Wednesday, April 10, 2013

Дэлхийн II дайны талаар тонгоруу ойлголттой байсаар байх уу?

Бид улаан большевикуудад тархиа угаалгасаар байгаад дэлхийн II дайны талаар хамгийн маруухан ойлголттой болсон билээ. ОХУ-д хүртэл зөв ойлголт түгчихээд байхад, манайд л “День победы” гэх дууны нэрнээс өөр юм төдийлөн мэдэхгүй. Дунд сургуулийн сурах бичиг дээр хуучнаараа л байна, дунд сургуулиас маш аймшигтай большевик үзэлтэй, люмпен пролетари ухаантай хүүхдүүд гарч ирж байна.


Дэлхийн II дайныг хэн эхлүүлсэн? ЗХУ даян дэлхийн пролетарийн дарангуйлал тогтооно гэж дэлхийн дайнд бэлтгэж, Германаар өрнөдийнхнийг цохиулж, араас нь аль алийг нь цохино гэж Гитлертэй асар их найрамдан, дэглэмд нь туслан турхирч эхлүүлсэн. Гитлер харин араасаа дайруулахаасаа өмнө өрсөж дайрсан байдаг.
Ялагдашгүй Вермахтыг хэн анх ялсан? Англичууд. 1940 онд Францыг эзэлсний дараа Герман шууд Британи руу довтолсон бөгөөд энэ тулалдаанд ялагдсан ( 1939 онд Англи, Францын цэрэгт мөн ялагдаж байсан). Радар, нууц код тайлах ухаан, шумбагч онгоц илрүүлэгч пеленгатор Британийг Германд дийлдэшгүй болгосон юм.

Холбоотнууд хоёрдугаар фронтыг нээхгүй цааргалж байсан уу? Үгүй. Холбоотнууд ЗХУ-аас өмнө хаа сайгүй, Европ, Африк, Ази, Номхон далайд Германы эвслийнхэнтэй байлдаж эхэлсэн агаад ЗХУ-ыг нийтийн дайсан фашистуудын эсрэг хамтран тэмцье гэж уриалдаг байсан. Харин ЗХУ тэдний уриалгыг даган хоёрдугаар фронт нээлгүй, Гитлертэй холбооцсоор байсан. 1944 онд холбоотнууд Францад десант буулгасныг л яагаад ч юм ЗХУ хоёрдугаар фронт нээгдсэн өдөр гэж тооцдог. 1939 онд германчууд Польш руу довтлоход Англи, Франц Гитлерт дайн зарлан байлдаж эхэлсэн агаад ЗХУ 1941 онд Вермахт өөр рүү нь довтлоход л хоёрдугаар фронтыг нээсэн. Ташрамд, 1939.9.1-нд Герман, ЗХУ хоёр Дорнод Европыг хуваан эзлэх ажиллагаагаа хамтран эхлүүлсэн өдрийг Дэлхийн II дайн эхэлсэн өдөрт тооцдог.
ЗХУ-ын баатарлаг Улаан арми өндөр ур чадвартай юу? Огтхон ч үгүй. Сталин хамаг офицеруудыг хядсан, түүний дэглэмд ЗХУ-ын хүн ам дургүй байснаас болж, арми нь нэн чадваргүй байв. Ямагт Вермахтаас 3-10 дахин их хүчээр тулалдаанд ордог байсан ч олон ялагдал, үлэмж хохирлыг амссан. Гитлерийн холбоотон, бүтэлгүй Муссолини байнга гай болж байгаагүй бол, холбоотон Япон, Турк ЗХУ руу довтолсон бол, Финлянд Ленинградыг хариуцлагатай бүсэлсэн бол, Гитлер эхлээд Москва руу дайрах гэж байснаа болиод Киев рүү дайраагүй бол, мөн стратегийн ач холбогдолгүй Сталинград руу үзэл сурталжин дайраагүй бол, Кавказ руу хийх дайралтыг утга учиргүйгээр дахин дахин өөрчлөөгүй бол, Украиныг хүн амынх нь хүсэлтээр холбоотноо болгосон бол, дайны жилүүдэд онцгой их хүйтрээгүй бол, шаардлагагүй байхад АНУ-д дайн зарлаагүй бол… гээд хэдэн арван шалтгаанаар ЗХУ-ыг цахилгаан дайнаар ялж чадах байсан юм. Гитлер дэндүү азгүй, харин Сталинд чөтгөрийн аз тохиож байв. Сохор азууд түүнийг аварч байв. Хэрэв ухарвал пулемётоор шүршдэг, олзлогдвол цаазын ял эчнээгээр, заримдаа ар гэрийнхэнд нь шууд оноодог, мөн ялихгүй шалтгаанаар харгисаар цээрлүүлдэг, хяддаг байгаагүй бол сохор аз ч Сталинд туслахгүй байсаан. ЗХУ-ын арми баатарлаг, ур чадвартай бус, харгислалаас айсандаа л тулалддаг, хүн-давалгаанаар л давамгайлдаг, эзлэгдсэн, “чөлөөлсөн” хүний өөрийн нутгийн ард олныг аймшигтайгаар харгислаж, дээрэмдэж, хүчиндэж, хүчээр сталинист дэглэм тогтоон ЗХУ-ын дагуул, хагас колони болгодог, маш муу муухай арми байсан юм шүү.
Монгол улс хятадуудыг Японы милитаристуудаас чөлөөлөх гэж Дэлхийн дайнд оролцсон уу? Үгүй ээ. Өвөр Монголыг чөлөөлж, Монгол улсад нэгтгэх гэж л оролцсон билээ. Тэр үед энэ нь Монгол улсын төр түмний хамгийн чухал зорилт байсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон суртал ухуулгын материал, илтгэл, зохиол бүтээл гарч байсныг бүгдийг зөвлөлтийн дарангуйлагчид хожим устгасан.
БНМАУ-ын баатар дайчин японы түрэмгийлэгч этгээдээс өвөр монгол хүнийг аварч байгааг энэ плакатад дүрсэлжээ (Уг нь ч япончууд хятадуудыг дарласан болохоос, өвөр монголчуудыг харин сэргээн мандуулж байсан болно).
Хажууд нь буй монгол бичгээр байгаа шүлэгт:
Аюулт дайсан япон дээрэмчин
Ариун шударга Дотоод Монголыг
Аюумшигт хар эргэн дор
Алахаар аваачаад байхад нь
Газар тэнгэр нийлэх шиг
Улаан тоос татуулсаар
Гал аянга ниргэх шиг
Уриа тугаа хашгирсаар
Халхын баатрууд ирэн
Халуун элгэн саднаа
Хайрт Өвөр Монголоо
Харьтан яргачнаас чөлөөлж баймой гэжээ.
Ч.Мөнхбаяр
2013.1.20

No comments: