Нийгэм нь эрүүл биш байсан тул РАФ-ыг долоон сая германчууд дэмжиж байв
Баруун Германы нийгэм харийн ноёрхол, авлига, цагдаагийн хүчирхийлэлд автаад байсан бэрх үе. Ираны харгис шах Пехлеви Баруун Берлинд айлчлахад, тэргүүний үзэлт залуус “Алуурчид”, “Хулгайчид”, “Яргачид” гэж хашхиран, тэдний шог зурагтай уут нүүрэндээ углан угтлаа. Харин цагдаагийнхан, Ираны хүчнийхэнтэй нийлж, эсэргүүцлийг нухчин дарахад оюутан Бенно Онезорга амь үрэгдэж, олон хүн шархдав.
РАФ-ын сүлд
Үүнд хилэгнэсэн Андреас Баадер, Гудрун Энслин, Хорст Малер, Ульрика Майнхоф зэрэг залуус бүлхэмдэж явсаар, 1968 онд “Улаан армийн фракци” хэмээх өөрсдийнх нь нэрлэснээр “хотын партизануудын”, төрийн зүгээс тодорхойлсноор “террорист” бүлгийг байгуулжээ.
Галдан шатаах, үймээн самуун дэгдээх зэрэг үйл ажиллаага зохион байгуулсан тэднийг гурван жил хорих гээд чадалгүй, барьцаагаар суллажээ. Тэд шүүх хурал дээр хурц, хувьсгалч үгсийг хэлж, чамин дэгжин хувцас өмсөж, сигар татаж, хөлөө ачин хагас хэвтэж, элдвээр аяглах тусмаа олон түмний болон, нэрт өмгөөлөгчдийн дэмжлэгийг хүлээж байв.
Барьцаагаар суллагдсан тэд Итали руу оргож, улмаар Палестиний “Фатх” гэдэг хэт даврагч байгууллагын лагерьт бэлтгэл хийж, нууц ажиллагаа явуулах, банк дээрэмдэх, халдлага үйлдэх, бөмбөг бэлтгэхэд суралцжээ. Чингэхдээ тэд эр эмгүй чармай шалдан наранд шарж хэвтэх, сургагч арабуудтай хэрэлдэж зодолдох, барууны дуу хөгжим хангинуулах зэргээр ихэд түвэг уддаг байжээ.
“Хотын босогчдын концепци” буюу Das Konzept Stadtguerilla гэдэг уриалгаа боловсруулсан нь олон залуусыг татсан. Улаан армийн фракци буюу РАФ бүлэглэл дунджаар 60-80 хүнтэй, нийтдээ 300 гаруй залуусыг хамруулжээ. 34 хүн амины хэрэг, банк дээрэмдсэн, цэргийн болон иргэний байгууллагуудад дэлбэрэлт үйлдсэн, өндөр албан тушаалтнуудын эсрэг халдлага зохион байгуулсан зэрэг хэрэгт холбогджээ. РАФ-ын 20 хүн РАФ-ын үйл ажиллагаанаас шууд хамааралтайгаар алагдсан, эсвэл амиа хорложээ.
Маш өндөр зохион байгуулалттай хүчний байгууллагуудтай ХБНГУ-д амжилттайгаар халдлага дайралт хийдэг РАФ дэлхийн залуусын хувьд нэгэн шүтээн болж байв. Ялангуяа АНУ-ын Герман дахь цэргийн баазуудад дэлбэрэлт хийж чадсан нь гайхмаар. Тэдний амжилтын нууц бол өргөн олны дэмжлэг байв.
Герман улс бүх цагдаа, тусгай алба, армийнхныг хөдөлгөн хэдэн өдөр үзлэг шалгалт, ажиглалт хийсний дүнд РАФ-ын удирдагчдыг бүгдийг нь, мөн ихэнх гишүүдийг баривчилжээ. Үүний өмнө, бичиг баримтын шинэчлэл хийхэд асар их хөрөнгө заржээ. Энэ мэтчилэн, хөрөнгө зарсан, “терроризмын эсрэг” олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
РАФ-ын гишүүн Хольгерийг цагдаа нар зодож алсан байна. Учир нь РАФ-ынхан цагдаагийн газарт дэлбэрэлт үйлдэж, бас нэлээд цагдааг буудалцааны явцад алж шархдуулж байжээ. Хольгер ардын баатар болж, оршуулах процессод нь олон жил нууц байдалд байсан, хэт зүүнийхний удирдагч Дучке оролцон, цогт үг хэлж, залуусыг идэвхжүүлсэн байдаг.
1972 онд арабын хэсэг террористууд Израилийн олимпийн шигшээг барьцаалан авахдаа, суллуулах хүмүүсийн тоонд РАФ-ын удирдагчдыг дурдсан байдаг. Үр дүнд нь арабууд хамаг барьцаалуулагчдыг хороогоод зугтаж, харин өөрсдөө израильчуудад мөшгигдөн бүгд алуулсан түүхтэй.
Баадер. Майнхоф. Энслин
Мөн РАФ-ынхан орон зай муутай, хавчиг, өндөр таазтай өрөөнд, гадаад ертөнцөөс чимээ анир авах ямар ч боломжгүй нөхцөлд, өмгөөлөгч авах боломжгүй байдалд хоригдож байгаа нь ил болов. Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, РАФ-ын шинэ удирдагч Бригитта Монхаупт нар Стокгольм дахь Германы элчинг барьцаалах, Германы ерөнхий прокурор З.Бубакийг буудан хороох, “Дрезднер Банк”-ийн захирал Понто-г хулгайлахыг оролдох (Понто эсэргүүцэл үзүүлж алагдсан) зэрэг ажиллагаа зохион байгуулав.
Тэд РАФ-ын үндсэн шаардлагууд дээр, РАФ-ын удирдагчдыг суллах шаардлагыг тавин тэмцэж байв. 1977 оны 9-р сарын 5-нд Германы аж үйлдвэрчдийн холбооны дарга, СС-ийн офицер байсан Шлеерийг РАФ хулгайлахдаа онц харгис хэрцгий авирлажээ. Шлеер, түүнийг дагалдагчид, хамгаалагчдын суусан автомашиныг шүүрэн шанага болтол галлаж, гагцхүү их хэмжээний сумаа дуусахад л буудахаа зогсоожээ. Шлеерийг 10-р сарын 18 хүртэл Бельгид нууж, РАФ-ын удирдагчид өөрсдөө Иракад байв.
Палестиний чөлөөлөх байгууллагынхантай хамтран, Германы Люфтханза компаний онгоцыг хулгайлж, Сомалид аваачсан. Гэвч Германы тусгай албаныхан барьцаалуулагчдыг суллаж дөнгөв. Энэ мэдээг нууцгай жижиг радиогоор сонссон, шоронд хоригдож байсан РАФ-ын удирдагч Баадер, Распе нар өөрийгөө буудаж, Энслин цахилгаан утсаар дүүжилж, Мюллер бүсгүй зүрхэндээ найм хутгалж амиа хорложээ. Тэд суллагдах боломжгүй, харин шоронд зовж үхнэ гэдгээ ойлгосон байв.
РАФ цуст халдлагуудаа үргэлжлүүлсээр Сименсийн захирал Бекурт, Дойче Банкийн захирал Херрхаузен, Германы аж үйлдвэрчдийн холбооны дарга Роведдер нарын томчуудыг хөнөөв. Энэ бүхэнд эцэс үгүй мэт байлаа.
Гэвч тийм биш байжээ. Германы нийгэм өөрчлөгдсөөр, зөв, энэрэнгүй болсоор байв. Ялангуяа хүйтэн дайны төгсгөл Германыг их эерэгээр өөрчиллөө. РАФ-ын эрүүл нийгмийн төлөөх шаардлагууд ч олны дэмжлэгийг хүлээх нь багаслаа. Цагтаа долоон сая герман хүн РАФ-ыг дэмждэгээ илэрхийлж байсан юм. Монголчууд бид ч үүнээс сургамж авах ёстой. Эрүүл нийгэм буй болохгүй бол Монголд РАФ гараад л ирнэ!
Ч.Мөнхбаяр
2012
No comments:
Post a Comment