэгч, туршуул, штрейкбрехер буюу хутган үймүүлэгч болгох, хов жив хутгаж хагаралдуулах, өөрсдөө ч жагсаал цуглааныг биечлэн үймүүлж, штрейкбрехер болох, арга хэмжээний дараа мөшгих, хуурамч хэрэгт холбогдуулахыг оролдох, албан бус уулзалт нэрийн дор хууль бус үйл үйлдэл гаргах зэрэг ноцтой явдлууд байсаар байна, улам даамжирч байна.
Япон улсад энэ өдөр олон зуун япон хүн өмнөд монголчуудыг дэмжин жагсаж, Шинжүкү хэмээх гол гудамжийн уулзвар замыг хаажээ. Энэ бүхэн нь хууль ёсоор зөвшөөрөгдсөн байдаг. Жагсагчид цагдаад мэдэгдэж, гагцхүү тусламж, хамгаалалт авдаг байна. Тэгээд л болоо.
Өнөөдөр Өмнөд Монгол дахь байдал хүнд байна. 15 жил хоригдон тамлагдаад “суллагдсан” гэгдсэн ч, үл мэдэгдэх газар мөн хоригдож, хулгайлагдсан, барьцаалагдсан гэж болохоор байгаа Хадаа харгислал зовоолтоос болж олсон өвчнийхөө улмаас хоёр хөл нь мэдээгүй болж, тайруулахад хүрч байна гэх мэдээлэл түглээ.
Тэгвэл Зүүн Азийн энх тайван БНХАУ-ын өнгөлзлөгөөс болж тогтворгүй, түгшүүртэй болж байна. Сенкаку арал Манж Чинд нэгэн хэсэг харъяалагдаж байсан гэж хятадууд түрэмгий үзэлтнүүд Японоос нэхэж хийрхэж байгаа юм. Сенкаку болон Монголын хувь заяаг шууд холбоотой.
Хэрэв Хятад Сенкакуг авах эрхтэй гэвэл, Манж Чинд янз бүрийн үед харъяалагдаж байсан гэх бүх нутгуудыг авах эрхтэй гэсэн хууль-эрхзүйн үндэслэл буй гэж зөвшөөрсөн хэрэг болно. Тийм ч учраас хятадууд зөвхөн Сенкакуг биш, энэ бүх нутгийг хамтад нь нэхэмжилсэн санаа их гаргах болсон. Үүнд хамгийн их хэлмэгдэж байгаа улс бол Монгол юм. Бусад улсын баганхи нутгийг хятадууд шаардаж байгаа бол, Монгол улсыг бүхлээр нь шаардаж байна. Харин Монголын төр хятадуудын энэ хийрхэлд морь нохой мэт хүчин зүтгэж, улайран хамгаалж байгаа нь 9-р сарын 29-ний явдал боллоо.
1912 онд байгуулагдсан Хятад улс Манж Чингийн явдал суудлыг өмчлөх ямар ч эрхгүй гэдэг хэнд ч ойлгомжтой.Байгуулагдаагүй улсад ямар нутаг дэвсгэр байсан байж таарах вэ?!
Иймэрхүү нөхцөл байдлын дунд Монголын эсэргүүцэл явагдаж өнгөрлөө. Цуглааны оролцогчид БНХАУ-ын төрд дараахь шаардлагыг тавьжээ:

БНХАУ-ын Засгийн Газарт

"Өмнөд Монголд эрх чөлөө, Зүүн Азид энх тайван!" гэсэн уриатай жагсаал цуглаан өдгөө нэгэн цагт болж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ч энэхүү цуглаан зохион байгуулагдаж байна.
Өмнөд Монголд хүний эрхийн байдал огтхон ч сайжирч, өөрчлөгдөхгүй байна. Улс төрийн хоригдлууд хоригдсоор, суллагдсан гэгдсэн ч, гэрийн хорионд байсаар байна. Нэрт тэмцэгч Хадаа, Хуучинхүүгийн жишээ үүнийг нотлон харуулсаар. Хадаагийн хоёр хөл шоронд олсон эмгэг өвчнөөс болж, мэдээ алдан тайруулж болзошгүй болов гэсэн аймшигтай, эмгэнэлтэй мэдээ ч дуулдаж байна.
Малчдын газар нутгийг хүчээр булааж, ажил амьдралгүй болгож, нүүдэлчин монгол соёлоос нь хагацаан салгаж уусгадаг явдал ч хэвээр. Найман хошууны ардуудын газрыг булааж, зэрлэг балмад зодоон үүсгэж, цагдаа нараар дэмжүүлсэн ноцтой зөрчил үүний нэгэн жишээ юм..
Өмнөд монголчуудын ариун нандин, халдашгүй дархан шүтээний газар бол Ордосын Эзэн хороон дахь Чингис хааны онгон билээ. Гэтэл энэхүү шүтээний газрыг хятадуудын компаний мэдэлд шилжүүлж, их хааныгаа тахиж тайж, мөргөж хүндэтгэх гэсэн монголчуудаас хөлс мөнгө нэхэж, зугаацлын газар болгосон байна. Өмнөд монголчууд ч үүнийг эсэргүүцэж, хурцадмал байдал үүслээ.


Японы мэдэлд байгаа Сенкаку арлыг Хятадынх хэмээн булаалдах кампанит ажилдаа өмнөд монголчуудыг өргөнөөр албадан хамруулж, тэгэхдээ "Өвөр Монголд үмх өвсгүй болсон ч хамаагүй арлаа авъя!", "Шилийн голд ширхэг өвс үлдэхгүй болсон ч хамаагүй арлаа авъя!" гэхчилэн өдөөн хатгасан шинжтэй уриа лоозон дэвшүүлж буй нь, малчин ардуудын дургүйцлийг төрүүлж байна.
Гэтэл сүүлийн үед: "Сенкакугаас 500 000 дахин их газар нутагтай бүх газар нутгаа авъя!" гэж лоозогнож, ийм утга агуулгатай үгүүлэл материал, газрын зураг, схем, зурагт хуудсыг түгээх нь их боллоо. Энэ нь хоёр улсын найрамдал нөхөрлөлд чиглэсэн гэрээ хэлэлцээр, сайн хөршийн зарчим, харилцан бие биеэ хүндэтгэх эрх тэгш байдалд харшилж, үл итгэлцэл, түгшүүрийг буй болгож байна. Зүүн Ази даяарын энх тайвныг бусниулж, тогтвортой байдлыг алдагдуулж байна.
Учир иймд бид бүхэн:
1. Хадаа, Шинээ, Хуучинхүү, Наранбилэг, Содмонгол, Батзангаа, Унага, Алмас, Хөхбулаг, "Босоцгоо, миний Өвөр Монгол!" дууны зохиогч зэрэг өмнөд монгол улс төрийн хоригдлуудыг даруй сулла!
2. Өмнөд монголчуудын хүний эрх, үндэстний эрхийг хэрэгжүүлэн дээдэл!
3. Өмнөд монголчуудын эх соёлыг уусган устгаж буй явдлыг арилга!
4. Өмнөд монголчуудын унаган нутгийг булааж, онгон байгалийг сүйтгэж, уламжлалт мал аж ахуйгаас нь хүчээр салгаж, амьдрах аргагүй болгохоо эцэслэн хязгаарла!
5. Зүүн Азийн энх тайван, харилцан хүндэтгэлтэйгээр зэрэгцэн орших зарчмыг хүндэтгэж, бусад улсын нутаг дэвсгэрт өнгөлзсөн түрэмгий агуулгатай үг үйлдлүүдийг таслан зогсоо гэж шаардаж байна!
"Өмнөд Монголд эрх чөлөө, Зүүн Азид энх тайван!"
жагсаалд оролцогчид

Энэ өдөр, “Маяк” үйлдвэрт цөмийн осол гарсны ойг тохиолдуулан олон улсын эсэргүүцлийн арга хэмжээ явагдахад Монголд мөн таван хүн оролцлоо. Хэвлэл мэдээллийнхэн ирсэнгүй. Муу бүхэнд худалдагдсан Монголын хэвлэлийнхний улангасан өмгөөлж, эсэргүүцэгчдийг нь үзэн яддаг гурван топ сэдэв гэвэл 1-рт, Оюутолгойн боолчлогч гэрээ, 2-рт, БНХАУ-ын эрх баригчид, иргэдийн зүй бус явдлууд, 3-рт, цөмийн мафийнхны аюул болой.

Ч.Мөнхбаяр
2012.9.30

No comments: