Манай чекистүүд үүнийг илрүүлж, хэдэн сар чандлан шалгаж байна
Өвөр монгол хүн төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэх хэргээр шалгагдаад удаж байна. Түүний нэрийг Цэнгэл гэнэ. Монгол улсад олон жил ажиллаж амьдарч байгаа ажээ.
Тэрбээр кино найруулагч Г.Бадамрагчаагийн найз гэх утгаар ийнхүү хардагдан шалгагдаж байгаа юм байна. “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн Г.Бадамрагчаагийн хэрэг” гэх энэ цагийн “Лхүмбийн хэрэгт” 7-9 хүн шалгагдаж байгаад, хэдэн сар саатуулагдан хоригдсоны эцэст саявтар суллагдсан юмсанж. Гэхдээ хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй, цаашид үргэлжлүүлэн шалгана гэнэ. Тийм бол яагаад суллаж байдаг юм бол?
Өвөр монголыг нь суллахгүй байгаа бололтой юм. Бичиг баримтад нь зөрчил илэрсэн гэнэ. Тэгэхлээр бүр ноцтойгоор төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хүн гэгдэж буй янзтай. Уг нь бол Монгол улсад олон жил ажиллаж амьдарч байгаа, бичиг баримтын учир начрыг ололгүй зөрчилд ороод байхааргүй нямбай чамбай хүн гэнэ. Гэвч Монгол улсад “өвөр монгол” гэх үгийг “гэмт хэрэг” гэж ойлгодог хойно доо.
Г.Бадамрагчаа гэх энэ хүнийг яагаад, ямар нөлөөтэй, хүчтэй хүн гэж, “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх хэрэгт холбогдчихов? Юугаараа, хэнд аюултай байв?
Хоёр үндэслэл буй гэнэ.
1-рт, Г.Бадамрагчаа түүхэн-эх оронч сэдэвтэй кино хийхийг зорьж, хүмүүсээс ивээн тэтгэлэг хүссэний дотор Н.Энхбаярт ханджээ. Н.Энхбаярт хандсан явдлыг онцолж үзсэн байгаа юм.
2-рт, Г.Бадамрагчаа эх оронч хөдөлгөөн байгуулахаар болж, нөхөдтэйгээ нийлж гурван хуудас сонордуулга бичжээ. Сонордуулгад, Монгол улсыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн санаанууд, засгийн газарт санаа авахуулна гэсэн саналууд, бас шүүмжилсэн зүйлс багтсан байжээ.
Та бодоод үз. Уран бүтээлч хүн санхүүжилт авах гэж хэрээ галуунаас ч тусламж хүсч явдаг билээ. Тэгвэл энэ нь өнөөдөр “төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” хэрэг болж.
Эх орондоо тус нэмэр болохоор эвсэн нэгдэх, бичих нийтлүүлэх явдал бол өчигдөрхөн л энгийн үзэгдэл байв. Харин өнөөдөр “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” хэрэг болжээ.
Ард иргэд ээ, сонор сэрэмжтэй байгтун! Одоо ч таныг “төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэж баривчилж болно. Ямар ч үндэслэлгүй хэрэг тулган яллаж, ардын дайсан болгож болно. Тийм цаг иржээ.
Тэр шалгадаг улсад хэлэхэд: Монгол улсын төр засагт нөлөөлж дуртай шийдвэрээ гаргуулдаг гадаадын уул уурхайн болон бусад салбарын ноёд-авлигачид, тэдний дотоодын хань хамсаатнуудыг юуны өмнө “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэж шалгаач ээ, ажлаа хийгээч ээ, битгий жүжиг тавьж, эгэл гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж хохироогооч ээ гэмээр байна.
Ч.Мөнхбаяр
2012.8.20
No comments:
Post a Comment