Wednesday, April 10, 2013

Шиао Ён Чуан: Монголд Чингис хааны шүтээний сүм байгуулах саналаа ерөнхийлөгчид дэвшүүллээ

БНХАУ-д Чингисийн алтан ургийн батламжийг олгодог ажээ

БНХАУ-ын Хэнан мужид монголчууд аж төрдөг бөгөөд, тэдэн дунд Чингис хааны Алтан ургийнхан ч байдаг гэнэм. Шиао Ён Чуан /монголоор бол Мөнхбулаг гэх/ 67 настай буурал Чингис хааны Алтан ургийн хүн болохыг нотолсон алтан үсгийн үнэмлэх өвөртлөн, Монгол улсыг үзэж харах хүсэлдээ хөтлөгдөн ирсэнтэй нь тохиолдон ярилцсан юм.

-Таны энэ үнэмлэхийг хаанаас олгосон бэ?
-БНХАУ-ын Угсаатны хүрээлэн, Юань улсын түүхийн хүрэээлэн, Хүн судлалын хүрээлэн, Өвөр Монголын Их сургуулийн түүхийн салбар, Хэнаний Нийгэм судлалын салбар гээд таван газраас олгосон доо.
-Юуг үндэслэн, таныг алтан ургийн хүн гэж тодорхойлов?
-Олон зуун жил хятадуудын дунд суусан бидний ургийн бичиг алга болсон. Тиймээс онгоны бичгээр буюу оршуулгын холбоотой баримт, дурсгал дээр суурилан тодорхойлсон.

Шиао Ён Чуан

-Хэнан мужид хичнээн монголчууд байна вэ?
-200 мянган монголчууд байна. Тэр дундаа Зүчийн удмынхан буюу алтан ургийнхан 5 мянга байгаа. Тодрууулбал, Батын хүү Сарьдагийн хойч юм. Зүчийн хойчис бид Шиао гэдэг овогтой байдаг. Сарьдаг Мөнх хаанд бараалхаад буцах замдаа бие барж, үр хойчис нь эргэж буцъя гэтэл нутаг эзэмшил нь Бэрх хааны мэдэлд орсон тул, Хэнанд суух болсон байгаа юм.

-Хэнаний монголчууд ямархуу соёл, аж байдалтай хүмүүс вэ?
-Унаган хэл соёлоо гээж, орчин хүрээлэндээ ууссан явдал бий. Гэхдээ бас монголын гэх онцлогууд бий. Хэнан бол хятад мужуудын төвд байдаг, хамгийн олон хүн амтай бараг 100 сая хүн амтай муж л даа. Тэгэхлээр Хэнаний монголчууд бол унаган хэл соёлоо хадгалахад тун хэцүү байжээ. Янз бүрийн дайн дажин харгис явдлуудын үеэр монгол гэдгээ нууж байсан явдал цөөнгүй бий.
-Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу?
-Би одоо 67 настай. Хэнаний төв Жэнжөү хотын төмөр замын товчоонд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Багаасаа монголчуудын түүх соёлтой холбоотой ном бичиг уншиж үзэн төлөвшсөн. Янз бүрийн шалтгаанаас болоод одоо л Монгол улсад ирэх завшаан олдов. Өвлийн их хүйтэн өдрүүд тохиосон ч монголчуудын халуун дулаан сэтгэлийг мэдрэн ажирсангүй. Өвөг дээдсийн өлгий нутагт ирэхэд их сайхан байна. Урьд нь Орос улсад очиж байсан. Тэнд алтан ургийнхан болон Алтан Ордоос үлдсэн юм мэдрэгдээгүй.
Монгол улсад бол би зөвхөн сонирхох үзэх зорилгоор ирсэнгүй. Юугаар, хэрхэн тус болж болох бол гэдгийг судаллаа. Үр дүн ч гарсан.
-Ямар үр дүн гарав?
-Нутагтаа Монгол орны байдлыг судалж байхад Эзэн Чингис хаандаа мөргөх, тахиж тайх газар одоохондоо үгүй юм байна гэдгийг мэдлээ. Чингээд, Чингис хааны мөргөл тахилгын ордон байгуулах саналаа гүйцээн боловсруулж Монголын төрд өргөн барилаа. Монголын төр ч найртай сайнаар хандаж, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөх намайг хүлээн авч уулзан зөвлөлдсөн. ШУА-ийн эрдэмтэн мэргэд ч намайг хүлээн авч зөвлөлдөн ярилцлаа. Олон сайхан хүнтэй танилцаж зөвлөлдлөө.
Энэ мэт санаа оноо их л байна даа.

Алтан ургийн алтан үсэгтэй батламж

Батламжийн дотор тал

-Чингис хааны мөргөл тахилгын газар байгуулах санаа тань хэрэгжих хэр магадлалтай байна вэ?
-Чингис хаандаа мөргөн сүсэглэх, тайж тахих сүм маягийн өргөө их чухал шүү. Ордосын Эзэн Хороонд байдгийг монголчууд бүгд мэднэ. Монгол улсад, Чингис хааны түүх дурсгалт газарт тийм ордон байх нь зайлшгүй хэрэгтэй.
Эл шүтээний өргөөг үүсгэхэд олон улсын, төр-төрийн бус холимог бүтэцтэй сан байх хэрэгтэй юм билээ. Би Дэмчигдонров вангийн ач буюу, хэлмэгдэн цаазлагдсан Дугарсүрэнгийн хүүхдүүд болох Баатар-Өлзий, Дорно, Их зуугийн Шагдар вангийн хоч Сээдэннамжил зэрэг алтан ургийн хүмүүстэй холбоотой байдаг, уулзан зөвлөлддөг. Казахстан улсад Зүчийн удмын хүмүүс цөөнгүй байдаг, төрийн өндөр албан тушаал хашдаг, нийгэмдээ байр суурь сайтай байдаг байна. Казахстанд очиж тэдэнтэй холбоо тогтооно. Татарстанд мөн очиж алтан ургийнхантай танилцах бодол байна. Цаашдаа Чингисийн алтан ургийнхны олон улсын холбоо байгуулах санаатай явдаг. Энэхүү олон улсын холбоо маань Чингисийн шүтээний газар Монгол улсад байгуулахыг нэгэн эн тэргүүний зорилгоо болгон ажиллах болно. Монгол улс болон бусад улсуудын төрийн, төрийн бус байгууллагууд, ард иргэдтэй ч хамтран ажиллана. Монголд Чингис хааны шүтээний газар байгуулахыг дэмжигчид маш олон байх болно гэж бодож байна. Тийм болохоор хэрэгжих магадлал маш өндөр.Өвгөн миний бие насан өндөр болсон ч чадал барагдталаа монгол туургатны төлөөх сайн үйлсийн төлөө явах болноо.
Алтан ургийн холбооныхоо сүлд логог ч бодож боловсруулж байна...

Ийнхүү тэрбээр хүүрнэсэн юм. Ерөнхийлөгчийн зөвлөх болон эрдэмтэд хүлээн авч уулзсан гэхээр сонирхон уулзсан агаад, үгүүлсэн зүйлийг нь үнэн мөнөөр, нэмэр чимэггүй хүргэв.
“БНХАУ-д Чингис хааны алтан ургийн хүнд төрөөс нь батламж олгон дэмжиж байдаг юм байна. Харин Монгол улсад?” гэсэн бодол тархинд харван орсныг нуух юун.
Ч.Мөнхбаяр
2012

No comments: