Tuesday, April 9, 2013

Ард түмэн сонгуулийн бослого гаргалаа!

Хоёр гурван намын тоглоом болсон сонгуулийг сонгогчид хүсэхгүй байна!

2012 оны орон нутгийн сонгууль ирц хүрэхгүй гэсэн асуудалтайгаар тун тааруухан явагдаж өнгөрсөн билээ. Будлиан булхайгүй ямар л сонгууль манайд явагддаг билээ дээ. Энэ сонгуульд “амьгүй албат” ашиглан тоо нэмэх зэрэг башир арга хэрэглээ л байлгүй. Нөөцний нэлээд “амьгүй сонгогч” байсан л байж таараа. Тэглээ гээд нийслэлд бүхэлдээ сонгогчдын ирц хүрсэнгүй шүү дээ.
Нийслэлийн хэмжээнд бол сонгуулийн ирц хүрээгүй, харин ихэнх тойрогт хүрсэн мэт сонин дүн гарсан байна билээ. Тэгэхлээр бүх тойрогт 50 хувьтай, харин заримд нь хоёр гуравхан хувьтай болж таарах арифметик буй. Гэтэл тийм биш, ирц хүрээгүй нь ч 49-50 хувьтай маягийн. Ийм тохиолдолд яагаад нийслэлийн хэмжээний ирц хүрдэггүй билээ? Тойргуудын ирцийг өсгөж мэдээлж, нэр дэвшигчдийг хүчээр гаргаж ирэх гэж, ирцийг хөндлөнгөөс тэнцүүлсэн юм байнаа гэх хар бууж байна.

