Хойд хөршийнхөн Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэж,
1963 он хүртэл Хятадын автономи болгох гэж зүтгэж байв
1963 он хүртэл Хятадын автономи болгох гэж зүтгэж байв
Саяхан болтол монголчууд улс төрийн хэлмэгдүүлэлтийг нэгэн дуугаар буруушааж байлаа. Одоо тэгтэл, ийм үнээр тусгаар тогтнол олдсон юм, шарын шашнаас салгаж өгсөн юм гэхчилэн яригсад өсч үржиж байна.
Тусгаар тогтнол хэлмэгдүүлэлт нь хоёр өөр асуудал юм. Аль нэг гадаад улсаар их хэлмэгдүүлэлт хийлгэж байж сая тусгаар тогтносонд тооцно, тэгээгүй бол тусгаар тогтнол биш гэх аваас эрүүл бусын л илэрхийлэлт болох буй заа.
Монголчууд тэр үед ухаан сэргэлэн сийрэг ард түмэн байсан учраас, 1911 оны хувьсгалын үед ч, 1921 оны хувьсгалын үед ч, Манжийн бодлогоор хэт шашинжуулан мунхруулж байсныг эсэргүүцэн арилгах чиг зорилготой байсан билээ. Гэхдээ, аллага хядлагаар бус, тэргүүний улс гүрнүүдийн жишээгээр тухайн үеийнхээ эрүүл нийгмийг байгуулж, сүм хийдэд өглөг горьдож суух бус, хар болж бүтээж байгуулж амьдрах хүсэл эрмэлзэл рүү татаж хэлбийлгэх төлөвлөгөөтэй байжээ.
20-иод он, 1932, 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтүүдээр манай аль өнгөтэй өөдтэй, ухаантай боловсролтой, эх оронч, шударга 50-80 мянган хүнийг алж хороож, доод давхаргын, мунхаг харанхуй, урвамхай шарвамхай, аймхай хулчгар, шударга бус, яс үндэс тодорхойгүй гээд аль муу муухайг үлдээж, үлдээснээ улам оюуны хувьд хоосруулж, дарга даамалд дольдгонуур бялдууч, манкурт боол, зомби зарц болгосон тул өдгөө хамгийн хөгийн улс үндэстэн болчихоод байгаа гэж учир мэдэх хүмүүс халагладаг. Улс орноо харьд бэлэглэчихээд, улыг нь шүлсдэн долоож амь зогоохын төлөө алалддаг ийм ард түмэн нэг ч үгүй гэж бачимдан бухимддаг. Аль ч хоцрогдмол бүдүүлэг гэх Африкийн улсад харийнхан “эх орноо өгөөд, ул шивэр долоож амьдар” гэвэл өөдөөс нь эрслэн босч, үтэр түргэн хөөн зайлуулдаг л буюу.
Тэр их хэлмэгдүүлэлтүүдээс болж, эрдэм чадалтай хүн байтугай, үсэг бичиггүй хүнгүй шахам болж, бага анги төгссөн хүүхдүүдийг багш болгож байв. 15 настай хүүхдийг яамны ТНБД болгож байлаа. “Үнэн” сониныг үг сүггүй орчуулж хянаж байх, ард түмнийг уусгахын тулд орос хэлээр зэрэг гаргаж байх болоод, орос хэл мэдэгч үл олдохын эрхэнд цаазлуулах ял сонсоод өдрөө хүлээж асан Ринчен, Дамдинсүрэн хоёрыг өршөөн гаргаж байв. Дамдинсүрэн мулгуу орос монгол байцаагчдыг даажигнан, пийдаал Лермонтовын шүлэг зохиолыг уншсан гэмтэй гэж өөрийгөө буруутгасанд, түүгээр нь яллах дөхөж байсан юм. 50-иад оны түүхийн номыг үзэхэд хаан гэх үгийг ч орчуулж чадахгүй король гэж буулгасан гэхчилэнгээр орос үг дүүрэн байсан нь дотор аягүйцүүлсэн билээ. Одоо ч королийг ван гэж хятадаар буулган тэнэгтсээр байгаа бөгөөд, Британий вант улс гээд л эргүүтэж яваа шүү дээ. Ийм аймшигтай зүйлийг сайн сайхан ач гавъяатай зүйл болсон гэж хэлбэл дэндүү алдас нүгэл болно.
Манайх шиг их алт баялагтай улс их хэлмэгдүүлэлт байгаагүй бол Дубай, Катар, Кувейт шиг аль эрт хөгжөөд, өдийд өндөр хөгжилтэй, хүчирхэг улс байх байсан юм.
Монгол улс ямар ч том гүрнээс хамааралгүй, зөвшөөрөл авалгүйгээр, “их хэлмэгдүүлэлт хийлгэж төлбөрөө өгөлгүйгээр” 1911 онд тусгаар тогтносон юм. Үүнийг Орос, ЗХУ атгаг зорилгынхоо үүднээс дэмжсэн юм. Гэхдээ Хятадын автономит байлгана гэж дэмжсэнийг мартаж үл болно. Бээжинд “Танай монгол автономитын өргөн эрхийн хүрээнд бид тэнд Хятадын, хятадуудын засаглал тогтнох нөхцлийг бүрдүүлж, монгол салан тусгаарлагч, тэрслүү үзэлтнүүд, шашны хэнээтнүүдийг устган сөнөөж, хятад пролетари анги, сэхээтэн давхарга, төр засгийн аппаратыг тэнд үүсгэн бадрааж байгаа шүү” гэдэг байсан юм билээ шүү дээ! Яг иймэрхүү үгийг Монгол улсны удирдагчдад хэлж, Туваг “тусгаар тогтнуулан”, ноёрхож байв.
Гэвч 1911 оны тусгаар тогтнолдоо монголчууд үнэнч байв. 1932 оны бослогоос Сталин айн цочирдож, хөрөнгөтний ардчилсан улс болгоно гэж амлаж, хөдөөгийн хувийн өмчийг бүү хөнд, шүтэн бишрэх эрхийг зарим хэмжээгээр сэргээ гэж буулт хийж байсан юм. Монголчуудын тусгаар тогтнолын үзэл санааг дэмжихгүй бол Япон, АНУ, Англи гээд дэмжиж болох өөр улсууд байлаа. Япон Өвөр Монголыг тусгаар тогтнуулаад (1936-1947), бусад монголчуудтай нэгтгэн Их Монголыг байгуулж өгнө гэж байв. Монголыг социалист лагерийн улс, Зөвлөлтийн дагуул, хагас колони орон гэсэн утгаар тусгаар тогтносон улс гэж зөвшөөрөхөөс татгалзаад байсан болохоос, хэрэв Зөвлөлт энэ асуудалд оролцоогүй байсан бол Барууныхан орон зайг нь эзэгнэх, өөрөөр хэлбэл Монголыг ивгээлдээ авах байсан нь гарцаагүй ээ! Тэр үед Хятад сулхан байсныг ч хэлэх хэрэгтэй. ЗХУ ССР-ээ болгоно гэж хосгүй гайхалтай алхам хийж, БНХАУ-д асар ихээр туслан хүчирхэгжүүлээд, өөрсдөө сүүлд нь ад үзэгдэн хөөгдөөгүй бол, Барууныхан Хятадыг тэгж хүчирхэгжүүлэхийг хүсэхгүй, хүчирхэгжүүлэхэд зарж болох татвар төлөгчдийн мөнгө ч гэж тэдэнд байхгүй, Хятадын Түвд, Түркестан, Хотон, Манж тусгаар тогтносон, Өвөр Ар Монгол нэгдсэн, магадгүй Хятад өөрөө Өмнөд, Хойд гэж задарсан байх магадлалтай байжээ. Сталин зөнөж, Хятадыг ССР болгоно гэж мунхаглаагүй бол, ЗХУ ч Хятадыг тийм нөхцөл байдалтай болгох байсан. Мао дийлдвэл, Туркестаныг тусгаар тогтнуулах, Өвөр Монголыг Ар Монголд нэгтгэх төлөвлөгөөтэй байсныг санагтун (Түвд 1950 он гартал тусгаар тогтносон улс байсан).
Юун тэр их хэлмэгдүүлэлт тусгаар тогтнолын төлөөс энэ тэр вэ? 1911 онд Монгол тусгаар тогтносон. Харин Орос, ЗХУ тэр тусгаар тогтнолыг бусад улс хүлээн зөвшөөрөхөд саад хийж байсан юм. АНУ-тай дипломат харилцаа тогтоохыг 1987 он гартал хориглож байсан байдаг. Уг нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Г.Уоллес 1945 онд гуравдагч улсуудын элч төлөөлөгч болж Монголд айлчлан ирээд тусгаар тогтносон улс мөн гэж дүгнэн, фашизмын эсрэг тэмцлийн үзэл санаа нэгтэн БНМАУ-тай АНУ дипломат харилцаа тогтоох болно гэж мэдэгдэж байсан болно. 1911 оны, 1921 оны хувьсгалын дараа Орос, ЗХУ-ын зүгээс манай улс бусад улстай харилцаа тогтооход саад болж байсныг бүү мартаарай. Оросын хаан Николай ч Хятадыг мужаа болгоно гэж элийрэн ая тал засч, Монголыг автономи нь болгоно гэж зүтгэж байсан агаад, хаант Оросын харгис бурангуй гэх олон бодлогын залгамжлагч ЗХУ болж байв. Тэгэхлээр Орос, ЗХУ манай тусгаар тогтнолд тус болох биш, саад учруулж байжээ. Монголыг хагалан бутаргаж, 1915 онд Өмнөд Монгол буюу Өвөр Монгол, Барга, Шинжааны Монгол, Хөх нуурын Монголыг Хятадад тасдан өгч, Туваг 1944 оны эцсээр өөртөө хавсарган нэгтгэж, 1945 онд ахин Өмнөд Монголыг өмнөд хөршид өгөв. Хаана, ямар ач тус байна вэ? Монголыг 1946 он хүртэл “Хятадын автономит” гэж яваад, монголчуудын болзошгүй дургүйцэл, Барууныхны өрсөлдөөнөөс эмээж, сая тусгаар тогтнолыг маань дэмжсэн байдаг (гэхдээ өөрийнх нь хагас колони нь байв шүү дээ).
Орос, ЗХУ манайхыг тусгаар тогтнуулсан биш, харин тусгаар тогтноод байхад нь Хятадын автономи болгох гэж 1963 он хүртэл зүтгэж, 1985 оноос ахин тийнхүү зүтгэх болсон нь үнэнтэй. Чан Кай Ши ялах төлөвтэй болж, их гүрнүүдийн удирдагчдад тоогдох хэмжээний зүтгэлтэн болон, Хятад ЗХУ-ын ССР болохгүй, өрнийн холбоотон болох янзтай болоход л 1946 онд “Чан Кай Ши-д Монголыг өгөхгүй” хэмээн, манай тусгаар тогтнолыг нэг удаа дэмжээд үзсэн ч, 1949 онд Мао ялахад ахин Хятадын автономи болгох гэж зүтгэж, манай хилийн цэргийг татан буулгаж, армийг бараг байхгүй болгож, гудамжны хаягийг хятад хэлээр давхар бичүүлж, өөрсдийгөө яая гэж байсан хятадуудад санхүүжилт өгөн байж Монголд “туслуулж”, хятадуудыг үй олноор нь Монголд оруулж, Маог тахиулж байв шүү дээ. Орос, ЗХУ Монголыг өөр улстай харилцахад нь зүсэн зүйлийн саад учруулдаг байсан хэрнээ “манайхаас өөр улс танайхыг зөвшөөрөхгүй байна, бид л танайхыг зөвшөөрүүлэх гэж зүтгэж байна” гэж худал хэлдэг байлаа. Үнэхээр зөвшөөрөхгүй зарим улс байсан нь, Монголыг ах нарын үгийг даган “Хятадын хэсэг” гэж үзэх буюу, эсвэл Монголыг Зөвлөлтийн колони гэж тооцож байлаа.
1963 онд Хятад Зөвлөлтөөс авч болох бүхнийг авчихаад, адаг сүүлд нь атомын бөмбөг, эрчим хүчний технологи авч нэн хүчирхэгжээд Ивануудыг амбаардан хөөсөн юм. Ташрамд, Зөвлөлийн тусламж гэдэг нь 1945 онд Хойд Хятадыг эзлэхдээ дээрэмдэж тонож авч явсан зүйлстэй нь бараг тэнцэж байжээ. Гэхдээ тэр хөрөнгийг ЗХУ өөр үнэ цэнэ болгон хувиргаж өгөн, Хятадыг хүчирхэгжүүлсэн.
Урьдын тархай бутархай, иргэний дайнтай байдал биш, төвлөрсөн төрийн хатуу захиргаа, буурай тариалангийн аж ахуй биш аж үйлдвэр, системтэй хөгжил, цэргийн хувьд дорой гүрэн биш, атомын зэвсэглэл… ЗХУ л Хятадыг хүчирхэг болгосон билээ. Өөр хэн ч биш. Хэрэв Чан Кай Ши ялсан бол өнөөгийн Хятад жам ёсоороо Энэтхэг шиг л хөгжлийн төвшинтэй орон байх байлаа. Орос, ЗХУ-ын бодлогын үрээр Хятад хүчирхэгжиж, хөрш орнуудынхаа нутаг дэвсгэрт өнгөлзөн байна.
Өнөөдөр, монголчууд монголчуудаа алж харгислаж их хэлмэгдүүлэлт үйлдсэн, халхууд буриадуудыг хэлмэгдүүлсэн гэх ойлголтыг дайснууд түгээж буй. Үнэн нь гэвэл, ЗХУ-ын иргэн орос, еврей, бусад үндэстэн, мөн Монгол дахь Хятадын харъяат хужаа, эрлийз, харъяалалгүй эсвэл Монголын харъяат хужаа, эрлийз нар хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн, Зөвлөлт-Хятадын хамтын ажиллагаа болой. ЗХУ, Монголын буриадуудыг панмонголист, цагаантны хамсаатан гэж буруутган хэлмэгдүүлэх Зөвлөлтийн, Сталины ажиллагаа, энэ ажиллагааг биелүүлэхэд хэн хэн идэвхтэй оролцсон гэдгийг ер нь мэдэж байна уу? Юун халхууд буриадуудыг хэлмэгдүүлсэн бэ? Буриадуудыг болон бусад монголчуудыг буудах ажиллагааг халимагуудаар гүйцэтгүүлж, дараа нь тэр халимагуудыг устгасан гэж бичигддэг байх жишээний. Монголчуудыг хагаралдуулах зорилгоор зориуд ингэж зохион байгуулж байж. Их хэлмэгдүүлэлт хийлээ гэж Чойбалсанг их буруутгадаг, халхууд буриадуудыг хэлмэгдүүлсний жишээ болгон ярьдаг. Гэтэл Чойд ямар ч эрх мэдэл байгаагүй, тэгээд ч түүнийг буриад, дагуур монгол гэдэг. Их Монголын агуу удирдагч болохыг мөрөөддөг Чойбалсан Өвөр Монголыг Хятадад нэгтгэсэн, Туваг ЗХУ-д нэгтгэсэн зэрэг асуудалд дургүй байсан, бас Оспанд үзүүлсэн ЗХУ-ын тусламжийн бамбай болсон, ер нь олон эвгүй зүйлийн гэрч болсон, Шинжааны Монголыг Оспантай хүч хавсарч авах гэсэн гээд л олон асуудалд холбогдон, бас жаахан эрх мэдэл гаргах гээд ирэнгүүтээ Москвад хорлогдсон юм.
Харин монгол туургатны их хэлмэгдүүлэлтийг Сталины төлөвлөгөөний дагуу Зөвлөлтийн хужаа Лангфанг удирдсан нь (1907-1990) үнэний дээд үнэн билээ. Зөвлөлтийн дэслэгч генерал Лангфанг, Курбанов гэх хуурамч нэр, хуурамч баримтаар Монголд ирж их хэлмэгдүүлэлтийг удирдсан. Маш бузар нууц ажлуудыг хийх гэж л нууц нэрээр ирж байгаа юм шүү дээ. Тэр Зөвлөлтийн бусад нэр бүхий чекистүүдтэй хамт их хэлмэгдүүлдэлтийг Монголд өрнүүлээд зогсолгүй, Тувад мөн өрнүүлсэн юм. Бас Шинжаанд их хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан. Шинжаанаар Зөвлөлт маш их тоглосон шүү дээ. Хятадаас тусгаарлах талынхныг янз бүрийн байдлаар дахин дахин дэмжиж, тусгаар тогтноод байж байтал нь цэрэг оруулж даран Хятадад нэгтгэж, эзэлж авч янз бүр л болж байлаа. Лангфанг генерал Монгол, Хятад, Тува улсуудад түвдүүдийг хэлмэгдүүлэх ажлыг мөн удирдсан. Өвөр Монголд харгислал үйлдэхэд идэвхийлэн оролцсон. Ар Өвөр Монгол нэгдэхийг болиулах ажилд их үүрэг гүйцэтгэсэн, Дэмчигдонров ванг Хятадад тушаасан хүн бол мөн Лангфанг. Юун Чойбалсан бэ. Үнэндээ Монголыг Лангфанг удирдан хорлож харгислаж байв. Монголыг төдийгүй, Монголын ертөнцийг атгаж байв. Шинжааныг ч гэсэн. Төв Азийн төмөр чекист хаан гэгддэг байсан хүн. 1945 онд дэслэгч генерал буюу оргил карьертээ хүрсэн тэр 1957 онд харин масс террор үйлдсэн хэмээн, 15 жил ял заагдан, гянданд хоригдон зовсон болой. Улайрсан, эрүүжсэн хулгай болохоороо л амьд гарч ирсэн.
Тэр Монгол улсад л хамгийн их харгислал үйлдсэн. Бид бүхний үзэн ядах ёстой дайсан бол Лангфанг. Гэтэл дал наян жил огт мэдэхгүй л явна бус уу, бид. Ингэх ч гэж. Бие биенээ хэмлэж, барьж идээд л. Яг л хүний махан хүнстэн халдварууд болох - walking deads, зомби шиг болчихсон.
Түүхийн үнэнээ мэдэхийг хүсдэггүй хэн боловч түүхий л явах бүлгээ.
Ч.Мөнхбаяр
2012.10.15
No comments:
Post a Comment