Сонгуульд үндсэндээ гурван нам л оролцов. Нэлээд тойрогт бол хоёр нам. 20 настай хүүхэд “Би цэцэрлэгээр сайн хүмүүжсэн, Бүгд Найрамдах Ардчилсан Өмнөд Солонгос Ард Улсын “Инчхон” гэдэг их сургуульд сурч байхдаа, Монголын Чингис-Соосэ их сургуульд бас суралцаж, зэрэгцүүлээд Солонгосын нэг, Монголын хоёр компанид ажиллаж,мөн Солонгост нэг сэтгүүл, Монголд хоёр сонин гаргаж байлаа. Сүүлийн үед хэд хэдэн намын сонгуульт удирдах тушаалтнаар ажиллахын сацуу, хэд хэдэн сонгуульд оролцож байна” гэж ойлгогдохоор танилцуулгаа маш их алдаатай бичээд, хэвлүүлэн түгээж, дүүргийн ИТХ-ын дарга болчих санаатай үзэж тарж. Үнэн шүү, таминь, үнэхээр л БНАрдчилсан Өмнөд Солонгос улсад сурсан гэж бичсэн байв, бусад нь ч нэг их зөрүүгүй, яг ч цээжээр бүгдийг нь хэлж чадахгүй байна. “Энэ нэг тэнэг мунаг ард түмнийг юу гэж ч худал хэлж, онхолдож унатал нь омруулж умруулж байгаад, гарчихаж болно” гэж цэцэрлэгийн хүмүүжигч ч боддог болж шүү.
24 настай нэг залуу өөрийгөө ард түмний төлөө тэмцэгч аугаа сод хүн, II Дашбалбар хэмээн сурталчилж, өмнөх сонгуульд би 20 настайдаа ороод, булхайдуулаад гарч чадаагүй, одоо улам туршлагатай улс төрч болсон, булхайдуулчихгүй л бол гарах нь тодорхой гэж биеэ магтан сайрхаж суух юм.
Ноён УИХ-ын гишүүн Чингэлтэй дүүрэгт 13 хамаатан, эхнэр, охин, хүүгээ дэвшүүлж онигоо боллоо гэгдэж байна. Тус дүүргийг Эрдэнэ вангийн хошуу гэж нэрлэвэл таарна гээд л бүгд ам булаалдан шооглож дооглож байна. Гэвч бүгд л гарсан сурагтай. Үнэхээр л Эрдэнэ вангийн хошуу болж дээ. Тэгвэл Тумбааш Батбаатар зургаан хамаатан, эхнэр, төрсөн дүүгээ ч билүү дээ дэвшүүлсэн байгаа юм. Дүүргийг нь Баатар вангийн хошуу гэх болж. Бас л тэр нэр дэвшигчид бүгд гарч дээ. АН-ынх юм чинь аргагүй шүү дээ. АН-ынх л бол бор халзан ирэг, хар халзан төлөг байсан ч сонгоно гэж сонгогчид мугуйдалснаас болж иймд хүрчээ. Энэ сонгууль ч АН-ыхны л тоглоом болоод дууслаа. Мөрөөдлөө ярина гэж мунхруулсаар байгаад л ялчих бололтой юм аа. Суусар бүжиглэн наадаж байгаад, туулайг алмайруулан ангайлгаж байгаад гэнэт хүзүүнээс нь зуугаад л нүх рүү авч орж бусадтайгаа хуваагаад идчихдэг юм билээ. Манай сонгогч сонгогдогч гэж нэг тиймэрхүү л юмнууд болж дээ.
Албан тушаал л булаалдан хэрэлдэж зодолдож, засгийн газарт ч оруулсангүй, парламентын бүлэг байгуулгасангүй гэх хэрэлдэж зодолдож мунхаглахаас өөр зүйл УИХ, НИТХ-ын сонгуулиас хойш огт хийгээгүй МАН-ынхан хог дээр үсэрлээ. Ингэж тэд төрийн гурван өндөрлөг, орон нутаг, яам тамгын газруудыг цөмийг нь алдаж байсан түүх огт байхгүй. Албан тушаал, ашиг хонжооноос өөр юм бодохгүй явбал болоод байдаг юм шиг л дарга нар санадаг. Болдоггүй л байхгүй юу. Үнэгэн зальтай АН-ынхан мөлхөө түрэмгийлэл, күнзийн сургаалиар мэрж барсаар бүхнийг авлаа. Эхлээд ерөнхийлөгчийн сэнтийг, ерөнхийлөгчийн сэнтий нь шүүх, прокурор, АТГ зэргийг дараа нь УИХ, НИТХ-ыг, одоо орон нутгийг. Алсын хараагүй МАН-ынханд мөлжүүргүй яс ч үлдсэнгүй, ээ чааваас. Том том боохой хулгай нар нь том том харайлган ийш тийшээ зугтах боллоо, ээ хөөрхий. Уг нь МАН чинь АН-ынханд нэг их өгөөмөр загнаад л засгийнхаа хагасыг өгөөд л, хамтарсан ЗГ байгуулаад л далчигнаад, улс түмний хөрөнгийг эвтэй найртай хувааж идээд л далжигнаад явдаг байлаа. Хуншгүй улстай хуваалцаж явсныхаа горыг амсч, хог ч боллоо доо, боллоо, хохь нь дээ, одоо.
МАХН ч гэж МАХН. Овоо нэг бие даасан байр суурьтай юм шиг овойгоод оцойгоод явдаг байсан чинь, АН-тай үсэрч наалдаж, Энхбаяр маяраараа туг тахиулж, зовлогыг нь зулгаалцсаныхаа горыг амслаа. Сонгогчид тэднээс нүүр буруулж. АН АН гэж ангалзсаар байгаад л АН-ыг үнэмлэхүй ялагч болгочихлоо.
Мөрөөдлөөс өөр гийгүүлэх юмгүй АН албан тушаалын хэрүүл уруулаас өөр гялайлгах юмгүй МАН, Эба баба-гаас өөр хялайлгах юмгүй МАХН гэх гурван гулжиганасан намаас сонгогчид маань мөрөөдлийг нь сонгох шив. Юун ч мөрөөдөмхий болчихсон юм. Хоногийн хоолноос өөрийг бодож санах юмгүй, эх орноо ч аяга будаагаар худалдчихдаг улс чинь газар шагайгаад л явдаг сан, бас мөрөөддөг юм байжээ?
Гэхдээ сонгогчдын олонхи нь саналаа өгөөгүй нь үнэний хувьтай юм. Сонгуульд сонгогчид байтугай, намууд оролцохоо байсан цаг санж, нийгэм нь дэндүү булингартай болохоор. “АН ял” гэдэг программтай машаан байгаа цагт сонгууль хийгээд нэмэргүй л гэх юм. За ямар ч байсан, хүссэн юм хүзүүгээр гэгчээр, ирэх дөрвөн жилд ганц намын дарангуйлалд турсагаа хуулуулах цаг ирлээ.
Түрүүчийн 2008 оны сонгуулийн булай булхайн дараа 7-р сарын 1-ний үйл явдал болж, шударга сонгуулийг хүссэн ард түмэн цусаа урсгуулан, нухчуулан дарагдсан билээ. Буудчихдаг юм билээ гээд орон нутгийн сонгуульд хүн ард оролцохгүй янзтай болохоор нь дэлхийн хамгийн аймшигтай порно-од Тера Патрикийн шалдан зурагтай плакат харуулж, “Залуус аа, санал авах байрандаа ирээрэй. Би чамайг хүлээнэ” гэсэн бичиг зүүж ертөнцийн шившиг ч болж байсан. Эрх баригч давхаргынхан порно оддыг тун чиг сайн мэддэг юм билээ. Чингээд, вьетнам цусны холимогтой, ази царайтай, зарим хүн азийн топ Болормаатай андуурч байсан тэр нөхрийн зургийг сонгосон байлээ л дээ.
Тэгвэл машааны луйвар, флашны луйвар хийдэг гээд, гол нь сонгох хүн, хүч байхгүй гээд энэ орон нутгийн сонгуульд олонх сонгогч оролцсонгүй ээ. Энэ бол бойкоот юм. Энэ бол бослого юм. Төрийн ил зохион байгуулдаг гол арга хэмжээг тэд тасалдууллаа. Дараагийн ээлжийн хулгайч луйварчид гарч ирэх замыг хаалаа.
Намууд ч бослоо. Тэгэхлээр яах ёстой вэ? Одоогийн байгаа дарга нар суудал дээрээ мөнхрөх үү? Болохгүй ээ. Төрийг гацаанаас гаргахын тулд дараахь арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байна.
1. Намууд үлгэр, зүүд зэрэглээ ярихын оронд колони болсон эх орныг маань хариас яаж чөлөөлөх тухай төлөвлөгөөгөө танилцуул.
2. Хулгайч, махчин араатан, адгуус, цөөвөр, харх нарыг биш, хүн чанар, мөстэй хомо сапиенс дэвшүүл.
3. Бусад намуудыг сонгуульд урьж оролцуул, гэрээ хэлэлцээр байгуулж зохицуул.
4. Сонгуулийн булхай бүү гарга.
Ойлгосон бол хэрэгжүүл!
Ч.Мөнхбаяр
2012

No comments: